Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01513

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/00641  дугаар шийдвэртэй

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Б” ХХК-д холбогдох орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг, “Т” ХХК-аас 62 020 000 төгрөгийн үнэ бүхий шохойн цагаан чулууг хүлээж авахыг тус тус даалгуулах, алдангид 31 010 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтыг гэрээг цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд, хариуцагчийн төлөөлөгч Н.Баянсайхан, түүний өмгөөлөгч П.Еркебулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагч Б ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Уг гэрээний агуулга нь манай компани нь 89 775 000 төгрөгийн үнэ бүхий шохойн цагаан чулууг 100 хувь бартераар Б ХХК-д нийлүүлж, хариуцагч компанийн барьж байсан Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн гудамжинд байрлах Е орон сууцны барилгын 4 давхарт, 2 өрөө 47,25 м.кв орон сууцыг авахаар, орон сууц нь 2017 оны 4-р улиралд ашиглалтанд оруулж манай өмчлөлд шилжүүлэх, 2017 оны 4-р улиралд ашиглалтанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд орон сууцны үлдэгдэл төлбөрийн хоног тутам 0,5 хувиар алданги хүлээлгэхээр харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч компани нь уг гэрээний хавсралтанд заасан графикт хугацааны дагуу буюу 2017 оны 08 сарын 02-ны өдрийн дотор 89 775 000 төгрөгийн шохойн цагаан чулууг манай компаниас өөрсдөө аваагүй ба өнөөдрийн байдлаар нийт нийлүүлэлтээр 27 755 000 төгрөгийн үнэ бүхий шохойн цагаан чулууг авсан. 62 020 000 төгрөгийн шохойн цагаан чулууг авах үлдэгдэлтэй байна. Бид дээрх хөрөнгө оруулалтын гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх бүрэн боломжтой байсан ба өнөөдөр ч нийлүүлэх боломжтой байгаа болно. Мөн хариуцагч тал гэрээнд заасан барилгыг 2017 оны 4-р улиралд ашиглалтанд оруулаагүй, мөн орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан, манай компанийн өмчлөлд шилжүүлээгүй зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчсөөр байна. Гэрээний 8.5-д гүйцэтгэгч 4.1-д заасан хугацаанд орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд орон сууцны үлдэгдэл төлбөрийн хоног тутам 0,5 хувиар торгууль хүлээнэ гэж заасан бөгөөд алдангийг тооцоход төлбөр 62 020 000 төгрөгийн 50 хувиас хэтэрч байх тул 50 хувиар хязгаарлаж 31 010 000 төгрөгийн алдангийг бид нэхэмжлэх эрх үүсч байна. Бид хариуцагчтай асуудлаа шийдвэрлэхээр 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 25 дугаар албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаар албан бичгээр удаа дараа хандсан боловч хариу ирүүлээгүй. Иймд хариуцагчаас Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн гудамжинд байрлах Е орон сууцны 2 өрөө 47,25 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг, “Т” ХХК-аас 62 020 000 төгрөгийн үнэ бүхий шохойн цагаан чулууг хүлээж авахыг тус тус даалгаж, хариуцагчаас гэрээний алдангид 31 010 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Баянсайхан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзжээ. Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан нөхцөл байдал огт байхгүй. Хариуцагч тал бартер буюу арилжааны гэрээгээр шилжүүлэн авсан шохойн чулууг өөрсдөө ашиглана уу, бусдад зарж борлуулна уу өөрсдийнх нь асуудал ба нэхэмжлэгч талд хамааралгүй юм. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний саналыг хариуцагч тал өөрөө гаргаж гэрээг байгуулсан. БНАСАУ-аас ажилчид авч ажиллуулж байсан эсэх нь хариуцагч талын өөрсдийнх нь дотоод асуудал бөгөөд гэрээнд хамааралгүй байна. Хариуцагч талын эрх бүхий албан тушаалтнуудтай нь уулзаж чадахгүй, утас руу нь залгахад утсаа авдаггүй, холбогдохгүй, асуудлыг шийвэрлэхгүй байсан. Хариуцагч тал нь ердийн боломжит хугацаанд гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй мөртлөө гэрээг цуцлана гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Баянсайхан шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “Б” ХХК урьд нь нэхэмжлэгчээс шохойн чулуу худалдан авч байсан. Тэдний хүсэлтийн дагуу 2017 оны 08 сарын 02-ны өдөр гэрээ байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч манай барьж байсан Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн гудамжинд байрлах Е орон сууцны барилгын 4 давхарт, 2 өрөө 47,25 м.кв орон сууцыг нийт 89 775 000 төгрөгөөр авахаар захиалж, тус орон сууцны үнийг Б ХХК-ийн барьж буй барилга дээр шохойн цагаан чулууг нийлүүлэх байдлаар төлж барагдуулахаар тохиролцсон. Орон сууцыг өмчлөлд шилжүүлэх шаардлагын тухайд нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны үнийг төлсөн зүйл байхгүй тул хангагдахгүй юм. 62,020,000 төгрөгийн шохойн цагаан чулууг нийлүүлээгүй. Шохойн чулууг барилгад ашиглаж ажиллаж байсан гадаад ажилчдыг Монгол улсын нутаг дэвсгэрээс албадан гаргасан тул цаашид шохойн чулууг авах боломжгүй болсон. Бид нэхэмжлэгч байгууллагаас үлдсэн төлбөрөө төлөөд орон сууцаа ав гэсэн боловч зөвшөөрөөгүй. Орон сууц нь байгаа. Шохойн цагаан чулуугаар мозайкан шал, шатны ажлыг ардчилсан Солонгос улсын ажилчдаар хийлгүүлж байсан. Монгол ажилчид тэд шиг хийж чадахгүй юм. Манай компанийн шийдвэр, үйл ажиллагаанаас үл шалтгаалах шалтгаан нөхцлөөс хамаарч үлдэгдэл үнийн дүнд тооцох хэмжээний шохойн чулууг захиалан авалгүй, гэрээний үндсэн үүрэг хэрэгжилгүй өнөөдрийг хүрсэн. 62 020 000 төгрөгийн шохойн цагаан чулууг хүлээн авах боломжгүй. Гэрээ байгуулах үед байгаагүй шинэ нөхцөл байдал үүссэн. Иймд Т ХХК-тай байгуулсан орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг шүүхийн журмаар цуцлуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Шохойн чулууг хэд хэдэн барилгад ашиглах байсан ба нийлүүлэх хугацааг нарийн тохиролцоогүй. Алдангийн шаардлага бас үндэслэлгүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг болон 62 020 000 төгрөгийн үнэ бүхий шохойн цагаан чулууг хүлээж авахыг хариуцагчид даалгаж алдангид 31 010 000 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэл, орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтыг гэрээг цуцлуулах тухай Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 990 025 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 650 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэлийн 1-р шаардлага болох “Т ХХК-аас 62 020 000 төгрөгийн үнийн дүн бүхий мозайк буюу шохойн чулууг хүлээж авахыг “Б” ХХК-д даалгах” шаардлагын тухайд:  Нэхэмжлэгчийн 1-р шаардлага нь дээрх шаардлага байгаагийн гол учир шалтгаан нь нэхэмжлэгч талын зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үүргээ шударгаар биелүүлж орон сууцны төлбөрөө гэрээнд заасны дагуу шохойн цагаан чулуугаар төлье, төлснийхөө дараа орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлж авъя гэдэг логик дараалал, зүй тогтлоор дээрх шаардлагыг нэхэмжлэлийнхээ 1-р шаардлага болгосон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулагдсан. Арилжааны гэрээ хувьд гэрээний 2 тал нь 2-уулаа худалдагч, худалдан авагч байдаг онцлогтой гэрээ бөгөөд хариуцагч “Б” ХХК нь шохойн цагаан чулууг худалдан авагчийн хувьд худалдан авсан хөрөнгөө хүлээж авах үүргээ биелүүлээч гэсэн утга агуулга бүхий шаардлага юм. Анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-нд хэдийд, ямар давтамжтай, хэрхэн нийлүүлэхийг нарийвчлан тохиролцоогүй гэж үзсэн. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-ний 5-р талд “Хөрөнгө оруулалт хийх график” гэдэг хүснэгтийн төлбөр хийх хугацаа гэдэг баганад 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гээд тодорхой дурдсан байдаг бөгөөд анхан шатны шүүх шийдвэртээ үүнд огт дүгнэлт хийгээгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 2.1, 2.2, 4.1 заалтуудаас ерөнхий агуулгыг тодорхойлж, гэрээний төлбөр болох шохойн цагаан чулууг нийлүүлэх болон орон сууцыг хэзээ өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардах хугацааг тодорхойлж хэрэг маргааныг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Гэрээний дээрх заалтууд үзвэл гэрээний төлбөр төлөх хугацааг 2017 оны 4 дүгээр улирал гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны материал, загвар, хэмжээ зэргийг харилцан тохиролцсон зүйл огт байхгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь арилжааны гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэлийн 2-р шаардлага болох “Хариуцагчаас Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, “Е” байранд 2 өрөө 47,25 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжпэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах” шаардлагын тухайд: Нэхэмжлэгч талын хувьд орон сууцыг худалдан авагчийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй болох бөгөөд нэхэмжлэлийн 1-р шаардлага хангагдсан тохиолдолд орон сууцны төлбөрийг шохойн цагаан чулуугаар бүрэн төлөх буюу хариуцагч талын хувьд худалдаж авсан шохойн цагаан чулуугаа хүлээн авах үүргээ биелүүлэх үүрэг хүлээх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй болно. Иймд гэрээнд заасан орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг шаардаж байгаа болно. Нэхэмжлэлийн 3-р шаардлага болох “Хариуцагчаас 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний алданги 31 010 000 төгрөг гаргуулах” шаардлагын тухайд: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсгүүдэд зааснаар гэрээний нэг тал нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд анз тооцох заалттай ба мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.5-д анз тооцох зохицуулалт тусгасан учраас хууль болон гэрээний дагуу 31 010 000 төгрөгийн алданги шаардах эрхтэй гэж үзэж байна. Хариуцагч тал нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.2-т заасны дагуу гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхгүй юм. Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 220 дугаар зүйл буюу нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзжээ. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” нь орон сууц захиалж авах, орон сууцны төлбөрийг бартер буюу арилжааны гэрээгээр төлөх зохицуулалт болохоос Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан “Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан” нөхцөл байдал огт байхгүй болно. Хариуцагч тал нь бартер буюу арилжааны гэрээгээр шилжүүлэн авсан шохойн чулууг өөрсдөө ашиглана уу, бусдад зарж борлуулна уу цэвэр өөрсдийн асуудал ба нэхэмжлэгч талд хамааралгүй юм. Мөн Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний саналыг хариуцагч тал өөрөө гаргаж, хариуцагч талын бэлдсэн гэрээний төслийн дагуу бичгээр гэрээ байгуулсан болно. Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлийн өөр нэг үндэслэлээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйл буюу хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах байна гэж үзжээ. БНАСАУ-аас ажилчид авч ажиллуулж байсан эсэх нь хариуцагч талын өөрсдийнх дотоод асуудал бөгөөд НҮБ-ын хоригоос шалтгаалж БНАСАУ-ын ажилчид гарч явсан нь Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-нд хамааралгүй ба зөвхөн БНАСАУ-ын ажилчид л мозайк буюу шохойн чулуу ашиглаж чаддаг, Монгол ажилчид ашиглаж чаддаггүй гэсэн нотлох баримт, үйл баримт огт байхгүй болно. Мөн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4 дэх хэсэгт “Эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно.” гэж заажээ. НҮБ-ийн хоригийн улмаас БНАСАУ-ын ажилчид 2019 оны 9, 10 саруудад Монгол Улсын хилээр гарсан, мөн нэхэмжлэгч талын зүгээс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаар албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаар албан бичгээр гэрээний үүргээ биелүүлээч гэж удаа дараа хандсан боловч хариуцагч талын эрх бүхий албан тушаалтнуудтай нь уулзаж чадахгүй, утас руу залгахад утсаа авдаггүй, холбогдохгүй, асуудлыг шийдвэрлэхгүй байсан. Энэ хугацаа нь өөрөө ердийн боломжит хугацаа юм. Гэтэл хариуцагч тал нь ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй мөртлөө, нэхэмжлэгч тал нь эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад мэдэгдэж байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч тал гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 62 020 000 төгрөгийн үнийн дүн бүхий шохойн цагаан чулууг хэзээ ч хүлээж авахгүй бол яах вэ гэдэгт анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Шохойн цагаан чулуугаа авахгүй байсаар байвал нэхэмжлэгч талын зүгээс гэрээнээсээ татгалзаж нийлүүлсэн 27 755 000 төгрөгөө шаардахаас өөр аргагүй болно. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан орон сууцаа авах хүсэл зориг байгаа бөгөөд байгаа учраас эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулж орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг, “Т” ХХК-аас 62 020 000 төгрөгийн үнэ бүхий шохойн цагаан чулууг хүлээж авахыг тус тус даалгуулах, алдангид 31 010 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчид холбогдуулан орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтыг гэрээг цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч “Б” ХХК нар 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч хариуцагчийн барьж байсан Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн гудамжинд байрлах Е орон сууцны барилгын 4 давхарт, 2 өрөө 47,25 м.кв орон сууцыг нийт 89 775 000 төгрөгөөр авахаар захиалан бариулах, тус орон сууцны үнийг “Б” ХХК-д шохойн цагаан чулууг нийлүүлэх байдлаар төлж барагдуулахаар тохиролцжээ.

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Гэрээний 5.3, 5.4-т заасан төлбөрийг төлсний дараа орон сууцыг хүлээлгэн өгнө, 5.3-т захиалагч хөрөнгө оруулалт болох орон сууцны үнийг 100 хувь бартераар шохойн цагаан чулуун материалаар, 5.4-т хөрөнгө оруулалтыг графикийн дагуу хэсэгчлэн төлнө, 7.2-т энэхүү гэрээний үйлчлэх хугацаа нь талууд гэрээгээр харилцан хүлээсэн үүргээ биелүүлснээр дуусгавар болно гэж, 8.2-т захиалагч гэрээний хавсралт №1-д заасан графикийн дагуу төлбөрөө төлөхгүй 3 сар болбол гүйцэтгэгч компанийн санаачлагаар цуцлана гэж тус тус заасан байна.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд зохигчид орон сууцыг шохойн цагаан чулуугаар солихоор тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д 2017, 2018, 2019 онуудад нийт 27 755 000 төгрөгийн шохойн цагаан чулуу нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээгээр орон сууцны үнийг бүрэн төлснөөр өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцсон гэрээндээ захиалагч бараа бүтээгдэхүүнийг гүйцэтгэгчид хэдийд, ямар давтамжтай, хэрхэн нийлүүлэхийг нарийвчлан тохиролцоогүй, бараа бүтээгдэхүүний зарим хэсэг нийлүүлэгдээгүй байхад орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг болон 62 020 000 төгрөгийн шохойн цагаан чулууг шилжүүлж авахыг хариуцагчид даалгуулах, орон сууц шилжүүлж өгөөгүйн алдангид 31 010 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.  

Мөн анхан шатны шүүх хариуцагчийн гэрээ цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийн заалтыг баримтлаагүй байх тул уг заалтыг нэмсэн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.