Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01514

 

 

БНХАУ-ын иргэн Ж-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01491 дугаар шийдвэртэй

БНХАУ-ын иргэн Ж-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.М, Д.М нарт холбогдох 2 000 000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг шон, 250 метр цахилгаан утас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Жао Чил Зай, түүний өмгөөлөгч Ж.Цэнгэнбаяр, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Жао Чил Зай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 08 дугаар сард хариуцагч Ч.М, Д.М нартай хамтран нэг айл тус бүр 2 000 000 төгрөгийг гаргаж, нийт 17 шон, 500 метр кабель худалдан утас авч тог татсан. Гэтэл 2017 оны 10 дугаар сард хариуцагч Д.М нь согтуу 5 хүний хамт манайд ирж, тогийг тасалсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, учирсан хохирлоо шийдвэрлүүлсэн. Танай дүүргийн шүүхийн шийдвэрт дурдсанаар намайг хариуцагч Д.М, Ч.М нараас 8 шон, 250 метр кабель утсыг авах асуудлыг хожим шийдвэрлүүлэх эрхтэй гэсэн. Надад 2013 оны 8 дугаар сард хариуцагч нартай хийсэн гэрээ байна. Иймд, хариуцагч Ч.М, Д.М нараас 8 ширхэг шон, 250 метр кабель утсыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн агуулгаас харахад 2 000 000 төгрөгт ногдох 8 шон, 250 метр кабель утас гаргуулахыг хүссэн боловч хэрэгт авагдсан бичгийн ямар баримтаар үүнийг тогтоож байгаа нь тодорхойгүй байна. Өмнөх шүүхийн шийдвэрт дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан болохоос нэхэмжлэгчийг шууд авах эрхтэй гэж дүгнээгүй, тэрээр өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Анхан болон давж заалдах мөн хяналтын шатны шүүхийн шийдвэрт зохигчийг н.Батжаргалын трансформатороос цахилгаан татсан, гэхдээ тус тусын тоолуураар мөнгө төлж байсан гэсэн тул энэ талаар маргаан байхгүй, харин нэхэмжлэгчээс авсан 2 000 000 төгрөгөөс гадна хариуцагч Ч.М, Д.М нарын өөрсдийн мөнгөөр цахилгаан татсан. Нэхэмжлэгчийн гэрээ гэж тайлбарлаж байгаа бичгийг гэрээ гэж үзэхгүй. Учир нь, тус бичигт “2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Чин Зай /Цэнд/ миний тариалангийн талбайд Ч.Мийн эзэмшлийн талбайд байгаа шонгоос цахилгаан татахад 2 000 000 төгрөг төлөв, өөрийн хэрэглэсэн цахилгаанд тоолуур тавина, өөр хүнд дамжуулан цахилгаан өгөх эрхгүй, зөвшөөрсөн Ч.М, н.Цэнд” гэж бичсэн байх тул Д.М гэх хүн энэ хэргийн хариуцагч биш байна. Нэхэмжлэгч нь тариалангийн талбайдаа хариуцагч Ч.Мийн шонгоос тог татахын тулд 2 000 000 төгрөгийг төлбөрт өгсөн ба буцааж авах талаар тохироогүй, өмнөх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Ч.Маас хэсэгт 2 000 000 төгрөгийг гаргуулахгүй гэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн төлбөр төлсөн баримтыг хуульд зааснаар үгийн утгаар нь тайлбарлахад нэхэмжлэгч нь хариуцагчийн талбайд байгаа шонгоос тог татахын тулд 2 000 000 төгрөг өгсөн гэсэн агуулгатай байна. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг үндэслэн хариуцагч Ч.М, Д.М нараас 2 000 000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг шон, 250 метр цахилгааны утсыг гаргуулж нэхэмжлэгч Жд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 46 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч нь 2018 онд гэрээнээс учирсан гэм хорын хохиролд хүлэмжийн үнэ 2 500 000 төгрөг, чацарганын суулгацын үнэ 1 000 000 төгрөг, 25 кг махны үнэ 112 500 төгрөг, Ч.Мт өмнө өгсөн 2 000 000 төгрөг нийт 5 612 500 төгрөгийг хариуцагч Ч.М, Д.М нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 101\ШШ2018\03823 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны 302 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний 001/ХТ2019/00899 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна. Энэхүү иргэний хэргийг 3 шатны шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас "...1 112 500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үлдэх 4 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин "өмнө өгсөн гэх 2 000 000 төгрөг”-ийн шаардлага нь хэрэгсэхгүй болгосон хэсэг 4 500 000 төгрөгт багтаж байна. Гэтэл шүүх шүүхээр хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагыг дахин шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Өмнө нь анхан шатны шүүх гэм хор учруулсан гэх нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Ж-г "... 2 000 000 төгрөгт ногдох шон, кабель утсыг Ч.Маас нэхэмжлэх эрх нь нэмэлттэйг дурдав” гэж, Магадлалд “...2 000 000 төгрөгийг Ж нь Ч.Мт төлсөн талаар зохигчид маргаагүй байна” гэж, Улсын Дээд шүүхийн тогтоолд “ ... давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн” гэж тус тус дүгнэлт хийсэн байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх шүүхийн дүгнэлтийг буруугаар тайлбарлан 8 шон, 250 метр кабель утсыг хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй мэтээр дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэгчийн байр сууринаас хандаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэргийн 3 талд авагдсан 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн бичиг М, Чин Зай /Цэнд/ нарын хооронд хийгдсэн байх бөгөөд Ж нь н.Мад мөнгө төгрөг өгсөн талаар хэрэгт ямар нэгэн баримт байхгүй, тэдний хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, ямар үндэслэлээр Д.Мыг хариуцагчаар татаж байгаа нь тодорхойгүй, шүүх ямар үндэслэлээр хариуцагч гэж үзэж байгаа талаар үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр Д.Маас төлбөр гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч “2 000 000 төгрөгт ногдох 8 шон, 250 м кабель утас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн хууль зүйн үндэслэлээ “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу 2 000 000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг шон, 250 метр кабелийн утас гаргуулах ” гэж тайлбар болон нэхэмжлэлдээ дурдсан. Харин анхан шатны шүүх шийдвэрээ танилцуулахдаа “... Хариуцагч нар нь АТП-8280 трансформаторын эзэмшигч Ч.Батжаргалд очих ёстой мөнгийг авч ашигласан, авах ёсгүй мөнгийг нэхэмжлэгчээс авсан гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж байна..." гэж тайлбарласан атлаа шийдвэрээ бичгийн хэлбэрээр гаргахдаа "... Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт ...дундаа хэсгээр өмчлөгч ...үнийг гаргуулах заалт, мөн 489 дүгээр зүйлийн 489.5 дахь хэсэгт ...дундын өмчийн эрхийг хүчингүй болгох зүйл заалтуудыг үндэслэсэн нь тайлбарласнаасаа илтэд зөрүүтэй байгаа байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх заалтыг зөрчсөн. Ийнхүү анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс өөрөөр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь зүйлд заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх “...зохигчид дундын өмчлөлийн зүйлийг эзэмших, ашиглах талаар маргасан учраас нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хэсгээр өмчлөх эрхийг хүчингүй буюу дуусгавар болгох замаар өөрт ногдох хэсгээ биет байдлаар нэхэмжилж байна” гэж дүгнэжээ. Шүүх хуралдаан өмчлөлийн зүйлийн талаар хэлэлцээгүй, талууд мэтгэлцээгүй, нэхэмжлэгч өмчлөлийн эд хөрөнгө шаардаагүй, тухайн шон, кабелийн утас хэний өмч болох нь тогтоогдоогүй асуудлаар шүүх ийнхүү дүгнэлт хийсэн нь талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шүүх зөв тодорхойлж, дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх “дундын өмчийн маргаан гэж дүгнэсэн атлаа гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийсэн нь шүүх ямар төрлийн маргаан шийдэж байгаагаа ойлгоогүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүх өмчийн эрхзүйн харилцааны маргаан шийдээд байна уу, эсвэл гэрээний эрх зүйн маргаан шийдээд байна уу гэдгээ ойлгоогүй шийдсэн нь хариуцагчийн эрх зөрчиж байна. Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан “АТП-8280 трансформаторын эзэмшигч гэх Ч.Батжаргалыг гэрчээр оролцуулах” хүсэлтийг “...оршин суух хаягийг  өгөөгүй, Ч.Батжаргалыг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй” гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хариуцагч талын үгүйсгэлээ нотлох эрхийг  үндэслэлгүйгээр хязгаарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг зөрчсөн байна. Хэрэгт АТП-8280 трансформатор хэний эзэмшил өмчлөлийн хөрөнгө болохыг нотолсон баримт авагдаагүй тухайн гэрчийг оролцуулснаар үзлэгээр тогтоосон 18 шон, 500 метр кабелийн утас хэний өмч болох, ямар үнэ өртөгтэй болох, 1 ширхэг шон, 1 метр кабелийн утас ямар үнэтэй болох, захиран зарцуулах эрхтэй этгээд хэн болох зэргийг гэрчлүүлэн хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Анхан шатны шүүхийн 101\ШШ2020\01491 дүгээр “шийдвэрийн үндэслэх хэсэгт: "... 4 500 00 гэхийг 4 000 000 гэж, 2019 оны 02 сарын 15-ны магадлалыг 12 сарын гэж, өмнөх анхан шатны шүүхийн 101\ШШ2018\03823 дугаар шийдвэрт  “...хариуцагч  үүргээ зөрчиж, байгуулсан гэрээнээс татгалзсан тул өгсөн 2 000 000 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлсэн гэж дүгнэсэн байхад ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээнээс татгалзаж, өмнө нь өгсөн 2 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж...” үг үсгийн алдаатай, утга агуулгын зөрүүтэй дүгнэлтийг хийсвэрээр хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчсөн байна. Хэрэгт нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн гэх 2 000 000 төгрөгөөр 8 шон, 250 м кабель авсан гэх баримт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад Шүүх “нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн гэх 2 000 000 төгрөгт 8 шон, 250 м кабель утас ногдож байгаа” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж дүгнээгүй, Иргэний хуулийн 108, 488, 101, 489, 108, 186, 74, 75, 76 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 101\ШШ2020\01491 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ж хариуцагч Ч.М, Д.М нарт холбогдуулан 2 000 000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг шон, 250 метр цахилгаан утас гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн учраас 2 000 000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг шон, 250 метр цахилгааны утас гаргуулна” гэж тайлбарласан байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Ч.Маас шон татахын тулд 2 000 000 төгрөгийг төлбөрт өгсөн, буцааж өгөх талаар тохироогүй, өмнөх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ч.Маас 2 000 000 төгрөг гаргуулахгүй гэж заасан. Д.М бол хариуцагч биш” гэсэн тайлбарыг гаргажээ.

Хэргийн 3 дугаар талд 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “...тариалангийн талбайн Ч.Мт байгаа шонгоос цахилгааны утас татахад 2 000 000 төгрөг төлөв. Өөрийн хэрэглэсэн цахилгаанд тоолуур тавина. Цаашид бусадад цахилгаан өгөх эрхгүй болно” гэсэн бичгийн баримт авагдсан байгаа нь талуудын маргаанд ач холбогдол бүхий баримт байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтыг зөрчсөн байна. Шүүх зохигчдоос хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт авах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэл зааж байхад шүүх талуудын хооронд өмчлөх эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.  

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.