Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01471

 

Э.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/01112 дугаар шийдвэртэй

Э.Нын нэхэмжлэлтэй хариуцагч А.Мт холбогдох зээлээр худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 11 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн гаргасан нэхэмжлэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Н нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр А.Мтай тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн 1420 УББ улсын дугаартай BEIBEN ND4254 маркийн чирэгчийг 40 000 000 төгрөгөөр худалдаж, урьдчилгаа 10 000 000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан өдрөөс тээврийн хэрэгсэл А.Мт шилжсэн. А.М нь урьдчилгаа төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Э.Нын Хаан банк дахь 5071083794 дансанд 5 000 000 төгрөг, 4 700 000 төгрөг нийт 32 500 000 төгрөгийг төлсөн. А.М нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхийг шаардаж ББСБ-ын барьцаанд тавьж үлдэгдэл 7 500 000 төгрөгийг төлнө гэж маргах болсон. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлсэн боловч одоог хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Иймд А.Маас талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д заасны дагуу алдангийг  тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр болох 7 500 000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 3 750 000 төгрөг нийт 11 250 000 төгрөг гаргуулна гэжээ.

Хариуцагч А.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Э.Ноос 1420 УББ дугаартай BIEBEN ND4254 маркийн чирэгчийг 40 000 000 төгрөгөөр худалдан авсан ба урьдчилгаа 10 000 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Э.Нын Хаан банкан дахь 5071083794 тоот дансанд 5 000 000 төгрөг, 4 700 000 төгрөг тушааж нийт 32 500 000 төгрөгийг төлж барагдуулсан. Э.Нтой 20 000 000 төгрөгийг төлж барагдуулаад үлдэгдэл 20 000 000 төгрөгийн тооцоог банк бус санхүүгийн байгууллагаас чирэгч тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авч барагдуулахаар ярилцаж тохиролцсон. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16 000 000 төгрөгийг Э.Нт өгөхдөө С.Шинэгэрэлийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж тус гэрээндээ тооцоо дууссан гэж тусгаж өгсөн. Э.Н нь аман яриагаа дахин зөрчиж, үл итгэн өөрийн дүүгийн нэр дээр 1420 УББ чирэгч тээврийн хэрэгслийг шилжүүлэн эзэмшигчийг өөрчилсөн. Иймээс 1420 УББ чирэгч тээврийн хэрэгсэл нь өөр хүний нэр дээр шилжсэн учир Э.Нтой 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр биш болж, гүйцэтгээгүй төлбөрийн 50 хувь буюу 3 750 000 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Э.Ныг 1420 УББ чирэгч тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж тооцоо дуусгах санал тавихад өөрсдөө зөвшөөрөхгүй байсны улмаас цаг хугацаа алдаж 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1420 УББ чирэгчийг эхнэр Д.Нарангэрэлийнх нь нэр дээрээс шилжүүлэн авсан. Тухайн үед нэр шилжүүлээд зээл хөөцөлдөх болоход хүнд даацын тээврийн хэрэгслийн ажил улирлаас хамааран орон даяар зогсонги байдалд орсон ба банк бус санхүүгийн байгууллага зээлээ зогсоосон учир зээл авах боломжгүй болсон. Алдангиас 1 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан А.Маас 8 500 000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Маас 150 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нт олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч А.Мтай 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Beiben ND4254 маркийн чирэгч тээврийн хэрэгслийг 40 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулах, төлбөрийг төлж барагдуулснаар тээврийн хэрэгслийн өмчлөлийн бүртгэл хийлгэхээр харилцах тохиролцсон. Өнгөрсөн хугацаанд А.М тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд нийт 32 500 000 төгрөгийг төлсөн ба 2020 оны 01 сард А.Мын хүсэлтээр тээврийн хэрэгслийн өмчлөлийн бүртгэлийг түүнд шилжүүлсэн. энэ тухай талуудын хэн аль нь маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогддог юм. Харин анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг ноцтой зөрчиж байна. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт “Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ” гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчаас ямар нэгэн хүү шаардаагүй бөгөөд гэрээнд заасан хугацаанд эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ гүйцэтгээгүй тул үлдэгдэл төлбөрийг анзын хамт нэхэмжилсэн болно. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж хуульчилсан ба худалдсан тээврийн хэрэгслийн хувьд хэн нэгэн этгээд гомдлын шаардлага гаргасан зүйл байхгүй байхад анхан шатны шүүх худалдагчийг эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна. Худалдан авагч А.М нь тээврийн хэрэгслийг хүлээн авах үедээ өмчлөлийн бүртгэл хийгдээгүй, төлбөрийг төлж барагдуулснаар өмчлөл шилжинэ гэдгийг мэдсээр байтал шүүх өөрийн дураар дүгнэлт хийж анзыг хасаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг бүрэн хангаж мөн хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр нэхэмжлэл гаргасан байтал анхан шатны шүүх ямар ч үндэслэлгүйгээр худалдагч талыг анз авах эрхгүй, анзын хэмжээг илт их гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас 2 750 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ний өдрийн 182/ШШ2020/01112 дугаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 2 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч А.Мт холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 7 500 000 төгрөг, алданги 3 750 000 төгрөг нийт 11 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7 500 000 төгрөг, алдангид 1 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

Зохигчид “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ” 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, худалдан авагч А.М BEIBEN ND4254 маркийн чирэгчийг 40 000 000 төгрөгөөр худалдан авч, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр урьдчилгаа 10 000 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх.4-5/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан тул тэдний хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.  

Хуульд заасны дагуу худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд худалдагч буюу нэхэмжлэгч Э.Н 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1420 УББ улсын дугаартай BEIBEN ND4254 маркийн чирэгчийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. 

Хариуцагч А.М нь худалдах-худалдан авах гэрээнд заасан хэлэлцэж тохирсон үнээс 7 500 000 төгрөгийг төлөөгүй  байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Н нь автомашины үнийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй.

Гэрээний 3.6-т гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ.

Анхан шатны шүүх хариуцагч А.Маас үлдэгдэл төлбөр 7 500 000 төгрөгийг 1 000 000 төгрөгийн алданги төлөхийг зөвшөөрсөн хэмжээгээр нийт 8 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 Шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.