Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01367

 

Х.Пгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01056 дугаар шийдвэртэй

Х.Пгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК, “Х” ХХК-д холбогдох

2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2А/25 дугаар захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээний зүйл Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232.82 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгч нь Х.П болохыг тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар, Э.Жанчивдорж, хариуцагч “Хан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, Э.Гантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Х.П, түүний игэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “М” ХХК-тай 2А/25 дугаартай Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232.82 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг худалдан авч, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 360 000 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 30 000 000 төгрөг, нийт 390 000 000 төгрөг төлсөн. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16/58 дугаартай “М” ХХК-ийн албан бичгээр 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2А/25 дугаартай “Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор улсын бүртгэлийн гэрчигээг гаргаж өгнө. Хэрвээ гэрчилгээг гаргаж өгөөгүй бол үлдэгдэл 190 000 000 төгрөгийг авахгүйгээр тохиролцсон бөгөөд дээр хугацаанд улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй учир миний бие 190 000 000 төгрөгийг төлсөнд тооцогдож байна. Гэтэл “М” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, “Х” ХХК-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232.82 мкв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг шилжүүлэн өгчээ. 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2А/25 дугаартай Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан атлаа уг үйлчилгээний сууцыг бусдад барьцаалсныг мэдээгүй нь Х.Пгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Талуудын хооронд хийсэн хэлцлийн үндсэн дээр төлбөрийг төлж барагдуулсан, тухай үйлчилгээний талбайг ашиглаж, эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны эзэмшигч тул Монгол улсын Дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу өмчлөх эрхийг Х.Пгийн нэр дээр бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2А/25 дугаартай Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээний зүйл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232.82 мкв үйлчилгээний зориулалттай талбайн өмлөгч нь Х.П болохыг тогоож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс, Х.Тэмүүжин, Д.Мөнхзул нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь “М” ХХК-тай харилцан тохиролцож 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1410000329 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 100 000 ам.доллар, 1410000331 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 000 000 ам.долларын зээлийг орон сууцны барилга барих зориулалтаар тус тус олгосон. Зээлийн барьцаанд баталгаат ипотекийн 1410000329 /А дугаартай гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2206011567 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж 96-д байрлалтай 1,068 м.кв орон сууцны барилга, Ү-2206016120 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж 95-д байрлалтай 5,846 м.кв орон сууцны барилгыг тус тус барьцаалуулсан. Зээлийг хугацаанд нь төлж дуусгаж чадаагүй тул дээрх барьцааны үл хөдлөх хөрөнгүүдээс 1 дүгээр давхрын 1431.62 м.кв хөрөнгийг өр төлбөртөө тооцон Хны өмчлөлд шилжүүлэх санал гаргаж 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16/13-002 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 95, 96 дугаар байрны 1 дүгээр давхрын 1431.62 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 431 620 ам.долларт тооцон “Х” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. 1431.62 м.кв үл хөдлөх хөрөнгө нь 4 хэсэг үл хөдлөх хөрөнгө байсан бөгөөд 95 /2а/ байрны 1 дүгээр давхар бүхэлдээ буюу 274.04 м.кв, 356.18 м.кв талбай, 96 /1 с/ байрны 1-р давхарын 607.90 м.кв, 193.50 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүд юм. Х улсын бүртгэлийн байгууллагад хандан өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан хууль ёсны өмчлөгч болсон. “М” ХХК нь 2014 оны 5 дугаар сард үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлж “Х” ХХК-ийн эзэмшилд бүрэн шилжүүлж өгөхөөр тохиролцсон. “Х” өөрийн өмчлөлийн 95 /2а/ байрны 356.18 м.кв үл хөдлөх хөрөнгөө өөрийн эзэмшилд авах гэтэл Х.П нь “М” ХХК-иас худалдаж авсан, чөлөөлөх боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн1808 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны 00230 дугаартай тогтоолоор “Х” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоож Х.Пгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно. Өмчлөгч нь “Х” ХХК мөн болохыг эрүүгийн журмаар, иргэний журмаар тогтоосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар, түүний өмгөөлөгч Э.Жанчивдорж нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК болон Х.П нар нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2А/25 дугаар Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу “М” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун орон сууцны хотхоны 2А байрны 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 232,82 м.кв талбайг захиалгаар барьж, Х.П нь захиалгын төлбөрт 582 050 000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл Х.П нь төлбөр төлөх хуваарьт хугацаанд захиалгын нийт төлбөр 582 050 000 төгрөг төлөхөөс 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 280 000 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 30 000 000 төгрөг мөн дахин 30 000 000 төгрөг бэлнээр өгч, 50 000 000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг тус тус төлбөрт тооцон нийт 390 000 000 төгрөг “М” ХХК-д шилжүүлсэн байна. Дээрх байдлаар нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр болох 390 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж дуусгах байтал хугацаа хэтрүүлээд зогсохгүй, үлдэгдэл 192 050 000 төгрөгийг төлж барагдуулатгүй өдийг хүрсэн. Хэрэв тухайн үед нэхэмжлэгч Х.П нь гэрээнд заасны дагуу хугацаандаа төлбөрөө бүрэн төлж барагдуулсан бол гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх байсан. Гэтэл захиалагч талын буруугаас буюу гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч Х.П нь биелүүлээгүйн улмаас “М” ХХК нь гэрээнд заасны дагуу захиалгаар барьсан үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Түүнчлэн гэрээний 3.1.9-д Захиалагч нь урьдчилгаа төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй эсвэл хэсэгчилсэн төлөх төлбөр болон үлдэгдэл төлбөрийн аль нэгийг гэрээнд заасан хугацаандаа төлөхгүй хуанлийн 5 хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгэгч тал нь захиалагчид мэдэгдэл өгсний үндсэн дээр нэг талын санаачлагаар гэрээ цуцлах эрхтэй гэж заасан болно. Х.П нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр компани дээр ирж уулзсан ба Могулскай ХХК-аас 16/58 дугаар албан бичгээр ..Х.Пгийн эзэмшиж байгаа 203 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор багтаан гаргаж өгнө... Тухайн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй тохиолдолд М ХХК нь 2016 оны 12 сарын 15-ны өдөр багтаан Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн 390 000 000 төгрөгийг захиалагчид бэлнээр төлнө гэж мэдэгдсэн. Улмаар дээрх албан бичигт дурдснаар “М” ХХК нь гэрээний төлбөрт хүлээн авсан 390 000 000 төгрөгийг Х.Пд буцаан шилжүүлэх нөхцөл бүрдсэн ба үүний дагуу нэхэмжлэгчид дээрх төлбөрийг шилжүүлэх гэхэд хүлээн авалгүй өдийг хүрсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ "... Хэрвээ гэрчилгээг гаргаж өгөөгүй бол үлдэгдэл 190 000 000 тогрөгийг авахгүйгээр тохиролцсон бөгөөд дээрх хугацаанд улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй учир миний бие 190 000 000 төгрөгийг төлсөнд тооцогдож байна гэжээ. Гэтэл дээрх албан бичигт дурдснаар М ХХК нь Х.Пд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор багтаан гаргаж өгөх тохиолдолд л хүлээн авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 190 050 000 төгрөгнөөс 190 000 000 төгрөгийг авахгүй байхаар тохиролцсон. Ийнхүү гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй болсон тул 190 000 000 төгрөгийг мөн хүлээн авсанд тооцох үндэслэлгүй болно. Иймд Х.Пгийн “М” ХХК, “Х” ХХК-д холбогдуулан гаргасан 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2А/25 дугаар Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээний зүйл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232,82 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгч нь Х.П болохыг тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж өгнө үү гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч “М” ХХК болон “Х” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232,82 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай Х.Пгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Х.П давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч Х.П нь хариуцагчид төлбөл зохих төлбөрийг төлсөн гэж үзэж байгаа. Тус 2А/25 дугаар гэрээний дагуу нэхэмжлэгч 390 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Үлдэх 192 050 000 төгрөгийг “М” ХХК 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16/58 дугаартай мэдэгдлээр 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2А/25 дугаартай гэрээнд тусгагдсан үлдэгдэл төлбөр болох 192 000 000 төгрөгийг манай компани авахгүйгээр тохиролцов гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг харахад 2 тал харилцан тохиролцож, төлбөрийн асуудлыг дуусган, шийдсэн болох нь тодорхой харагдаж байна. Гэтэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шүүх нэхэмжлэгчийг үлдэгдэл төлбөрөө төлсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн буруу байна. Мөн “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.Пд холбогдох бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2016/00455 дугаартай шийдвэр 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гарч, хэргийг шийдсэний дараа буюу Х.П, “М” ХХК нар нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16/58 дугаартай мэдэгдлээр тус 192 000 000 төгрөгийг авахгүйгээр тохиролцож, гэрээний үүрэг дуусгавар болсон байдаг. Ингээд бид тус гэрээний төлбөр тооцооны асуудлыг дуусгаж, үүргээ биелүүлсэн талаарх нотлох баримтыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж чадаагүй. Мэдэгдэлд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр багтаан гаргаж өгнө, хэрвээ энэ үүргээ биелүүлэхгүй бол гэрээний төлбөрт төлсөн 390 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр багтаан буцаан өгнө гэсэн байдаг. Энэ нь төлбөрийн асуудал шийдэгдэж дууссан болохыг тодорхой илтгэж байна. “М” ХХК нь анхнаасаа 2013 оны 10 сарын 14-ний өдрийн 2А/25 гэрээг нэхэмжлэгч Х.Птэй байгуулахдаа эрхийн зөрчилтэй хөрөнгөө нуун дарагдуулж  худалдсан, зээлээ төлж чадахгүйн улмаас “Х” ХХК-д 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр буюу аль хэдийн өмчлөлийг шилжүүлсэн байсан атлаа 2016 оны 11 дүгээр сарын 07- ны өдрийн 16/58 мэдэгдлээр хуурамч тохиролцоог хийж, нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж, хохироосон байхад шүүх түүнд огт үнэлэлт, дүгнэлт өгөлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2А/25 дугаар захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан атлаа уг үйлчилгээний сууцыг бусдад барьцаалсныг мэдээгүй нь Х.Пгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тус нэхэмжлэлийн үндэслэл болсон үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага нь нэгэнт тогтоогдсон үйл баримт биш юм. Учир нь “Х” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөнөөс нэхэмжлэгч Х.Пг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улсын Дээд шүүх шийдвэрлэсэн байдаг. Шүүх тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л буюу албадан нүүлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч Х.Пгийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улмаар өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хоёр өөр нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг адил мэт үзэн, нэгэнт тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн газарт бүртгэх нь хариуцагчийн үүрэг биш, Улсын бүртгэлийн газрын үүрэг тул маргаан бүхий талбайг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ. Нэхэмжлэгч миний бие тус даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид даалгаагүй, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгуулах шаардлага гаргасан байдаг. Иймээс шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүх хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөнийг огт хайхралгүй тус шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргалд болон өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарт эрх үүрэг тайлбарлаж, гарын үсэг зуруулаагүй. Иймээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Х.П нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232.82 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч “М” ХХК, “Х” ХХК эс зөвшөөрч маргажээ.

Х.П нь “М” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр №2А/25 дугаартай “Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, “М” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун орон сууцны хотхоны 2А байрны 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 232.82 м.кв талбайг захиалгаар барих, Х.П нь талбайн үнэ 582 050 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх.4-6/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“М” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн мэдэгдлээр “М” ХХК нь Х.Пгийн эзэмшиж байгаа 203 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор багтаан гаргаж өгнө. 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хийсэн гэрээнд тусгагдсан үлдэгдэл төлбөр болох 192 000 000 төгрөгийг манай компаниас авахгүйгээр тохиролцсон гэсэн агуулгаар тодорхойлжээ. /хх.10/

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцжээ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч Х.П худалдах-худалдан авах гэрээний дагуу 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 280 000 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 30 000 000 төгрөгийг “М” ХХК-ийн данс руу, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр 30 000 000 төгрөг, 50 000 000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг тус тус төлбөрт тооцон өгч, нийт 390 000 000 төгрөгийг “М” ХХК-д шилжүүлсэн үйл баримт “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн дотоод шилжүүлгийн маягт, “Хаан банк” ХХК-ийн орлогын мэдүүлэгийн хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогджээ. /хх.8-9/

Хариуцагч байгууллага “2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Х.Пд хийж өгсөн тодорхойлолтоо түүний хүсэлтээр хийсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч Х.П үгүйсгээгүйгээс гадна тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дутуу 192  000 000 төгрөг авахгүйгээр тохиролцсон болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолсон баримтыг гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хуульд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээн бөгөөд нэхэмжлэгч Х.П нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн мөнгө төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэг шаардлагадаа өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгахаар заасан байгаа боловч хариуцагчаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрыг тодорхойлоогүй харин “М” ХХК, “Х” ХХК-ийг тодорхойлсон байна. Тэгэхээр “Х” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэл үүсээгүй учраас өмчлөгчөөр бүртгэх өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардлагыг хариуцах ёсгүй гэж үзнэ.

Мөн худалдагч “М” ХХК нь худалдан авагч Х.Птэй 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр №2А/25 дугаартай гэрээ байгуулж байх үед маргаан бүхий 232.82 м.кв талбай нь 2011 оны 3 дугаар сарын 07-ний өдөр “Х” ХХК-д 1 100 000 ам.долларын зээлийн барьцаанд тавигдсан, Х.Пд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр №16/58 дугаартай мэдэгдэл өгч байх үед маргаан бүхий талбайг багтаасан 356.18 м.кв талбайд “Х” ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдэн улсын бүртгэлийн гэрчилгээ авагджээ. /хх.4-8, 87-90, 81-83, 10, 51/

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан бөгөөд өмнөх “М” ХХК-ийн өмчлөх эрх шинэ өмчлөгч “Х” ХХК-д үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болсон байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Пгийн Могул таун хотхоны 2а байрны 232.82 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгч болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

Тодруулбал, худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татгалзсан нөхцөл байдал үүссэн байгаа нь Иргэний хуулийн 240.1.5-д заасан хуульд заасан гэрээний үүрэг дуусгавар болох буюу үндсэн үүрэг дуусгавар болох үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч бусдын эрх, ашиг сонирхолд хохирол учруулах байдлаар эрхээ хэрэгжүүлж болохгүй.

Харин талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаар гэрээний үндсэн үүрэг дуусгавар болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо арилгуулах болон гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулахтай холбоотой шаардлага гаргахад энэ магадлал саад болохгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.