Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2020/00641

 

2020 03 31

182/ШШ2020/00641

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т ХКК /РД:20/, Сонгинохайрхан дүүрэг,

 

Хариуцагч: БК ХХК /РД:20/, Чингэлтэй дүүрэг, өөрийн байр

орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг, Т ХХК-аас 62,020,000 төгрөгийн үнэ бүхий шохойн цагаан чулууг хүлээж авахыг тус тус даалгуулах, алдангид 31,010,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтыг гэрээг цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч О.М, хариуцагчийн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал болох эрдэс нунтаг, шохойн чулууг бэлтгэх борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компани хариуцагч БК ХХК-тай 2017 оны 08 сарын 02-ны өдөр орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Уг гэрээний агуулга нь манай компани нь 89,775,000 төгрөгийн үнэ бүхий шохойн цагаан чулууг 100 хувь бартераар БК ХХК-д нийлүүлж, хариуцагч компанийн барьж байсан Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн гудамжинд байрлах Е орон сууцны барилгын 4 давхарт, 2 өрөө 47,25 м.кв орон сууцыг авахаар, орон сууц нь 2017 оны 4-р улиралд ашиглалтанд оруулж манай өмчлөлд шилжүүлэх, 2017 оны 4-р улиралд ашиглалтанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд орон сууцны үлдэгдэл төлбөрийн хоног тутам 0,5 хувиар алданги хүлээлгэхээр харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч компани нь уг гэрээний хавсралтанд заасан графикт хугацааны дагуу буюу 2017 оны 08 сарын 02-ны өдрийн дотор 89,775,000 төгрөгийн шохойн цагаан чулууг манай компаниас өөрсдөө аваагүй ба өнөөдрийн байдлаар нийт нийлүүлэлтээр 27,755,000 төгрөгийн үнэ бүхий шохойн цагаан чулууг авсан. 62,020,000 төгрөгийн шохойн цагаан чулууг авах үлдэгдэлтэй байна. Бид дээрх хөрөнгө оруулалтын гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх бүрэн боломжтой байсан ба өнөөдөр ч нийлүүлэх боломжтой байгаа болно. Мөн хариуцагч тал гэрээнд заасан барилгыг 2017 оны 4-р улиралд ашиглалтанд оруулаагүй, мөн орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан, манай компанийн өмчлөлд шилжүүлээгүй зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчсөөр байна. Гэрээний 8.5-д гүйцэтгэгч 4.1-д заасан хугацаанд орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд орон сууцны үлдэгдэл төлбөрийн хоног тутам 0,5 хувиар торгууль хүлээнэ гэж заасан бөгөөд алдангийг тооцоход төлбөр 62,020,000 төгрөгийн 50 хувиас хэтэрч байх тул 50 хувиар хязгаарлаж 31,010,000 төгрөгийн алдангийг бид нэхэмжлэх эрх үүсч байна. Бид хариуцагчтай асуудлаа шийдвэрлэхээр 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 25 дугаар албан бичиг, 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 30 дугаар албан бичгээр удаа дараа хандсан боловч хариу ирүүлээгүй. Иймд хариуцагчаас Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн гудамжинд байрлах Е орон сууцны 2 өрөө 47,25 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг, Т ХХК-аас 62,020,000 төгрөгийн үнэ бүхий шохойн цагаан чулууг хүлээж авахыг тус тус даалгаж, хариуцагчаас гэрээний алдангид 31,010,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзжээ. Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан нөхцөл байдал огт байхгүй. Хариуцагч тал бартер буюу арилжааны гэрээгээр шилжүүлэн авсан шохойн чулууг өөрсдөө ашиглана уу, бусдад зарж борлуулна уу өөрсдийнх нь асуудал ба нэхэмжлэгч талд хамааралгүй юм. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 08 сарын 02-ны өдрийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний саналыг хариуцагч тал өөрөө гаргаж гэрээг байгуулсан. БНАСАУ-аас ажилчид авч ажиллуулж байсан эсэх нь хариуцагч талын өөрсдийнх нь дотоод асуудал бөгөөд гэрээнд хамааралгүй байна. Хариуцагч талын эрх бүхий албан тушаалтнуудтай нь уулзаж чадахгүй, утас руу нь залгахад утсаа авдаггүй, холбогдохгүй, асуудлыг шийвэрлэхгүй байсан. Хариуцагч тал нь ердийн боломжит хугацаанд гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй мөртлөө гэрээг цуцлана гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: БК ХХК урьд нь нэхэмжлэгчээс шохойн чулуу худалдан авч байсан. Тэдний хүсэлтийн дагуу 2017 оны 08 сарын 02-ны өдөр гэрээ байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч манай барьж байсан Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн гудамжинд байрлах Е орон сууцны барилгын 4 давхарт, 2 өрөө 47,25 м.кв орон сууцыг нийт 89,775,000 төгрөгөөр авахаар захиалж, тус орон сууцны үнийг БК ХХК-ийн барьж буй барилга дээр шохойн цагаан чулууг нийлүүлэх байдлаар төлж барагдуулахаар тохиролцсон. Орон сууцыг өмчлөлд шилжүүлэх шаардлагын тухайд нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны үнийг төлсөн зүйл байхгүй тул хангагдахгүй юм. 62,020,000 төгрөгийн шохойн цагаан чулууг нийлүүлээгүй. Шохойн чулууг барилгад ашиглаж ажиллаж байсан гадаад ажилчдыг Монгол улсын нутаг дэвсгэрээс албадан гаргасан тул цаашид шохойн чулууг авах боломжгүй болсон. Бид нэхэмжлэгч байгууллагаас үлдсэн төлбөрөө төлөөд орон сууцаа ав гэсэн боловч зөвшөөрөөгүй. Орон сууц нь байгаа. Шохойн цагаан чулуугаар мозайкан шал, шатны ажлыг ардчилсан Солонгос улсын ажилчдаар хийлгүүлж байсан. Монгол ажилчид тэд шиг хийж чадахгүй юм. Манай компанийн шийдвэр, үйл ажиллагаанаас үл шалтгаалах шалтгаан нөхцлөөс хамаарч үлдэгдэл үнийн дүнд тооцох хэмжээний шохойн чулууг захиалан авалгүй, гэрээний үндсэн үүрэг хэрэгжилгүй өнөөдрийг хүрсэн. 62,020,000 төгрөгийн шохойн цагаан чулууг хүлээн авах боломжгүй. Гэрээ байгуулах үед байгаагүй шинэ нөхцөл байдал үүссэн. Иймд Т ХХК-тай байгуулсан орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг шүүхийн журмаар цуцлуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Шохойн чулууг хэд хэдэн барилгад ашиглах байсан ба нийлүүлэх хугацааг нарийн тохиролцоогүй. Алдангийн шаардлага бас үндэслэлгүй гэв.

 

Шүүх орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дансны хуулга, БК ХХК-д хүргүүлж байсан албан бичиг, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын тушаал зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулж орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг, Т ХХК-аас 62,020,000 төгрөгийн үнэ бүхий шохойн цагаан чулууг хүлээж авахыг тус тус даалгуулах, алдангид 31,010,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулж орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтыг гэрээг цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргахдаа үлдэгдэл шохойн цагаан чулууг хүлээж аваагүй, түүнийг ашиглах боломжгүй болсон тул үлдэгдлийг авахгүй, үнэ төлөөгүй тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй, алданги төлөх үндэслэлгүй гэх ба улмаар өөрөөс нь үл хамаарах шалтгаан гарсан тул гэрээг цуцлуулна гэж, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, гэрээний үүргээ биелүүлсэн, цаашид ч үлдэгдэл шохойн цагаан чулууг нийлүүлэх боломжтой гэж тус тус марган мэтгэлцэж байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК хариуцагч БК ХХК нар 2017 оны 08 сарын 02-ны өдөр гэрээ байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч хариуцагчийн барьж байсан Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн гудамжинд байрлах Е орон сууцны барилгын 4 давхарт, 2 өрөө 47,25 м.кв орон сууцыг нийт 89,775,000 төгрөгөөр авахаар захиалан бариулах, тус орон сууцны үнийг БК ХХК-д шохойн цагаан чулууг нийлүүлэх байдлаар төлж барагдуулахаар тохиролцжээ. Гэрээний 4.1-т Гүйцэтгэгч орон сууцны барилгыг 2017 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулна, 4.2-т байр ашиглалтанд оруулахад захиалагчийн эзэмших /өмчлөх/ сууцыг гэрээний 5.3, 5.4-т заасан төлбөрийг төлсний дараа хүлээлгэн өгнө, 5.3-т захиалагч хөрөнгө оруулалт болох орон сууцны үнийг 100 хувь бартераар шохойн цагаан чулуун материалаар, 5.4-т хөрөнгө оруулалтыг графикийн дагуу хэсэгчлэн төлнө, 7.2-т энэхүү гэрээний үйлчлэх хугацаа нь талууд гэрээгээр харилцан хүлээсэн үүргээ биелүүлснээр дуусгавар болно гэж, 8.2-т захиалагч гэрээний хавсралт №1-д заасан графикийн дагуу төлбөрөө төлөхгүй 3 сар болбол гүйцэтгэгч компанийн санаачлагаар цуцлана гэж тус тус заасан байна.

 

Шохойн цагаан чулуугаар мозайкан шал, шат хийх ажил зөвхөн БНАСАУ-ын ажилчдын ур чадвараар хийгддэг ба тус улсын ажилчдыг холбогдох байгууллагын зөвшөөрлөөр, гэрээний дагуу 2016 оноос ажиллуулсан, НҮБ-ын хоригийн улмаас БНАСАУ-ын иргэдийг Монгол улсаас 2019 онд гаргасан нь гэрээний хэрэгжилтэнд шинэ нөхцөл байдал үүсгэсэн гэж хариуцагч тайлбарлан, Засгийн газрын тогтоол, гадаад ажиллах хүч ажиллуулах гэрээ, Гадаадын иргэн, харъяатын газрын даргын тушаал зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Орон сууцны барилга хугацаа хэтэрч 2019 оны 5 дугаар сард ашиглалтанд орсныг хариуцагч тайлбарлаж байна. Нэхэмжлэгч хариуцагчид 2017, 2018, 2019 онуудад нийт 27.755.000 төгрөгийн шохойн цагаан чулуу нийлүүлсэн ба 62.020.000 төгрөгийн шохойн цагаан чулуу нийлүүлэгдээгүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээнээс харахад шохойн цагаан чулууг хэсэгчлэн төлөх график хийх байсан боловч уг графикийг хийгээгүй, хэдийд, хэдэн удаагийн үйлдлээр хэрхэн яаж шохойн цагаан чулууг нийлүүлэх нь тодорхойгүй, ингэснээр үнэ төлснөөр шилжих байсан орон сууцны өмчлөх эрх шилжих хугацаа тодорхойгүй болсон байна. Бартераар авч буй орон сууц нийтийн орон сууц байх бөгөөд баригдаж байсан барилга байгууламжийг ашиглалтанд оруулах хугацааг гэрээний 4.1-т 2017 оны 4 дүгээр улирал гэж заасан байх ба энэ хугацааг гүйцэтгэгч орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх хугацаа гэж ойлгох боломжгүй юм.

 

Үнийг бүрэн төлснөөр орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээр талууд тохиролцсон боловч үнийг бартераар төлж буй нөхцөлд бараа бүтээгдэхүүнийг захиалагч гүйцэтгэгчид хэдийд, ямар давтамжтай, хэрхэн нийлүүлэхийг нарийвчлан тохиролцоогүй, бараа бүтээгдэхүүний зарим хэсэг нийлүүлэгдээгүй байхад орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг болон 62,020,000 төгрөгийн шохойн цагаан чулууг шилжүүлж авахыг хариуцагчид даалгуулах, орон сууц шилжүүлж өгөөгүйн алдангид 31,010,000 төгрөг гаргуулах тухай шаардлагууд үндэслэлгүй байх ба хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагчийн гэрээ цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. Учир нь гэрээг цуцлах нь талуудын хүсэл зоригийн асуудал бөгөөд энэ талаар нэг нь нөгөөдөө тавьсан санал, татгалзал хүчинтэй эсэх нь хуульд заасан журамд хэрхэн нийцсэнээр тодорхойлогдох учиртай ба энэ асуудлыг шүүх шийдвэрлэхгүй юм.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.  Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.6, 343 угаар зүйлийн 343.1-ийг баримтлан орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг болон 62,020,000 төгрөгийн үнэ бүхий шохойн цагаан чулууг хүлээж авахыг хариуцагчид даалгаж алдангид 31,010,000 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэл, орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтыг гэрээг цуцлуулах тухай БК ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 990,025 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 650,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ С. БУД