Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2020/01145

 

 

 

 

 

 

         2020        05          01  

       181/ШШ2020/01145

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХХХК -д холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11.514.462 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мядагбадам /0389/, хариуцагчийн төлөөлөгч Н.Орхон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б миний бие ХХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 19/003 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байрлах Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил хийсэн.

Ажлын хөлс 48.000.000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд ажил хийх явцдаа бохирын цооногийн ажил 2.000.000 төгрөгөөр тохирч нэмж хийсэн. Нийт 50.000.000 төгрөгийн ажил хийсэн.

Бид 2 сард ажил амжихгүй гээд гэрээндээ өөрчлөлт оруулъя гээд 3 сар ажил хийгээд 6 дугаар сарын 20-нд дуусах ажил байна гэж хэлсэн. Бид ажилаа чанартай хийсэн. Бид ажлын хөлсөнд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 9.000.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 9.000.000 төгрөгийг тус тус авч, нийт 18.000.000 төгрөгийг авсан. Энэ мөнгөө ажилчиддаа цалинд нь өгсөн.

Бид 16 x 12.80 хэмжээтэй өрхийн эмнэлгийн барилгыг сууринаас нь эхлэж 2 давхрыг дуустал хийсэн. 1 дүгээр давхрын дотор өрлөг, шаврын ажлыг дуустал нь хийсэн. 50.000.000 төгрөгний ажлаас 25.000.000 төгрөгний ажил хийсэн боловч үлдэх 7.000.000 төгрөгөө авч чадаагүй.

Мөн энэ компанид өмнө 2013 онд хийж байсан ажлаас 2.500.000 төгрөг дутуу байгаа юм. Ингээд ажлын хөлс нийт 9.500.000 төгрөг болж байна. Өмнөх ажлын хөлс 2.500.000 төгрөгийг нэхэхээр өгнө гэдэг байсан. Сүүлдээ утсаа авахгүй болсон. Энэ компанийн ажил дээр шавар хийсэн Ганзориг гэж хүн биднээс ажлын хөлс 4.500.000 төгрөг нэхэмжилээд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд намайг хариуцагчаар татсан байна.

Хкомпаниас ажлын хөлсөө авъя гэхээр хийсэн ажил чинь 45 хувьд хүрсэн гэж хэлдэг. Бид 70 хувийн ажил хийсэн, цонх хаалга суулгаад хаяавч хийгээд дуусах гэж байгаа ажил юм.

Би ажилаа чанартай, бүрэн хийсэн, эд өөрсдөө хуучин материал ирүүлсэн учраас 1 см-ийн зөрүү гарч байсан учраас удаан хийсэн. Мөн хугацааны хувьд ажилчдын цалин өгөхгүй, нэмэгдэл шаврын мөнгө өгөхгүй , өг гэхэд зөвшөөрөхгүй байсан тул бид 2 тийшээгээ болсон.

ХХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл 7.000.000 төгрөг, Шилэн хийц дээр ажиллаж байсан ажлын хөлсний үлдэгдэл 2.500.000 төгрөг нийт 9.500.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа 2.019.462 төгрөгөөр нэмэгдүүлсэн тул нийт 11.519.462 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Хкомпани нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил дээр Д.Бтой туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус ажлыг эхлүүлсэн.

Гэрээ хийгдэх үед 20 хүнтэй ажиллаж, батлагдсан графикийн дагуу ажлыг гүйцэтгэж дуусгана гэсэн боловч гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд хүн хүчний нөөцгүй, ихэнхдээ 6 хүнтэй ажилласан, би удаа дараа албан шаардлага хүргүүлж байсан ч авч хэлэлцэлгүй ажлын батлагдсан графикийг 25 хоногийн хугацааны хоцрогдол үүсгэн, 45%-н ажлын гүйцэтгэлийн санхүүжилт авмагцаа ямарч мэдээ өгөлгүй ажил хаяад явсан.

Д.Бтой 48,000,000 төгрөгний ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, ажлын явцад нэмэлтээр бохирын цооногийн ажил 2.000.000 төгрөгөөр нэмж хийхээр тохирч нийт 50.000.000 төгрөгийн ажил хийхээр болсон нь үнэн.

Гэтэл Д.Б ажил хаяж, сураггүй явсан, тэр хүртэлээ хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл нь 45%-тай, ажлын хөлс нь 21,600,007 төгрөг болж байсан.

Гэвч 2 давхрын хэв хашмалын тулаас авах, хураах, 2 давхрын хэв хашмалыг хуулах, хураах, засвар шавардлага хийх зэрэг ажлуудыг дутуу орхиж, эдгээр ажлуудыг хийгээгүй ажил хаяж, алга болсон.

Энэхүү хийгдсэн ажлын хөлсөнд манайхаас хоолны мөнгө 416,0007 нэмж олгох ёстой байгаа. Ингээд нийт 22,016,0007 Д.Б авах ёстойгоос хугацаа хоцрогдол, манайхаас ажилласан ажиллагсадын цалин, алдсан багажны /молоток/ үнэ гэсэн нийт 1,975,000 төгрөгийг суутгаад Д.Б нь эцсийн дүнд нийт манайхаас 20,041,007 төгрөг авах ёстой байсан

Сүүлийн санхүүжилтээ авахдаа Д.Б нь суутгалаа түр байлгаж бай, дараа нь суутгуулая гэж хэлээд бүрэн суутгуулаагүй, 9,000,000 төгрөг авсан.

Ингээд нийтдээ Д.Б нь 20,540,000 төгрөг аваад, ажилаа хаяад алга болсон. Мөн Д.Б нь доороо гуравдагч этгээдээр гэрээт ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд тэрхүү гуравдагч этгээдийн ажлын хөлсийг өгөлгүй, манай компаниас ав гээд утсаа салгаад алга болсон.

Манай байгууллага нь Д.Бод өгөх ёстой ямарч тооцоо байхгүй, харин ч манайхаас 499,000 төгрөгийг илүү авсан. Мөн Д.Б нь гүйцэтгэж байсан барилгын 2 дугаар давхарын хэв хашмалыг салгаж, талбайгаа цэвэрлэж хүлээлгэж өгөөд, гэрээгээ цуцлах шаардлагатай байсан гэж үзэж байна.

Хүнээ нэм гэхээр өдрийн цалинд яваад байна, хүн олдохгүй байна гэдэг. Авсан санхүүжилтийг юунд зардаг нь сонин, ажиллаж байгаа хүмүүстээ цалин өгдөггүй. Хүн дутуу болохоор нь Компанийнхаа үндсэн ажилчидаас өгөхөөр цалинг нь багаар тохирдог, тохирсон цалингаа гүйцэд өгдөггүй, цалинд хэнд хэдийг өгсөн баримтгүй өөрийн ах дүү нараа л цалинжуулдаг байх.

Уг барилга 45%-даа ч бүрэн гүйцэд хүрээгүй, Барилга дуусахад шаардагдах ажиллууд 2 давхар өрлөг шавар (Бүтэн), 1 давхар өрлөг шавар (Хагас), Салхивчний шахтны өрлөг шавар, Гадна шавар, замаска, эмульс, Цонхны тавцан амалгаа, Хаалганууд суулгах, Довжоо бүрэн цутгагдаагүй, Хаяавч цугтаагүй, Гадна зам талбай, зогсоол явган хүний зам ногоон байгууламж дутуу, Пронтоны өрлөг шавар, Дээврийн ажил тэр чигээрээ дутуу, Ус зайлуулах систем тэр чигээрээ, Аваарын шат, Дотор засал бүтнээрээ дутуу хийгдсэн байсан

Мөн дээр нь тус бригадын хийсэн ажлын чанар муу ялангуяа өрлөг муугаас шаврын ажил хүндрэлтэй, шавар зарим газар зузаан орох, зарим газар орохгүй байх. Бетон цутгалт, хэв угсралт муугаас цүлхийлт, муруй хийгдсэн зүйлүүдийг молотокдох, засах хар замаск 2-3 үе татах нэмэлт ажлууд гарч байсан. Зарим өрлөгөнд шүд гаргаагүйгээс нэмэлт анкер суурьлуулах зэрэг ажлууд гарсан.

Өмнө нь хийгдсэн ажил буюу Шилэн Хийц ХХК-ийн үйлдвэрийн барилгын ажил дээр мөн л 2 ажил дээр зэрэг хүмүүс ажилуулан, хүн хүч дутмаг байдлаас болж хугацаа сунжирсан, шалны ажлыг чанар муу хийсэн цементын орцыг багадуулсанаас шалыг хуулж аван дахин хийхэд зөвхөн ажлын хөлс нь 2,000,000 төгрөг болж байсан. Иймд бид Д.Бод төлөх ямар ч өргүй юм.

Уг нэмэгдүүлсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа ба зөвхөн шинжээчийн гаргасан төсвийн дүнг харан, зөрүүг нэхэмжилсэн байна. Үндсэндээ хийсвэрээр гаргасан тоо гэхэд хилсдэхгүй.

Учир нь шинжээч нарийн тооцоолол хийгээгүй, би өөрийн төсөвчинөөр төсөл гаргуулсан. Б шинжээчийн дүгнэлтийг харж байгаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь буруу юм. Б хэнд ч хэлэлгүйгээр гэнэт сэмхэн зугтчихаад хэлсэн гэж болохгүй, түүний хийсэн цүлхийлтийг би хэдэн өдөр цохиж байж тэгшилсэн. Би хийсэн ажилд нь тохирсон хөлс өгсөн. Сүүлд шинжээч дүгнэлт гаргасан гээд нэхэмжлэлийн шаардалгаа нэмж байгааг ойлгохгүй байна, хэнд ч хэлэлгүйгээр ажилаа хаяж явчихаад хэлсэн гэж байгаа нь буруу юмаа.

Иргэн Д.Б нь ажлыг гэрээний дагуу хугацаанд нь бүрэн гүйцэт дуусгаагүй, амалсан хүн хүчээ бүрэн байлгалгүй хугацаа алдаж, чанаргүй хийсан бөгөөд өөрийн бригадад буй ажилчид болон манай байгууллагын хооронд мөнгө завшин, ажил хаяж явсан байдлыг харгалзан үзэж бидний хооронд хийгдсэн гэрээ болон хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.

Манай ХХХКомпани 26 жил үйл ажиллагаа явуулан ажиллахдаа аливаа залилан, хууран мэхлэх, цалинг олгохгүй болон хойшлуулах үйл явдал гаргаж байсан удаагүй.

Харин иргэн Д. Бын ажилчид 2 дахь удаагаа биднээс цалингаа нэхэн төвөгтэй асуудал үүсгэж байна. Энэ ажилаас өмнө тэр Шилэн хийц дээр ажиллаж байсан үеийн хөлснөөс аваагүй үлдсэн гэж юу яриад байгаа юм. Энэ ажилд ямар ч хамааралгүй юм.

Сүүлийн жилүүдэд мэргэшил дульмаг бригадууд хүн хүч зохион байгуулна гээд түүндээ хүрдэггүй, тэгээд ерөнхий гүйцэтгэгчийг санхүүжилт өгөөгүй хэмээн гүтгэн, авсан санхүүжилтийнхээ ихэнхийг авч, яг өөрийн гараар ажил хийсэн ажилчдыг хохироон залилан асуудал үүсгэх болсон. Мөн Д.Б нь манай ажлын багаж болох молотокийг алга болгож, хохирол учруулсан. Иймд Д.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч ХХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 11.519.462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч ХХХК /гүйцэтгэгч/ нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Принцесс озеро ХХК /захиалагч/-тай Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцон №02 дугаартай гэрээг байгуулжээ. /хх-ийн 102-106-р хуудас/

Дээрх гэрээгээр тохиролцсон үүргээ хэрэгжүүлэхийн тулд Д.Быг туслан гүйцэтгэгчээр ажиллуулах зорилгоор:

Хариуцагч ХХХК /захиалагч/ нь нэхэмжлэгч Д.Б /гүйцэтгэгч/-той Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлыг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 48.000.000 төгрөгийн ажлын хөлсөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон болох нь талуудын хооронд 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 5-8, 16-21-р хуудас/

1.Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч Д.Б нь Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлыг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 48.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон байх тул нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ Д.Б, хариуцагч /захиалагч/ ХХХК нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талууд дээрх нөхцөлүүдийн талаар болон уг барилгын угсралтын ажлын явцад бохирын цооног барих нэмэлт ажил гарч, уг ажлыг 2.000.000 төгрөгт багтаан гүйцэтгэсэн талаар маргадаггүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байрлах Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч ХХХК нь гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 16-21-р хуудас/

Гүйцэтгэгч нь дээрх гэрээний дагуу 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байрлах Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байхад захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлсийг бүрэн төлөөгүй гэж маргаж байна.

Тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1892 дугаартай захирамжаар томилогдсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын зураг төсөл, угсралт, ашиглалт, төсөвт өртөг, үнэ бүрдэлт хариуцсан улсын ахлах байцаагч Г.Оюунтунгалаг, барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Ганбаатар нарын гаргасан Шинжээчийн дүгнэлтэд:

Д.Бын бригад дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.Үүнд:

1. Барилгын суурийн ажлууд /газар шорооны бэлтгэл ажил, хэв хашмал угсрах, арматур зангидах, шугаман суурь цутгах, ус тусгаарлагч битум түрхлэгийг 2 үе хийх/ бүрэн хийгдсэн

2.Барилгын 1, 2 дугаар давхрын хучилтын /арматур зангидах, хэв хашмал угсрах, бетон цутгах/ ажлууд төмөр бетон бүс, зүрхэвч усрах ажлууд

3.Барилгын гадна ханын өрлөгийн /36 см-ын тоосгон өрлөг, хөөсөнцөр дулаалга, 12 см-ын тоосгон өрлөг/ ажлууд

4. Барилгын 1 дүгээр давхрын хамар ханын 12 см-ын тоосгон өрлөгийн ажил,

5.Барилгын 1, 2 дугаар давхарт даацын 38 см-ын тоосгон ханыг нийт 6 байрлалд өрсөн.

6. Барилгын 1 дүгээр давхрын ханыг/ зуурмаг бэлтгэх, шавардлага/ шавардах

7. 1,2 дугаар давхарт цонхны нийт 7 ялууг цутгаж, бусад нийт 103 ялууг угсарч суурилуулсан.

Дээрх хийж гүйцэтгэсэн ажлуудын ажлын хөлс /цалин/-ийг холбогдох зураг төсөл, гүйцэтгэлийн баримт материалыг үндэслэн Estimator Pro төсвийн программар тооцоход нийт 29,82 сая төгрөгийн цалин /ИТА-ын цалин болон бусад ажиллах хүчний зардалд тооцогдох зардлыг тооцоогүй дүн/-гийн тооцоо гарч байна гэжээ. /хх-ийн 78-92, 124-135-р хуудас/

Мөн хариуцагч ХХХК /захиалагч/ нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн

351.1.1.-т гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх,

351.1.2.-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй.

Иймд хариуцагч ХХХК нь нэхэмжлэгч Д.Бод ажлын хөлсний үлдэгдэл төлөх үүрэгтэй.

Хариуцагч ХХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 100.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 60.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 40.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 100.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 9.000.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 550.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 80.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 50.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 60.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 9.000.000 төгрөгийг Д.Бын дансаар болон кассын зарлагын баримтаар тус тус шилжүүлэн нийт ажлын хөлсөнд 20.440.000 төгрөгийг нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ Д.Бод төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 33-37,46, 61-63-р хуудас/

Нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ Д.Бын бригадад Б.Отгонбаяр нь туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэрт бичигдсэн байдлаар тогтоогдож байх тул 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 40.000 төгрөгийг Б.Отгонбаярт “Бын бригадын ажлын хөлсний урьдчилгаа, махны үнэ” гэж өгсөн баримтыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцсон болно. /хх-ийн 23, 28-30, 35-р хуудас/

Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нэхэмжлэгч /гүйцэтгэгч/-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 29.820.000 төгрөгнөөс түүнд шилжүүлсэн 20.440.000 төгрөгийг хасахад үлдэгдэл 9.380.000 төгрөгийг хариуцагч /захиалагч/ төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч ХХХК нь нэхэмжлэгч Д.Быг ажлаа орхиж явсан, гүйцэтгэсэн ажилаа хүлээлгэн өгөөгүй, 45%-ийн ажлын гүйцэтгэлийн санхүүжилт авсан, гуравдагч этгээдээр гэрээт ажлыг гүйцэтгүүлсэн, манай ажлын багаж болох 1.975.000 төгрөгийн үнэтэй молотокийг алга болгож, хохирол учруулсан гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 25.1.3., 26 дугаар зүйлийн 26.2., 38 дугаар зүйлийн 38.1.,38.6.-д заасны дагуу тайлбараа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ гүйцэтгээгүй бөгөөд Иргэний хуулийн 351.2.-т зааснаар хариуцагч ХХХК гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцдог болно.

2. ХХХК нь Шилэн хийц ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж гүйцэтгэгчээр ажиллаж, Д.Бтой Туслан гүйцэтгэгчийн гэрээг 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан байна. /хх-ийн 107,108, 109-р хуудас/

Нэхэмжлэгч Д.Б нь дээрх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ХХХК- тай байгуулсан Туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байсан тухай буюу хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.

Дээрх бүхнээс дүгнэхэд хариуцагч ХХХК-иас 9.380.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бод олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.139.462 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Д.Бын нэхэмжлэлтэй ХХХК-д холбогдох хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчдийн ажлын хөлс /шинжээч Л.Ганбаатарт 67514 төгрөг, шинжээч Г.Оюунтунгалагт 159942 төгрөг/ нийт 227.456 төгрөг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шинжээчийн ажлын хөлсийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т заасны дагуу хуваарилах нь зүйтэй. /хх-ийн 137,138-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч ХХХК-иас 9.380.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.139.462 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214.212 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 165.030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шшүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т заасныг баримтлан шинжээчийн зардалд хариуцагчаас 181965 төгрөгийг, нэхэмжлэгчээс 45.491 төгрөгийг тус тус гаргуулан, шинжээч Л.Ганбаатарт 67514 төгрөгийг, шинжээч Г.Оюунтунгалагт 159942 төгрөгийг тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО