Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/01175

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 07 101/ШШ2023/01175

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч-  Z Q /Монгол улсад түр оршин суух үнэмлэхний дугаар ***********/-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- **************** оршин суух, Г овогт Чы Мт холбогдох,

өөрийн хөрөнгө оруулсан 2,000,000 төгрөгт ногдох 8 ширхэг шон, 250 метр цахилгааны кабель утсыг дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч БНХАУ-н иргэн Z Q, түүний өмгөөлөгч З.Ц /ӨҮ-****/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч БНХАУ-н иргэн Z Q нь Д.М, Ч.М нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу 2,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг шон, 250 метр кабель утсыг гаргуулж, хохиролгүй болгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан /1-р хх-1/.

 

1а. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Маас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн хөрөнгө оруулсан 2,000,000 төгрөгт ногдох 8 ширхэг шон, 250 метр цахилгааны утсыг өөрийн хөрөнгө болгон тогтоолгож, цахилгаан татаж ашиглах боломжоор хангуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрчлөн тодорхойлсон /1-р хх-159-160/.

 

1б. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 17 шон, 500 метр кабелиас өөрийн хөрөнгө оруулсан 2,000,000 төгрөгт ногдох 8 ширхэг шон, 250 метр цахилгааны кабель утсыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгчөөр тогтоолгох гэж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон /1-р хх-248/.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгч тал 8 шон, 250 метр кабель утасны эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна. Гэтэл бичгээр гаргасан шаардлагадаа дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох шаардлагыг тусгасан байсан. Шүүхээс нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулах хангалттай хугацаа олгосон. Гэтэл одоог хүртэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч талаас 8 шон, 250 метр кабель утсыг трансформатороос татаж чадахгүй байгаа талаараа тайлбарлаж байна. Тийм бол хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн трансформатораас цахилгаан татах асуудал бол Эрчим хүчний холбогдох байгууллагад хамааралтай асуудал. Нэхэжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, шаардлага үндэслэлийг нотолсон баримтыг гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, тус шүүхийн шүүгчийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *********** дугаартай захирамж /хх-5-6/, тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ****** дугаартай шийдвэр /хх-7-9/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаартай магадлал /хх-1012/, тус шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ****** дугаартай захирамж /хх-13-15/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн******* дугаартай тогтоол /хх-16-17/, өмгөөлөгч З.Цэнгэнбаяртай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-117/, тус шүүхийн шүүгчийн нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШТ2018/******** дугаартай шүүхийн тогтоол /хх-179-181/, тус шүүхийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд хаягласан 2018-10-4-ний өдрийн ***** дугаартай албан бичиг /хх-182/, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ****** хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2018-10-11-ний өдрийн ***** дугаартай албан бичиг /хх-183/, 2010-4-28-ны өдрийн Ч.Бын техникийн нөхцөл ******* дугаартай /хх-185-187/, Ч.Бын цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /хх-188-195/ зэргийг,

хариуцагчаас төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-32/, хариу тайлбар /хх-171-172/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-177/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий шон, кабелийн утас байгаа эсэх талаар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-44-45/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-73-74/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-75-82/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-83-86/,

нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн төрөлжсөн архивт хадгалагдаж байгаа тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ****** дугаар шийдвэртэй, ********/и индекстэй хэргийн 28-р талд авагдсан бичвэр бүхий баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-224-225/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Гадаадын иргэн харьяатын газраас нэхэмжлэгч БНХАУ-н иргэн Z Q-н оршин суух зөвшөөрлийн талаарх лавлагаа /хх-236-237/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

Хэргийн 1-р хавтасны 3, 4, 161, 197-198-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч БНХАУ-н иргэн Z Q нь Ч.Мт холбогдуулан 17 шон, 500 метр кабелиас өөрийн хөрөнгө оруулсан 2,000,000 төгрөгт ногдох 8 ширхэг шон, 250 метр цахилгааны кабель утсыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар дундаа хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон /1-р хх-248/.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Тухайн үед н.Мягмарсүрэнгийн хашаа байгаагүй. 2013 онд тэнд н.Бын болон манай хашаа л байсан. Хариуцагч М нь н.Бын 3 га газрыг түрээслэж мод тарьдаг байсан. Модоо услахын тулд трансформатораас цахилгаан авч худаг ажиллуулдаг байсан. н.Бын хашааны зүүн урд булангаас баруун хойд булан хүртэл шон татахаар болж хариуцагч бид хоёр мөнгөө нийлүүлж цахилгааны шон татсан. н.Бын хашааны булангаас хариуцагч Мийн байшин, худаг хүртэл 13 орчим шон байгаа. Хариуцагчийн худгаас манай талын булан хүртэл 4 шон татсан. Сүүлийн шонгоос манайх цахилгаанаа авч, би Бд 500.000 төгрөг өгсөн. н.Бын транформатораас манайх хүртэл 10 метр зайтай. Энэ хооронд би хариуцагчтай ярилцаад дундаа шон болон кабель утас авч цахилгаан татахаар болсон юм.

Иргэн Бын хариуцсан хашаанд байгаа трансформатораас цахилгаан татаж авахын тулд 17 ширхэг шон, 500 метр кабель утас авахаар хариуцагчид би 2,000,000 төгрөгийг өгсөн боловч манайх одоо ч тоггүй байгаа.

Хариуцагчийн өмгөөлөгч надад 3.000.000 төгрөг өгвөл цахилгааныг залгаж өгөх талаар хэлж байсан. Би тэр саналыг хүлээж аваагүй.

Хариуцагч нь 2.000.000 төгрөгийг авсан гэдгээ зөвшөөрсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн ****** дугаар шийдвэрээр намайг 8 шон, 250 метр кабель утсыг авах эрхтэй гэж шийдвэрлэсэн.

Би Эрчим хүчний тухай хуульд зааснаар цахилгаанаар хангагдах эрхтэй. Цахилгаан эрчим хүчээр хангах төрийн байгууллагад хүсэлт гаргахаар та өөрөө шон, кабелийн утсаа бэлдвэл цахилгаан татаж өгч болно гэсэн би 8 шон бэлдсэн байгаа учраас хариуцагчаас 250 метр утсаа авбал шууд цахилгаанаа залгаж болно гэсэн. Би одоо транформатораас цахилгаан авах гэтэл хариуцагч авхуулахгүй, миний оруулсан хөрөнгийг хариуцагч нь авчихаад буцааж өгөхгүй байгаа тул 8 шон, 250 метр кабель утсыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг 3.000.000 төгрөгийг өгвөл цахилгаан залгаж өгнө гэсэн гэж худал хэлж байна. Тийм зүйл огт байхгүй. Намайг үндэслэлгүйгээр гүтгэж байна гэж үзэж байна. Үндэслэлгүйгээр гүтгэсэн энэ үйлдийг хуулийн байгууллагаар шалгуулах боломжтой гэдгийг хэлье.

Нэхэмжлэгч 8 шон, 250 метр кабель утасны эзэмшигчээр тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна. Гэтэл бичгээр гаргасан нэхэмжлэлдээ дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох гэснээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, шаардлага үндэслэлийг нотолсон баримтыг гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагч Ч.М болон нэхэмжлэгчийн гэрийн хооронд 10 орчим метрийн зайтай, нэхэмжлэгч одоо ч цахилгаантай байгаа. 2013 онд нэхэмжлэгчтэй тохиролцоо хийхэд хариуцагч М өөрийн хэрэглэдэг цахилгаантай байгаад өөрийнхөө хэрэглэж байгаа цахилгаанаас нэхэмжлэгчид дамжуулан цахилгаан хэрэглүүлэхэд 2.000.000 төгрөг авсан байдаг. Ингээд дараа нь цахилгааны ачаалал ихдээд байсан тул цахилгааныг нь үргэлжлүүлэн өгөх боломжгүй болсон гэдгээ хэлсэн. Ч.М хэрэглэсэн цахилгааны төлбөрөө ЦТП-н эзэн Бд төлдөг байсан.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай нийлээд 4.000.000 төгрөгөөр шон, утас авсан гэж тайлбарладаг боловч энэ талаар баримт байхгүй тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна. Одоо хүртэл олон жилийн хугацаанд цахилгаангүй байгаа гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч үүнийг нь нотолсон баримт огт байхгүй.

Нэхэмжлэгч талаас нэг юмыг хоёр талаас нь нэхээд яваад байгаа. Өмнө нь нэхэмжлэгч энэ агуулгаар 2.000.000 төгрөгийг мөнгөөр нэхэмжилсэн боловч энэ шаардлагыг нь шүүх хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч дундын өмчийг гэрээний үндсэн дээр үүссэн гэж тайлбарлаж, хэлцэл гэж хэлээд байгаа бичигт Ц нь Ч.Мийн тариалангийн талбайд байсан шонгоос цахилгаан татахтай холбоотойгоор 2.000.000 төгрөг өгсөн талаар бичсэн байдаг.

Би н.Б гэдэг хүнийг гэрчээр оролцуулах гэтэл тэр хүн нас барсан байсан. Нас барсан хүнд 500.000 төгрөг өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн тариалангийн талбайд байгаа шонгоос салаалж цахилгааны утас татснаар хариуцагчид 2.000.000 төгрөг өгсөн баримт байгаа.

Мөн нэхэмжлэгч трансформатораас цахилгаан татаж чадахгүй байгаа талаараа тайлбарлаж байгаа энэ асуудал нь Эрчим хүчний холбогдох байгууллагад хамааралтай тул хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэхээр байна.

Улсын дээд шүүхийн тогтоол яриад байгаа боловч тухайн тогтоолоор нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ удаа дараа тодруулж, өөрчилж байгаа боловч одоог хүртэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар хөрөнгийг дундын өмч гэдгийг тогтоосон зүйл байхгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул тус шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/****** дугаар шийдвэрээр хариуцагч Д.М, Ч.М нараас 5,612,500 төгрөг гаргуулах тухай Жао Чин Зай /Z Q/-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Д.М, Ч.М нараас махны үнэ 112,500 төгрөг, чацарганы суулгац үнэ 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жао Чин зайд олгохоор шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн******* дугаар тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна /1-р хх-7-9, 10-12, 16-17/.

 

4б. Мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 101/ШЗ2019/****** дугаар захирамжаар БНХАУ-ын иргэн Жао Чин Зай /Z Q/-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М, Ч.М нарт холбогдох 2,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг шон, 250 метр кабель тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/****** дугаар шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, зохигчид Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна /1-р хх-13-15/.

 

4в. Тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд ...хариуцагч Мын хашаанд байгаа анхны трансформатораас нэхэмжлэгчийн хашааны гадна тал хүртэл 14 ширхэг шонгийн мод, утасны иш байна, тасарсан цахилгаан утас байхгүй, эдгээр цахилгааны модонд 4 ширэг ац мод /хоёр мод/ байна, нийт 18 ширхэг шонгийн мод байна, нэхэмжлэгч нь 14 ширхэг шонгийн модноос цахилгаан авдаг байсан боловч тасалсан учир Мягмарсүрэн гэх айлаас цахилгаан авсан байна, цахилгааны 13 дахь шонгийн модноос авсан байна, тус шонгийн модонд хажуу айлын Мягмарсүрэнгийнд цахилгаан хүчдэл очдог.

2 шонгийн модны дундах зай 50 алхам байна. хариуцагч Д.М 14:45 цагт үзлэг хийж буй газарт ирж, нийт 18 ширхэг мод байгаа, 2 шонгийн модны хооронд 50 метр урттай кабель утас нэг ч тасраагүй байна, нэхэмжлэгчийн тавьсан 19 дэх шонгийн модыг хариуцагч миний мод гэж тайлбарлав гэж бичигдсэн байна /1-р хх-44-45/.

 

4г. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК **********хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2018 оны 10-р сарын 11-ний өдрийн ***** дугаартай албан бичигт ...иргэн Чийн Б, Далайн М, Чулууны М нарыг тус ХҮТ-ийн хэрэглэгч мөн эсэхийг судлаж үзэхэд иргэн Чийн Б нь УБЦТС ТӨХК-ийн **********хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулсан, Ар гүнтийн АТП-****** диспетчер дугаартай трансформаторыг эзэмшдэг, компанийн эзэмшлийн ******* маркийн ******** дугаартай тоолуур хэмжих хэрэгслийг ашигладаг, ********** кодтой хэрэглэгч мөн болно гэжээ /1-р хх-183/.

 

4д. Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/****** дугаар шийдвэртэй, ********/и индекстэй хэргийн 28-р талд авагдсан хар өнгийн бэхээр гараар бичсэн бичвэр бүхий баримтад үзлэг хийснээр ...Чгийн Ц нь манай тариалангийн талбайд /Ч.Мт байгаа шонгоос ток /цахилгаан татахад 2,000,000 /хоёр сая төгрөг/ төлөв. Өөрийн хэрэглэсэн цахилгаанд тоолуур тавина. Цаашид бусдад цахилгаан өгөх эрхгүй болно /Ц нь/, Үүнийг зөвшөөрсөн 1. Ч.М, 2. Ц /Ч Ц/, 2013.08.12 гэж бичсэн байх бөгөөд арын нүүрэнд нь стандарчилал, хэмжилзүйн үндэсний төвийн ******** дугаартай гэрчилгээ канондсон байна /1-р хх-224-226/.

 

5. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчид 2,000,000 төгрөг өгсөн бичвэр бүхий баримтаар хэлцэл хийгдсэн гэж 17 шон бүхий 500 метр кабель утасны хамтран өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй гэж тодорхойлж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өмчийн харилцаа үүссэн эсэхэд нь шүүх дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан хөрөнгө гэх зохицуулалт нь иргэний хуулийн эд юмсын эрх зүйн зохицуулалтад байгаа учир эд юмсын эрхийн тухай яригдах бөгөөд өмч болон эзэмшил зөвхөн эд юмс дээр яригдах учиртай. Тиймээс дундын өмчийн тухайд зөвхөн эд юмсын тухай яригдах тул Иргэний хуулийн 108.1-д заасан хөрөнгө гэдгийг өмч гэж ойлгоно.

 

Дундын өмчийн эрх нь иргэний хуульд зааснаар нэг эд хөрөнгө хэд хэдэн өмчлөгчийн дундын өмч болж байгаа, өөрөөр хэлбэл нэгдмэл нэг эд хөрөнгийг өмчийн эрхийн хэд хэдэн субъект нэгэн зэрэг өмчилж байхад үүсдэг онцлогтой.

 

Гэтэл тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/****** дугаар шийдвэртэй, ********/и индекстэй хэргийн 28-р талд авагдсан хар өнгийн бэхээр гараар бичсэн бичвэрт ...Чгийн Ц нь манай тариалангийн талбайд /Ч.Мт байгаа шонгоос ток /цахилгаан татахад 2,000,000 /хоёр сая төгрөг/ төлөв. Өөрийн хэрэглэсэн цахилгаанд тоолуур тавина. Цаашид бусдад цахилгаан өгөх эрхгүй болно /Ц нь/, Үүнийг зөвшөөрсөн 1. Ч.М, 2. Ц /Ч Ц/, 2013.08.12 гэж бичсэн байна.

 

Энэхүү бичвэр нь Ч.Мийн тариалангийн талбайд байгаа шонгоос Чгийн Ц нь ток, цахилгаан татахад төлбөр төлсөн агуулгатай байх тул уг бичвэр бүхий баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан хэлцэл хийгдсэн, хэн алиныхаа өмнө үүрэг хүлээсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна /1-р хх-224-226/.

 

Тиймээс дундаа хамтран өмчлөх өмч нь хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр үүсэх бөгөөд нэхэмжлэгч нь 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн огноотой Ч.Мт 2,000,000 төгрөг өгсөн тухай бичвэрийг хариуцагчтай хийсэн хэлцэл гэж тайлбарлан, уг хэлцлийн үндсэн дээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэж тодорхойлсон тул тухайн хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 17 шон, 500 метр кабель утсыг дундаа хамтран өмчлөхөөр тохирсон гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т эрхийг хүлээн зөвшөөрөх аргаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг эрх нь зөрчигдсөн этгээдэд хуулиар олгосон бөгөөд нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар дундаа хамтран өмчилж болно гэж шаардах эрхээ тодорхойлсон үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

 

Иймд дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зохицуулагдсан цахилгааны 17 ширхэг шонгийн мод, 500 метр цахилгааны кабель утсыг дундаа хамтран өмчлөхөөр хэлцэл хийгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлйн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч БНХАУ-н иргэн Z Q-н хариуцагч Ч.Мт холбогдуулан цахилгааны 17 ширхэг шонгийн мод, цахилгааны 500 метр кабель утсыг дундаа хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ