Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2020/01112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, Б овогт Э-ийн Н-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг  дүгээр хороо, гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, Зовогт А-ийн М-т холбогдох

 

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 11,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, хариуцагч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Нын төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ; Э.Н нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр А.Мтай тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн 1420 УББ улсын дугаартай BEIBEN ND4254 маркийн чирэгчийг 40,000,000 төгрөгөөр худалдаж, урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан өдрөөс тээврийн хэрэгсэл А.Мт шилжсэн. А.М нь урьдчилгаа төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Э.Нын Хаан банк дахь  дансанд 5,000,000 төгрөг, 4,700,000 төгрөг нийт 32,500,000 төгрөгийг төлсөн. А.М нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхийг шаардаж ББСБ-ын барьцаанд тавьж үлдэгдэл 7,500,000 төгрөгийг төлнө гэж маргах болсон. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлсэн боловч одоог хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д зааснаар хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш тооцсон. А.Маас тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр болох 7,500,000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 3,750,000 төгрөг нийт 11,250,000 төгрөг гаргуулна гэв.

 

Хариуцагч А.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Э.Ноос 1420 УББ дугаартай BIEBEN ND4254 маркийн чирэгчийг 40,000,000 төгрөгөөр худалдан авсан ба урьдчилгаа 10,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Э.Нын Хаан банкан дахь  тоот дансанд 5,000,000 төгрөг, 4,700,000 төгрөг тушааж нийт 32,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Э.Нтой 20,000,000 төгрөгийг төлж барагдуулаад үлдэгдэл 20,000,000 төгрөгийн тооцоог банк бус санхүүгийн байгууллагаас чирэгч тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авч барагдуулахаар ярилцаж тохиролцсон. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 16,500,000 төгрөг төлж барагдуулаад 1420 УББ чирэгч тээврийн хэрэгслийг нэр дээр шилжүүлж банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч тооцоогоо дуусгах хүсэлт тавихад Э.Н нь цааргалж зөвшөөрөхгүй аман тохиролцоогоо зөрчиж, өөрсдөөс нь болж цааш сунгагдах нөхцөл байдал үүссэн. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөгийг Э.Нт өгөхдөө С.Шинэгэрэлийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж тус гэрээндээ тооцоо дууссан гэж тусгаж өгсөн. Э.Н нь аман яриагаа дахин зөрчиж, үл итгэн өөрийн дүүгийн нэр дээр 1420 УББ чирэгч тээврийн хэрэгслийг шилжүүлэн эзэмшигчийг өөрчилсөн. Иймээс 1420 УББ чирэгч тээврийн хэрэгсэл нь өөр хүний нэр дээр шилжсэн учир Э.Нтой 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр биш болж, гүйцэтгээгүй төлбөрийн 50 хувь буюу 3,750,000 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Э.Ныг 1420 УББ чирэгч тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж тооцоо дуусгах санал тавихад өөрсдөө зөвшөөрөхгүй байсны улмаас цаг хугацаа алдаж 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1420 УББ чирэгчийг эхнэр Д.Нарангэрэлийнх нь нэр дээрээс шилжүүлэн авсан. Тухайн үед нэр шилжүүлээд зээл хөөцөлдөх болоход хүнд даацын тээврийн хэрэгслийн ажил улирлаас хамааран орон даяар зогсонги байдалд орсон ба банк бус санхүүгийн байгууллага зээлээ зогсоосон учир зээл авах боломжгүй болсон. Алдангиас 1,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч А.Мт холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 7,500,000 төгрөг, алданги 3,750,000 төгрөг нийт 11,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч А.М нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үлдэгдэл төлбөр 7,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч,  алданги төлөхгүй гэж маргасан.

 

Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Билгүүн алдангид 1,500,000 төгрөг гаргуулж эвлэрэх хүсэлт гаргасан бөгөөд хариуцагч А.М алдангид 1,000,000 төгрөг төлнө гэсэн тайлбар гарган, зохигчид эвлэрэн хэлэлцээгүй.

 

Талууд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, BEIBEN ND4254 маркийн чирэгчийг 40,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч А.М нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулжээ.

 

Дээрх гэрээнд талууд төлбөрийг хэсэгчлэн тодорхой хугацааны дараа төлөхөөр тохирсон боловч хүү төлөхөөр тохиролцоогүй, зээлээр худалдах худалдан авах гэрээний  хэлбэрийн шаардлагыг агуулаагүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хариуцагч А.М нь гэрээний үүрэгт 32,500,000 төгрөгийг төлж, үлдэх 7,500,000 төгрөгийг төлөөгүй тухайд маргаагүй.

 

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт “Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан.

 

Худалдагч Э.Н 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1420 УББ улсын дугаартай BEIBEN ND4254 маркийн чирэгчийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зохицуулжээ.

 

Талууд тус гэрээний 3.5-т “төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа гэрчилгээг шилжүүлнэ” гэж тохиролцсон байх ба хариуцагч А.М “2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Э.Ныг 1420 УББ улсын дугаартай BEIBEN ND4254 маркийн чирэгч тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч тооцоо дуусгах санал тавихад зөвшөөрөхгүй байсны улмаас зээлээ чадалгүй хугацаа алдсанд өөрөө буруутай” гэх тайлбар гарган маргаж байгааг нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрч, үгүйсгээгүй.

 

Худалдагч Э.Н 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1420 УББ улсын дугаартай BEIBEN ND4254 маркийн чирэгчийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлсэн байдал, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд чирэгч тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч үлдэх төлбөр тооцоог дуусгах тохиролцоо байсан гэж дүгнэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл 1420 УББ улсын дугаартай BEIBEN ND4254 маркийн чирэгч тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа нь худалдагч өөрийн амласан гэрээний зүйлээ дутуу шилжүүлсэн гэж үзнэ.

Зохигчид зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.6-т гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцож, гүйцэтгээгүй үүрэг 7,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алданги 3,750,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.

 

 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж зохицуулжээ.

 

Иймд хариуцагч А.Маас үлдэгдэл төлбөр 7,500,000 төгрөг, түүний алданги 1,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хэмжээгээр алданги гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан А.Маас 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Маас 150,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нт олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ