Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01433

 

Б.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/01433 дугаар шийдвэртэй

Б.Цийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Гд холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 8 269 967 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ү.Чойжинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Д.Гтай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, 14 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай 1 сарын 5%-ийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд өөрийн ээж Д.Энхтуяагийн өмчлөлийн орон сууцыг тавьсан юм. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн ашигласан 3 500 000 төгрөгийг хүүгийн хамт төлж барагдуулж, үлдэгдэл төлбөрийг Б.Анударь цаг тухайд нь хүүгийн хамт хариуцагчийн данс руу шилжүүлж байсан юм. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 10 770 500 төгрөгийг зөвхөн хүү, алдангид бодуулан төлсөн ч үндсэн зээлийн төлбөрөөс хасалт хийгдээгүй байдаг. Иймд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн төлбөр дээр нэмж 13 700 000 төгрөгийг төлж, орон сууцаа барьцаанаас чөлөөлсөн. Зээлийн гэрээ байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үндсэн зээл, хүү, алдангид нийт 28 437 100 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. Бидний тооцоолл зөв тооцоо гарсан байхад зээлдүүлэгч Д.Г нь нэмж 12 100 000 төгрөг төлөхийг шаардсанаар бид энэ мөнгийг төлж, байрны ашиглах эрхийн гэрчилгээг чөлөөлж авсан болно. Одоо хуримтлагдсан нийт алдангийн хэмжээ 6 902 152 төгрөг, дутуу төлөгдсөн зээлийн хүү 463 902 төгрөг, нийт 7 365 244 төгрөг болж байна. Илүү төлсөн 12 184 135 төгрөгөөс төлбөл зохих 7 365 244 төгрөгийг хасахад 4 818 891 төгрөг илүү төлсөн болох нь нотлогдож байна. Энэ хугацаанд зээлдүүлэгч нь дараах байдлаар мөнгө хүүлж ашиг олсон байна. Үндсэн зээлийн хүүнд 2 716 057 төгрөг, алдангид 6 902 152 төгрөг, нийт 9 618 209 төгрөг боллоо. Бидний хувьд алдангийн хэмжээг хэт өндөр гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж төлөх саналтай байна. Алдангийн хэмжээг багасгах эрх нь шүүхэд хадгалагдаж байгаа учир бидний саналыг хүлээн авна гэдэгт итгэж байна. Алдангийн хэмжээг 50 хувь багасгаж тооцоход бид 3 451 076 төгрөг илүү төлсөн гэж үзэж байгаа юм. Ийнхүү зээлдүүлэгчийн шаардсаны дагуу илүү төлсөн 4 818 891 төгрөг, алдангийн хэмжээг 50 хувь багасгасан дүн болох 3 451 076 төгрөгийг нэмэхэд нийт 8 269 967 төгрөгийг илүү төлсөн буюу ийм хэмжээгээр зээлдүүлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн болох зээлийн эргэн төлөлтөд илүү төлсөн 8 269 967 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түүний 8 269 967 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь бидний 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6 сарын хугацаатай байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 2.4-т зээлийн хугацаанд 1 сарын 5 хувийн хүү төлнө. Хүүг сараар тооцно, 2.6-д Хүүг сар бүр, хугацааны эцэст мөнгөө төлнө гэж тус тус заасан. Дээрх зээлийн гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дууссан боловч гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 1 жил 3 сарын дараа буюу 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр бид харилцан тохиролцож, Б.Цийн 2018.12.25-2020.02.21-ний хугацаанд төлсөн нийт 28 437 100 төгрөгийг үндсэн зээл, зээлийн хүү, алдангид тооцож “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-г байгуулсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Дээрх байдлаар Б.Ц нь надад төлсөн 28 437 100 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, алдангид тооцож төлснөө буюу өрийг хүлээн зөвшөөрч, гэрээний үүргийг дуусгавар болгосон бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-ний 3.1-д талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул үүргийг дуусгавар болгосон. Төлбөр гүйцэтгэснээр буюу бид хэлэлцэн тохиролцсоноор тэрээр өрийг хүлээн зөвшөөрсөн юм. Хэрвээ зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч нь надад илүү мөнгө төлсөн эсхүл өрийг буюу хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн бол 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-г байгуулах боломжгүй байдал үүсэх байсан. Харин Б.Ц нь 28 437 100 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, алдангид тооцож төлсөнөө буюу өрийг хүлээн зөвшөөрч, гэрээний үүргийг дуусгавар болгосон. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.4 дэх хэсэгт өрийг хүлээн авсан тухай баримт бичигт хүүгийн тухай заагаагүй бол хүүг төлсөн гэж үзэж мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болно гэж заасан байна. Гэтэл тэрээр тухайн үед төлбөр тооцоон дээр буюу үндсэн зээл, хүү, алданги дээр маргаангүй, энэ талаар надад ямар нэгэн шаардлага гаргаагүй, өөрөө мөнгөн төлбөр буюу өрийг хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан атлаа барьцааны зүйлээ чөлөөлж авсны дараа надаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэтээр шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ггаас 4 301 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 968 317 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 147 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83 776 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэзориг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Б.Ц нь бидний 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 6 сарын хугацаатай байгуулсан “Зээлийн гэрээ”-ний болон Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу нийт 28 437 100 төгрөгийг үндсэн зээл, хүү, алдангид тооцож буюу тэрээр өрийг хүлээн зөвшөөрч төлбөрийг гүйцэтгэсэн юм. Нэхэмжлэгч Б.Ц нь нэхэмжлэлийн  үндэслэлээ “...зээлдүүлэгч Д.Г нэмж 12 100 000 төгрөгийг төлөхийг шаардсанаар би энэ мөнгийг төлсөн...” гэж дурдсан бөгөөд энэ нь тэрээр хүсэл зоригоо илэрхийлж, төлбөрийг гүйцэтгэж, өрийг хүлээн зөвшөөрсөн гэдэг нь тогтоогддог. Улмаар Б.Ц нь надтай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн үүрэг дуусгавар болгох тухай гэрээг байгуулахдаа буюу тухайн үед төлбөр тооцоо /үндсэн зээл, хүү, алданги/-н дээр маргаангүй, энэ талаар надад ямар нэгэн шаардлага гаргаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй ба надаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж мөнгө нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 199 дүгээр зүйлийн 199 дүгээр зүйлд хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болох гээд 199.3 дахь хэсэгт заасны дагуу Б.Ц нь өрийг хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болсон. Үүний дагуу Б.Ц, Д.Г бидний дунд гэрээнд заасан үүрэг үүссэн бөгөөд анхан шатны шүүх хууль болон гэрээнд үндэслэгдээгүй төлөгдсөн мөнгийг буцаан шаардах эрхтэй гээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу надаас 4 301 650 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Цоос хариуцагч Д.Гд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 8 269 967 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...үүрэг дуусгавар болгох тухай хэлцэлийг байраа чөлөөлүүлэх зорилгоор хийсэн, хариуцагч хоногоор хүү, зээлийн хугацаа дуусаагүй байхад алданги тооцож тус  тус авсан” гэж тайлбарлажээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Ггаас 14 000 000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон байна. Талууд мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж Баянгол дүүрэг 12-р хороо 6-р бичил хороолол 19-01 тоот, 18 м.кв, 1 өрөө байрыг барьцаалсан, уг гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.  /хх.6-7/

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч буюу нэхэмжлэгч Б.Ц 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 14 000 000 төгрөг, хүүнд 4 200 000 төгрөг, нийт 18 200 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 28 437 100 төгрөг төлсөн талаар талуудын хэн аль нь маргаагүй.

Мөн талууд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ” байгуулж, 14 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан “Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ”-ний дагуу зээлдүүлэгч буюу хариуцагчаас зээлдэгч буюу нэхэмжлэгчид мөнгө шилжүүлээгүй дээрх гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгч, гүйцэтгэгч нар ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар тодорхой тусгаагүй, болсон үйл явдлыг тооцсон агуулга бүхий хэлцэл байх тул өмнөх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож буй баримт бичиг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний тооцооллыг дүгнэж, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 18 200 000 төгрөг төлөх үүргийг хариуцагч хүлээсэн. Зээлийн гэрээний хугацаанд 6 329 100 төгрөг төлсөн байх бөгөөд гүйцэтгээгүй үүрэг 11 870 900 төгрөг байна. Гэрээнд заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг тооцоход хуульд заасан 50 хувиас хэтэрч байх тул гүйцэтгэх ёстой үүрэг 11 870 900 төгрөгийн 50 хувь болох 5 935 450 төгрөг, нийт 17 806 350 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзжээ.

Талуудын маргаагүй, хариуцагчаас зээлийн төлбөрт төлсөн үнийн дүн болох 28 437 100 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаанд төлсөн 6 329 100 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлж төлсөн зээлийн гэрээний үүрэг, алдангийн нийт 17 806 350 төгрөгийг хасаж тооцоход зээлийн үүрэгт 4 301 650 төгрөгийн илүү төлөлт хийгдсэн гэж үзэх бөгөөд энэ хэмжээгээр зээлдэгч буюу хариуцагч үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч Б.Ц хариуцагч Д.Ггийн өмнө хүлээсэн зээлийн үүргийг гүйцэтгэж үүргийг дуусгавар болгохдоо хууль болон гэрээнд үндэслэгдээгүй төлөгдсөн мөнгийг буцаан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд хийсэн тооцооллын талаар зөв дүгнэж, 4 301 650 төгрөгийг илүү төлсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.