Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2020/00825

 

 

2020 04 16

182/ШШ2020/00825

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ТА ХХК /РД:26/, Баянзүрх дүүрэг 2 тоот

 

Хариуцагч: ТБ ХХК /РД:53/, Чингэлтэй дүүрэг,  701 тоот

 

гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, 1.595.246.300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТА ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ТБ ХХК-аас 2017 оны 08 сарын 16-ны өдөр 5 тэрбум төгрөгийг үйл ажиллагааны үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд барилгын чиглэлээр, сарын 1.8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар зээлийн гэрээг байгуулж мөнгө зээлсэн. Улмаар уг зээлийн гэрээг үндэслэн хамтын ажиллагааны 02в/697 тоот гэрээг байгуулсан ба уг гэрээгээр 1,595,246,300 төгрөгийг тусгай хадгаламжинд байршуулж тус хадгаламж нь барьцааны гэрээгээр баталгаажина гэсэн, гэрээний хугацаа 2019 оны 03 сарын 31-ний өдөр дуусгавар болохоор хийгдсэн. 2019 оны 02 сарын 13-ны өдөр 02в/697 тоот хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлд Энэхүү нэмэлт гэрээ нь 2018 оны 09 сарын 18-ны өдрийн 02в/697 тоот хамтран ажиллах гэрээний салшгүй хэсэг байна мөн гэрээний 4 дүгээр зүйлд гэрээт ажлыг бүрэн авсан тухай акт үйлдсэнээр дуусгавар болно гэж заасан байдаг. Манай компанийн зүгээс төрийн банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох 5 тэрбум төгрөгийг хүүгийн хамт хугацаанаас нь өмнө төлж барагдуулах тухай албан хүсэлтийг 2019 оны 05 сарын 15-ны өдөр гаргаж, 2019 оны 06 сарын 26-ны өдөр бүрэн төлж барагдуулсан ба барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж авах хүсэлтээ 02/171 тоот албан бичгээр мэдэгдсэн.

 

Ингээд бидний хооронд зээлийн өр төлбөр байхгүй Хамтын ажиллагааны гэрээ дуусгавар болж барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлөгдөх болсон. Гэтэл үүргийн харилцаа дуусгавар болчихоод байхад барьцаа хөрөнгийг чөлөөлөх үүргээ банк биелүүлэхдээ дахин хамтын ажиллагааны гэрээг бичгээр байгуулахыг шаардаж 1,595,246,300 төгрөгийн тусгай хадгаламжийг 2021 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан гэрээнд гарын үсэг зурвал барьцаа хөрөнгө чөлөөлнө гэсэн. Бидний зүгээс Хаан банкнаас зээл авсан, уг зээлийн барьцаа хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай байсан тул Төрийн банкнаас барьцаагаа чөлөөлж Хаан банкинд барьцаа хөрөнгөө нэмэгдүүлэхийн тулд зөвшөөрч дээрх гэрээг хийсэн. Энэхүү гэрээ нь 2019 оны 07 сарын 03-ны өдөр хийгдсэн бөгөөд мөн 2019 оны 07 сарын 03-ны өдөр барьцааны гэрээ байгуулан 1,595,256,300 төгрөгийг хамтын ажиллагааны гэрээний үүргийн дүн гэж барьцаалсан болно. Энэхүү гэрээ нь манай компанид илтэд хохиролтой байсан ба барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгө чөлөөлж өгөхгүй байсан тул аргагүйн эрхэнд гэрээг байгуулж үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлж авсан болно.

 

Энэхүү 2019 оны 07 сарын 03-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээний зорилгыг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн /16030/ үйлдвэрийн гудамж 53в хэсэг тоот хаягт орших Алтай-3 хотхоны 33, 34, 35 тоот барилгаас банкны орон сууц худалдан авах зээл, орон сууц худалдан авсан иргэдийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гармагц банкинд хүлээлгэн өгөх, банкны барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бусад нөхцөл байдлыг бүрдүүлэх, байгууллагаас орон сууц худалдан авсан иргэдийн орон сууцны өмчлөх эрхийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд банкинд мөнгөн хадгаламжийн барьцаа байршуулах, байршуулсан хадгаламжийн хугацааг дуусгавар болгохтой холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон бөгөөд Алтай хотхон 33, 34, 35 дугаар байр гэж байхгүй ба албан ёсны хаяг нь Баянгол дүүрэг, 4 хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/ үйлдвэрийн гудамж 52г, 53в, 53а тоот хаягтайгаар 80 хувийн гүйцэтгэлтэйгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч улмаар Хаан банкны барьцаанд байгаа болно.

 

Дээрх барилгаас захиалсан 11 хүн Төрийн банкнаас жилийн 8 хувийн хүүтэй зээл авсан ба тэдгээрийн нийт үнийн дүнгийн 50 хувиар тооцож мөнгөн хадгаламж байршуулах ёстой гэж ойлгосон боловч урьд хадгалагдаж байсан мөнгийг тэр чигт нь барьцаалсан нь үндэслэлгүй юм. Банк корилгодоо нийцэхгүй ажиллагаа явуулаад байна.

 

Иймд Төрийн банктай байгуулсан 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 05/471 тоот хамтын ажиллагааны гэрээ, мөн 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 05/472 тоот барьцааны гэрээг иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.9.-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож 1,595,246,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ТБ ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ТА ХХК нь ТБ ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ-17/18 тоот Зээлийн гэрээ байгуулан 5,000,000,000 төгрөгийн зээлийг, 24 сарын хугацаатайгаар, сарын 1.8 хувийн хүүтэйгээр авсан. Мөн талууд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр БГ-17/18 тоот Барьцааны гэрээ байгуулж Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил Махатма Ганди хороолол, Богд жавзандамба гудамж, 33 тоот хаягт байрлах 16,567.2 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2206029204 дугаартай, үйлчилгээ орон сууцны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг, эзэмших эрхтэй газрын /НТД6006/5003/ хамт ТБ ХХК-д барьцаалуулсан. Гэвч ТА ХХК-ийн зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2018 оны 07 дугаар сарын байдлаар 4,7 тэрбум зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд орон сууцны ипотекийн 8 хувийн зээлээр Олимп хотхоны орон сууцны барилгаас борлуулалт хийж, хамтран ажиллах хүсэлтийг банкинд ирүүлсэн. Иймд банк нэхэмжлэгчтэй 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 02в/697 тоот Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тус гэрээгээр банк нь ТА ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү гудамж хаягт орших Олимп хотхоны 424, 426, 427, 428, 429, 430 тоот барилгаас банкны орон сууц худалдан авах зээлийн шаардлага хангасан орон сууц захиалагчид худалдан авч буй орон сууцны барилга болон барьцааны гэрээнд заасан ТБ дахь мөнгөн хөрөнгийг барьцаалж зээл олгох, байгууллага нь орон сууц захиалагчийн худалдан авсан орон сууцны эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гармагц банкинд хүлээлгэн өгөх буюу банкны барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бусад нөхцөл байдлыг бүрдүүлэх үүргийг хүлээсэн. Мөн орон сууцны зээлийн дүнгийн 50 хувийг ТА ХХК-ийн зээлийн эргэн төлбөрт төлөх, үлдсэн 50 хувийг харилцах дансанд хүүгүй байршуулахыг гэрээгээр тохиролцсон.

 

Дээр дурдсан 02в/697 тоот Хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу ТБ нийт 11 харилцагчтай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулан ТА ХХК-ийн 103900905711 тоот дансан дахь мөнгөн хөрөнгийг барьцаалан зээл олгосон. 5 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлж, барьцааг суллана гэж 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 05/471 тоот Хамтын ажиллагааны гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч нь орон сууц худалдан авсан иргэдийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гармагц банканд хүлээлгэн өгөх, банкны барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бусад нөхцөл байдлыг бүрдүүлэх, иргэдийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд Банканд мөнгөн хадгаламжийн барьцаа байршуулах үүрэг хүлээсэн. 1,595,246,300 төгрөгийг барьцаанд байлгаж байна. Нэхэмжлэгч ТА ХХК нь ТБ ХХК-тай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05/471 тоот Хамтын ажиллагааны гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05/472 тоот Барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.9 дэх заалтад зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад Дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэгт талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзлэлгүй, гуравдагч этгээдэд хэлцлийн дүр үзүүлэх зорилго бүхий хэлцлийг ойлгоно. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05/471 тоот Хамтын ажиллагааны гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05/472 тоот Барьцааны гэрээ-ээр талууд харилцан эрх эдэлж, үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл тус гэрээнүүдээр нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гармагц банкинд хүлээлгэн өгөх, гэрчилгээ гарах хүртэлх хугацаанд зээлдэгч нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөнгөн хөрөнгө байршуулах, Банк нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гармагц нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгийг чөлөөлөх үүргийг тус тус хүлээсэн тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш юм.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх заалтад Хуулийн этгээд уйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. ТБ ХХК-ийн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Төрийн банкны зорилго нь Харилцагч иргэн, хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах, түүнийг зохистой байршуулах, өөрийн нэрийн өмнөөс бусдад зээл олгох, ашиглалтад хяналт тавих, харилцагчийн итгэмжлэл шаардлагын дагуу төлбөр тооцооны ажил үйлчилгээ үзүүлэх, банкны үйл ажиллагаатай холбогдох асуудлаар бусадтай бие дааж гэрээ хэлцэл хийх, банкны орлогыг нэмэгдүүлэх, зардлыг зохистой хэмжээнд байлгах, хөрөнгийн санг арвижуулан бэхжүүлэх болно. Энэхүү зорилгынхоо хүрээнд банк харилцагчдад орон сууцны зээл олгох, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож эд хөрөнгө барьцаалах агуулга бүхий гэрээг ТА ХХК-тай байгуулсан болно. Иймд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05/471 тоот Хамтын ажиллагааны гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05/472 тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцох хууль, эрх зүйн үндэслэлгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, 2017 оны 08 сарын 16-ны өдрийн ЗГ-17/18 тоот зээлийн гэрээ, 2017 оны 08 сарын 16-ны өдрийн БДГ-17/18 тоот батлан даалтын гэрээ, 2017 оны 08 сарын 16-ны өдрийн БГ-17/18 тоот барьцааны гэрээ, 2018 оны 09 сарын 18-ны өдрийн 02в/697 тоот хамтын ажиллагааны гэрээ, 2018 оны 09 сарын 18-ны өдрийн 02в/697-1 тоот барьцааны гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05/471 тоот хамтын ажиллагааны гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05/472 тоот барьцааны гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02в/88 тоот 02в/697 тоот хамтран ажиллах гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ, 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 01/115 тоот барьцааны гэрээ, ТБ ХХК-д хүргүүлж байсан албан бичгүүд, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, ТБ ХХК-ийн иргэдтэй байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, ТА ХХК-ийн иргэдтэй байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээ, ТА ХХК-ийн Хаан банк ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ, зээлийн гэрээ, ТБ ХХК-ийн 2018 оны 04 сарын 02-ны өдрийн 13/10 дугаар зээлийн ерөнхий хорооны хурлын шийдвэр, Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам, Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай Төрийн банкны захирлын тушаал зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

Нэхэмжлэгч ТА ХХК нь ТБ ХХК-аас 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 05/471 тоот Хамтын ажиллагааны гэрээ, мөн 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 05/472 тоот Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 1,595,246,300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05/471 тоот Хамтын ажиллагааны гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05/472 тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцох хууль, эрх зүйн үндэслэлгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

 

ТА ХХК, ТБ ХХК нар 2019 оны 07 сарын 03-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээгээр ТА ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн /16030/ үйлдвэрийн гудамж 53в хэсэг тоот хаягт орших Алтай-3 хотхоны 33, 34, 35 тоот барилгаас орон сууц худалдан авахаар банкнаас ипотекийн зээл авсан иргэдийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гармагц банкинд хүлээлгэн өгөх, байгууллагаас тухайн иргэдийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд банкинд мөнгөн хадгаламжийн барьцаа байршуулахаар тохиролцсон байна.

 

Хамтын ажиллагааны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-д Байгууллага /ТА ХХК/ нь Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд олгосон орон сууц худалдан авах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор иргэдийн банкнаас авсан орон сууцны зээлийн үнийн дүнгийн 50 хувийг тусгай хадгаламжинд байршуулах үүрэг хүлээнэ. Тусгай хадгаламж нь барьцааны гэрээгээр баталгаажна гэж, мөн өдөр байгуулсан Барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Барьцаагаар хангагдах нийт шаардлагын хэмжээ нь 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 05/471 тоот Хамтын ажиллагааны гэрээний үүргийн дүн байна гэж тус тус заажээ.

 

Дээрх Хамтын ажиллагааны гэрээг байгуулахын өмнө ТБ ХХК нь ТА ХХК-ийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх барилгаас захиалж 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын хооронд гэрээ хийсэн Б.А , П.Н  нарын 12 хүнд банкны өөрийн хөрөнгөөр жилийн 8 хувийн хүүтэй зээлийг 2019 оны 03 дугаар сард, нийт 912,508,600 төгрөгийг олгосон байсан байх ба банк 2019 оны 07 сарын 03-ны өдөр барьцааны гэрээ хийж, урьд тусгай хадгаламжинд ТА ХХК-ийн 1,595,246,300 төгрөг байршсан байсныг шилжүүлж барьцаанд авсан байна.

 

Урьд ТА ХХК нь ТБ ХХК-аас 2017 оны 08 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 5 тэрбум төгрөгийг, сарын 1.8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар байгуулж зээлдэн авч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү гудамж хаягт орших Олимп хотхоны орон сууцны барилгыг барьсан байх бөгөөд орон сууцны борлуулалтаа нэмэгдүүлж зээлийн төлбөрөө барагдуулах зорилгоор банктай тохиролцон, дээрх байдлаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 02в/697 тоот Хамтын ажиллагааны 02в/697 тоот гэрээг байгуулан ажиллаж, уг гэрээний дагуу банкинд тусгай хадгаламжинд ТА ХХК-ийн 1,595,246,300 төгрөг байршсан байжээ. ТА ХХК нь тбайгуулсан зээлийн гэрээний үүрэг болох 5 тэрбум төгрөгийг хүүгийн хамт 2019 оны 06 сарын 26-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан 2019 оны 07 сарын 03-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэл алга байна. Нэхэмжлэгч хариуцагчийг хуурч дарамталж, зорилгодоо нийцэхгүй үйл ажиллагаа явуулж энэ гэрээг байгуулсан гэж тайлбартаа тэмдэглэсэн боловч ийм байдал тогтоогдохгүй байна.

 

Харин талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 сарын 03-ны өдрийн Барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Барьцаагаар хангагдах нийт шаардлагын хэмжээ нь 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 05/471 тоот Хамтын ажиллагааны гэрээний үүргийн дүн байна гэж тохиролцсон атлаа түүнээс илүү мөнгөн хадгаламжийг барьцаанд авсан нь барьцааны гэрээг хэсгээр хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болж байна. Тухайн үед банкнаас 12 хүнд олгосон орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 772,546,473.46 төгрөг байсан байх бөгөөд энэ хэмжээний мөнгө тусгай хадгаламжинд байрших байтал 822,699,826.54 төгрөгийг илүү байршуулсан нь тогтоогдож байна.

 

Иймд 2019 оны 07 сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг 822,699,826.54 төгрөгийн хэмжээнд хүчин төгөлдөр бусад тооцон, 822,699,826.54 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.            Иргэний хуулийн мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан ТБ ХХК, ТА ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 07 сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг 822,699,826.54 төгрөгийн хэмжээнд хүчин төгөлдөр бусад тооцон, ТБ ХХК-аас 822,699,826.54 төгрөг гаргуулж ТА ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 05/471 тоот Хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 772,546,473.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,134,181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 819 төгрөгийг улсаас, хариуцагч ТБ ХХК-аас 4,271,449 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ С. БУД