Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01435

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/00825 дугаар шийдвэртэй

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Б” ХХК-д холбогдох гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, 1 595 246 300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Золжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул, Э.Уянгасайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Б” ХХК-аас 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 5 тэрбум төгрөгийг үйл ажиллагааны үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд барилгын чиглэлээр, сарын 1.8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар зээлийн гэрээг байгуулж мөнгө зээлсэн. Улмаар уг зээлийн гэрээг үндэслэн хамтын ажиллагааны 02в/697 тоот гэрээг байгуулсан ба уг гэрээгээр 1 595 256 300 төгрөгийг тусгай хадгаламжид байршуулж тус хадгаламж нь барьцааны гэрээгээр баталгаажиж, гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор байгуулагдсан. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 02в/697 тоот хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлд энэхүү нэмэлт гэрээ нь 2018 оны 9 дүгээр, сарын 18-ны өдрийн 02в/697 тоот хамтран ажиллах гэрээний салшгүй хэсэг байна мөн гэрээний 4 дүгээр зүйлд гэрээт ажлыг бүрэн авсан тухай акт үйлдсэнээр дуусгавар болно гэж заасан байдаг. Манай компанийн зүгээс “Б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох 5 тэрбум төгрөгийг хүүгийн хамт хугацаанаас нь өмнө төлж барагдуулах тухай албан хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргаж, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бүрэн төлж барагдуулсан ба барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж авах хүсэлтээ 02/171 тоот албан бичгээр мэдэгдсэн. Ингээд бидний хооронд зээлийн өр төлбөр байхгүй “Хамтын ажиллагааны гэрээ” дуусгавар болж барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлөгдөх болсон. Гэтэл үүргийн харилцаа дуусгавар болчихоод байхад барьцаа хөрөнгийг чөлөөлөх үүргээ банк биелүүлэхдээ дахин “Хамтын ажиллагааны гэрээ”-г бичгээр байгуулахыг шаардаж 1 595 256 300 төгрөгийн тусгай хадгаламжийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан гэрээнд гарын үсэг зурвал барьцаа хөрөнгө чөлөөлнө гэсэн. Бидний зүгээс “Х” ХХК-аас зээл авсан, уг зээлийн барьцаа хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай байсан тул “Б” ХХК-аас барьцаагаа чөлөөлж “Х” ХХК-д барьцаа хөрөнгөө нэмэгдүүлэхийн тулд зөвшөөрч дээрх гэрээг хийсэн. Энэхүү гэрээ нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн бөгөөд мөн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр барьцааны гэрээ байгуулан 1 595 256 300 төгрөгийг хамтын ажиллагааны гэрээний үүргийн дүн гэж барьцаалсан болно. Энэхүү гэрээ нь манай компанид илтэд хохиролтой байсан ба барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгө чөлөөлж өгөхгүй байсан тул аргагүйн эрхэнд гэрээг байгуулж үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлж авсан болно. Энэхүү 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээний зорилгыг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн /16030/ үйлдвэрийн гудамж 53в хэсэг тоот хаягт орших Алтай-3 хотхоны 33, 34, 35 тоот барилгаас банкны орон сууц худалдан авах зээл, орон сууц худалдан авсан иргэдийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гармагц банкинд хүлээлгэн өгөх, банкны барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бусад нөхцөл байдлыг бүрдүүлэх, байгууллагаас орон сууц худалдан авсан иргэдийн орон сууцны өмчлөх эрхийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд банкинд мөнгөн хадгаламжийн барьцаа байршуулах, байршуулсан хадгаламжийн хугацааг дуусгавар болгохтой холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон. Алтай хотхон 33, 34, 35 дугаар байр гэж байхгүй ба албан ёсны хаяг нь Баянгол дүүрэг, 4 хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/ үйлдвэрийн гудамж 52г, 53в, 53а тоот хаягтайгаар 80 хувийн гүйцэтгэлтэйгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч улмаар “Х” ХХК-ийн барьцаанд байгаа болно. Дээрх барилгаас захиалсан 11 хүн “Б” ХХК-аас жилийн 8 хувийн хүүтэй зээл авсан ба тэдгээрийн нийт үнийн дүнгийн 50 хувиар тооцож мөнгөн хадгаламж байршуулах ёстой гэж ойлгосон боловч урьд хадгалагдаж байсан мөнгийг тэр чигт нь барьцаалсан нь үндэслэлгүй юм. Банк зорилгодоо нийцэхгүй ажиллагаа явуулаад байна. Иймд “Б” ХХК-тай байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 05/471 тоот хамтын ажиллагааны гэрээ, мөн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 05/472 тоот барьцааны гэрээг иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож 1 595 246 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн, Б.Амарсанаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь “Б” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ЗГ-17/18 тоот “Зээлийн гэрээ” байгуулан 5 000 000 000 төгрөгийн зээлийг, 24 сарын хугацаатайгаар, сарын 1.8 хувийн хүүтэйгээр авсан. Мөн талууд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр БГ-17/18 тоот “Барьцааны гэрээ” байгуулж Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил Махатма Ганди хороолол, Богд жавзандамба гудамж, 33 тоот хаягт байрлах 16 567.2 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2206029204 дугаартай, үйлчилгээ орон сууцны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг, эзэмших эрхтэй газрын /НТД6006/5003/ хамт “Б” ХХК-д барьцаалуулсан. Гэвч “Т” ХХК-ийн зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2018 оны 7 дугаар сарын байдлаар 4,7 тэрбум зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд орон сууцны ипотекийн 8 хувийн зээлээр Олимп хотхоны орон сууцны барилгаас борлуулалт хийж, хамтран ажиллах хүсэлтийг банкинд ирүүлсэн. Иймд банк нэхэмжлэгчтэй 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 02в/697 тоот Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тус гэрээгээр банк нь “Т” ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү гудамж хаягт орших Олимп хотхоны 424, 426, 427, 428, 429, 430 тоот барилгаас банкны орон сууц худалдан авах зээлийн шаардлага хангасан орон сууц захиалагчид худалдан авч буй орон сууцны барилга болон барьцааны гэрээнд заасан “Б” ХХК дахь мөнгөн хөрөнгийг барьцаалж зээл олгох, байгууллага нь орон сууц захиалагчийн худалдан авсан орон сууцны эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гармагц банкинд хүлээлгэн өгөх буюу банкны барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бусад нөхцөл байдлыг бүрдүүлэх үүргийг хүлээсэн. Мөн орон сууцны зээлийн дүнгийн 50 хувийг “Т” ХХК-ийн зээлийн эргэн төлбөрт төлөх, үлдсэн 50 хувийг харилцах дансанд хүүгүй байршуулахыг гэрээгээр тохиролцсон. Дээр дурдсан 02в/697 тоот Хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу “Б” ХХК нийт 11 харилцагчтай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулан “Т” ХХК-ийн 103900905711 тоот дансан дахь мөнгөн хөрөнгийг барьцаалан зээл олгосон. 5 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлж, барьцааг суллана гэж 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 05/471 тоот Хамтын ажиллагааны гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч нь орон сууц худалдан авсан иргэдийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гармагц банканд хүлээлгэн өгөх, банкны барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бусад нөхцөл байдлыг бүрдүүлэх, иргэдийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд Банканд мөнгөн хадгаламжийн барьцаа байршуулах үүрэг хүлээсэн. 1 595 246 300 төгрөгийг барьцаанд байлгаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад Дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 05/471 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 05/472 тоот “Барьцааны гэрээ”-ээр талууд харилцан эрх эдэлж, үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл тус гэрээнүүдээр нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гармагц банкинд хүлээлгэн өгөх, гэрчилгээ гарах хүртэлх хугацаанд зээлдэгч нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөнгөн хөрөнгө байршуулах, Банк нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гармагц нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгийг чөлөөлөх үүргийг тус тус хүлээсэн тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх заалтад Хуулийн этгээд уйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Иймд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 05/471 тоот Хамтын ажиллагааны гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 05/472 тоот “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцох хууль, эрх зүйн үндэслэлгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан “Б” ХХК, “Т” ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 07 сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг 822 699 826.54 төгрөгийн хэмжээнд хүчин төгөлдөр бусад тооцон, “Б” ХХК-аас 822 699 826.54 төгрөг гаргуулж “Т” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 05/471 тоот Хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 772 546 473.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 134 181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 819 төгрөгийг улсаас, хариуцагч “Б” ХХК-аас 4 271 449 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн “Б” ХХК-иас 822 699 826.54 төгрөг гаргуулж, “Т” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдохоор заасан. Гэтэл шүүх барьцааны гэрээ нь ямар хууль, тогтоомж зөрчиж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн шүүх “Нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хамтын ажиллагааны гэрээ” хүчин төгөлдөр бус байх үндэслэл алга байна. Нэхэмжлэгч хариуцагчийг хуурч дарамталж, зорилгодоо нийцэхгүй үйл ажиллагаа явуулж энэ гэрээг байгуулсан гэж тайлбартаа тэмдэглэсэн боловч ийм байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн атлаа “Б” ХХК-иас 822 699 826.54 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх гэрээний ямар заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож байгаа нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэрт “Барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т барьцаагаар хангагдах нийт шаардлагын хэмжээ нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 05/471 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”ний үүргийн дүн байна гэж тохиролцсон атлаа түүнээс илүү мөнгөн хадгаламжийг барьцаанд авсан нь барьцааны гэрээг хэсгээр хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болж байна” гэж дүгнэсэн боловч барьцааны гэрээний аль хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож байгаа нь тодорхой бичээгүй байна. Иргэний хуульд зааснаар шүүхээс гэрээг бүхэлд нь болон гэрээний тодорхой зүйл, заалтыг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй. Гэтэл шүүх гэрээг бүхэлд нь болон тодорхой нэг зүйл, заалтыг хүчин төгөлдөр бусд тооцоогүй боловч барьцааны гэрээг 822 699 826.54 төгрөгийн хэмжээнд хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Барьцаагаар хангагдах нийт шаардлагын хэмжээ нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 05/471 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”-ний үүргийн дүн байна” гэж заасан. Тус заалт нь барьцааны гэрээгээр талууд “Т” ХХК-ийн эзэмшлийн харилцах дансан дахь 1 595 256 300 төгрөгийг барьцаалахаар тохиролцсон бөгөөд барьцаалуулагч нь гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд 1 595 256 300 төгрөгөөс “Хамтын ажиллагааны гэрээ”-ний үүргийн дүнгээр барьцааны шаардлагыг хангуулна гэсэн агуулга бүхий заалт болно. Гэтэл шүүх тус заалтыг “Т” ХХК-иас барьцаалах мөнгөн дүн нь “Хамтын ажиллагааны гэрээ”-ний үүргийг үнийн дүн байхаар буюу илт буруугаар тайлбарлаж, шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох барьцааны зүйл нь зээлийн үнийн дүнтэй тэнцүү буюу дүйцэхүйц байх тухай хуулийн зохицуулалт байхгүй болно. Талууд гэрээгээр харилцан тохиролцсон тохиолдолд зээлийн барьцаанд зээлийн үнийн дүнгээс өндөр үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө барьцаалах боломжтой болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдох бөгөөд банкны зүгээс зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг барьцааны зүйлээр хангуулах учир банк “Т” ХХК-ийн эзэмшлийн данс дахь 1 595 256 300 төгрөгийг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож гэрээний үндсэн дээр барьцаалсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 05/471 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”, мөн “Барьцааны гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.9-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 1 595 246 300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Т” ХХК нь “Б “ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 5 тэрбум төгрөгийг, сарын 1,8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү гудамж хаягт орших Олимп хотхоны орон сууцны барилгыг барьцаалсан байна.

Нэхэмжлэгч байгууллага орон сууцны борлуулалтаа нэмэгдүүлж зээлийн төлбөрөө барагдуулах зорилгоор банктай тохиролцон, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 02в/697 тоот “Хамтын ажиллагааны гэрээг” байгуулан, уг гэрээний дагуу банкинд тусгай хадгаламжид “Т” ХХК-ийн 1 595 246 300 төгрөг байршуулсан, “Т” ХХК нь “Б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох 5 тэрбум төгрөгийг хүүгийн хамт 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бүрэн төлж барагдуулсан үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй болно.

Мөн дараа нь зохигчид 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 05/471 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”, “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, уг гэрээгээр Банк, “Т” ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо Үйлдвэрийн төвийн бүс үйлдвэрийн гудамж 53В хэсэг тоот хаягт орших “Алтай-3” хотхоны 33, 34, 35 тоот барилгаас орон сууц худалдан авахаар банкнаас ипотекийн зээл авсан иргэдийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд банкны хадгаламжид байршуулсан дээрх мөнгийг барьцаалахаар тохиролцжээ. /1хх.16-23/

Тодруулбал, дээрх барьцааны гэрээгээр барьцаалуулагч үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авсан захиалагчийн гэрчилгээ эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэх хүртэл хугацаанд зээлдэгч нь гэрээний үүргийг бүрэн биелүүлж чадна гэдгийг баталж, гэрээний үүрэг биелэгдээгүй нөхцөлд зээлдүүлэгчийн өмнө түүний хүлээсэн үүргийг энэ гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр бүрэн барагдуулахаар тус  тус харилцан тохиролцож, “Б” ХХК дахь 103 900 905 711 тоот барьцаалуулагчийн дансны орлогод байгаа 1 595 256 300 төгрөгийг барьцаалсан байна. /1хх.76-151/

Хамтын ажиллагааны гэрээний 1.5-д “Банкинд байршуулсан байгууллагын тусгай хадгаламжийн хугацаа нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болно” гэж,

Барьцааны гэрээний 2.2-т барьцаагаар хангагдах нийт шаардлагын хэмжээ нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 051471 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”-ний үүргийн дүн байна гэж,

Мөн гэрээний 1.4-д “Байгууллага нь “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд олгосон ОСХА зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болон “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хэрэгжилтийг хангах зорилгоор иргэдийн банкнаас авсан орон сууцны зээлийн дүнгийн 50 хувийг тусгай хадгаламжид байршуулах үүрэг хүлээнэ. Тусгай хадгаламж нь барьцааны гэрээгээр баталгаажна” гэж тус тус заасан байна.

Талууд “Хамтын ажиллагаа”-ны болон “Барьцаа”-ны гэрээ байгуулан улмаар нэхэмжлэгч “Т” ХХК өөрийнхөө орон сууцыг бусдад худалдаж, худалдан авсан иргэдийг “Б” ХХК-ийн 8 хувийн буюу ипотекийн зээлд хамруулах зорилгоор барьцааны 1 595 256 300 төгрөгийг байршуулах, уг байршуулсан хадгаламжийн үнийн дүн нь орон сууц худалдан авах иргэдийн зээлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээтэй байхаар тохиролцсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч орон сууцаа хариуцагчийн санхүүжилтээр хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр бусдад борлуулж, хариуцагч нар нэхэмжлэгчийн мөнгийг хүүгүй хадгаламжид байршуулан улмаар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хэн алиндаа харилцан ашигтай байх нөхцөлтэйгээр дээрх гэрээнүүдийг байгуулжээ.

Дээрх гэрээ талуудын тайлбараар хариуцагч “Б” ХХК нь “Т” ХХК-ийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх барилгаас 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын хооронд орон сууц худалдан авахаар гэрээ хийсэн 11 хүнд өөрийн хөрөнгөөр жилийн 8 хувийн хүүтэй, нийт 912 508 600 төгрөгийн зээлийг олгосон, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр барьцааны гэрээний дагуу тусгай хадгаламжид байршсан “Т” ХХК-ийн 1 595 246 300 төгрөгийг шилжүүлэн барьцаалжээ. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцогдохгүй юм.

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан Хамтын ажиллагааны болон Барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр хэлцэл байна.

 “Хамтын ажиллагааны гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г талууд хүсэл зоригоо илэрхийлээгүй дүр үзүүлж хийсэн, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 Тодруулбал, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа зорилго, чиглэлийг үүсгэн байгуулах гэрээ, дүрмэндээ тусгасан байх бөгөөд хуулийн этгээд тусгайлан хориглоогүй үйл ажиллагааг эрх хэмжээнийхээ хүрээнд явуулах эрх нээлттэй юм. “Б” ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хүрээнд нэхэмжлэгч байгууллагатай “Хамтын ажиллагааны гэрээ” болон барьцааны гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамааруулан үзэх боломжгүй юм.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.9-д заасан үндэслэлээр тайлбарласан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлд хамааруулан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар арилгуулахаар зохицуулсан ба нэхэмжлэгчид энэ үндэслэлээр шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.

 Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.9-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан “Хамтын ажиллагааны гэрээ” болон барьцааны гэрээг хууль зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Хамтын ажиллагааны болон Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 1 595 246 300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.