Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/00713

 

“.....” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01926 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1510 дугаар магадлалтай,

“.....” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“.....” НҮТББ-д холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: 114,360,730 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: Учирсан хохирол болох өмгөөллийн үйлчилгээний хөлс 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайваны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Номин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “.....” ХХК нь хариуцагч “.....” НҮТББ-д холбогдуулан 114,360,730 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, учирсан хохирол болох өмгөөллийн үйлчилгээний хөлс 15,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01926 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 335.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ..... НҮТББ-аас 111,790,730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ..... ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2,570,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч ..... НҮТББ-ын нэхэмжлэгч ..... ХХК-д холбогдуулан гаргасан учирсан хохирол болох өмгөөллийн үйлчилгээний хөлс 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 787,460 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..... НҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 716,904 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ..... ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1510 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01926 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 717,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг 2020.07.24-ний өдөр гардан авч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т зааснаар 14 хоногийн дотор хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.1. Санхүү эдийн засгийн их сургуулийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэх боломжгүй. Давж заалдах шатны шүүх ““Модерн Өргөө” ХХК нь ажлын үр дүн болох бичиг баримт, ажлын зураг зэргийг .....д хүлээлгэн өгөх талаар удаа дараа хандсан, хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлуудыг мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж дүгнэж, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзсэнийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зүйл болсон байна. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т “Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно” гэж заажээ. Гэвч гэрээнд ажлын үр дүнг хүлээн авах хугацааг заагаагүй, “Модерн Өргөө” ХХК нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүдэн хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүсээд буйг бүрэн тогтоогоогүй байна. Нөгөө талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан гэж шүүх дүгнэх боловч гэрээний үндсэн зорилго буюу Санхүү эдийн засгийн их сургуулийн гэрээ байгуулах болсон шалтгаан, хүсэл зоригийг бүрэн тодорхойлоогүй байна. “.....” ХХК нь 2017.07.17-ны өдөр “Арт капитал” ХХК-тай 04/17 дугаар “Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж барилгын зураг төслийг боловсруулах ажлыг нийт 73,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн хэмээн маргаж ажлын хөлсийг шаардаж байгааг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ажлыг хүлээлгэн өгөх гэдэгт ажил гүйцэтгэгч өөрийн материалаар хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхийг ойлгодог. Гэтэл уг гүйцэтгүүлсэн гэх барилгын зураг төслийг гүйцэтгэгч “.....” ХХК өнөөдрийг хүртэл СЭЗИС-д албан ёсоор танилцуулж, хүлээлгэн өгөөгүй. СЭЗИС-ийн зүгээс тухайн барилгын ажлын зураг төсөлтэй танилцаагүй, түүнчлэн захиалагчийн шаардлагад нийцээгүй, хүлээн авах боломжгүй хэмээн үзэж байна. Тодруулбал, СЭЗИС нь өөрийн эзэмшлийн 2.221 мкв талбай бүхий газар дээр одоо байгаа оюутны дотуур байрны хажууд өргөтгөлийн 7 давхар оюутны байрыг барихаар төлөвлөсөн байсан. Өөрөөр хэлбэл, эзэмшил газрын м.кв, одоо байгаа оюутны байрны байршил болон мкв-ыг тооцож оюутны байрны хажууд ашигтай талбайг оролцуулан тохирох м.кв талбайд шинэ өргөтгөл барихаар төлөвлөсөн. Учир нь хуучин оюутны байраа буулгах боломжгүй буюу тус оюутны дотуур байр нь 260 оюутан хүлээн авах хүчин чадалтай, тус сургуульд сурдаг нийт оюутнуудын 40 хувь нь хөдөө, орон нутгаас ирж суралцдаг учир өргөтгөлийн барилгыг барих хугацаанд тус оюутны дотуур байраа ашиглах зайлшгүй шаардлагатай байсан. Хэрэв оюутны дотуур байраа буулгаад шинээр дотуур байр барих байсан бол эзэмшил газрын баруун урд хэсэгт 168 мкв талбайд бус ашигтай талбай буюу өөрийн эзэмшлийн 2.221 мкв талбайг бүхэлд нь хамруулж шинээр барилга барих байсан. Гэвч тийм төсөв хөрөнгийн боломжгүйгээс гадна дотоод оюутнуудаа байрлуулах өөр оюутны байргүй тул дээрх байдлаар өргөтгөлийн барилга барих нь СЭЗИС-ийн өнөөгийн нөхцөл, хэрэгцээ шаардлага, санхүүгийн боломжид нийцэж байсан. Гэтэл гүйцэтгэгч “.....” ХХК нь хуучин оюутны байрыг буулгах шаардлага бүхий Архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулсан нь захиалагчийн хүсэл зоригтой бүрэн нийцээгүй. Энэ хугацаанд СЭЗИС нь өргөтгөлийн барилга барих хүсэлтэй бөгөөд өөрийн одоо байгаа барилгыг нураах боломжгүй талаараа удаа дараа холбогдох байгууллага болон “.....” ХХК-д илэрхийлж, тайлбар, албан бичиг солилцож байсан. Гүйцэтгэгчийн зүгээс оюутны байрыг буулгахгүй байдлаар холбогдох норм, дүрэм, стандартуудыг хангуулан төлөвлөлт хийж ажлын зургийг хийлгэнэ хэмээн хэлдэг байсан. 2017.07.17-ны өдрийн “Арт Капитал” ХХК-тай байгуулсан “Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.1-т “...“Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутны дотуур байрны өргөтгөлийн барилга”-ын эх загвар зураг...” гэж тусгасан боловч барилгын иж бүрэн зургийг одоо байгаа оюутны дотуур байрыг буулгах байдлаар зураг төслийг хийлгүүлсэн байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргийг зохих ёсоор гүйцэтгэх ёстой. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-т ““барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх” гэж барилга байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтэц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөл, шинэчлэлт хийх үйл ажиллагааг” гэж, 4.1.10-т ““барилга байгууламж шинээр барих” гэж барилга байгууламж барих, эсхүл хуучин барилга байгууламжийг буулгаж барихыг” гэж тус тус зааснаас үзвэл “.....” ХХК-ийн гүйцэтгэсэн зураг төсөл нь БтХ-ийн 4.1.10-т заасан “барилга байгууламж шинээр барих” гэдэгт хамаарах буюу СЭЗИС-ийн хүсэл зоригт бүрэн нийцэхгүй нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болно. Иймд захиалагчийн шаардлагад үл нийцэх. хүсэл зоригийн эсрэг ажлыг хүлээн авах боломжгүй. Үүнээс гадна, хүлээлгэн өгөх гэдэгт ажлын үр дүнг захиалагч ямар нэгэн саадгүйгээр хэрэглэх, ашиглах боломжийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүний тулд ажил гүйцэтгэгч эзэмшлийг шилжүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд ажлын үр дүнгийн талаар тайлбарлах, хэрэглэх зааврыг өгөх, ажлын үр дүнтэй холбоотой буюу гарч болох аюулын талаар сэрэмжлүүлэх үүрэгтэй. Гэтэл тухайн барилгын зураг төслийг СЭЗИС нь хүлээн авч, тухайн зургийн дагуу барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй юм. “.....” ХХК барилгын зураг төсөлтэй холбоотой гүйцэтгэсэн ажлыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй тул Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар ажлын хөлсийг төлөхийг шаардах эрх үүсэхгүй юм. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “барилга байгууламжийн зураг төслийн магадлал” гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг” гэж зааснаар хэрэглэгчийн буюу СЭЗИС өөрийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргуулах үйл ажиллагаа бөгөөд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10-т заасны дагуу барилгын ажлын захиалагч буюу СЭЗИС нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах үүрэгтэй байтал “.....” ХХК нь гэрээний эрх хэмжээгээ хэтрүүлэн зураг төсөл, магадлал хийлгэсэн учир магадлалтай холбоотой зардлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.2. “.....” ХХК шаардах эрхгүй тухайд: Давж заалдах шатны шүүх “..Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээгээ цуцалж, өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй” гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. “.....” ХХК нь 2019.10.07-ны өдрийн огноо бүхий 10/4 дугаартай гэрээг цуцалсан агуулга бүхий албан бичгийг СЭЗИС-д 2020.04.01-ний өдөр ирүүлсэн. Уг албан бичигтээ “СЭЗИС БЗД-ийн 6-р хороо, Оюутны А хотхонд байрлах СЭЗИС-ийн дотуур байрны залгаа хүзүүвчээр холбогдсон СЭЗИС-ийн гадаад оюутан, багш нарт зориулсан өргөтгөлийн барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр иж бүрэн гүйцэтгүүлэх саналыг тавьсан... танай байгууллага гэрээний үүргээ даган мөрдөхгүй удаа дараа манай байгууллагыг хохироож байна. Гэрээнд заасны дагуу гарсан зардал болох 125,900,730 төгрөгийг нэхэмжилж байна. Манай байгууллага тус гэрээг цуцлах хүсэлтэй байгаа бөгөөд холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ” гэжээ. Тус албан бичигт дурдсанаар СЭЗИС нь гэрээний аль заалтыг хэрхэн зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байхаас гадна захиалагчийн зүгээс гэрээнд заасан үүргээ зөрчсөн зүйл байхгүй тул гүйцэтгэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг цуцалсан гэж үзнэ. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д “Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй” хэмээн заасан. Уг зохицуулалтад зааснаар гүйцэтгэгч хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал үүссэн бөгөөд ажил гүйцэтгэгчийн гэм буруу байхгүй бол гэрээг цуцлах боломжтой боловч захиалагч нь гэрээ цуцлагдах хүртэл гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авахыг хүсвэл ажил гүйцэтгэгч нь үүнд тохирох хөлс төлөхийг шаардах эрхтэй байна. Эсрэгээр, гэрээг цуцлах хүртэл гүйцэтгэгдсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй бол ажил гүйцэтгэгчид хөлс төлөхийг шаардах эрх үүсэхгүй.

4.3. Санхүү эдийн засгийн их сургуулийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тухайд: Давж заалдах шатны шүүх хариуцагч эрх зүйн маргааны асуудлаа шийдвэрлүүлэх үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах эсэх нь тухайн байгууллагын асуудал байх тул өмгөөлөгчтэй байгуулсан гэрээний үүргийг хохиролд тооцон гаргуулах нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь тухайн маргаан үүссэн шалтгаан, нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, тодруулаагүй зүйл болжээ. Тодруулбал, “.....” ХХК нь 2018.08.01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын 2015.12.21-ний өдрийн А/985 тоот захирамжаар “Оюутны байрны” зориулалтаар олгосон Санхүү эдийн засгийн их сургуулийн эзэмших 2.221 м2 газраас илүү гарган хашаа татсан, уг үйлдлээ хийхдээ хөрш үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч “Оюуны ундраа групп” ХХК-д мэдэгдэлгүйгээр дур мэдэн хашаалж орц, гарцыг нь хааж авто машины зогсоолгүй болгосон, явган хүний зам, ногоон байгууламж, түүний хашлага, гэрлийн шон зэрэг нийтийн эзэмшлийн үнэ бүхий эд зүйлсийг нураасан зэрэг байдлаас шалтгаалан тус компанийн түрээслэгчид маш хэцүү байдалд орсон. Цаашлаад “Оюуны Ундраа Групп” ХХК нь 2017.10.17-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Одоогийн байдлаар тус газар дээр барилгын ажил эхлүүлэхээр Арслантай гүүрний зүүн урд талын авто зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж, хашаа хашлага, гэрлийн шон зэрэг хөрөнгийг нураагаад байгаа бөгөөд энэхүү барилга баригдсанаар манай компанийн барилгын гарц орц хаагдаж, эргэн тойрны барилгуудад байгаа аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчид болон үйлчлүүлэгчдийн машин тавих зогсоолыг үгүй хийхээс гадна газрын доор байгаа манай компанийн цэвэр бохир, халуун хүйтэн усны шугам сүлжээг доголдохоор байгаа...” гээд “Иймд Монгол Улсын Газрын тухай хуулийг зөрчин СЭЗИСургуульд оюутны дотуур байрны зориулалтаар 2.221 мкв газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2015.12.21-ний өдрийн А/985 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх нэхэмжлэл гаргасан. Бид газраа алдах ч эрсдэлтэй байдал үүссэн тул хууль ёсны дагуу эзэмших газрыг хамгаалуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хадгалахаар өмгөөллийн “Легал полиси” ХХН-тэй гэрээ хийж эрх зүйн туслалцаа аван С.Эрдэнэсувд өмгөөлөгчийг 2018.12.19-ний өдөр хоёр тал хамтран тохиролцох гэрээ байгуулан маргаан шийдвэрлэгдтэл буюу нэг жил гурван сарын хугацаанд Санхүү эдийн засгийн их сургуулийг төлөөлүүлэн ажиллуулж өмгөөллийн үйлчилгээний хөлс 15,000,000 төгрөгийг зардалд гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.12.19-ний өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж”-аар баталсан 1 дугаар “Харилцан тохиролцох гэрээ”-ний 2.1.1-т “Гуравдагч этгээд “.....” НҮТББ нь маргаан бүхий газарт зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах” 2.1.2-т “Гуравдагч этгээд “.....” НҮТББ нь өөрийн эзэмшлийн 2.221 м.кв талбайгаар 2 машин зөрөх хэмжээний 6 м өргөнтэй газрыг “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн үйлчлүүлэгч, ажилчид, түрээслэгч нарыг болон ойр орчмын иргэдийн машин орж, гарах, машин тавих зогсоолын зориулалтаар ашиглах боломж олгох” 2.1.3-т “Нийтийн эзэмшлийн зориулалтаар дундаа хамтран ашиглаж буй газрыг 2 талын хөрөнгөөр тохижуулан ашиглах” гэж тохиролцсон. Мөн ..... нь “.....” ХХК-ийн хашаа барих, зөвшөөрөлгүй барилгын ажил эхлэх гэж оролдсон нөхцөл байдлаас өмнө “Оюуны Ундраа Групп” ХХК-тай ямарваа нэгэн маргаан, үл ойлголцол байхгүй байсан болохыг нэмж дурдах нь зүйтэй. Дээр өгүүлсэн 2018.12.19-ний өдрийн “Хамтран тохиролцох гэрээ” байгуулан маргаан дууссанаас хойш ..... нь “.....” ХХК-д удаа дараа “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас эдэлбэр газраас хэтрүүлэн хашсан нийтийн эзэмшлийн гудамж замыг чөлөөлөх тухай шаардлага ирсэн, “Оюуны Ундраа групп” ХХК-тай хашаагаа буулгавал эвлэрэх талаар дурдаж шаардлага тавьж байхад хэрэгжүүлээгүй, хашааг буулгахгүй байдлаас шалтгаалан “Оюуны Ундраа Групп” ХХК, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас “зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байгаа газрынхаа талбайн хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, илүү талбай ашиглаж буй зөрчлөө арилгах талаар шаардлага, мэдэгдлүүдийг ирүүлсээр байсанд ..... нь 2019.08.03-ны өдөр өөрийн зардлаар хашааг буулгасан. Зөвшөөрөлгүй хашаа бариагүй, “Оюуны Ундраа групп” ХХК-ийн орц гарцыг хаагаагүй бол дээрх маргаан үүсэж нэг жил гаруйн хугацаа алдахгүй байсан ба ..... өмгөөлөгч авч зардал гаргах шаардлага огтхон ч байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

6. Нэхэмжлэгч “.....” ХХК хариуцагч “.....” НҮТББ-д холбогдуулан 114,360,730 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...харилцан тохиролцож сургуулийн оюутны дотуур байр барихаар болж, уг барилга барих урьдчилсан арга хэмжээ авч, холбогдох этгээдээс зөвшөөрөл авах, барилгын зураг төсөл боловсруулах, хашаа барих, мод зайлуулах гэх зэрэг ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж барилгыг барихаар гэрээ байгуулсан боловч энэ гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсон тул гарсан зардлыг гаргуулна уу” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу дуусгавар болоогүй, гэрээ цуцлагдаагүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл тодорхойгүй, хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас эдгээр хохирлууд үүссэн гэх боломжгүй, төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллахаар болсон, зөвшөөрөлгүйгээр ажлыг гүйцэтгэж эхэлсэн, гүйцэтгүүлсэн гэх барилгын зураг төслийг гүйцэтгэгч “.....” ХХК өнөөдрийг хүртэл “.....” НҮТББ-д албан ёсоор танилцуулж, хүлээлгэн өгөөгүй, зураг төсөл нь захиалснаас өөрөөр буюу, хуучин дотуур байрыг буулгахгүйгээр барилга барих байсан, гэтэл буулгаж шинээр барихаар зураг төсөл боловсруулагдсан.” гэж маргажээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ, “...нэхэмжлэгчийн буруутай, хашаа барихдаа бусдын эрхийг зөрчиж барьснаас шүүхэд маргаан гарсан, үүний улмаас өмгөөлөгч авч хөлс 15,000,000 төгрөг төлж хохирсон тул уг мөнгийг гаргуулна” гэсэн, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, “үндсэн нэхэмжлэл нь “.....” НҮТББ болон “.....” ХХК-ийн хооронд байгуулсан концессын гэх гэрээний үүрэгтэй холбоотой маргаан юм, гэтэл сөрөг нэхэмжлэл нь “.....” НҮТББ болон гуравдагч этгээд нарын хооронд үүссэн маргаантай холбоотой хохирлын мөнгөн төлбөрийг нэхэмжилсэн нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан хамааралгүй” гэсэн.

7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

8. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримт, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, холбогдох хуулийг хэрэглэсэн байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээгээр хариуцагчийн захиалгаар нэхэмжлэгч нь сургуулийн оюутны дотуур байрны барилга барихаар харилцан тохиролцсон, уг гэрээг талууд бичгэн хэлбэрээр үйлдэхээс өмнө барилга барихтай холбоотой бэлтгэл ажил буюу эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авах, барилгын зургийг хийлгүүлэх зэрэг ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэхээр болсон, тодорхой ажлыг хийсэн үйл баримт тогтоогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

9. Зохигч, байгуулагдсан гэрээний харилцаа цуцалж дуусгавар болох хууль зүйн үндэслэлтэй эсэх, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн гэж үзэх эсэх, ажил доголдолтой буюу өгсөн захиалгаар зураг төсөл боловсрогдсон эсэх талаар маргажээ.

9.1. Хариуцагч нь нэхэмжлэлээс татгалзахдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэхэмжлэгч үндэслэлгүйгээр цуцалсан гэх боловч хэргийн баримтаар талууд гэрээг цаашид үргэлжлүүлэх бодит боломжгүй болсон нь тогтоогдсон тодруулбал, оюутны дотуур байрны хуучин барилгыг буулгах эсэх асуудлыг тухайн сургууль бүрэн шийдвэрлээгүй, хөрөнгийн эх үүсвэр бүрдээгүй, хариуцагчийн шинэ удирдлага нэхэмжлэгчтэй цаашид хамтран ажиллахаас татгалзсан нөхцөл байдал тогтоогдсон тул гэрээг цуцалсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй байна.

9.2. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, гүйцэтгэсэн үр дүнг хүлээлгэн өгөх үүргийг, мөн хуулийн 351 дугаар зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч барилга барих эхний үе шатын ажил буюу барилга барихад шаардлагатай зохих этгээдээс зөвшөөрөл авч бичиг баримт бүрдүүлэх, зураг төсөл боловсруулах ажлыг бусдаар гүйцэтгүүлж, эдгээрийн зардлыг өөрөөс гаргасан байх бөгөөд зураг төслийн ажлын үр дүнг хүлээн авахыг хариуцагчид мэдэгдсэн боловч хүлээн аваагүй байна.

Нэгэнт нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн, хариуцагч хүлээн авахгүй байгаа тохиолдолд шүүх захиалагчийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсанд тооцох Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т заасны дагуу хариуцагч ажлын үр дүнг хүлээн авсанд тооцсон нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

9.3. Түүнчлэн барилга барих зураг төслийг тохиролцсон хэмжээнд боловсруулаагүй, өөрөөр хэлбэл, хуучин дотуур байрыг буулгахгүйгээр нэмж өргөтгөл хийлгэх зураг төсөл боловсруулах байтал хуучныг буулгаж шинээр барих зураг төслийг хийлгэсэн гэсэн хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар үгүйсгэгджээ. Иймд хариуцагч ажлын хөлс төлөх үүргийг хууль болон гэрээгээр хүлээнэ.

10. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэгчийн гаргасан зардлыг тодорхойлж нийт 111,790,730 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасантай нийцсэн гэж үзэж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01926 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1510 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “.....” НҮТББ /итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван/-ын 2020.08.07-ны өдөр 950,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                  Б.МӨНХТУЯА