Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2019/0098

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би Ц.Алтансувдын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/84 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг тус тус даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Алтансувд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Цэрэндорж овогтой Алтансувд нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/84 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг тус тус даалгаж өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргасан.

Ц.Алтансувд нь дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3439 дугаар захирамжаар Ц.Алтансувдын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Батлагдсан бүтэц орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/249 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн.

Уг захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар 05-ны өдрийн дугаар 347 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Алтансувд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 448 дугаар магадлал, мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 417 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж, эцэслэн шийдвэрлэсэн юм.

Иймд би нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Алтансувд нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/84 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг тус тус даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3, 66 дугаар зүйлийн 66.1-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Алтансувдад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлаж, баримтад гарын үсэг зуруулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Ц.Алтансувдын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/84 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг тус тус даалгах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН