Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01509

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01509 дугаар шийдвэртэй

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Зд холбогдох 9 248 426 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч Т.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Батбаатар овогтой Зтай ЗГ0200180044 тоот Зээлийн гэрээ байгуулан 6 300 000 төгрөгийг, 12 сарын хугацаатайгаар сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн зээлийн хүүг, гэрээний хугацаа дууссанаас хойш 5 хувийн хүү тооцохоор гэрээгээр тохиролцсон. Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр "Э" ХХК нь Б.Зтай ЗГ0200180044 тоот “Барьцааны гэрээ” байгуулан, Баянгол дүүргийн 9-р хороо, Горький, 9 гудамж, 2226 тоот хаягт байршилтай, 54 м.кв хувийн сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч тал нь ЗГ0200180044 тоот “Зээлийн гэрээ” байгуулагдсанаас хойш уг гэрээний 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчин 372 хоногийн хугацааг хэтрүүлсэн, зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дууссан бөгөөд одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчин “Э” ХХК-г хохироосоор байна. “Э” ХХК-н зүгээс зээлийн хугацаанд болон зээлийн хугацаа дууссанаас хойш зээлдэгч талд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа бичгээр болон бусад хэлбэрээр мэдэгдэж, анхааруулсан боловч зээл төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гарахгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу ЗГ0200180044 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 6 278 420 төгрөг, зээлийн хүүнд 2 881 794 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 88 212 төгрөгийг тус тус төлүүлэхээр нийт 9 248 426 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Б.Зтай 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ0200180044 тоот зээлийн гэрээг байгуулан 6 300 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ЗГ0200180044 тоот барьцааны гэрээгээр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамж 2226 тоот хаяг байршилтай 54 метр квадрат талбайтай хувийн сууц, дээрх хаяганд байрлах 511 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээд, төлбөр тооцоо, мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу 9 248 426 төгрөгийг зээлдэгч Б.Згаас гаргуулж, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдагдсан Ү-2205028340 дугаартай хувийн сууц, Г-2205002335 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б.Зтай Зээлийн гэрээ байгуулан 6 300 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3,5 %-ийн хүүтэй, зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд зээлийн хүү 5 хувь болох нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Уг өдрөө зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон мөн адил тоот дугаартай барьцааны гэрээ байгуулж Б.Згийн өмчлөлийн газар болон хувийн сууцыг барьцаалсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу талууд харилцан тохиролцож гэрээний нөхцөл, болзлыг харилцан тохиролцож байгуулсан. Түүнчлэн зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлдэгч нь нийт 689 350 төгрөгийн төлөлт хийсэн ба зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа анхааруулсан ч тодорхой үр дүн гарахгүй байсаар 372 хоногийн хугацааг хэтрүүлж, нэхэмжлэгчийг хохироосон тул нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн төлбөрт 6 278 420 төгрөг, зээлийн хүүнд 2 881 794 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 88 212 төгрөгийг тус тус төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний 6.1 дахь хэсэгт зээлдэгч нь зээлийн гэрээний нийт хугацаанд авсан зээлийн хүүг төлөөгүй бол төлөгдөөгүй үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү авна гэж заасан. Үндсэн хүү 2 881 794 төгрөг байгаа бөгөөд үүний нэмэгдүүлсэн хүү нь 576 358 төгрөг болно. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс дээрх төлбөрөөс зээлдэгчийг чөлөөлж нэмэгдүүлсэн хүүнд 88 212 төгрөг бодсон. Иймд хариуцагчаас 9 248 426 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд хуульд заасан үндэслэл журмын дагуу үйл ажиллагаа явуулсан тохиолдолд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. “Э” ХХК нь зээл олгосон гэдэг ч бодит байдал дээр Б.Зд гар дээр нь эсхүл дансаар мөнгө шилжүүлж зээл олгосон зүйл байхгүй. Б.З нь энэ мөнгийг аваагүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талуудын хуульд нийцүүлэн хийсэн хэлцэл нь шаардах эрхийг бий болгодог. Нэхэмжлэгч нь хууль бус гэрээ байгуулсан тул шаардах эрхийг бий болгохгүй. Хууль зүйн утгаараа ч, энгийн ойлголтоор бодоод үзсэн ч эд хөрөнгө, мөнгө шилжүүлэн өгөөгүй бол түүнийг шаардах эрхийг бий болгохгүй. Талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн тохиолдолд гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах, үүргийн гүйцэтгэл биелэгдээгүй бол үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах зорилгоор барьцааны гэрээг байгуулдаг. Талуудын хооронд үүрэг үүсэх ёстой байсан гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд түүний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл “Э” ХХК болон Б.З нар бичгээр гэрээ байгуулсан ч уг гэрээ бодитоор биелэгдээгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн агуулгыг харвал эхлээд банк, эрх бүхий хуулийн этгээд нь зээл олгоод, дараа нь олгосон зээлтэйгээ холбогдуулан хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй болно. Гэтэл мөнгө бодитойгоор олгогдоогүй нөхцөлд зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн зээлийн гэрээний үүрэг байхгүй учир түүний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгө гэж байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигин овогт Батбаатарын Згаас 9,248,426 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.З нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Горький 9 дүгээр гудамж 222б тоотод байршилтай, 18639312277040 нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2205002335 дугаарт бүртгэлтэй, 511м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Горький 9 дүгээр гудамж 222б тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028340 дугаарт бүртгэлтэй, 54 м2 талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 330 төгрөгөөс 233 125 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Згаас улсын тэмдэгтийн хураамжид 233 125 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 70,205 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэн Б.З нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Э” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан байна. Тус гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 6 300 000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч авсан зээлээ буцаан төлөх үүргийг хүлээсэн байдаг. Уг гэрээний агуулгаас харвал зээлдүүлэгч нь мөнгөн төлбөрийг зээлдэгчид шилжүүлээгүй бол зээлийн гэрээний үүргийг буцаан шаардах боломжгүй байна. Зээлдэгч нь зээлдүүлэгчийг гэрээ (2018 оны 11 дүгээр сарын 13- ны өдрийн зээлийн гэрээнээс харвал)-ний үүргээ биелүүлж мөнгөн төлбөрийг шаардах нь эрх нь зөвхөн Б.Зд байгаа бөгөөд уг эрхийг өөр гуравдагч этгээд хэрэгжүүлэх боломжгүй байна. Анхан шатны шүүх нь ямар ч нотлох баримтад үндэслэлгүйгээр хариуцагчаас хүсэлт гаргасан мэт үндэслэлгүй, таамагласан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Хууль тогтоогчийн зүгээс банк эрх бүхий хуулийн этгээд нь энгийн иргэд хоорондын зээлээс илүүтэй хариуцлага өндөртэй хариуцлагатай байдагтай нь холбогдуулан банк эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохдоо хуульд заасан үндэслэл журмын дагуу зээл олгох талаар хуульд заасан. Уг журмыг зөрчсөн бол хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах боломжгүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дахь хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр олгогдвол зохих мөнгөн хөрөнгийг зээлдэгчид зайлшгүй шилжүүлсэн байхыг шаарддаг. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч зээлийн гэрээгээр олгогдвол зохих мөнгөн төлбөрийг хариуцагчид шилжүүлээгүй байдаг. Иймээс Б.Зд зээлийг буцаан төлөх, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсэхгүй юм. Нөгөөтээгүүр хуульд заасан хэм хэмжээнээс талууд өөрөөр тохиролцож болох хэм хэмжээг хууль тогтоогч хуульд зааж өгсөн байдаг. Тус хэм хэмжээг хуульд заахдаа “гэрээнд өөрөөр заагаагүй бол ...” гэх агуулгаар гэрээнд өөрөөр зааж болох эрх зүйн хэм хэмжээг хуульчилсан байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол” гэх нөхцөл байхгүй талууд уг нөхцлийг өөрчлөн тохиролцох эрхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Б.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 248 426 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...бичгээр гэрээ хийсэн боловч уг гэрээ бодитоор биелэгдээгүй, мөнгийг хүлээлгэж өгөөгүй тул зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй” гэсэн тайлбар гаргасан байна. /хх.1-2, 37/

Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ0200180044 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч талаас “Э” ХХК-ийг төлөөлж зээлийн ажилтан Ж.Гантөгс, зээлдэгч талаас Б.З нар гарын үсгээ зурж, “Энхлэг кридет ББСБ” ХХК-аас 6 300 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар зээлэхээр тохиролцсон байна. /хх.10-11/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан заалттай нийцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хаан банкны харилцагч Т.Энхтуяагийн /“Э” ХХК/ 5023496197 тоот данснаас 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Л.Байгалмаагийн 5023285358 тоот дансанд “зээл олгов Б.Зд” гэсэн агуулгаар 6 205 500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. /хх.26, 36/

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллага хариуцагч Б.Згийн хүсэлтийн дагуу зээлийн мөнгийг Л.Байгалмаагийн дансанд шилжүүлсэн гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн, өөрийн тайлбараа нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу шүүхэд гаргаагүй байна.

Нэхэмжлэгч талаас Б.Згийн нэрлэн заасан дансанд мөнгийг шилжүүлсэн байх тул зээлийн мөнгийг хариуцагчийг авсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Мөн хариуцагч Б.З 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэрэглээний зээл хүлээж авсан, шимтгэл 94 500 төгрөг төлсөн талаар бичгийн баримт үйлдэж гарын үсэг зурсан, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б.Згаас төлөлт 241 000 төгрөг гэсэн шилжүүлэг хийсэн баримтууд хэрэгт авагджээ. /хх.35-50/

Хуульд зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Шүүх зээлдүүлэгчийн гаргасан зээл, хүүгийн тооцоололд үндэслэж хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9 248 426 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалттай нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж хариуцагчийг зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заалтыг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.