Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01472

 

Ц.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01099 дугаар шийдвэртэй

Ц.Ггийн нэхэмжлэлтэй хариуцагч НӨАУГ, “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т холбогдох түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас 3 456 000 төгрөг, ОСНААУГ-аас 3 810 421 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан, хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газрын өмгөөлөгч Р.Жамъянжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, М-100 дугаар байрны зоорийн давхарт 64 м.кв талбайг Гутлын 22 СӨХ-тэй 2011 оны 11 сарын 10-ны өдрөөс “Талбай ашиглах төлбөр хийх тухай гэрээ” байгуулан ажиллаж байсан. Гэтэл хариуцагч нар Монгол Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолоор тус байрны “узель” нэртэйгээр Нийслэлийн өмчид бүртгэгдсэн байхад Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэргүйгээр “Гутлын 22” СӨХ-д шилжүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт заасныг зөрчиж Нийслэлийн өмчийг хууль бусаар Гутлын 22 СӨХ-д шилжүүлсэн гэж үзээд өөрсөдтэйгөө түрээсийн гэрээ байгуулахыг шаардсан. Ингээд 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гурвалсан гэрээг Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газартай байгуулж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны мэргэжилтний 100 дугаар байрны 109 тоот 64 м.кв талбай бүхий зоорийн давхрыг үсчний зориулалтаар түрээсэлсэн. Миний эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, М-100 дугаар байр нь зоорийн давхрын 64 м.кв талбай бүхий өрөөний өмчлөгчийн талаар маргаантай байсныг удаа дараа өргөдөл, гомдол гаргасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ийн 08/674 тоот Ж.Батсайхан даргын ирүүлсэн албан тоотыг хүлээн авсан. Уг албан бичгийн дагуу уг маргаантай талбай нь 2010 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1 дэх хэсгийн дагуу тус байгууллагын баланснаас хасагдсан болохыг мэдлээ. Иймд талбайг ашигласны төлбөрийг давхардуулан төлөх хууль зүйн үндэслэлгүй тул Нийслэлийн өмчийн ашиглалт, удирлагын газар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газартай байгуулсан түрээсийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-ийг удирдлага болгон хүчин төгөлдөр бусад тооцох, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас 3 456 000 төгрөг болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас түрээсийн төлбөрт төлсөн 3 810 421 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жамьянжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Маргааны обьект болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, М-100 дугаар байрны зоорийн давхарт байрлах 109 тоот обьект нь манай байгууллагын балансад 1999 онд бүртгэгдсэн ба 2010 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль-ийн 15.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны байшингийн зоорийн давхар Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжсэн. Иймээс манай байгууллага 2010 онд баланснаасаа тус обьектыг хассан байна. Ингэснээр тус байрны зоорийн давхар “Гутлын 22” СӨХ-ны мэдэлд бүрэн шилжсэн бөгөөд манай байгууллага зөвхөн хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг нь нэхэмжлэх болсон байна. Иймд нэхэмжлэлийн манай байгууллагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцоож шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ггийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, НӨАУГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн эс зөвшөөрч байна. Учир нь иргэн Ц.Ггийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, М-10 дугаар байрны зоорийн давхрын 64 м.кв талбай бүхий өрөө нь 1999 онд орон нутгийн өмчид шилжин ирж Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа орон сууц ашиглалтын 17 дугаар контор /хуучин нэрээр/-ын балансад бүртгэсэн байсан. Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015, 2016 онуудад иргэн Ц.Гтай харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн гэрээ байгуулан ажилласан. Энэ хугацаанд төлсөн түрээсийн төлбөр нь нйислэлийн төсөвт орсон байна. Нэхэмжлэгчийн гаргасан түрээсийн гэрээтэй холбоотой харилцаа нь нэгэнт дуусгавар болж түрээслэгчийн төлсөн түрээсийн төлбөр нь дээр дурдсанаар нийслэлийн төсөвт орж буцаан гаргах боломжгүй болсон. Тухайн үед түрээсийн гэрээний бүх нөхцөл, зүйл заалтыг Ц.Г нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулж ажилласан тул түрээсийн төлбөрийг буцааж олгох үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас 3 456 000 төгрөг, хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 230 400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Гд олгон, хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 3 580 021 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас 70,246 төгрөг, хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 7562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх миний нэхэмжлэлээс 3 686 400 төгрөгийг хангаж үлдэх 3 580 021 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Учир нь, хариуцагч НӨАУГ болон "ОСНААУГ, ОНӨААТҮГ-тай 2015 онд түрээсийн гэрээ байгуулан Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо М-100 байрны зоорийн давхрын 64 м.кв талбайтай байрыг 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 1 м.кв талбайг 3000 төгрөгөөр тооцон 1 жилийн төлбөрт 3 686 400 төгрөг, үүний 60% болох 2 304 400 төгрөгийг НӨХГ-т сар бүр 192 000 төгрөг төлөх, үлдэх төлбөр 40% болох 1 382 400 төгрөгийг ОСНААУГ-т сар бүр 76 800 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулан уг төлбөрийг төлсөн. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дахин түрээсийн гэрээ байгуулан 1 м.кв талбайг 4500 төгрөгөөр тооцохоор болж НӨХГ-т төлбөрийн 60% болох 2 073 600 төгрөгийг сар бүр 172 800 төгрөгөөр тооцон төлөх, үлдэх 40% болох 1 382 400 төгрөгийг ОСНААУГ-т сар бүр 115 200 төгрөгөөр тооцон төлөхөөр тохиролцож 2 жилийн хугацаанд НӨХГ-т 3 456 000 төгрөгийг төлсөн. ОСНААУГ-т 3 810 421 төгрөг төлсөн. Гэтэл шүүх НӨХГ төлсөн төлбөрийг бүрэн хангаж ОСНААУГ-т төлсөн төлбөрөөс 230 400 төгрөгийг гаргуулан үлдэх 3 580 021 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг дутуу үнэлж хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Гэрээгээр бол ОСНААУГ-т 2 жилийн хугацаанд 2 304 000 төгрөг төлөхөөс илүү 1 506 421 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь дулаан, ус цахилгааны гэрээг тус тусд нь гэрээ байгуулан төлж ирсэн байна. Иймд гэрээний дагуу ОСНААУГ-т төлсөн 2 304 000 төгрөгийн үлдэгдэл 2 073 600 төгрөгийг мөн илүү төлсөн 1 506 420 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцоож давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Ц.Ггийн гаргасан нэхэмжлэл нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 040901 дугаартай Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 040901 дугаар Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй байр талбайн түрээсийн гэрээтэй холбоотой бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ” Иргэний хуулийн 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасныг шүүх баримтлаагүй байна. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, М-100 дугаар байрны зоорийн давхрын 64м2 талбай бүхий өрөө нь 1999 онд орон нутгийн өмчид шилжин ирж Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа орон сууц ашиглалтын 17 дугаар контор балансад бүртгэсэн байсан. Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015, 2016 онуудад иргэн Ц.Гтай харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн гэрээ байгуулан ажилласан. Энэ хугацаанд төлсөн түрээсийн төлбөр нь нийслэлийн төсөвт орсон болно. Тухайн үед түрээсийн гэрээний бүх нөхцөл, зүйл заалтыг Ц.Г нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулж ажилласан тул түрээсийн төлбөрийг буцааж олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд иргэн Ц.Ггийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсгийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч НӨАУГ, ОСНААУГ ОНӨААТҮГ-т холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, НӨАУГ-аас 3 456 000 төгрөг гаргуулах, ОСНААУГ-аас 3 810 421 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч НӨАУГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дуусгавар болсон, тухайн үед орон нутгийн төсөвт шилжин орсон мөнгөн хөрөнгийг одоо буцаан гаргах боломжгүй” гэж,

хариуцагч ОСНААУГ мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...тухайн үед түрээсийн төлбөр гэх үндэслэлээр 3 удаагийн төлбөр орж ирсэн бөгөөд бусад бүх төлбөрүүд нь орон сууц ашиглалтын төлбөр буюу байрны мөнгө байсан тул бид буцаан төлөх үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нараас мөнгө гаргуулах тухай шаардлагын үндэслэл байна гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

Шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус, эсхүл үүрэг үүсээгүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д шаардах эрхээ тодорхойлсон үед уг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байх тул хариуцагчийн хөөн хэлэлцэх тусгай хугацаа дуусгавар болсон гэх татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/02008 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр “Гутлын 22” СӨХ нь 2013 оны 11, 12 дугаар сар, 2014 он, 2015 оны 1-11 дүгээр сарын Чингэлтэй дүүргийн 1-р хорооны М-100 дугаар байрны зоорийн давхрын 64 м.кв талбайн түрээсийн төлбөрийг Ц.Ггаас шаардан нэхэмжлэх эрхтэй, учир нь уг зоорийн давхар нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар сууц өмчлөгчдийн дундын өмчийн зүйл мөн гэж дүгнэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн өмчийн харилцааны газар, ОСНААУГ, нэхэмжлэгч Ц.Г нар нь 2015, 2016 онуудад Чингэлтэй дүүргийн 1-р хорооны М-100 дугаар байрны зоорийн давхар 64 м.кв талбайг түрээслүүлэхээр харилцан тохиролцож гурвалсан гэрээ байгуулсан байна. Тус гэрээний дагуу Ц.Г нь 2015 онд тус байгууллагад түрээсийн төлбөрийн 60% буюу 1 382 400 төгрөг, 2016 онд түрээсийн төлбөрийн 60 хувь буюу 2 073 600 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Г “Гутлын-22” СӨХ-д түрээсийн төлбөрөө төлж байх ёстойг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дээрх төлбөрийг төлсөн байх тул хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас 3 456 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байхад хөрөнгө шилжүүлсэн бол ийнхүү шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.Г хариуцагч НӨАУГ-аас илүү шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

Мөн нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч ОСНААУГ-аас 3 810 421 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хэрэгт иргэн Ц.Ггаас ОСНААУГ-т 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 76 800 төгрөг /2 удаа/, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 76 800 төгрөг нийт 230 400 төгрөгийг түрээсийн төлбөр гэсэн агуулгаар тушаасан, анхан шатны шүүх дээрх мөнгийг хариуцагч ОСНААУГ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас 3 456 000 төгрөг, хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 230 400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Гд олгон, хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 3 580 021 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.