Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01402

 

 

З.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/01480 дугаар шийдвэртэй

З.Цгийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Ж, Д.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 73 200 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхзул, О.Цолмон, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч З.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр П.Жд 25 000 000 төгрөгийг capын 5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Мөн барьцааны гэрээг байгуулж түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Өнөр хороолол 33 дугаар байр, 108 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан, барьцаалбарыг Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн. Зээлийн хүүг эхний саруудад төлсөн ч сүүлдээ хүү болон үндсэн зээлээ төлөхгүй алга болсон. Иймээс би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд зээлийн хүү 6 100 000 төгрөг, алданги 12 500 000 төгрөг, үндсэн зээл 25 000 000 төгрөг нийт 43 600 000 төгрөгийг П.Жаас нэхэмжилж 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд эвлэрүүлэн зуучлалаас татгалзан гэрээний үнийн дүнг нэхэмжилсэн үнийн дүнгээр биш 3 600 000 төгрөгөөр багасгаж зээлийн гэрээ шинэчлэн хийж 1 жилийн дотор барилгын ажлаас орлого орж ирэхээр төлье гэсэн түүний хүсэлтийг би зөвшөөрснөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ  шинэчлэн байгуулан наториатаар баталгаажуулсан. Мөн энэ үед  П.Ж би таниас зээл аваад дүү Д.Гтай хамт бизнест хөрөнгө оруулаад бүтэлгүйтсэн. Энэ хүн хамтран төлөлцөх ёстой тул хамтран зээлдэгчээр энэ хүнийг оруулж гэрээг шинэчилж хийе хэмээн хүсэлт тавьсанаар шинэчилсэн гэрээг хамтран зээлдэгчээр иргэн Д.Гыг оруулан хийсэн. Гэвч хариуцагч нар гэрээ хиймэгцээ наториатын мөнгөө ч төлөөгүй таг алга болсон бөгөөд өнөөдрийг хүртэл утсаа авахгүй, зээл болон зээлийн хүүг төлөхгүйгээр намайг асар их хохироож байна. Иймээс аргагүйд хүрч би шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна, хариуцагч нараас үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 13 200 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг, нийт 73 200 000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нэгэнт 3 жилийн хугацаанд төлбөр төлөөгүй, цаашид төлбөрөө төлөхгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Өнөр хороолол 33 дугаар байр, 108 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Ж шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: Миний бие З.Цгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид зээлсэн мөнгөний дийлэнх хэсгийг буцаан төлсөн байдаг. Гэтэл 73 200 000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. З.Ц нь өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр дээр үндэслэлгүй мөнгө нэмж эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Гэтэл дахин шүүхэд хүү алданги нэмж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Золзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. З.Цгаас 40 000 000 төгрөгийг ямар нэг байдлаар аваагүй. Учир нь 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр анх зээлийн гэрээ байгуулагдсан гэж ярьж байгаа боловч хэрэгт 2017 оны зээлийн гэрээ байхгүй. 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр талууд зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг авсан, өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч нэхэмжлэгч нь энэ зээлийн гэрээний дагуу шаардаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан шинэчилсэн гэрээний дагуу шаардаж байгаа гэж тайлбарлаж байна. Шинэчилсэн зээлийн гэрээний дагуу талууд бодитой мөнгөн төлбөрийг нэг нэгэндээ шилжүүлээгүй байдаг. Өмнөх зээлийн гэрээ нь шинэчлэгдсэн гэж байгаа боловч энэ тухай баримт байхгүй. Төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжиж орсон тохиолдолд зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэдэг учраас энэхүү зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ байна. Тэгэхээр гэрээний дагуу хүү, алданги шаардах эрхгүй. Хэрэв өмнөх зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа бол бид тайлбар өгөх бүрэн боломжтой. Бид тэр гэрээгээр 25 000 000 төгрөгийг аваад 8 900 000 төгрөгийг буцааж төлсөн. Сүүлийн гэрээний дагуу бид ямар нэг төлбөр төлөх үндэслэлгүй. Уг гэрээний дагуу харахад мөнгө шилжиж ороогүй гэж харагддаг. Иймд талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж үзнэ. Мөн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлгүй. Шинэчилсэн гэрээний дагуу барьцаалбараа барьцаалаад явсан юм гэвэл энэ гэрээний дагуу барьцаалсан барьцаалбар нь хүчин төгөлдөр бус болно. Эхний гэрээгээр шаардах бол хуулийн дагуу төлөхөд бэлэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Ж, Д.Г нараас 25 000 000 /хорин таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Цд олгож, нэхэмжлэлээс 48 200 000 /дөчин найман сая хоёр зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Ж, Д.Г нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  хариуцагч П.Жы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004059 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 33 дугаар байр, 108 тоотод байршилтай 48 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 594,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 353 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч З.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахаас татгалзсан үндэслэлээ “...Хуулийн зохицуулалтаас дүгнэхэд зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан гэрээгээр мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй байх тул энэхүү гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхгүй байна” гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний эрх зүйд гэрээ нь зөвшилцлийн үндсэн дээр аль эсхүл бодитоор хийгддэг бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ нь бичгээр аль эсхүл амаар байгуулагддаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн зохицуулалтыг хууль хэрэглээний талаас авч үзвэл энэ нь мөн чанарын хувьд хожим маргаан гарсан тохиолдолд мөнгө төлсөн л бол зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг нотлох процессын ач холбогдол бүхий зохицуулалт юм. Энэ утгаараа уг зохицуулалтыг “...зээлийн гэрээ нь мөнгө олгосноор л байгуулагдана” гэсэн агуулгыг илэрхийлсэн гэж ойлгох нь учир дутагдалтай гэж тайлбарладаг. Энэ бүгдээс дүгнэхэд зээлийн гэрээ нь конзенсуал буюу зөвшилцлийн үндсэн дээр байгуулагдах тохиролцоо байх бөгөөд талууд харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулсан. Шүүхээс зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн шинэчилсэн гэрээг байгуулагдаагүй, мөнгийг зээлдэгч нарт шилжүүлж өгөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна. Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан “Барьцаат зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргээ зээлдэгч зохих ёсоор биелүүлээгүй байдаг тул 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр талууд дээрх гэрээг дүгнэж улмаар зээлдэгчээс зээлдүүлэгчид гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл, хүү, алданги буюу зээлийн өрийг тооцож, уг төлбөрийн зарим хэсгээс зээлдэгчийг чөлөөлөн зээлийн үлдэх өрийг төлөх нөхцөл, хугацааг харилцан тохиролцсоны үндсэн дээр “Зээлийн шинэчилсэн гэрээ”-г байгуулсан байдаг. Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийн талаар талууд харилцан тохиролцож дахин зээлийн гэрээ байгуулахыг хориглосон хуулийн хэм хэмжээ байхгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйл буюу гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын дагуу талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл буюу зээлийн өрийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан “Зээлийн шинэчилсэн гэрээ”-ний дагуу олгосон зээлд тооцох нь үндэслэлтэй бөгөөд хүчин төгөлдөр “Зээлийн шинэчилсэн гэрээ”-ээр тохиролцсон зээл, зээлийн хүү, алдангийг нэхэмжлэгч би шаардах эрхтэй болно. Шүүхээс “Зээлийн шинэчилсэн гэрээ”-г байгуулагдаагүй гэж үзэн Барьцаат зээлийн гэрээний дагуу олгосон 25 000 000 төгрөгийн үндсэн зээлийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэдий ч хариуцагч нараас уг гэрээний дагуу хүү, алданги төлөх үүрэгтэй эсэхийг анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч миний хувьд зээл, зээлийн хүү, алданги гаргуулахаар шаардлага гаргасан байдаг. Дээр тодорхой дурдсан үндэслэлийн дагуу 01480 дугаар бүхий шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 48 200 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/01480 дугаар бүхий шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч З.Ц нь хариуцагч П.Ж, Д.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73 200 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч “...зээлсэн мөнгөний дийлэнх хэсгийг буцаан төлсөн, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр дээр мөнгө өгөхгүйгээр зээлийн гэрээ байгуулсан  тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, нэхэмжлэгч З.Ц, хариуцагч П.Ж, Д.Г нар нэхэмжлэгчээс 25 000 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлжээ. /хх.6/ Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна. Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалттай нийцжээ.

Мөн талууд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Зээлийн шинэчилсэн гэрээ” байгуулж, 40 000 000 төгрөгийг 11 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлэх, гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх.5/

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд талуудын хооронд шинэчлэн хийсэн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч З.Ц нь хариуцагч П.Ж, Д.Г нарт мөнгө шилжүүлээгүй, харин өмнө байгуулсан гэрээг баталгаажуулах агуулгаар хийгдсэн гэж үзэхээр байна. Иймд зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Зээлийн шинэчилсэн гэрээ”-гээр 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 23 600 000 төгрөг дээр гэрээний нөхцлийг шинэчилж байгуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч хариуцагч нарт 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нар гэрээний үүрэгт 8 900 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон. Зохигчид хариуцагчийн гэрээний үүрэгт төлсөн мөнгөний үнийн дүнгийн талаар маргаагүй.

Нэхэмжлэгч З.Ц нь зээлийн үлдэгдэл төлбөрт 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Зээлийн шинэчилсэн гэрээ”-ний дагуу 23 600 000 төгрөгтэй холбоотой үүргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна гэж үзлээ. Ингээд үндсэн зээлийн 23 600 000 төгрөг, зээлийн хүүгийн 7 788 000 төгрөг нийт 31 388 000 төгрөг төлөх үүрэг хариуцагч нар хүлээнэ. Үүнээс хариуцагч нарын төлсөн мөнгийг хасч тооцоход 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүрэг нь 31 388 000 төгрөг байна гэж үзэв.

Гэрээний 4-д “хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар бодож алданги тооцно” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

Хариуцагч нарын төлөх зээлийн гэрээний үүрэг 31 388 000 төгрөгийн 50%-ийн алданги тооцоход 15 694 000 төгрөг байх бөгөөд хариуцагч нараас 47 082 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалттай нийцжээ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагч зээлийн төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй, төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.