Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01401

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00788 дугаар шийдвэртэй

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “М” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71 498 800 төгрөг, нэмэлт зардал 31 044 100 төгрөг, нийт 102 542 810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэмбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, А.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн  төлөөлөгч С.Дэлгэрсайхан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэмбилэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “М” ХХК болон “Ж” ХХК-уудын хооронд харилцан тохиролцож “Шилэн кабел татах тухай” ЖН-13/175 тоот гэрээг байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэх ажлыг гүйцэтгэх хугацаа 45 хоног, гэрээний төлбөр 178 747 000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 60% буюу 107 248 000 төгрөгийг шилжүүлсэн. Гүйцэтгэгч талаас ажил гүйцэтгэх явцад нэмэлт зардал гарах болсныг тухай бүрт захиалагч талд танилцуулж зөвшилцөн ажлыг 25 хоногт хийж гүйцэтгэсэн. Гэрээний 5.6 заалтад заасны дагуу нэмэлтээр хийж гүйцэтгэх ажлыг тухай бүрт захиалагч талд танилцуулан харилцан зөвшилцөж гүйцэтгэгч талаас нэмэлт зардал 31 044 100 төгрөг гарсан. Гүйцэтгэгч талаас гэрээний 5.8 заалтад заасны дагуу тухайн үед ажил хүлээлцсэн акт буюу ажлын тайланг гаргаж, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төсөв тооцон хүлээлгэж өгөх гэсэн боловч одоог хүртэл хүлээн аваагүй, 2015 оны 12 дугаар сарын 02-нд гэрээний дагуу хийсэн ажлын баганын тоо, шилэн кабелийн хэмжилтийг 2 талаас хийж баримтжуулсан. Захиалагч тал гэрээний дагуу байгуулсан шилэн кабелийн сүлжээг одоог хүртэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нисэх-Биокомбинат-Шувуун фабрик- К1 чиглэлд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа болно. Захиалагч талаас гэрээний төлбөрийн үлдэгдэл, нэмэлтээр гаргасан зардлын төлбөрийг төлөх талаар албан болон албан бус байдлаар удаа дараа мэдэгдэж байсан. Гэрээний үлдэгдэл 40% буюу 71 498 800 төгрөг, нийт 102 542 810 төгрөгийг захиалагч тал болох “М” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, А.Эрдэнэцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ажлын 45 хоног буюу 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ч “Ж” ХХК нь уг ажлын гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл манайд хүлээлгэж өгөөгүй буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай компани нь уг ажлын зардалд гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 107 248 000 төгрөг төлж, гэрээний хугацаанд хүлээн аваад 2014 оны 6 дугаар сард өөрсдийн хэрэглэгчдэд шилэн кабелийн интернет үйлчилгээ өгөх төлөвлөгөөтэй байсан тул 2014 оны 5 дугаар сарын сүүлээр уг шилэн кабелийг ашиглаж эхэлсэн үүнээс хойш, шаардлага хангаагүй гүйцэтгэсэн ажлын гэмтлүүдийг өөрсдийн зардлаар гүйцэтгэж байсан.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, А.Эрдэнэцэцэг нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Ж” ХХК нь манай компанитай 2013 оны 10 дугаар 16-ны өдрийн ЖН-13/175 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ажлын 45 хоногт буюу 2013 оны 12 дугаар 15-ны өдрийн дотор ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ч “Ж” ХХК нь уг ажлын гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл манайд хүлээлгэж өгөөгүй буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Мөн манай компани нь уг ажлын зардалд гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 107 248 000 төгрөг төлж, гэрээний хугацаанд хүлээн аваад 2014 оны 6 дугаар сард өөрсдийн хэрэглэгчдэд шилэн кабелийн интернет үйлчилгээ өгөх төлөвлөгөөтэй байсан тул 2014 оны 5 дугаар сарын сүүлээр уг шилэн кабелийг ашиглаж эхэлсэн бөгөөд үүнээс хойш, шаардлага хангаагүй гүйцэтгэсэн ажлын гэмтлүүдийг өөрсдийн зардлаар гүйцэтгэж байсан. Иймд Ж ХХК гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгээс буюу 107 248 000 төгрөгөөс 150 хоногийн алданги 48 261 600 төгрөг, гүйцэтгэвэл зохих ажилд дутуу хийсэн ажил буюу нэг бүр нь 475 000 төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг бетон хөлтэй баганын үнэ ажлын хөлс 22 325 000 төгрөг, гэрээний 1 жилийн баталгаат хугацаанд 7 удаагийн гэмтэлд манай компани өөрсдийн зардлаар хийсэн ажлын бараа материалын зардал болон ажлын хөлс 7 564 800 төгрөг, нийт 78 991 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэмбилэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч талаас ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 25-нд гэрээнд заасан хугацаанд дуусгаж ажлыг хүлээлгэж өгөхөөр ажлын тайланг захиалагч талд удаа дараа хүргүүлсэн боловч энэ талаар тухайн үед ажил хүлээж авах эзэн олдоогүй. Ажлыг гүйцэтгэсэн гэрч Б.Далантай шүүхэд гаргасан тайлбарт тодорхой байгаа. Иймд манай талаас гэрээний хугацаанд ажлыг хүлээлгэж өгсөн гэж үзэж алданги тооцсон 48 261 600 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг мэдэгдье. Ажлын тайланг “М” ХХК-ийн техникийн газрын захирал Н.Бадамдорж тухайн анх хүлээж аваад өөрийн инженер н.Энхтунгалаг гэх хүнийг манай компани дээр ирж танилцаад тайлан болсон байна манай компани руу баталгаажуулаад ирүүл гээд явсан нь гэрээний ажлыг хүлээн зөвшөөрсөн. Мөн “М” ХХК-д 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 17/152 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд “...Шувуун фабрикаас 1К станц хүртэлх трассын хэсэгт Туул голыг хөндлөн гарахад зориулж 900 метр газарт 17 шон төлөвлөсөн байсан боловч ажил гүйцэтгэх явцад Туул голын карьерын хэсгийн газрыг ухахад 40 см-т ус гарч байсан тул шилэн кабелийн трассыг газраар бус агаараар татах шаардлага бий болсон. Манай компани өөрийн хөрөнгөөр 60 шонг худалдан авч нийт 77 бетон шонг 70-80 метр зайд суурилуулж кабелийг агаараар татсан. Манай компани ажлыг гүйцэтгэх явцад асуудал гарах бүрт танай компанийн холбогдох түвшний хүмүүст мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэн дээр ажлуудыг гүйцэтгэсэн болно” гэсэн нь гүйцэтгэвэл зохих ажлыг дутуу хийсэн гэх үндэслэл биш юм. Ийм учир нэмж суурилуулах 47 баганын зардал 22 325 000 төгрөг манай талаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Өдийг хүртэл манай талаас гэрээний үүргийн хүрээнд байгуулсан шилэн кабелийн сүлжээг “М” ХХК-ийн тал ашиглаж байгаа болно. “М” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд шилэн кабелийн гэмтлүүдийг засах байсан гэх бүртгэлд кабелийн шугамын технологийн дагуу хэмжилт хийсэн гэмтсэн цэгийн метрийг оруулаагүй, оптик шилэн кабел тасалсан /гэмтсэн/ тухай акт байхгүй баталгаажуулаагүй байгаа нь 7 удаагийн гэмтэл нь манай талын гүйцэтгэсэн ажлын алдаанаас учирсан гэмтэл гэж үзэхгүй байна. Mөн манай талаас урьд нь “М” ХХК-ийн кабел хариуцсан инженер техникийн ажилтнуудтай хамтран ажиллаж хэмжилт хийхэд тасарсан /гэмтсэн/ гэх цэгүүд нь гадны нөлөөтэй /бүтээн байгуулалтын ажлаас/ тасарсан байсан ба манай компанийн суурилуулж холболт залгааг нь хийсэн ажиллагаанаас үүдэлтэй тасалдал гэмтэл гараагүй бөгөөд гадны нөлөөтэй үүссэн гэмтлийг гүйцэтгэгч тал хариуцахгүй болно. Тухайлбал энэ талаар 2018.04.19-ний өдрийн 18/085 тоот албан бичигт “...шувуун фабрик Жимобайл станцаас хэмжилт хийхэд 6,592-км, 7,324-км, 8,555-км, 14,533-км-д4 га шилэн кабел унтралттай гарсан. “Жем Нет” ХХК-ийн суурилуулсан шилэн кабелийн муфтны /кабелийн залгаас/ цэг, метртэй эдгээр унтралттай гарсан цэгүүд нь давхцахгүй байгаа..." зэргээр учирсан гэмтлүүд нь гүйцэтгэгч талын ажиллагаатай холбоогүй байгаа талаар дурдаж дээрх гэмтлийг засварлахад манай талаас хамтарч гүйцэтгэх саналаа хүргүүлж байсан зэргээс үндэслээд засварын зардалд зарцуулсан гэх 7 564 800 төгрөгийг зардлыг үгүйсгэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 71 498 800 /далан нэгэн сая дөрвөн зуун ерэн найман мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31 044 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “М” ХХК-ийн “Ж” ХХК-д холбогдуулан 78 151 400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Ж” ХХК-иас 840 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа “М” ХХК-ийн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн 670.664 төгрөг, хариуцагч “М” ХХК-ийн 548 707 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 515 444 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай. шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, А.Эрдэнэцэцэг нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч нь ЖН-13/175 тоот гэрээний үүргийг биелүүлэгүй, ажлыг “М” ХХК-д актаар хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэн өгсөн, авсан тухай нотлох баримт хэрэгт байхгүй байхад гэрээний үүргийн гүйцэтгэлд 71 498 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Хэрэгт Ш.Энхтунгалагийг гэрчээр оролцуулж асуулгахад “Ж” ХХК нь ажлыг актаар хүлээлгэж өгөөгүй гэдэг нь нотлогдсон байхад хэргийг нотлох баримтын хэмжээнд шийдвэрлээгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч” Ж” ХХК нь хариуцагч ““М” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71 498 800 төгрөг, нэмэлт зардал 31 044 100 төгрөг, нийт 102 542 810 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч 150 хоногийн алданги 48 261 600 төгрөг, гүйцэтгэвэл зохих ажлыг дутуу хийсэн ажлын хөлс 22 325 000 төгрөг, бараа материалын болон ажлын хөлс 7 564 800 төгрөг нийт 78 991 400 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 840 000 төгрөгөөр багасгажээ. /хх.1-2, 130-131/

Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “Ж” ХХК нь захиалагч буюу хариуцагч “М” ХХК-ийн өгсөн даалгаврын дагуу Нисэх 1К чиглэлийн шилэн кабел татах ажил “Биокомбинат шувуун фабрик” хэсгийн шилэн кабел татах ажил, “Шувуун фабрик 1К” хэсгийг шилэн кабел татах ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний үнийн дүнг нийт 178 747 000 төгрөгөөр тохиролцсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.

 Гэрээний 4.1-д “Гэрээний үнийн дүн нь НӨАТ тооцсон бөгөөд бүгд 178 747 000 төгрөг байна”, 1.6-д “Ажил гүйцэтгэх хугацаа гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 45 хоног байна” гэж тохиролцсон байна. Хариуцагч “М” ХХК нь ажлыг хөлсөнд нэхэмжлэгч “Ж” ХХК-д 107 248 200 төгрөгийг төлсөн талаар зохигчдын хэн аль нь маргаагүй байна.

“Ж” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...нэхэмжлэгч байгууллага өнөөдрийг хүртэл манайд хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг хүлээнэ гэж тус тус заасан байна.

 Хэрэгт “Шилэн кабель угсралт, шилжүүлгийн ажлыг шалгаж ашиглалтад хүлээн авсан акт” авагдсан байх бөгөөд уг актыг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үйлдэж гүйцэтгэгч талаас Кабелийн инженер Д.Ганхуяг, Кабелийн техникч Б.Далантай нар гарын үсэг зурсан, мөн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “М” ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулсан 13/175 тоот гэрээний дагуу 1К чиглэлд хийсэн ажлын баганын тоо, шилэн кабелийн хэмжилт хийж “М” ХХК-ийн ТАҮАлбаны инженер Б.Бямбацогт, Дотоод аудитын албаны аудитор Г.Тамир, “Ж” ХХК-ийн инженер н.Далантай нар гарын үсэг зурж баталгаажуулсан нотлох баримтууд авагджээ. /хх.22-24, 27-28/

Мөн “Нисэхээс К1 хүртэлх шилэн кабель татах ажлыг Монгол улсад дагаж мөрдөж буй стандартын дагуу 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 25-ныг дуусталх хугацаанд шаардлагатай газруудад шинээр шон босгож суурилуулан хийж гүйцэтгэсэн” ажлын тайлан авагдсан байна. /хх.15-26/

 “Ж” ХХК-ийн “М” ХХК-ийн ерөнхий захиралд ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж хөлсөө шаардсан мэдэгдлийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 17/152 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17/289 тоот, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 18/054 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18/085 тоот, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 18/128 тоот албан бичгүүдээр хүргүүлж байжээ. /хх.31-36/

Иргэний хуулийн 354 дүгээр зүйлийн 354.1.2-т заасны дагуу захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэг хүлээх бөгөөд хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч “Ж” ХХК-ийг “...ажлаа хүлээлгэж өгөөгүй, үүрэг зохих ёсоор биелүүлээгүй” гэсэн тайлбар, татгалзлын үндэслэлээ нотолсон, нэхэмжлэгч байгууллагын гаргасан нотлох баримтыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын холбооны хяналтын улсын байцаагч С.Шинэбаяр дүгнэлт гаргасан байна.

Уг дүгнэлтээр “Шувуун фабрикаас-1К чиглэлд агаараар татсан 6160 метр шилэн кабелийн дээрх стандартын 6 дугаар хэсгийн 6.1-д заагдсаны дагуу 50 метрийн зайтай 120 ширхэг шон суурилуулах байсан боловч гүйцэтгэлээр 80 метр /дундаж/-ийн зайтай 73 ширхэг 8 метрийн өндөртэй цементэн багана суурилуулсан нь стандартаар багана хоорондын зай 50 метр байна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. MNS 5207:2011 стандартын 6 дугаар хэсгийн 6.1, 6.3, 6.4-д заагдсаны дагуу шаардлагатай тоноглолыг бүрэн хийсэн байх ба машинаар багананд өлгөх, чангалж татах, эцсийн бэхлэлтийг хийсэн бөгөөд мөн 4 км тутамд буюу 1 ширхэг муфт хийсэн, нөөц кабелийг нөөцөлсөн нь технологийн дагуу гүйцэтгэсэн гэж үзэж байна” гэжээ.  /хх.110-118/

 Иргэний хуулийн 351 дугаар зүйлийн 351.2 дахь хэсэгт “Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “М” ХХК-ийг ажлын гүйцэтгэлийг хүлээж авсанд тооцохоор байна гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.    

Иймд хариуцагч “М” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71 498 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгч “Ж” ХХК нэхэмжлэлийн нэг шаардлагадаа ...нэмэлт зардалд 31 044 100 төгрөг гаргуулна” гэжээ. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д “...төсөвт тусгагдаагүй ажил хийх тохиолдолд талууд харилцан тохиролцож, газар дээр нь хамтран шалгаж, өөрчлөгдөх нэмэлт хийгдэх хэсэгт ажлын гүйцэтгэлийн акт тогтоож, өөрчлөх ажлын тоо, хэмжээ, төсвийг гаргаж, протокол үйлдэн гэрээнд нэмэлтээр хавсаргана...” гэж тохиролцсон байна.

Харин талууд нэмэлт зардлын талаар тохиролцож, төсөвт тусгаж, гэрээнд нэмэлтээр оруулсан зүйлгүй, нэхэмжлэгч нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төсөв хэмээх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч уг баримтыг хариуцагч “М” ХХК-д танилцуулсан эсэх нь тодорхойгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэж нэмэлт ажлын хөлсөнд 31 044 100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

Хариуцагч байгууллага гэрээний 5.7 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч байгууллагаас алданги, мөн дутуу хийсэн ажлын засвар зардалд гарсан 78 151 400 төгрөгийг гаргуулах тухай гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...”Ж” ХХК нь ажлыг актаар хүлээлгэж өгөөгүй гэдэг нь гэрч Ш.Энхтунгалагийн мэдүүлгээр нотолсон” гэсэн үндэслэл заасан байгаа боловч гэрч Ш.Энхтунгалаг ажлын талаар тодорхой мэдүүлээгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийн хийсэн ажлыг захиалагч тал оролцон хэмжилт хийж хүлээн авсан, мөн шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг тогтоосон байна.  

Түүнчлэн хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн хийсэн ажилд доголдол гарсныг засварласан талаараа тайлбар гаргаж, уг ажлыг зассан зардлаа гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа нь нэхэмжлэгчийн ажлыг хүлээж авсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.