Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар  001/ХТ2022/00703

 

 

                                 “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00788 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1401 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71,498,800 төгрөг, нэмэлт зардал 31,044,100 төгрөг, нийт 102,542,810 төгрөг гаргуулах тухай үндсэн, 78,151,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, А.Эрдэнэцэцэг нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэмбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71,498,800 төгрөг, нэмэлт зардал 31,044,100 төгрөг, нийт 102,542,810 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан нийт 78,991,400 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган (хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 840,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан) маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00788 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 71,498,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,044,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан 78,151,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 840,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1401 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 670,665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, А.Эрдэнэцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1401 дүгээр магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас гэрээний үүрэгт 102,542,810 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.13-ны  өдрийн 182/ШШ2020/00788 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нь ЖН-13/175 тоот гэрээний үүргийг биелүүлээгүй, ажлыг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д актаар хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэн өгсөн, авсан тухай нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, мөн гэрч Ш.Энхтунгалаг нь актаар ажлыг хүлээлгэж өгөөгүй талаар мэдүүлэг өгсөн байхад гэрээний үүргийн гүйцэтгэлд 71,498,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Мөн ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Гэвч захиалагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь захиалсан ажлаа шаардлага хангасан байдлаар хүлээж аваагүй байхад шүүх нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.13-ны өдрийн 182/ШШ2020/00788 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.29-ний өдрийн 1401 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71,498,800 төгрөг, нэмэлт зардал 31,044,100 төгрөг, нийт 102,542,810 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан нийт 78,991,400 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх хариуцагчаас 71,498,800 төгрөгийг гаргуулж, үлдэх 31,044,100 төгрөгт холбогдох шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “...2013.10.16-ны өдөр талууд харилцан тохиролцож шилэн кабель татах тухай гэрээг байгуулсан. Гэрээгээр ажлыг гүйцэтгэх хугацаа 45 хоног, гэрээний төлбөр 178,747,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 60 хувь буюу 107,248,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний 5.6 заалтад заасны дагуу нэмэлтээр хийж гүйцэтгэх ажлыг тухай бүрт захиалагч талд танилцуулан харилцан зөвшилцөж гүйцэтгэгч талаас нэмэлт зардал 31,044,100 төгрөг гарсан. Гүйцэтгэгч талаас гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төсөв тооцон хүлээлгэж өгөх гэсэн боловч одоог хүртэл хүлээн аваагүй, 2015.12.02-нд гэрээний дагуу хийсэн ажлын баганын тоо, шилэн кабелийн хэмжилтийг 2 талаас хийж баримтжуулсан. Захиалагч тал гэрээний дагуу байгуулсан шилэн кабелийн сүлжээг одоог хүртэл ашиглаж байгаа болно. Захиалагч талаас гэрээний төлбөрийн үлдэгдэл, нэмэлтээр гаргасан зардлын төлбөрийг төлөх талаар албан болон албан бус байдлаар удаа дараа мэдэгдэж байсан. Иймд гэрээний үлдэгдэл 40 хувь буюу 71,498,800 төгрөг, нэмэлт зардал 31,044,100 төгрөг, нийт 102,542,810 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч, “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь уг ажлын гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл манайд хүлээлгэж өгөөгүй буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна... шаардлага хангаагүй гүйцэтгэсэн ажлын гэмтлүүдийг өөрсдийн зардлаар гүйцэтгэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй..” гэж,

сөрөг нэхэмжлэлдээ “...  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь уг ажлын гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл манайд хүлээлгэж өгөөгүй буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Мөн манай компани нь уг ажлын зардалд гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 107,248,000 төгрөг төлж, гэрээний хугацаанд хүлээн аваад 2014 оны 6 дугаар сард өөрсдийн хэрэглэгчдэд шилэн кабелийн интернет үйлчилгээ өгөх төлөвлөгөөтэй байсан тул 2014 оны 5 дугаар сарын сүүлээр уг шилэн кабелийг ашиглаж эхэлсэн бөгөөд үүнээс хойш шаардлага хангаагүй гүйцэтгэсэн ажлын гэмтлүүдийг өөрсдийн зардлаар гүйцэтгэж байсан. Иймд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК гэрээний 5.7-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгээс буюу 107,248,000 төгрөгөөс 150 хоногийн алданги 48,261,600 төгрөг, гүйцэтгэвэл зохих ажилд дутуу хийсэн ажил буюу нэг бүр нь 475,000 төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг бетон хөлтэй баганын үнэ, ажлын хөлс 22,325,000 төгрөг, гэрээний 1 жилийн баталгаат хугацаанд 7 удаагийн гэмтэлд манай компани өөрсдийн зардлаар хийсэн ажлын бараа материалын зардал болон ажлын хөлс 7,564,800 төгрөг, нийт 78,991,400 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

нэхэмжлэгч “...Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэсэн тул алданги шаардах үндэслэлгүй. Өдийг хүртэл манай хийсэн шилэн кабелийн сүлжээг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК ашиглаж байгаа. ... 7 удаагийн гэмтэл нь манай талын гүйцэтгэсэн ажлын алдаанаас учирсан гэмтэл гэж үзэхгүй... Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус маргажээ.

9. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

10. Тодруулбал, шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгч нь Нисэх-1К чиглэлийн шилэн кабель, А.Нисэх-Био комбинат хэсгийн шилэн кабель, Б.Био комбинат шувуун фабрик хэсгийн шилэн кабель, В.Шувуун фабрик-1К хэсгийн шилэн кабель татах ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, хариуцагч гэрээний дагуу нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөр 107,248,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 71,498,800 төгрөгийг төлөх үүрэгтэй. Харин нэхэмжлэгч нь ямар нэмэлт ажлыг хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй, баримтаар нотлоогүй, талуудын хооронд нэмэлт зардлын талаар тохиролцож, төсөвт тусгаж, протокол үйлдэж гэрээнд нэмэлтээр оруулсан үйл баримт тогтоогдоогүй тул нэмэлт зардал гэх 31,044,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Нэгэнт нэхэмжлэгч гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул хариуцагч нь нэхэмжлэгчээс алданги 48,261,600 төгрөг, 47 ширхэг бетон хөлтэй баганын үнэ, ажлын хөлс 22,325,000 төгрөг, доголдлыг арилгахад гаргасан зардал 7,564,800 төгрөг, нийт 78,151,400 төгрөгийг шаардах үндэслэлгүй.

11. Иймд, “... нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлээгүй, ажлыг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д актаар хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэн өгсөн, авсан тухай нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, мөн гэрч Ш.Энхтунгалаг нь актаар ажлыг хүлээлгэж өгөөгүй талаар мэдүүлэг өгсөн байхад шүүх гэрээний үүргийн гүйцэтгэлд 71,498,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Мөн ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Гэвч захиалагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь захиалсан ажлаа шаардлага хангасан байдлаар хүлээж аваагүй байхад шүүх нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

12. Учир нь, нэхэмжлэгчээс “... ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн боловч захиалагч буюу хариуцагч ажлыг хүлээж авахгүй, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна...” гэж, хариуцагчаас “... гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор хийгээгүй тул ажлыг хүлээж аваагүй...” гэж маргасан, өөрөөр хэлбэл, талууд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, авсан акт үйлдээгүйгээс үүссэн маргааныг шүүх хэрэгт авагдсан бусад баримтын хүрээнд дүгнэж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00788 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1401 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 670,665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХТУЯА

                                  ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД