Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2020/01269

 

2020 оны 05 сарын 13 өдөр                              Дугаар 183/ШШ2020/01269             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “У,ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ү,а” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 52.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “У,ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “”Ү,а” ХХК нь манай компанитай 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 17/05 дугаартай “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ” байгуулан Комацу брендийн D65E-12 маркийн 280.000.000 төгрөгийн үнэ бүхий нэг ширхэг бульдозер, эксковаторыг 1 сард 16.107.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Түрээсийн төлбөрт 73.091.666 төгрөг төлсөн ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчиж, түрээсэлсэн хугацааны төлбөрөө төлөхгүй байна. “Ү,а” ХХК нь одоо түрээсийн төлбөрт 35.000.000 төгрөгийг өгөх үлдэгдэлтэй байгаа ба үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа хэлж, шаардсан боловч өнөө хүртэл өгөхгүй байна. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар түрээслэгч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй байгаа үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Нэхэмжлэл гаргах үеийн алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтаас илүү гарсан байгаа тул хуульд нийцүүлэн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 17.500.000 төгрөгийн алданги нэхэмжилсэн болно. Иймд “Ү,а” ХХК-иас түрээсийн төлбөр 35.000.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 17.500.000 төгрөг, нийт 52.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “У,ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Хариуцагч “Ү,а” ХХК нь манай бульдозер, эксковаторыг 2017 оны 5-8 дугаар сарын хугацаанд ашигласан бөгөөд 2017 оны 5 дугаар сард 16.170.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 20.000.000 төгрөг, нийт 36.170.000 төгрөг төлсөн байна. Иймээс нийт гэрээний дагуу 1 сарын төлбөр 16.107.000 төгрөг ба 4 сарын төлбөр 64.428.000 төгрөг байхаас 36.170.000 төгрөгийг төлсөн, үлдэх 28.258.000 төгрөг ба үүний алданги 14.129.000 төгрөг, нийт 42.387.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ техникийн алдаа гаргаж буруу үнийн дүн бичсэн байна” гэжээ.

 

Хариуцагч “Ү,а” ХХК-ийн захирал Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “У,ж” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүх хуралдааныг товлож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “У,ж” ХХК нь хариуцагч “Ү,а” ХХК-нд холбогдуулан “Түрээсийн гэрээний үүрэгт 52.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагчаас “Түрээсийн гэрээний үүрэг буюу үндсэн төлбөр 28.258.000 төгрөг, алданги 14.129.000 төгрөг, нийт 42.387.000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “У,ж” ХХК болон “Ү,а” ХХК-ийн хооронд байгуулагдсан 17/05 дугаартай “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ”-ээр Комацу брендийн D65E-12 маркийн бульдозерыг түрээслэгч буюу “Ү,а” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх өгөх, түрээслэгч нь гэрээний дагуу 1 сарын түрээсийн төлбөр 16.107.000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар “Ү,а” ХХК нь 2017 оны 5 дугаар сараас 8 дугаар сарыг дуустал 4 сарын хугацаанд уг бульдозер, эксковаторыг түрээслэн ашигласан байх ба түрээсийн төлбөрт нийт 36.170.000 төгрөгийг төлсөн байна.

 

Түрээсийн гэрээний 4.1-т “Эхний нэг сарын 176 мото/цагийн төлбөр 16.107.000 төгрөг” гэж, мөн гэрээний 6.1-т “Түрээслэгч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд багтаан бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөх ёстой байсан төлбөрийн төлөгдөөгүй байгаа үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлнө” гэж, 6.3-т “Энэхүү гэрээгээр тогтоосон аль нэг талын хүлээх алдангийн нийт хэмжээ нь энэхүү гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.

 

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “Ү,а” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг 28.258.000 төгрөг, алданги 14.129.000 төгрөг, нийт 42.387.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У,ж” ХХК-нд олгож шийдвэрлэлээ. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “У,ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ү,а” ХХК-иас 369.885 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У,ж” ХХК-нд олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “Ү,а” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг 28.258.000 төгрөг, алданги 14.129.000 төгрөг, нийт 42.387.000 /дөчин хоёр сая гурван зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У,ж” ХХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “У,ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420.450 /дөрвөн зуун хорин мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ү,а” ХХК-иас 369.885 /гурван зуун жаран есөн мянга найман зуун наян тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У,ж” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА