Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01510

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01926 дугаар шийдвэртэй

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “СЭЗИС” НҮТББ -д холбогдох 114 360 730 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “СЭЗИС” НҮТББ-ын өмгөөллийн хөлсөнд төлсөн зардалд 15 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Номин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн захирал Ж.Туяа руу 2016 оны 10 дугаар сард Санхүү эдийн засгийн их сургуулийн захирал, ректор Д.Батжаргал 99118297 утсаар холбогдон ажлын санал байна гэж хэлсний дагуу би маргааш нь тус сургууль дээр очиж, түүнтэй уулзахад захирал Д.Батжаргал Манай сургууль нь одоо байгаа дотуур байрны баруун талын газрыг дууддага худалдаагаар худалдан авч сургуулийн эзэмшлийнх болгож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулж гадаад оюутны байр барихаар сургуулийн удирдлага төлөвлөж, шийдсэн тул танай компаниар бариулах хүсэлттэй байна хэмээн санал тавьж манай компани уг саналыг хүлээн авсан ба тэрээр Газар эзэмших гэрчилгээг яаралтай гаргуулаад танай компанид мэдэгдэнэ, тэр үед танай компаний зүгээс холбогдох бүх бичиг баримтыг бүрдүүлж, хөөцөлдөх хэрэгтэй байна гэсэн. Би зөвшөөрч саналыг хүлээн авсан болно. Удалгүй газрын гэрчилгээ гарч, манай компани бичиг баримт хөөцөлдөх ажлаа эхлүүлсэн ба Санхүү Эдийн засгийн Их сургуулийн зүгээс шаардлагатай бүх бичиг баримтыг нотариатаар баталгаажуулж бидэнд өгч байсан болно. Газрын гэрчилгээ, байгууллагын гэрчилгээ, хүсэлт зэрэг баримтуудыг хавсарган барилгын дэвсгэр зургийг хийлгэсэн, үүний дараа загвар зураг буюу эскиз зургийг зургийн байгууллагаар хийлгэсэн. Бид зургаа ярилцаж тохироод шийдэлд хүрсний дараа зургийн байгууллага нь эскиз зургийг боловсруулж, дахин Д.Батжаргал захиралд танилцуулсан. Үүний дараа дахин газрын гэрчилгээ, байгууллагын гэрчилгээ, Санхүү Эдийн засгийн Их сургуулиас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд хандсан албан бичгийг хавсарган баримтууд бүрдүүлж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд хандсан. 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №МЗХ2017/05-09 Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсныг Нийслэлийн Хангарьд ордны 9 давхараас очиж авсан. Одоо байгаа хуучин дотуур байраа буулгаад дээр нь шинэ дотуур байр барь гэсэн шаардлагыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тавьж байсан бөгөөд энэ талаар цаг тухай бүрт нь Д.Батжаргал захиралд мэдэгдэж байсан ба Санхүү Эдийн засгийн Их сургуулийн зүгээс буулгах боломжгүй гэсэн албан бичгийг удаа дараа явуулж байсан болно. А даалгавар гарсан даруйд Д.Батжаргал захиралд мэдэгдсэн. Үүний дараа гэрээ байгуулах ажил эхэлсэн ба манай компаний зүгээс Ажил гүйцэтгэх гэрээ-ний төсөл боловсруулаад, Д.Батжаргал захиралд танилцуулахад захирал ажил гүйцэтгэх гэрээ хийхгүй, Концессын гэрээ хийнэ, учир нь 3 талт гэрээ байна, танай компаний зүгээс 33,3 хувь, “СЭЗИС” НҮТББ 33,3 хувь, бусад хөрөнгө оруулагч 33,3 хувь гэхдээ бусад хөрөнгө оруулалтын 33,3 хувийг “СЭЗИС” НҮТББ хариуцна, гаднаас хөрөнгө оруулалт оруулна гэсэн. Талууд хоорондоо ярилцан тохироод 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Санхүү Эдийн засгийн Их сургуулийн захирал Д.Батжаргалын өрөөнд бид Концессын гэрээг байгуулсан. Концессын гэрээ байгуулсны дараа манай компаний зүгээс хөрөнгө босгох шаардлагатай болсон ба Барилгын ажлын зургийг “Apт капитал” ХХК-иар хийлгэхээр болж, 73 000 000 төгрөгийн гэрээг манай компани хийж, урьдчилгаа 25 000 000 төгрөгийг шилжүүлж зургийн ажлыг эхлүүлсэн. Барилгын зураг хийж байх хооронд хөрөнгө босгох зорилгоор компаний гүйцэтгэх захирал Ю.Номингийн эзэмшлийн, түүний амьдарч байсан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 116 тоот, 4 өрөө орон сууцыг 110 000 000 төгрөгөөр зарж, хөрөнгө босгосон. Дундын санхүүжилт болгож ахин 30 000 000 төгрөгийг өгсөн байдаг. Үүний дараа 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Soiltrade LLC инженер геологи судалгааг 2 200 000 төгрөгөөр хийлгүүлсэн. Мөн шаардлагатай холбогдох бичиг баримтуудыг тухай бүр Санхүү Эдийн засгийн Их сургуулиас гаргуулан авч байсан. Манай компани нь зураг хүлээж байх хооронд барилгын ажиллагаанд холбогдох 4 техникийн нөхцөл Үүнд: Ус сувгийн техникийн нөхцөл, Холбооны нөхцөл, Дулааны техникийн нөхцөл, Цахилгааны техникийн нөхцлийг тус тус хөөцөлдөж авсан. Ингээд зураг бэлэн болж, Ерөнхий төлөвлөгөөгөөр дахин батлуулах ажил эхэлсэн. Ерөнхий төлөвлөгөөгөөр батлуулахад шаардлагатай бичиг баримтуудыг нотариатаар батлуулж Санхүү Эдийн засгийн Их сургуулиас гаргуулж авч байсан. Ерөнхий төлөвлөгөөний газраас Архитектур төлөвлөлтийн даалаврынхаа дагуу хашаагаа стандартын дагуу бариад модоо шилжүүл гэсний дагуу Хот тохижилтын газарт Санхүү Эдийн засгийн Их сургуулийн зүгээс хүсэлт, албан бичиг гаргуулж, мод шилжүүлэгийн төлбөр гэж манай компаниас 7 871 260 төгрөгийг шилжүүлснээр, Хот тохижилтын газраас газар дээр нь байсан модыг шилжүүлж өгсөн. Мөн бид хашааны материал гэж 9 800 000 төгрөгөөр төмөр хийц худалдан авч хашааг бариж босгосон байгаа. Уг хашаа одоо ч “СЭЗИС” НҮТББ-д байгаа. Ус сувгийн газраас манай компанид барилга барих газар доогуур байгаа бохир усны худаг шилжүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэний үндсэн дээр барилга барих талбайн газар доогуур байгаа бохирын хоолойг шилжүүлэх ажил эхэлсэн, энэ зардал нь 19 500 000 төгрөг болсон, төлбөрийг манай компани төлсөн. Бид ажил эхлүүлээд явж байтал Санхүү Эдийн засгийн Их сургуулийн оюутны дотуур байрны залгаа барилга болох “Оюуны ундраа” гэдэг байгууллага нийтийн эзэмшил газар барилга барих гэж байна гэх гомдол гаргасан байсан. Ажил хүлээгдэж байх хүгацаанд Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраар зураг хянуулсан зардал нь 200 000 төгрөг төлсөн. Бэлэн болсон зургаа Барилга хөгжлийн төвийн магадлалаар оруулсан зардал 1 469 470 төгрөг, мөн барилгын тэг тэнхлэг татуулах зардал 320 000 төгрөгийг тус тус манай компани төлсөн. Энэ хугацаанд Санхүү Эдийн засгийн Их сургуулийн зүгээс 1 төгрөгийн зардал гаргаагүй, бүх л зардлыг манай компани гаргаж байсан. Манай компани уг сургуулийн зугээс санал болгосон Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барилга барихтай холбогдсон бичиг баримтууд болон бусад шаардлагатай бүхий ажлуудыг хийж гүйцэтгэхтэй холбоотойгоор компаний зүгээс нийт 125 900 730 төгрөгийн зардал гарч, маш их хохирсон. Гэрээний нэг тал болох Санхүү Эдийн засгийн Их сургуулийн буруутай үйл ажиллагаанаас болж манай компаний санхүүгийн болон хэвийн үйл ажиллагаа 3 жил зогсож, доголдон, маш их эрсдэл, өр төлбөр үүсч, хохирч байна. Иймд 125 900 730 төгрөгийг Санхүү Эдийн засгийн Их сургуулиас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд баримтын хүрээнд 114 360 730 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч “СЭЗИС” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амартүвшин, өмгөөлөгч Б.Билгүүн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СЭЗИС” НҮТББ нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Оюутны байр”-ны зориулалтаар 2.221 мкв газрыг эзэмшдэг билээ. Дээрх газар дээр гадаад оюутны дотуур байр барихаар төлөвлөж, улмаар “М” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр УБ-2017/07/20 дугаартай Барих-Шилжүүлэх Концессын гэх нэртэй гэрээг 3 /гурав/ жилийн хугацаатайгаар байгуулсан. Санхүү эдийн засгийн их сургуулийн эзэмшлийн дээрх 2221 м.кв газар дээрх барих оюутны байрны “Барилгажих талбай нь хөрш байгууллага болох “Оюуны ундраа групп” ХК-тай газрын маргаантай асуудлаар болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн МЗХ2017/05-09 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын 8 дугаар зүйлийн Архитектор төлөвлөлтийн шаардлагад одоо байгаа хуучин оюутны байрыг аюулгүй байдлыг ханган буулгаж, барилгажих талбайн хэмжээнд хийц эдлэлийн хэвийн байдал болон холбогдох норм, дүрэм, стандартуудыг хангуулан төлөвлөлт хийх” гэсэн шаардлага тавьсан боловч манай сургуулийн зүгээс хуучин дотуур байрыг эхэлж буулгах боломжгүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил зогсонги байдалтай байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6-д Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 4 846 931 875 төгрөг, концесс эзэмшигч “М” ХХК нь нийт төслийн хөрөнгө оруулалтын нийт үнийн дүнгийн 33,3 хувьтай тэнцэх санхүүжилтыг гаргах 1 615 643 958 төгрөг бөгөөд барилга эхлэхтэй холбоотой гаргасан бүхий л зардлууд дээрх санхүүжилтэд багтах болно, 1.13-т Оюутны дотуур байрны барилга байгууламжийг концесс эзэмшигч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр концессын зүйлийг барьж дуусган, хүлээлгэн өгч, оруулсан санхүүжилтээ концессын зүйлийг ашиглалтанд хүлээлгэн өгснөөс хойш 1,5 жилийн хугацаанд Санхүү Эдийн засгийн Их сургуулиас хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлүүлэх, 3.1-д Концесс эзэмшигч концессын зүйлийн зураг төслийг боловсруулах, барьж байгуулах болон баталгаат хугацаан дахь чанараас хамаарсан эвдрэл гэмтлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ, 3.2-т Концесс эзэмшигч нь зураг төслийг боловсруулж Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагаар магадлуулах бөгөөд техникийн хяналтыг мэргэжлийн байгууллага хэрэгжүүлнэ хэмээн тус тус заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу дуусгавар болоогүй, гэрээнд зааснаар гэрээ цуцлагдаагүй болно. Иймд “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэлд дурдсанаар Санхүү эдийн засгийн их сүргуулийн буруутай үйл ажиллагаанаас эдгээр хохирлууд үүссэн гэх боловч хариуцагч гэрээний аль үүргийг хэрхэн зөрчсөн гэж үзэж буй нь ойлгомжгүй зэргээр хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. “СЭЗИС” НҮТББ нь БНСУ, БНХАУ, АНУ, Тайван, Их Британи, ОХУ зэрэг гадаад орны их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд гадаад багш, оюутнуудыг тав тухтай, аюулгүй, эрүүл орчинд амьдрах орон байраар хангах үүрэгтэй байдаг бөгөөд одоо байгаа 260 оюутан байрлах тус сургуулийн дотуур байр нь хүчин чадлын хувьд хүрэлцэхгүй байсан тул өөрийн эзэмшлийн газар дээр одоо байгаа оюутны дотуур байрны хажууд 7 давхар оюутны байрны өргөтгөлийг барихаар төлөвлөсөн. Гэрээний агуулгын хувьд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч “М” ХХК өөрийн материалаар гэрээнд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэн өгч, захиалагч Санхүү Эдийн засгийн Их сургуулиас хэлэлцэн тохирсон хөлсийг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар “Төслийн санхүүжилтийн гэрээ гэж концесс эзэмшигч Модерн өргөө” ХХК нь хөрөнгө оруулагч, зээл олгогчтой төсөлд оруулах хөрөнгө оруулалт болон эргэн төлөлтийн нөхцлийн талаар хамтран ажиллахаар тохиролцож байгуулсан гэрээ хэмээн зааснаар гүйцэтгэгч “М” ХХК барилгын 33.3 хувийн санхүүжилтийг гаргах санхүүгийн нөөц бололцоотой талаарх баримт буюу төслийн санхүүжилтийн гэрээг гэрээ байгуулагдсанаас хойш нэг сарын дотор байгуулж гэрээний урьдчилсан нөхцөлийг биелүүлснээ нотлон “СЭЗИС” НҮТББд тайлан ирүүлж, Санхүү Эдийн засгийн Их сургуулийн зүгээс урьдчилсан нөхцөлийг биелүүлснийг хүлээн зөвшөөрснөөр гэрээг хүчин төгөлдөр болохоор зохицуулсан. Төслийн нийт хөрөнгө оруулалтыг хянахтай холбоотой гэрээнд зааснаар Төслийн барилга угсралтын болон шаардлагатай бусад зардлын санхүүжилтийг барилгын ажлын хуваарийн дагуу Монгол Улсын аль нэг арилжааны банкин дахь концесс эзэмшигч “М” XXK-ийн дансанд байршуулж төслийн зориулалтын дагуу зарцуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч М” ХХК нь Санхүү Эдийн засгийн Их сургуулийн албан ёсны бичгэн зөвшөөрлийг авалгүйгээр ажлыг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд гэрээнд зааснаар арилжааны банкин дахь “М” ХХК-ийн дансанд байршуулсан хөрөнгө оруулалтын мөнгөн хөрөнгөөс төслийн зориулалтын дагуу зарцуулах заалтыг зөрчиж хаанаас ямар зардлаар хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй бэлэн мөнгөний баримтуудыг үйлдэж, зардал гаргасан хэмээн тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна. “М” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдер Арт капитал ХХК-тай 04/17 дугаар “Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж барилгын зураг төслийг боловсруулах ажлыг нийт 73 000 000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн хэмээн маргаж ажлын хөлсийг шаардаж байна. Гэтэл уг гүйцэтгүүлсэн гэх барилгын зураг төслийг гүйцэтгэгч “М” ХХК өнөөдрийг хүртэл “СЭЗИС” НҮТББ-д албан ёсоор танилцуулж, хүлээлгэн өгөөгүй. Сургуулийн зүгээс тухайн барилгын ажлын зураг төсөлтэй танилцаагүй, түүнчлэн захиалагчийн шаардлагад нийцээгүй, хүлээн авах боломжгүй хэмээн үзэж байна. Тодруулбал, Сургууль нь өөрийн эзэмшлийн 2.221 м.кв талбай бүхий газар дээр одоо байгаа оюутны дотуур байрны хажууд 7 давхар оюутны байрны өргөтгөлийг барихаар төлөвлөсөн байсан. Гэвч тийм төсөв хөрөнгийн боломжгүйгээс гадна дотоод оюутнуудаа байрлуулах өөр оюутны байргүй тул дээрх байдлаар хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн. Гэтэл гүйцэтгэгч “Модерн өргөө” ХХК нь хуучин оюутны байрыг буулгах” шаардлага бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулсан нь захиалагчийн ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Гүйцэтгэгчийн зүгээс оюутны байрыг буулгахгүй байдлаар холбогдох норм, дүрэм, стандартуудыг хангуулан төлөвлөлт хийж ажлын зургийг хийлгэнэ хэмээн хэлдэг байсан, зуpaг төсөл боловсруулах гэрээндээ ч “өргөтгөлийн барилгын зураг төсөл” хэмээн тусгасан боловч Барилгын иж бүрэн зургийг оюутны дотуур байрыг буулгах байдлаар хийлгэсэн байна. Иймд захиалагчийн шаардлагад үл нийцэх, хүсэл зоригийн эсрэг ажлыг хүлээн авах боломжгүй. Үүнээс гадна, хүлээлгэн өгөх гэдэгт ажлын үр дүн захиалагч ямар нэгэн саадгүйгээр хэрэглэх, ашиглах боломжийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Гэтэл тухайн барилгын зураг төслийг СЭЗИС нь хүлээн авч, тухайн зургийн дагуу барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй юм. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар Захиалагчийн гомдлын шаардлага гаргах хугацааг тодорхойлсон боловч гүйцэтгэгч компани хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар барилгын зураг төсөлтэй холбоотой гүйцэтгэсэн ажлыг албан ёсоор xүлээлгэж өгөөгүй тул гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаа тоологдохгүй бөгөөд ажлын хөлсийг төлөхийг шаардах эрх үүсэхгүй юм. “Модерн өргөө ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн огноо бүхий 10/4 дугаартай гэрээг цуцалсан агуулга бүхий албан бичгийг СЭЗИС-д 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн. Тус албан бичигт дурьдсанаар СЭЗИС нь гэрээний аль заалтыг хэрхэн зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байхаас гадна захиалагчийн зүгээс гэрээнд заасан үүргээ зөрчсөн зүйл байхгүй тул гүйцэтгэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг цуцалсан гэж үзнэ. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасан зохицуулалтаар гүйцэтгэгч хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал үүссэн бөгөөд ажил гүйцэтгэгчийн гэм буруу байхгүй бол гэрээг цуцлах боломжтой боловч захиалагч нь гэрээ цуцлагдах хүртэл гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авахыг хүсвэл ажил гүйцэтгэгч нь тохирох хөлс төлөхийг шаардах эрхтэй байна. Эсрэгээр, гэрээг цуцлах хүртэл гүйцэтгэгдсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй бол ажил гүйцэтгэгчид хөлс төлөхийг шаардах эрх үүсэхгүй. Иймд гэрээг байгуулах үед ажил гүйцэтгэгч ямар үр дүнг бий болгох ёстой талаар гэрээндээ харилцан тохиролцсоны дагуу ажлын үр дүнг бий болгохоос гадна түүнийг ямар нэгэн доголдолгүйгээр хүлээлгэн өгөх шаардлагатай. Энэ нь ажил гүйцэтгэгчийн зайлшгүй биелүүлэх үүрэг бөгөөд тухайн ажил хэлэлцэн тохиролцсоноос өөр, гэрээнд нийцэхгүй тохиолдолд захиалагч түүнийг хүлээн авахаас татгалзах эрхтэй болохыг шүүх анхаарч үзнэ үү гэв.

Хариуцагч “СЭЗИС” НҮТББ-ын Б.Билгүүн, С.Амартүвшин нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “СЭЗИС” НҮТББ нь “М” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Барих-шилжүүлэх концессын гэрээ'' гэж нэрлэгдсэн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 20-ны дотор дахин нэмэлт тодотгол хийх тохиролцоотой байгуулсан. Эрх бүхий этгээд СЭЗИС-ийн талаас үлдсэн 33,3%+33,3%-тай тэнцэх санхүүжилт болох 3 231 287 916 төгрөгийн санхүүжилтийг бүрэн хариуцах бөгөөд хэрэв гэнэтийн шалтгаанаас үүдэн санхүүжилт гацсан тохиолдолд СЭЗИС”-нь нэмэлт урсгал санхүүжилтийг хийх болно” гэж заасан. “М” ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюутны байрны зориулалтаар олгосон СЭЗИС-ийн эзэмших 2221 м.кв газарт Архитектур төлөвлөлтийн даалгаврын “Талбайн ерөнхий төлөвлөгөө, тохижилтод тавигдах шаардлага” хэсгийн зөвшөөрөлгүй хашаа барихгүй байх хэсэг, хашаа хайс барих тохиолдолд Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам-ыг зөрчиж Санхүү эдийн засгийн их сургуулиас зөвшөөрөл авалгүй манай эдэлбэр газраас хэтрүүлэн барилгын түр хашааг барьсан байдаг. Улмаар “Оюуны ундраа групп” ХХК, “Монголын Санхүүгийн групп ББСБ-аас 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний зүүн урд талын автомашины зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж түүний хашаа хашлага, гэрлийн шон зэрэг нийтийн эзэмшлийн үнэ бүхий эд зүйлсийг эвдэн сүйтгэсэн ... энэхүү газарт барилга барих зөвшөөрөл олгохгүй байх, хэрэв олгосон байгаа бол энэ талаар үндэслэлээ мэдэгдэх, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох, үндэслэлгүй барьсан хашаа хашлагыг буулгах гэх гомдлыг гаргасан. Ийнхүү “Оюуны ундраа групп” ХХК-ийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Газрын тухай хуулийг зөрчин СЭЗИС-д Оюутны дотуур байрны зориулалтаар 2221 мкв газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаснаар шүүхийн удаан хугацааны маргаан эхэлж 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилсэн. Санхүү эдийн засгийн их сургуулийн зүгээс “М” ХХК-ийн зөвшөөрөлгүй хаалт хашаа барьсны улмаас газар эзэмших эрхээ хүртэл хүчингүй болгуулах ноцтой үр дагаварт хүрсэн тул өөрийн хууль ёсны дагуу эзэмших газрыг хамгаалуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хадгалахаар Өмгөөллийн “Легал полиси” ХХН-тай гэрээ байгуулж эрх зүйн туслалцаа аван С.Эрдэнэсувд өмгөөлөгчийг “Оюуны Ундраа групп ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Харилцан тохиролцох гэрээ байгуулан маргаан шийдвэрлэгдтэл буюу нэг жил гурван сарын хугацаанд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг төлөөлүүлэн ажиллуулж өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд 15 000 000 төгрөгийн зардал гаргасан. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу “СЭЗИС” НҮТББд учирсан хохирол болох Өмгөөллийн үйлчилгээний хөлс 15 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Номин сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлтэй шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан. Үндсэн нэхэмжлэл нь “СЭЗИС” НҮТББ болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан Концессын гэх гэрээний үүрэгтэй холбоотой маргаан юм, гэтэл сөрөг нэхэмжлэл нь “СЭЗИС” НҮТББ болон Гуравдагч этгээд нарын хооронд үүссэн маргаантай холбоотой хохирлын мөнгөн төлбөрийг нэхэмжилсэн нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан хамааралгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 335.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “СЭЗИС” НҮТББ НҮТББ-аас 111 790 730 /нэг зуун арван нэгэн сая долоон зуун ерэн мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2 570 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “СЭЗИС” НҮТББ НҮТББ-ын нэхэмжлэгч “М” ХХК-д холбогдуулан гаргасан учирсан хохирол болох өмгөөллийн үйлчилгээний хөлс 15 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 787 460 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 232 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “СЭЗИС” НҮТББ НҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 716 904 /долоон зуун арван зургаан мянга есөн зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож  шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Талуудын хэн аль нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр бичгээр гэрээг байгуулж, гэрээний гол нөхцөлүүдийг тохирсон талаар маргадаггүй. Гэтэл шүүх үндэслэлгүйгээр 2016 оны 10 дугаар сард амар хэлбэрээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гүйцэтгэгч ажлуудыг гүйцэтгэж байсан хэмээн үндэслэлгүйгээр дүгнэсэн гэж үзэж байна. Захиалагч Санхүү эдийн засгийн их сургуулиас өөрийн эзэмшлийн газар дээр оюутны дотуур байрны өргөтгөлийн барилга барих 4 846 931 875 төгрөгийн төслийг танилцуулж, 3 жилийн хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой гол нөхцөлүүдийг тохирч УБ-2017/0720 дугаартай гэрээг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор байгуулсан боловч уг гэрээний хөрөнгө оруулалт буюу санхүүжилт, эргэн төлөгдөх хуваарь, санхүүжилтийг хянахтай холбоотой гол нөхцөлүүд зөрчигдсөн нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй байна. Түүнчлэн “Модерн өргөө” ХХК нь барилгын зураг төслийг боловсруулах ажлыг нийт 73 000 000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн хэмээн маргаж ажлын хөлсийг шаардаж байгааг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байсныг шүүх огт дүгнээгүй.  СЭЗИС нь одоо байгаа оюутны дотуур байрны хажууд өргөтгөлийн 7 давхар оюутны байрыг барихаар төлөвлөсөн байсан. Уг ажлын даалгаврыг гүйцэтгэгчид хангалттай, тодорхой илэрхийлж байсан болохыг нэхэмжлэгч өөрийн тайлбараар хүлээн зөвшөөрдөг. Гэтэл гүйцэтгэгч “Модерн өргөө” ХХК нь хуучин оюутны байрыг буулгах шаардлага бүхий Архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулсан нь захиалагчийн хүсэл зоригтой бүрэн нийцээгүй. Гүйцэтгэгчийн зүгээс оюутны байрыг буулгахгүй байдлаар холбогдох норм, дүрэм, стандартуудыг хангуулан төлөвлөлт хийж ажлын зургийг хийлгэнэ хэмээн хэлдэг байснаа шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрдөг Гэтэл нэхэмжилж буй 73 000 000 төгрөгийн үнэ бүхий ажлын зураг нь Санхүү эдийн засгийн их сургуулийн одоо байгаа оюутны дотуур байрыг буулгаж барихаар төлөвлөсөн байсан. Иймд захиалагчийн шаардлагад үл нийцэх, хүсэл зоригийн хүлээн авах боломжгүй нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийсэнгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.13-т “Оюутны дотуур байрны барилга байгууламжийг Концесс эзэмшигч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр концессын зүйлийг барьж дуусган, холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгч, оруулсан санхүүжилтээ концессын зүйлийг ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш 1.5 жилийн хугацаанд санхүү эдийн засгийн их сургуулиас хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлүүлэх” хэмээн заасан бөгөөд уг хугацаанаас өмнө ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг заагаагүй. Нөгөөтээгүүр, гүйцэтгэгч “Модерн өргөө” ХХК нь ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанаас өмнө хүлээлгэн өгөх, улмаар хугацаа тогтоосон албан бичгийг захиалагчид ирүүлээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрээгээ цуцалж, 125 900 730 төгрөг шаардсаныг гүйцэтгэгч компани ажлын үр дүнг хүлээлгэн өгөх гэсэн боловч захиалагч хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлгүй, шүүх зөвхөн нэг талын тайлбарыг үндэслэж, дүгнэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажлыг хүлээлгэн өгөх гэдэгт ажил гүйцэтгэгч өөрийн материалаар хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхийг ойлгодог. Гэтэл уг гүйцэтгүүлсэн гэх барилгын зураг төслийг гүйцэтгэгч “Модерн өргөө” ХХК өнөөдрийг хүртэл СЭЗИС-д албан ёсоор танилцуулж, хүлээлгэн өгөөгүй. Захиалагч СЭЗИС нь талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн үйлдлийг гаргаагүй байтал шүүхээс дээрх хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг үндэслэж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн 125 900 730 төгрөг шаардсаныг ажлын хөлс эсхүл хохирлын аль нь гэж үзэж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Хариуцагчийн зүгээс “Модерн өргөө” ХХК хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг цуцалсан гэж үзэж Иргэний хуулийн ИХ-ийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал үүссэн бөгөөд ажил гүйцэтгэгчийн гэм буруу байхгүй бол гэрээг цуцлах боломжтой боловч захиалагч нь гэрээ цуцлагдах хүртэл гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авахыг хүсвэл ажил гүйцэтгэгч нь үүнд тохирох хөлс төлөхийг шаардах эрхтэй байна. Эсрэгээр, гэрээг цуцлах хүртэл гүйцэтгэгдсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй бол ажил гүйцэтгэгчид хөлс төлөхийг шаардах эрх үүсэхгүй. Иргэний хуулийн 355.4 дэх хэсэгт заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдий ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын ур дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй” хүлээн авахаас татгалзах, гомдлын шаардлага гаргах, доголдлыг арилгуулахаар хугацаа тогтоохыг шаардах эрхтэй болохыг шүүх анхаарч үзээгүй. Хариуцагч СЭЗИС нь ‘‘Модерн өргөө” ХХК-д барилгачид талбайд хашаа, хаалт барих зөвшөөрлийг олгоогүй бөгөөд тус компани нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хашаа хаалт барихдаа “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хас барих, ашиглах, буулгах журам”-д заасны дагуу хашаа, хайс барих зөвшөөрөл аваагүй, хашаа хайс барихдаа эзэмшил газраас хэтрүүлсэн зөрчил гаргасан нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Улмаар “Оюуны ундраа групп” ХХК-иас Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл маргаан үргэлжилж, барилгын ажил зогссон нь гүйцэтгэгч “Модерн өргөө” ХХК-ийн зохих ёсоор хашаа, хайс бариагүйтэй шууд холбоотой болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. СЭЗИС нь өөрийн эзэмшил 2221 м.кв газар эзэмших эрхээ хүчингүй болгох ноцтой үр дагаварт хүрсэн тул өмгөөлөгчийн хууль зүйн зөвлөгөө, туслалцаа зайлшгүй шаардлагатай болсон тул 15 000 000 төгрөгийн зардал гаргасан “Модерн өргөө” ХХК-иас хохирлоо шаардах эрхтэй гэж үзсэн болно. Гэтэл СЭЗИС нь гүйцэтгэгч “Модерн өргөө” ХХК-ийн хашаа, хайс барьсан үйлдлийг тухайн цаг хугацаанд мэдэж байсан эсэх нь үүргээ зөрчсөн үүрэг гүйцэтгэгчээс хохирлоо шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа бөгөөд шүүх ямар үндэслэлээр ийнхүү дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “СЭЗИС” НҮТББ-аас 125 900 730 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  багасгаж 114 360 730 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч өмгөөллийн үйлчилгээний хөлс 15 000 000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэг талаас Санхүү Эдийн засгийн Их сургуулийн захирал Д.Батжаргал нөгөө талаас “М” ХХК-ийн захирал Ж.Туяа нар Санхүү Эдийн засгийн Их сургуулийн оюутны байрны барилга барих төслийн барих шилжүүлэх концессын УБ-2017/07/20 тоот гэрээг байгуулсан байна. /хх.1хх.141-143/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “М” ХХК нь оюутны дотуур байрны барилга барихтай холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн МЗХ2017/05-09 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг батлуулсан, “М” ХХК нь “Арт капитал” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 04/17 дугаартай “Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, улмаар “Арт капитал” ХХК нь Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутны байрны барилгын ажлын зургийг боловсруулж, уг ажлын зургийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газар хянаж баталгаажуулсан, Барилгын хөгжлийн төв 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 911/2018 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулсан, “Сойл трейд” ХХК-иар 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт барихаар төлөвлөж буй Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутны дотуур байрны барилгын талбайн инженер-геологийн судалгааны тайлан хийлгэсэн үйл баримт тогтоогдсон байна.

СЭЗИС нь дээр дурьдсан 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн МЗХ2017/05-09 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын дагуу 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/696, 1/697 дугаартай Техникийн нөхцөл хүсэх тухай албан бичгийг “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”-т, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1/844 дугаартай албан бичгийг “Монголын цахилгаан холбоо” ХК-д тус тус хүргүүлж байжээ.

Мөн нэхэмжлэгч байгууллага архитектур төлөвлөлтийн даалгавар гарсантай холбоотойгоор барилга барих талбайд стандартын дагуу хашаа барьж, энэхүү зардал болон уг газарт байсан модыг шилжүүлэхээр Хот тохижилтын газарт Санхүү эдийн засгийн их сургуулийн зүгээс санал тавьж, модыг болон барилга барих газар доогуур байгаа бохир усны худаг тус тус шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Арт капитал” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 73 000 000 төгрөг, Хот тохижилтын газарт мод шилжүүлэгийн төлбөрт 7 871 260 төгрөг, хашаа барих материалын зардалд 9 800 000 төгрөг, бохирын хоолой шилжүүлэх ажлын хөлсөнд 19 500 000 төгрөг, Онцгой байдлын ерөнхий газарт зураг хянуулсаны зардалд 150 000 төгрөг, зургаа Барилгын хөгжлийн төвийн магадлалаар оруулсан зардалд 1 469 470 төгрөг гэж тус тус тодорхойлж, уг зардал гарсан болохыг нотолсон бичгийн баримтуудыг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх  “М” ХХК нь ажлын үр дүн болох бичиг баримт, ажлын зураг зэргийг СЭЗИСд хүлээлгэн өгөх талаар удаа дараа хандсан, хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлуудыг мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж дүгнэж, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээгээ цуцалж, өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.  

Анхан шатны шүүх хариуцагч “СЭЗИС” НҮТББ НҮТББ-аас 111 790 730 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалттай нийцжээ.

Харин шүүх нэхэмжлэгч байгууллага “Сойл трейд” ХХК-ийн инженерийн геологийн судалгаанд 2 200 000 төгрөг, Онцгой байдлын ерөнхий газарт зураг хянуулсаны зардалд 50 000 төгрөг, барилгын тэг тэнхлэг татуулах зардалд 320 000 төгрөг нэхэмжилсэн боловч уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй дээрх зардал гаргасан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь буруу биш байна.  

Хариуцагч байгууллага “Оюуны ундраа групп” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаснаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөллийн "Легал полиси" ХХН-тай гэрээ байгуулж эрх зүйн туслалцаа авсны дагуу төлсөн 15 000 000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. Учир нь, хариуцагч эрх зүйн маргааны асуудлаа шийдвэрлүүлэх үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах эсэх нь тухайн байгууллагын асуудал байх тул өмгөөлөгчтэй байгуулсан гэрээний үүргийг хохиролд тооцон гаргуулах нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.