Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01437

 

С.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01610 дугаар шийдвэртэй

С.Дгийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Бд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оноос Баярмаатай “Фохоу корпораци”-д хамт ажилласан. 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр бүтээгдэхүүн авахаар Д.Бгийн ХААН банкны 5043007534 тоот данс руу 4 000 000 төгрөг шилжүүлсэн. 1 000 000 төгрөгийг өмнө нь авсан бүтээгдэхүүний үнэнд суутгаж, 3 000 000 төгрөгийн бүтээгдэхүүн авах байсан. Гэтэл бүтээгдэхүүн өгөөгүй. Д.Б нь одоо миний 2 хүүхдийн эцэг н.Чадраабалтай хамт амьдарч байгаа. Намайг маш их хохироож байгаа тул 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр С.Дгаас 4 000 000 төгрөг аваагүй. Харин 5814129082 тоот данснаас иргэн н.Чадраабалаас гүйлгээ орж ирсэн. Би н.Чадраабалаас авах ёстой мөнгөө авсан тул С.Дгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Долгорсүрэнгийн Баярмаагаас 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Сайнбуянгийн Дулмаад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас 62 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагч Д.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Дгаас би мөнгө аваагүй, бидний хооронд ямар ч мөнгөний асуудал байгаагүй. Шүүхээс худлаа дүгнэлт гарсан учир үнэн зөвийг нь олж тогтоож өгнө үү. Хэт нэг талыг баримталж буруу шийдвэр гаргасан гэж үзэн гомдол гаргаж байна гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Д.Бд холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...бүтээгдэхүүн авахаар 4 000 000 төгрөг шилжүүлсэн, 1 000 000 төгрөгийг өмнө авсан бүтээгдэхүүний үнэд суутгаж, 3 000 000 төгрөгийн бараа авах байсан боловч өгөөгүй” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...иргэн П.Чадраабалаас гүйлгээгээр мөнгө орж ирсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

Хэргийн 7 дугаар талд “Хаан банк” ХХК-ийн дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд нэхэмжлэгч С.Дгаас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 5043007534 тоот дансанд 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх.7/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч С.Д хариуцагч Д.Бг бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзаж, гэрээний үнэд шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг буцаан авахаар шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Хариуцагч Д.Б  “...С.Дгаас 4 000 000 төгрөг аваагүй харин П.Чадраабалаас гүйлгээ орж ирсэн” гэсэн тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн хариуцагч Д.Бгаас 3 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Дд олгосон шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг баримтлаагүй нь зөрчилтэй байгаа боловч уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагагүй байна гэж үзэв.