Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01512

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/01145 дугаар шийдвэртэй

Д.Бын нэхэмжлэлтэй хариуцагч “Х” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11 514 462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мядагбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уянга, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Х” ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 19/003 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байрлах Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил хийсэн. Ажлын хөлс 48 000 000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд ажил хийх явцдаа бохирын цооногийн ажил 2 000 000 төгрөгөөр тохирч хийсэн. Нийт 50 000 000 төгрөгийн ажил хийсэн юм. Бид 2 сард ажил амжихгүй гээд гэрээндээ өөрчлөлт оруулъя гээд 3 сар ажил хийгээд 6 дугаар сарын 20-нд дуусах ажил байна гэж хэлсэн. Бид ажлаа чанартай хийсэн. Бид ажлын хөлсөнд нийт 18 000 000 төгрөгийг авсан. Энэ мөнгөө ажилчиддаа цалинд нь өгсөн. Бид 16x12.80 хэмжээтэй өрхийн эмнэлгийн барилгыг сууринаас нь эхэлж 2 давхрыг дуустал хийсэн. 1 дүгээр давхрын дотор өрлөг, шаврын ажлыг дуустал нь хийсэн. 50 000 000 төгрөгийн ажлаас 25 000 000 төгрөгийн ажил хийсэн боловч үлдэх 7 000 000 төгрөгөө авч чадаагүй. Мөн энэ компанид өмнө 2013 онд хийж байсан ажлаас 2 500 000 төгрөг дутуу байгаа юм. Ингээд ажлын хөлс нийт 9 500 000 төгрөг болж байна. Өмнөх ажлын хөлс 2 500 000 төгрөгийг нэхэхээр өгнө гэдэг байсан. Сүүлдээ утсаа авахгүй болсон. Энэ компанийн ажил дээр шавар хийсэн Ганзориг гэж хүн биднээс ажлын хөлс 4 500 000 төгрөг нэхэмжлээд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд намайг хариуцагчаар татсан байна. “Х” ХХК-иас ажлын хөлсөө авъя гэхээр хийсэн ажил чинь 45 хувьд хүрсэн гэж хэлдэг. Бид 70 хувийн ажил хийсэн, цонх хаалга суулгаад хаяавч хийгээд дуусах гэж байгаа ажил юм. Би ажлаа чанартай, бүрэн хийсэн, эд өөрсдөө хуучин материал ирүүлсэн учраас 1 см-ийн зөрүү гарч байсан учраас удаан хийсэн. Мөн хугацааны хувьд ажилчдын цалин өгөхгүй, нэмэгдэл шаврын мөнгө өгөхгүй , өг гэхэд зөвшөөрөхгүй байсан, “Х” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл 7 000 000 төгрөг, Шилэн хийц дээр ажиллаж байсан ажлын хөлсний үлдэгдэл 2 500 000 төгрөг нийт 9 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг 2 019 462 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа тул нийт 11 519 462 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Орхон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил дээр Д.Бтой туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус ажлыг эхлүүлсэн. Гэрээ хийгдэх үед 20 хүнтэй ажиллаж, батлагдсан графикийн дагуу ажлыг гүйцэтгэж дуусгана гэсэн боловч гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд хүн хүчний нөөцгүй, ихэнхдээ 6 хүнтэй ажилласан, би удаа дараа албан шаардлага хүргүүлж байсан ч авч хэлэлцэлгүй ажлын батлагдсан графикийг 25 хоногийн хугацааны хоцрогдол үүсгэн, 45%-н ажлын гүйцэтгэлийн санхүүжилт авмагцаа ямарч мэдээ өгөлгүй ажил хаяад явсан. Д.Бтой 48 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, ажлын явцад нэмэлтээр бохирын цооногийн ажил 2 000 000 төгрөгөөр нэмж хийхээр тохирч нийт 50 000 000 төгрөгийн ажил хийхээр болсон нь үнэн. Гэтэл Д.Б ажил хаяж, сураггүй явсан, тэр хүртлээ хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл нь 45%-тай, ажлын хөлс нь 21 600 007 төгрөг болж байсан. Гэвч 2 давхрын хэв хашмалын тулаас авах, хураах, 2 давхрын хэв хашмалыг хуулах, хураах, засвар шавардлага хийх зэрэг ажлуудыг дутуу орхиж, эдгээр ажлуудыг хийгээгүй ажил хаяж, алга болсон. Энэхүү хийгдсэн ажлын хөлсөнд манайхаас хоолны мөнгө 416 007 нэмж олгох ёстой байгаа. Ингээд нийт 22 016 007 Д.Б авах ёстойгоос хугацаа хоцрогдол, манайхаас ажилласан ажиллагсдын цалин, алдсан багажны /молоток/ үнэ гэсэн нийт 1 975 000 төгрөгийг суутгаад Д.Б нь эцсийн дүнд нийт манайхаас 20 041 007 төгрөг авах ёстой байсан. Сүүлийн санхүүжилтээ авахдаа Д.Б нь суутгалаа түр байлгаж бай, дараа нь суутгуулъя гэж хэлээд бүрэн суутгуулаагүй, 9 000 000 төгрөг авсан. Ингээд нийтдээ Д.Б нь 20 540 000 төгрөг аваад, ажлаа хаяад алга болсон. Уг барилга 45%-даа ч бүрэн гүйцэд хүрээгүй, барилга дуусахад шаардагдах ажиллууд 2 давхар өрлөг шавар (Бүтэн), 1 давхар өрлөг шавар (Хагас), салхивчний шатны өрлөг шавар, гадна шавар, замаска, эмульс, цонхны тавцан амалгаа, хаалганууд суулгах, довжоо бүрэн цутгагдаагүй, хаяавч цутгаагүй, гадна зам талбай, зогсоол явган хүний зам ногоон байгууламж дутуу, пронтоны өрлөг шавар, дээврийн ажил тэр чигээрээ дутуу, ус зайлуулах систем тэр чигээрээ, аваарын шат, дотор засал бүтнээрээ дутуу хийгдсэн байсан. Бетон цутгалт, хэв угсралт муугаас цүлхийлт, муруй хийгдсэн зүйлүүдийг молотокдох, засах хар замаск 2-3 үе татах нэмэлт ажлууд гарч байсан. Зарим өрлөгөнд шүд гаргаагүйгээс нэмэлт анкер суурьлуулах зэрэг ажлууд гарсан. Өмнө нь хийгдсэн ажил буюу “Шилэн Хийц” ХХК-ийн үйлдвэрийн барилгын ажил дээр мөн хүмүүс ажиллуулсан, хүн хүч дутмаг байдлаас болж хугацаа сунжирсан, шалны ажлыг чанар муу хийсэн цементын орцыг багадуулсанаас шалыг хуулж аван дахин хийхэд зөвхөн ажлын хөлс нь 2 000 000 төгрөг болж байсан. Иймд бид Д.Бод төлөх ямар ч өргүй юм. Уг нэмэгдүүлсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа ба зөвхөн шинжээчийн гаргасан төсвийн дүнг харан, зөрүүг нэхэмжилсэн байна. Учир нь, шинжээч нарийн тооцоолол хийгээгүй, би өөрийн төсөвчинөөр төсөл гаргуулсан. Би хийсэн ажилд нь тохирсон хөлс өгсөн. Сүүлд шинжээч дүгнэлт гаргасан гээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмж байгааг ойлгохгүй байна, хэнд ч хэлэлгүйгээр ажлаа хаяж явчихаад хэлсэн гэж байгаа нь буруу юмаа. Иймд Д.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 9 380 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 139 462 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214 212 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 165 030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, Иргэний хэрэг шшүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан шинжээчийн зардалд хариуцагчаас 181 965 төгрөгийг, нэхэмжлэгчээс 45 491 төгрөгийг тус тус гаргуулан, шинжээч Л.Ганбаатарт 67 514 төгрөгийг, шинжээч Г.Оюунтунгалагт 159 942 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Орхон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... “Х” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил дээр Д.Бтой туслах гүйцэтгэгчийн гэрээ байгуулж 2019 оны 3 дугаар сарын 28- ны өдөр тус ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явц батлагдсан төлөвлөгөөг 25 хоногоор хэтрүүлж улмаар 45 хувийн ажлын гүйцэтгэлийн санхүүжилт авмагцаа ямар ч мэдээ өгөлгүй ажил хаяад явсан. Мөн ажил гүйцэтгэх гэрээний 48 000 000 төгрөгөөс гадна нэмэлтээр бохирын цооногийн ажил 2 000 000 төгрөгөөр хийлгэхээр харилцан тохиролцож нийт 50 000 000 төгрөгийн хэмжээнд ажил гүйцэтгэхээр тохиролцсон нь үнэн болно. Гэтэл Д.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажпыг45 хувьтайгаар хаяж явсан бөгөөд хийсэн ажилтайгаа тэнцэх хэмжээний ажлын хөлс болох 21 600 007 төгрөгийг авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдон ажилласан. Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасан заалтыг зөрчсөн. Аливаа барилгын төсвийг барилгын батлагдсан зураг болон гүйцэтгэлийн актад үндэслэн хийдэг ба хэрэг дээр ажилласан шинжээчид ямар бичиг баримтад тулгуурлан өмнөх шинжээчийн дүгнэлтийг гаргасныг тодорхой болгох шаардлагатай байна. Иймд хэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шийдвэрлэх, зохиогчдын бүтэн мэтгэлцэх эрхийг хангах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 11 519 462 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч “Х” ХХК /гүйцэтгэгч/ нь “Принцесс озеро” ХХК /захиалагч/-тай 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Өрхийн эрүүл мэндийн төв”-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх №02 тоот гэрээг байгуулж ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. /хх.105-108/

 

Хариуцагч “Х” ХХК /захиалагч/ нь нэхэмжлэгч Д.Б /гүйцэтгэгч/-той “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлыг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 48 000 000 төгрөгийн ажлын хөлсөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцжээ. /хх.5-8, 16-21/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан бөгөөд талууд ажлын хөлсийг 48 000 000 төгрөгөөр тогтоосон байна. Мөн барилга угсралтын ажлын явцад бохирын цооног барих нэмэлт ажил гарч, уг ажлыг 2 000 000 төгрөгт багтаан гүйцэтгэх талаар тохиролцсон асуудлаар зохигчдын хэн аль нь маргаагүй байна.

 

Зохигчид нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч нарыг шинжээчээр томилжээ. /хх.127-128/

 

Шинжээчийн дүгнэлтээр ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг нэг бүрчлэн тодорхойлж, ажлын хөлс /цалин/-ийг холбогдох зураг төсөл, гүйцэтгэлийн баримт материалыг үндэслэн Estimator Pro төсвийн программаар тооцоход нийт 29 820 000 төгрөгийн цалин /ИТА-ын цалин болон бусад ажиллах хүчний зардалд тооцогдох зардлыг тооцоогүй дүн/-гийн тооцоо гарч байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн. /хх.131-140/

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...нэхэмжлэгч барилгын ажлыг 45%-ийг хийгээд хаяад явсан” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбараа нотолсон, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримт гаргаагүй байна.

Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэгч Д.Бд 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 20 440 000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулга, зарлагын баримтуудаар тогтоогджээ. /хх.33-37,46, 61-63/

 

Шүүх нэхэмжлэгч Д.Бын бригадад Б.Отгонбаяр нь туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэрт бичигдсэн байдлаар тогтоогдсон, Б.Отгонбаярт Д.Бын бригадын ажлын хөлсний урьдчилгаа, махны үнэ гэж 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 40 000 төгрөг өгсөн баримтыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцсоныг буруутгах боломжгүй юм. /хх.23, 28-30, 35/

 

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн баримтуудыг харьцуулан үнэлж нэхэмжлэгч /гүйцэтгэгч/-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 29 820 000 төгрөгөөс түүнд шилжүүлсэн 20 440 000 төгрөгийг хасч үлдэгдэх 9 380 000 төгрөгийг хариуцагч /захиалагч/ төлөх үүрэгтэй байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалттай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Х” ХХК- тай байгуулсан “Туслан гүйцэтгэгчийн гэрээ”-ний дагуу үлдэгдэл  төлбөр 2 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч шүүх уг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.