Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2020/01610

 

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2020/01610

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, Б овогт С-ийн Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 19-р хороо, 58-р байрны 67 тоотод оршин суух, одоо Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Б овогт Д-ийн Б-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Д, хариуцагч Д.Б, гэрч П.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оноос Б-тай Ф корпорацид хамт ажилласан. 2018 оны 3-р сарын 1-нд бүтээгдэхүүн авахаар Б-ийн ХААН банкны 5043007534 тоот данс руу 4 000 000 төгрөг шилжүүлсэн. 1 000 000 төгрөгийг өмнө нь авсан бүтээгдэхүүний үнэнд суутгаж, 3 000 000 төгрөгийн бүтээгдэхүүн авах байсан. Гэтэл бүтээгдэхүүн өгөөгүй. Бнь одоо миний 2 хүүхдийн эцэг Ч-тай хамт амьдарч байгаа. Намайг маш их хохироож байгаа тул 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 3-р сарын 1-нд Дулмаагаас 4 сая төгрөг аваагүй. Харин 5814129082 тоот данснаас иргэн Ч-аас гүйлгээ орж ирсэн. Би Ч-аас авах ёстой мөнгөө авсантул Д-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Д нь Д.Б-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

С.Д нь 2018 оны 3-р сарын 1-ний өдөр ХААН банкны өөрийн 5814129082 дугаар данснаас Д.Б- дугаар данс руу 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулга /хх 7, 13/, зохигчийн тайлбараар тус тус тогтоогджээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...С.Д-аас мөнгө шилжүүлээгүй, харин Ч-ас авах ёстой мөнгөө авсан гэж тайлбарладаг боловч С.Д-ийн ХААН банкны 5814129082 дугаар данснаас шилжүүлэг хийгдсэнийг няцааж чадаагүй, гүйлгээний утга Ч гэсэн нь түүнийг мөнгө шилжүүлснийг нотлоогүй байна.

 

Нөгөө талаас, С.Д нь 2018 оны 3-р сарын 1-ний өдөр Бичил глобус ББСБ-аас 4 000 000 төгрөгийн зээл авч энэ өдөр түүний дансанд орлогын гүйлгээ хийгдсэн, улмаар Д.Б-ийн дансанд 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн /хх 7, 20/ нь тогтоогджээ.

 

Гэрч П.Ч ...би Д-ийн дүү О-ээс зарсан машиныхаа мөнгийг шилжүүлж авсан гэж мэдүүлдэг боловч С.Д-ийн шилжүүлсэн мөнгийг О шилжүүлсэн гэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн П.Ча нь С.Д-тай гэр бүл байсан, 2 хүүхдийн эцэг гэх ба харин одоо хариуцагч Д.Б-тай хамтын амьдралтай болсон, П.Ч, С.Д нар хамт амьдарч байхдаа Д.Б-д мөнгө шилжүүлсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д-гийн Б-аас 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн С-ийн Д-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 62 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА