Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2020/01433

 

                   2020           04          29  

                                     184/ШШ2020/01433

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Г-д холбогдох,

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,269,967 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Б.Ц нь хариуцагч Д.Гтай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг тус тус байгуулж, 14 сая төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авсан /1 сарын 5%-ийн хүүтэй/. Зээлийн барьцаанд өөрийн ээж Д.Энхтуяагийн өмчлөлийн орон сууцыг тавьсан юм.

Би өмнө нь Б.Анударьтай төлбөрийн тооцоотой байсан тул зээлийн 14 сая төгрөгийн 3,5 сая төгрөгийг өөрөө төлж, үлдэгдэл болох 10,5 сая төгрөгийг Б.Анударь төлөхөөр тохиролцсон. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн ашигласан 3,5 сая төгрөгийг хүүгийн хамт төлж барагдуулж, үлдэгдэл төлбөрийг Б.Анударь цаг тухайд нь хүүгийн хамт хариуцагчийн данс руу шилжүүлж байсан юм.

Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 10,770,500 төгрөгийг зөвхөн хүү, алдангид бодуулан төлсөн ч үндсэн зээлийн төлбөрөөс хасалт хийгдээгүй байдаг. Иймд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн төлбөр дээр нэмж 13,700,000 төгрөгийг төлж, орон сууцаа барьцаанаас чөлөөлсөн.

Зээлийн гэрээ байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үндсэн зээл, хүү, алдангид нийт 28,437,100 төгрөгийг төлж барагдуулсан байдаг.

Зээлийн төлбөрийг дараах байдлаар төлж барагдуулсан ба нотлох баримтыг нэхэмжлэлд хавсаргасан болно:

- Үндсэн зээлийн үнийн дүн 14,000,000 төгрөг, 1 сарын зээлийн хүү  700,000 төгрөг, 1 хоногийн хүү 23,333 төгрөг.

- 2018.12.25-ны өдөр 3,500,000 төгрөгийг төлж, үүнээс 20 хоногийн зээлийн хүүнд (2018.12.05 - 2018.12.25-ны хооронд) 466,600 төгрөг, төлж, үндсэн зээлийн үнийн дүнгээс 3,500,000 төгрөг хасагдаж, үндсэн зээлийн үлдэгдэл 10,500,000 төгрөг болсон. Үндсэн зээлийн үлдэгдэл 10,500,000 төгрөг, 1 сарын хүү 525,000 төгрөг, 1 хоногийн хүү 17,500 төгрөг.

- 2019.02.01-ний өдөр 735,000 төгрөг төлж, 36 хоногийн зээлийн хүүнд 630,000 төгрөг, үлдэгдэл 105,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, Үндсэн зээлийн үлдэгдэл 10,395,000 төгрөг, 1 сарын хүү 519,750 төгрөг, 1 хоногийн хүү 17,325 төгрөг.

- 2019.03.03-ны өдөр 630,000 төгрөг төлж, 32 хоногийн хүү бодож зээлийн хүүнд 554,400 төгрөг, үлдэх 75,600 төгрөгийг үндсэн зээлээс хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 10,319,400 төгрөг, 1 сарын хүү 515,970 төгрөг, 1 хоногийн хүү 17,199 төгрөг.

- 2019.04.08-ны өдөр 997,500 төгрөг төлж, 35 хоногийн хүү бодож зээлийн хүүнд 601,965 төгрөг, үлдэх 395,535 төгрөгийг үндсэн зээлээс хасч, Үндсэн зээлийн үлдэгдэл 9,923,865 төгрөг, 1 сарын хүү 496,193 төгрөг, 1 хоногийн хүү 16,539 төгрөг.

- 2019.05.06-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Энэ хугацааны 28 хоногийн зээлийн хүү 463,092 төгрөг болов. 1 хоногийн алданги 49,619 төгрөг.

- Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 ба 216.4-т заасны дагуу тооцож, илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ гэсэн заалтын удирдлага болгон тооцоход 2019.08.13-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасахад 4,923,865 төгрөг болно. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи алдангийг 97 хоногоор тооцоход 4,813,074 төгрөг болж хуримтлагдаж, дутуу төлөгдсөн хүү 463,092 төгрөг болсон. Үндсэн зээлийн үлдэгдэл 4,923,865 төгрөг, 1 хоногийн алданги 24,619 төгрөг.

- 2019.08.23-ны өдөр 1,500,000 төгрөг төлж, уг үнийн дүнг үндсэн зээлээс хасч, 10 хоногийн алдангийг тооцоолоход 246,190 төгрөг болов. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,423,865 төгрөг, 1 хоногийн алданги 17,119 төгрөг.

- 2019.08.28-ны өдөр 525,000 төгрөг төлж, уг үнийн дүнг үндсэн зээлээс хасч, 5 хоногийн алдангийг тооцоолоход 85,595 төгрөг болов. Үндсэн зээлийн үлдэгдэл 2,898,865 төгрөг, 1 хоногийн алданги 14,494 төгрөг.

- 2019.10.15-ны өдөр 525,000 төгрөг төлж, уг үнийн дүнг үндсэн зээлээс хасч, 47 хоногийн алдангийг тооцоолоход 681,218 төгрөг болов. Үндсэн зээлийн үлдэгдэл 2,373,865 төгрөг, 1 хоногийн алданги 11,869 төгрөг.

- 2019.11.15-ны өдөр 858,000 төгрөг төлж, уг үнийн дүнг үндсэн зээлээс хасч, 30 хоногийн алданги 356,070 төгрөг болов. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,515,865 төгрөг, 1 хоногийн алданги 7,579 төгрөг.

- 2020.02.20-ны өдөр 1,000,000 төгрөг төлж, уг үнийн дүнг үндсэн зээлээс хасч, 95 хоногийн алдангид 720,005 төгрөг болсон. Үндсэн зээлийн үлдэгдэл 515,865 төгрөг, 1 хоногийн алданги 2,579 төгрөг.

- 2020.02.21-ний өдөр 600,000 төгрөг төлж, уг үнийн дүнг үндсэн зээлээс хассан. Үндсэн зээлийн үлдэгдэл 0 төгрөг, үлдэгдэл 84,135 төгрөг /илүү төлөгдсөн/.

 

Үүн дээр 12,100,000 төгрөг нэмж төлсөн бөгөөд уг үнийн дүнг илүү төлөгдсөн үнийн дүн /84,135 төгрөг/-г нэмэхэд 12,184,135 төгрөг болно. Бидний тооцооллоор ийм тооцоо гарсан байхад зээлдүүлэгч Д.Г нь нэмж 12,100,000 төгрөг төлөхийг шаардсанаар бид энэ мөнгийг төлж, байрны ашиглах эрхийн гэрчилгээг чөлөөлж авсан болно.

Одоо хуримтлагдсан нийт алдангийн хэмжээ 6,902,152 төгрөг, дутуу төлөгдсөн зээлийн хүү 463,902 төгрөг, нийт 7,365,244 төгрөг болж байна. Илүү төлсөн 12,184,135 төгрөгөөс төлбөл зохих 7,365,244 төгрөгийг хасахад 4,818,891 төгрөг илүү төлсөн болох нь нотлогдож байна.

Энэ хугацаанд зээлдүүлэгч нь дараах байдлаар мөнгө хүүлж ашиг олсон байна. Үндсэн зээлийн хүүнд 2,716,057 төгрөг, алдангид 6,902,152 төгрөг, нийт 9,618,209 төгрөг боллоо. Бидний хувьд алдангийн хэмжээг хэт өндөр гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж төлөх саналтай байна. Алдангийн хэмжээг багасгах эрх нь шүүхэд хадгалагдаж байгаа учир бидний саналыг хүлээн авна гэдэгт итгэж байна. Алдангийн хэмжээг 50 хувь багасгаж тооцоход бид 3,451,076 төгрөг илүү төлсөн гэж үзэж байгаа юм. Ийнхүү зээлдүүлэгчийн шаардсаны дагуу илүү төлсөн 4,818,891 төгрөг, алдангийн хэмжээг 50 хувь багасгасан дүн болох 3,451,076 төгрөгийг нэмэхэд нийт 8,269,967 төгрөгийг илүү төлсөн буюу ийм хэмжээгээр зээлдүүлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн болох зээлийн эргэн төлөлтөд илүү төлсөн 8,269,967  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...Түүний 8,269,967 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь бидний 2018.12.05-ны өдрийн 6 сарын хугацаатай байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 2.4-т “Зээлийн хугацаанд 1 сарын 5 хувийн хүү төлнө. Хүүг сараар тооцно” 2.6-д “Хүүг сар бүр, хугацааны эцэст мөнгөө төлнө” гэж тус тус заасан. Дээрх зээлийн гэрээний хугацаа 2019.06.06-ны өдөр дууссан боловч гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 1 жил 3 сарын дараа буюу 2020.02.21-ний өдөр бид харилцан тохиролцож, Б.Цийн 2018.12.25-2020.02.21-ний хугацаанд төлсөн нийт 28,437,100 төгрөгийг үндсэн зээл, зээлийн хүү, алдангид тооцож “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-г байгуулсан.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Дээрх байдлаар Б.Ц нь надад төлсөн 28,437,100 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, алдангид тооцож төлсөнөө буюу өрийг хүлээн зөвшөөрч, гэрээний үүргийг дуусгавар болгосон бөгөөд 2020.02.21-ний өдөр байгуулсан “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-ий 3.1-д “Талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул үүргийг дуусгавар болгов. Энэхүү гэрээ байгуулагдсанаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх дуусгавар болно” гэж заасан ба энэхүү өрийг хүлээн зөвшөөрсөн, үүрэг дуусгавар болсон тухай гэрээ хүчин төгөлдөр болсноор мөн адил үүрэг гүйцэтгэгчийн шаардах эрх дуусгавар болсон гэж үзэж байна. Төлбөр гүйцэтгэснээр буюу бид хэлэлцэн тохиролцсоноор тэрээр өрийг хүлээн зөвшөөрсөн юм.

Хэрвээ зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч нь надад илүү мөнгө төлсөн эсхүл өрийг буюу хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн бол 2020.02.21-ний өдөр “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-г байгуулах боломжгүй байдал үүсэх байсан. Харин Б.Ц нь 28,437,100 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, алдангид тооцож төлсөнөө буюу өрийг хүлээн зөвшөөрч, гэрээний үүргийг дуусгавар болгосон. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.4-т “Өрийг хүлээн авсан тухай баримт бичигт хүүгийн тухай заагаагүй бол хүүг төлсөн гэж үзэж мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болно” гэж заасан байна.

Гэтэл тэрээр тухайн үед төлбөр тооцоон дээр буюу үндсэн зээл, хүү, алданги дээр маргаангүй, энэ талаар надад ямар нэгэн шаардлага гаргаагүй, өөрөө мөнгөн төлбөр буюу өрийг хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан атлаа барьцааны зүйлээ чөлөөлж авсны дараа надаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэтээр шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Гд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,269,967 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Байраа чөлөөлүүлэх зорилгоор үүрэг дуусгавар болгох тухай хэлцэл хийсэн. Хоногоор хүү тооцсон, хугацаа дуусаагүй байхад алданги тооцож авсан. Зээлийн гэрээний үүргээс хэтрүүлэн авсан мөнгөн төлбөрөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж, хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...Сайн дурын үндсэн дээр үүрэг дуусгавар болгох тухай хэлцлийг байгуулсан, хэрэв зээлийн үүрэг төлөх дээр маргаантай байсан бол энэ хэлцэл байгуулагдахгүй байх байсан. Өөрөө хүлээн зөвшөөрч үүргийг дуусгавар болгосон тул шаардах эрхгүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцдэг.

 

Үйл баримтын хувьд нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Д.Г нар нь 2018 оны 12 сарын 05-ны өдөр 14,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлэхээр, зээлэхээр, хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алдангийг зээлдэгчээр төлүүлэхээр харилцан тохирч, улмаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан бичгээр гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр бус эсэх талаар болон гэрээний хугацаанд болон хугацаа хэтрүүлэн 2018 оны 12 сарын 25-наас 2020 оны 2 сарын 21-ний өдөр нийтдээ 28,437,100 төгрөгийг зээлдэгч төлсөн талаар талууд маргадаггүй.   

 

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд талуудын хооронд 2020 оны 02 сарын 21-ний өдөр байгуулагдсан “Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ”-нд “...Ерөнхий зүйл нь үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг дуусгавар болгохтой холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино. Гэрээний зүйл нь 2018 оны 12 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, уг гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа 2019 оны 5 сарын 06-ны өдөр, зээлийн хэмжээ 14,000,000 төгрөг, хүүгийн хамт. Гол нөхцөл нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул үүргийг дуусгавар болгов. Энэхүү гэрээ байгуулагдсанаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх мөн адил дуусгавар болно” гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 236 дугаар зүйлийн 236.1.1-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч 2 харилцан тохиролцож “Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ”-г байгуулсан, уг гэрээнд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх дуусгавар болохоор заасан хэдий ч үүрэг гүйцэтгэгчийн шаардах эрх мөн дуусгавар болох тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх тайлбарыг хариуцагч тал гаргадаг.

Талуудын байгуулсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох асуудлаар талуудын эрх, үүргийг тодорхойлсон гэрээ гэж дүгнэх боломжгүй болно. Энэ хэлцэлд үүрэг гүйцэтгүүлэгч, гүйцэтгэгч ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар тодорхой бус, үүрэг гүйцэтгэсэн тухай үйл явдлыг тоочсон агуулга бүхий, гэрээний “Ерөнхий зүйл”-д заасан эрх, үүрэг, хариуцлага үүсэх боломжгүй бөгөөд зээлдэгч, зээлдүүлэгч нараас зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож буй баримт бичиг гэж дүгнэнэ.

 

Нэгэнт талууд зээлийн үүргийг хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн талаар дүгнэж баримт үйлдэн харилцан тооцож хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хэдий ч зээлийн гэрээний гүйцэтгэх үүргээс хэтрүүлэн гүйцэтгэсэн буюу илүү төлбөр төлсөн  асуудлаар, үүрэг гүйцэтгүүлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар шаардлага гаргах эрхгүй гэх хариуцагч талын татгалзал хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Ц хариуцагч Д.Ггийн өмнө хүлээсэн зээлийн үүргийг гүйцэтгэж үүргийг дуусгавар болгохдоо хууль болон гэрээнд үндэслэгдээгүй төлөгдсөн мөнгийг буцаан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч талын ...зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад алданги шаардсан, хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн 50 хувийн хязгаарлалтаас давсан, хоногоор хүү тооцож авч байсан, зээлийн гэрээ, хүү, алданги авах тохиролцоог бичгээр байгуулсан хэдий ч хуулиас давсан байдлаар үүргийг шаардан авч байсан  гэх шаардлагын үндэслэл Иргэний хуулийн 281.1 “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ”, 282.3 “...Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 232.4 “...Алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн зүйл, заалтуудад нийцэж байна.

 

Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч буюу нэхэмжлэгч нь 2018 оны 12 сарын 05-нд зээлсэн 14,000,000 төгрөгийг гэрээнд заасан 6 сарын хугацаанд сарын 5 хувийн хүүтэй ашиглаад 2019 оны 6 сарын 6-ны өдөр гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 14,000,000 төгрөг, хүүнд 4,200,000 төгрөг, нийт 18,200,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. Зээлийн гэрээний хугацаанд 6,329,100 төгрөг төлсөнийг гүйцэтгэх ёстой үүргээс хасч тооцоход зээлдэгчийн гүйцэтгээгүй үүрэг 11,870,900 төгрөг байна. Гэрээнд заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг тооцоход хуульд заасан 50 хувиас хэтэрч байх тул гүйцэтгэх ёстой үүрэг 11,870,900 төгрөгийн 50 хувь болох 5,935,450 төгрөг, нийт 17,806,350 төгрөгийг төлөх үүрэг үүсчээ. Талуудын маргаагүй зээлийн төлбөрт төлсөн гэх 28,437,100 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаанд төлсөн 6,329,100 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлснээс үүссэн үүрэг 17,806,350 төгрөгийг хасаж тооцоход зээлийн үүрэгт 4,301,650 төгрөгийн илүү төлөлт хийгдсэн гэж үзэх бөгөөд энэ хэмжээгээр зээлдэгч буюу хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжжээ.

 

Нэхэмжлэгч талын үндсэн зээлээс 3,500,000 төгрөг хасагдаж 10,500,000 төгрөг үлдсэн, цаашид төлбөрийг Анударь төлөхөөр тохиролцсон гэх асуудлын талаар, зээлийн гэрээ сунгасан, сунгасан хугацааны хүүг тооцож авсан гэх асуудлын талаар талууд бичгээр байгуулсан зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулаагүй, амаар харилцан тохиролцсон асуудал тодорхой бус бөгөөд хариуцагч тал энэ талаар татгалзсан тайлбарыг гаргадаг тул талуудын тайлбар, үйлдлийг эргэлзээгүй үнэн гэж дүгнээгүй ба энэ ч үндэслэлээр нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгааг илэрхийлдэг.  

 

Иймээс нэхэмжлэгч Б.Ц нь хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж дуусгавар болгохдоо үндэслэлгүйгээр нэмэгдүүлж төлсөн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 4,301,650 төгрөгийг хангаж, үлдэх 3,968,317 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдаж буй хэмжээнд тооцон хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ггаас 4,301,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,968,317 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 147,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83.776 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.АМИН-ЭРДЭНЭ