Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01404

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01269 дугаар шийдвэртэй

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ү” ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 52 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Ү” ХХК нь манай компанитай 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 17/05 дугаартай “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ” байгуулан Комацу брендийн D65E-12 маркийн нэг ширхэг бульдозер, эксковаторыг 1 сард 16 107 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Түрээсийн төлбөрт 73 091 666 төгрөг төлсөн ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчиж, түрээсэлсэн хугацааны төлбөрөө төлөхгүй байна. “Ү” ХХК нь одоо түрээсийн төлбөрт 35 000 000 төгрөгийг өгөх үлдэгдэлтэй байгаа ба үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа хэлж, шаардсан боловч өнөө хүртэл өгөхгүй байна. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар түрээслэгч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй байгаа үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Нэхэмжлэл гаргах үеийн алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтаас илүү гарсан байгаа тул хуульд нийцүүлэн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 17 500 000 төгрөгийн алданги нэхэмжилсэн болно. Иймд “Ү” ХХК-иас түрээсийн төлбөр 35 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 17 500 000 төгрөг, нийт 52 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Ү” ХХК нь манай бульдозер, эксковаторыг 2017 оны 5-8 дугаар сарын хугацаанд ашигласан бөгөөд 2017 оны 5 дугаар сард 16 170 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 20 000 000 төгрөг, нийт 36 170 000 төгрөг төлсөн байна. Иймээс нийт гэрээний дагуу 1 сарын төлбөр 16 107 000 төгрөг ба 4 сарын төлбөр 64 428 000 төгрөг байхаас 36 170 000 төгрөгийг төлсөн, үлдэх 28 258 000 төгрөг ба үүний алданги 14 129 000 төгрөг, нийт 42 387 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ техникийн алдаа гаргаж буруу үнийн дүн бичсэн байна гэжээ.

Хариуцагч “Ү” ХХК-ийн захирал Б.Тэрбиш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “У” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүх хуралдааныг товлож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “Ү” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг 28 258 000 төгрөг, алданги 14 129 000 төгрөг, нийт 42 387 000 /дөчин хоёр сая гурван зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “У” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420 450 /дөрвөн зуун хорин мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ү” ХХК-иас 369 885 /гурван зуун жаран есөн мянга найман зуун наян тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... “У”ХХК-с иргэн Б.Отгонтуяад 2020 оны 03-р сарын 19 өдөр итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байх бөгөөд энэхүү хуулийн зохицуулалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэнийг төлөөлөх тухай хуулийн зохицуулалт бөгөөд энэхүү итгэмжлэлийг олгож буй тал нь хуулийн этгээд болно. Олгогдсон итгэмжлэлийн үндэслэл болж буй хуулийн заалт зөрчилтэй болох нь тогтоогдож байх тул энэхүү итгэмжлэлийг хүчингүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Нэгэнт олгогдсон итгэмжлэл хүчингүй гэж үзэх тул итгэмжлэгдсэн гэх төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасны дагуу хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байхад иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болжээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдуулан шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах”-аар олгогдсон эрхийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04 өдрийн 4275 дугаартай хэрэгтэй танилцаагүйд гомдолтой байна. Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг 4275 дугаартай хэргээс хуулбарлан авч хавсаргасан байсан. Шүүх хуралдааны явцад хурал даргалагчаас энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тодруулга авах явцдаа зөвхөн түүний аман тайлбарт итгэн, тухайн хэрэг маргаан хэрхэн шийдэгдсэнийг бодитоор тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь өмнө нь шийдвэрлэгдсэн байж болзошгүй хэрэг маргааныг дахин шийдвэрлэсэн байж магадгүй нөхцөл байдал үүсч буй эсэхийг нягтлан шалгасангүй. Энэхүү иргэний хэрэгт нэхэмжлэлтэй холбогдуулан ганцхан талуудын хооронд байгуулсан “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ”-г хавсаргаснаас өөр ямар ч баримт байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгад дүгнэлт хийгээгүй, түрээслүүлсэн гэх тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан ямар ч баримт байхгүй. Нэхэмжлэлд болон шүүх хуралдааны явцад дурдагдаад буй хариуцагчаас төлөгдсөн гэх төлбөрийн баримтыг нэхэмжлэгч шүүхэд гарган өгөөгүй бөгөөд үнэхээр энэ төлбөрийг хариуцагч тал төлсөн эсэх нь эргэлзээтэй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ бодит байдлаар хэрэгжсэн эсэх, түүнтэй холбоотой төлбөр тооцоо үүссэн байдал, төлбөрийг хэрхэн барагдуулсан, үлдэгдэл төлбөр бий эсэх, төлбөр шаардах эрхтэй эсэхээ нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байхад гагцхүү ганцхан гэрээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээр дурдсан гомдлуудыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснийг шүүх хуралдааны явцад шалган тогтоосон бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан, улмаар хэргийг хянан шийдвэрлэх явцдаа хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэлгүй, түүнчлэн ямар ч нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 52 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ. /хх.1-2, 28/

Зохигчид 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ” байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “У” ХХК нь Комацу брэндийн D65E-12 маркийн бульдозерыг түрээслэгчийн эзэмшилд шилжүүлэх, түрээслэгч нэг сарын түрээсийн төлбөрт 16 107 000 төгрөг төлөхөөр тохирсон байна.  /хх.7-12/

Талууд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан  хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч “Ү” ХХК-д түрээсийн гэрээний үүрэгт нийт 64 428 000 төгрөг төлөхөөс  36 170 000 төгрөг төлсөн болохыг зохигчдын хэн аль нь үгүйсгээгүй байх тул талуудын зарчмыг үндэслэн уг хэмжээгээр түрээсийн төлбөр төлөгдсөн гэж үзнэ.

Хуульд заасны дагуу түрээсийн төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч хариуцагч компаниас түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч “Үлэмт алт” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа  нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 Хариуцагч байгууллага гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүх хариуцагчаас түрээсийн гэрээний төлөгдөөгүй төлбөр 28 258 000 төгрөгийг гаргуулж шийдсэн нь зөв болсон байна.

Талуудын байгуулсан гэрээний 6.1-д “түрээслэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөх ёстой байсан төлбөрийн төлөгдөөгүй байгаа үнийн дүнгийн 0.5 хувиар алданги түрээслүүлэгчид төлнө” гэж тохиролцсон. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцүүлэн алдангийг 14 129 000 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцжээ.

Хариуцагч байгууллага “...гэрээ хэрэгжсэн эсэх, хариуцагчаас төлсөн төлбөрийн баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч талыг төлөөлөх эрх бүхий этгээд төлөөлсөн эсэх нь тодорхойгүй” гэж давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна. Учир нь, хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар төлөөлүүлэгч өөрсдөө төлөөлөх эрхийг төлөөлүүлэгчид олгодог бөгөөд уг нэхэмжлэл нь хуулийн дээрх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр итгэмжлэл байх бөгөөд төлөөлүүлэгч өөрийгөө төлөөлүүлж буй хүсэл зоригийн илэрхийллээ үгүйсгээгүй байхад хариуцагч байгууллагын эрхийг хөндөх үндэслэл болохгүй юм.

Мөн хариуцагчийн “...шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжтай танилцаагүй, шүүх талуудын хооронд үүссэн гэрээний агуулгад дүгнэлт өгөөгүй, шүүхээс шүүх хуралдааны явцад захирамжтай танилцсан эсэх асуудлыг тодруулсан” гэх гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх талуудын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн, хариуцагч гэрээний үүргээ ямар хэмжээнд биелүүлсэн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.