Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0180

 

 Ц.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 975 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.А-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 975 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу “ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу олгож, холбогдох шимтгэлүүдийг төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлын энэхүү хэсгийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын нэхэмжлэгч Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болсон анхан шатны хуралдаан дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хангахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй захирамж гарган шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилаагүй байхад уг ажиллагааг сэргээн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байна. Мөн хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, нэхэмжлэгч хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулах хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй захирамж гарган хэргийг шийдвэрлэсэн нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны шүүхэд “Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх хүсэлт” гаргасан ба уг хүсэлтэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/84 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу олгож, холбогдох шимтгэлүүдийг төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзсаныг баталж” гэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаагүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” нэхэмжлэгчийн эрхийг илтэд зөрчин шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ц.А-ын нэхэмжлэлтэй шүүх хурлыг тодорхой хугацаагаар хойшлуулж өгөх тухай хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн боловч шүүх хүсэлтийг хангаагүй шүүх хурлыг явуулсан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын нэхэмжлэгч Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон нь үндэслэлгүй юм. Дүүргийн Засаг даргын 2017 оны А/106 дугаар захирамжийг үндэслэн Б/84 дүгээр тушаалаар бүтэц орон тоог баталж Санхүү төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалтын мэргэжилтний орон тоо хасагдсан. Энэ тухай хэргийн материалд холбогдох нотлох баримтыг өгсөн. Эдгээр холбогдох нотлох баримт, хариу тайлбаруудыг анхан шатны шүүх зохих ёсоор тодруулж, үнэлээгүй нь хуульд заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитоор үнэлэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд шийдвэр, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

         Харин анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Б/84 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтооолгох” гэж амаар өөрчилсөн нь нэхэмжлэлээ өөрчлөх эрхгүй этгээдээс нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн хэлбэрт тавигдах шаардлагыг хангаагүй байхад шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, өөрчилсөн зүйл байхгүйгээ илэрхийлсээр байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 52 дугаар зүйлийн 52.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна. 

Түүнчлэн, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хэргийн оролцогчдод ойлгомжтой, биелэгдэх боломжтой байхаас гадна нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээж байгаа нь тодорхой байх шаардлагатай.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/84 дүгээр тушаалын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргээгдэж байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл дээрх тушаал гарсантай холбогдуулан өмнөх бүтцээр ажилтан албан хаагчдыг чөлөөлж, томилсон Б/249 дүгээр тушаал хүчингүй болсон, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/106 дугаар захирамж хүчинтэй /энэ захирамжаар Санхүү, төрийн сангийн хэлтэст Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэний албан тушаал батлагдаагүй/ хэвээр байхад шүүхийн шийдвэр яаж биелэгдэх нь ойлгомжгүй болжээ.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсонтой холбогдуулж маргасан нь захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад шүүх уг үндэслэлээр түдгэлзүүлсэн энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасантай нийцээгүй төдийгүй нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийн тухайд хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжтойг анхаараагүй нь буруу байна.

Ийнхүү анхан шатны шүүх  дээрх үндэслэлүүдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, давж заалдах шатны шүүх хэрэг маргааны эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 975 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                               

                                  

 

                              

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАТБААТАР                                                     

                              ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН     

                              ШҮҮГЧ                                                     О.НОМУУЛИН