Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00608

 

Ц.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01099 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1472 дугаар магадлалтай,

Ц.Ггийн нэхэмжлэлтэй,

НӨАУГ, “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т тус тус холбогдох,

Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газраас 3,456,000 төгрөг, “ОСНААУГ” ОНӨААТҮГ-аас 3,810,421 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцоож, өмгөөлөгч А.Нарантуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч НӨАУГ, “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газраас 3,456,000 төгрөг гаргуулах , “ОСНААУГ” ОНӨААТҮГ-аас 3,810,421 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч байгууллагууд нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01099 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас 3,456,000 төгрөг, хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 230,400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Гд олгон, хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 3,580,021 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас 70,246 төгрөг, хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 7,562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1472 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01099 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч НӨАУГ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцоож, өмгөөлөгч А.Нарантуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Иргэн Ц.Ггийн гаргасан нэхэмжлэл нь 2015.02.18-ны өдрийн 040901 дугаартай Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ, 2016.05.30-ны өдрийн 040901 дугаар Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй байр талбайн түрээсийн гэрээтэй холбоотой бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ” 75.2.1 “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасныг шүүх баримтлаагүй байна.

4.2. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, М-100 дугаар байрны зоорийн давхрын 64 м.кв талбай бүхий өрөө нь 1999 онд орон нутгийн өмчид шилжин ирж Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа орон сууц ашиглалтын 17 дугаар контор /хуучин нэрээ/-ын балансад бүртгэсэн байсан. Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015, 2016 онуудад иргэн Ц.Гтай харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн гэрээ байгуулан ажилласан. Энэ хугацаанд төлсөн түрээсийн төлбөр нь нийслэлийн төсөвт орсон болно. Тухайн үед түрээсийн гэрээний бүх нөхцөл, зүйл заалтыг Ц.Г нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулж ажилласан тул түрээсийн төлбөрийг буцааж олгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд НӨАУГт холбогдох 3,456,000 төгрөгийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

6. Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч НӨАУГ (хуучнаар Нийслэлийн өмчийн харилцааны газар), “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газраас 3,456,000 төгрөг гаргуулах, “ОСНААУГ” ОНӨААТҮГ-аас 3,810,421 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, М-100 дугаар байрны зоорийн давхарт байрлах 109 тоот объект нь манай байгууллагын балансад 1999 онд бүртгэгдсэн ба 2010 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны байшингийн зоорийн давхар Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжсэнээр манай байгууллага 2010 онд балансаасаа хассан, иймээс “Гутлын 22” СӨХ-ны мэдэлд бүрэн шилжиж манай байгууллага зөвхөн хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг нь нэхэмжлэх болсон, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж,

Хариуцагч НӨАУГ нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015, 2016 онуудад иргэн Ц.Гтай харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн гэрээ байгуулсан, төлсөн түрээсийн төлбөр нь нийслэлийн төсөвт орсон, буцаан гаргах боломжгүй болсон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэж тус тус маргажээ.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас 3,456,000 төгрөг, хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 230,400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, бусад шаардлагыг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

8. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

9. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Г нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, М-100 дугаар байрны зоорийн давхарт байрлах 109 тоот объектыг 2015, 2016 онуудад хариуцагч НӨАУГтай байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж түрээсийн төлбөр төлж байсан үйл баримтын талаар зохигч маргаагүй, тухайн түрээсийн зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө нь нийслэлийн өмчийн бус Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугар зүйлийн 15.1.1-д зааснаар “Гутлын 22” СӨХ-ны гишүүн сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйл байснаас тус СӨХ нэхэмжлэгч Ц.Ггаас түрээсийн төлбөр шаардаж шүүхэд хандсан, Ц.Ггаас 7,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь тогтоогджээ.

10. Хоёр шатны шүүх дээрх үйл баримтыг үндэслэн хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж Ц.Ггийн түрээсийн төлбөрт төлсөн мөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан гаргуулсан нь хуульд нийцсэн байна. Учир нь хариуцагч нар түрээсийн зүйлийн өмчлөгч эсхүл хууль ёсны эзэмшигч биш атлаа Ц.Гтай гэрээ байгуулж төлбөр төлүүлсэн нь эрх зүйн үндэслэлгүй байсан тул нэхэмжлэгч төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

11. Шүүх хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас 3,456,000 төгрөг, хариуцагч хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 230,400 төгрөг тус тус гаргуулж шийдвэрлэхдээ Ц.Ггийн 2015, 2016 онуудад тухайн байгууллагуудад түрээсийн төлбөр гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

12. Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаан гэрээний үүрэгтэй холбоотой буюу гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан гэрээний талуудын бие биедээ гаргах шаардлага, эрх, үүрэгтэй холбоогүй, гэрээний бус буюу хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаанаас үүссэн, иймээс нэхэмжлэгч шаардлага гаргахад гэрээний үүрэгтэй холбоотой Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа хамаарахгүй, харин мөн зүйлийн 75.1-д заасан ерөнхий 10 жилийн хугацааг баримтална. Энэ талаар шийдвэр, магадлалд тодорхой заасан байна.

13. Зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөр төлж байсан хэдий ч тэрээр шүүхийн шийдвэрээр түрээсийн төлбөр шаардах эрхтэй этгээдэд үүргийг гүйцэтгэхээр болсон тул зөвхөн гэрээ байгуулагдсан гэдгээр нэг үүргийг хоёр этгээдэд зэрэгцүүлэн төлөх үүргийг түүнд хүлээлгэх нь хууль зөрчинө.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэгэнт гэрээ байгуулагдаж, төлбөр төлсөн учир мөнгийг буцаан шаардах эрхгүй” гэсэн агуулгатай гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01099 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1472 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч НӨАУГ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН