Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/01509

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э К ББСБ ХХК 

 

Хариуцагч: Б З

 

9,248,426 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М

хариуцагчийн төлөөлөгч У.Т

нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э К ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э К ББСБ ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б овогтой Зтай ЗГ0200180044 тоот Зээлийн гэрээ байгуулан 6,300,000 төгрөгийг, 12 сарын хугацаатайгаар сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн зээлийн хүүг, гэрээний хугацаа дууссанаас хойш 5 хувийн хүү тооцохоор гэрээгээр тохиролцсон. Дээрх ЗГ0200180044 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Э К ББСБ ХХК нь Б овогтой Зтай ЗГ0200180044 тоот Барьцааны гэрээ байгуулан, Ү-2205028340 тоот Улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 9-р хороо, Горький, 9 гудамж, 2226 тоот хаягт байршилтай, 54 м.кв хувийн сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч тал нь ЗГ0200180044 тоот Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 4.1-р зүйлийн 4.1.1-д заалтад заасанчлан, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчин 372 хоногийн хугацааг хэтрүүлсэн, зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дууссан бөгөөд одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчин Э К ББСБ ХХК-г хохироосоор байна. Э К ББСБ ХХК-н зүгээс зээлийн хугацаанд болон зээлийн хугацаа дууссанаас хойш зээлдэгч талд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа бичгээр болон бусад хэлбэрээр мэдэгдэж, анхааруулсан боловч зээл төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гарахгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу ЗГ0200180044 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 6,278,420 төгрөг, зээлийн хүүнд 2,881,794 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 88,212 төгрөгийг тус тус төлүүлэхээр нийт 9,248,426 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Э К ББСБ ХХК нь Б.Зтай 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ0200180044 тоот зээлийн гэрээг байгуулан 6,300,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ЗГ0200180044 тоот барьцааны гэрээгээр Ү-2205028340 дугаартай Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамж 2226 тоот хаяг байршилтай 54 метр квадрат талбайтай хувийн сууц, Г-2205002335 дугаартай мөн дээрх хаяганд байрлах 511 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээд, төлбөр тооцоо, мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу 9,248,426 төгрөгийг зээлдэгч Б.Згаас гаргуулж, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдагдсан Ү-2205028340 дугаартай хувийн сууц, Г-2205002335 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгайлан зааж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э К ББСБ ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б овогтой Зтай ЗГ0200180044 тоот Зээлийн гэрээ байгуулан 6,300,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд зээлийн хүү 5 хувь болох нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Уг өдрөө зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон мөн адил тоот дугаартай барьцааны гэрээ байгуулж Б.Згийн өмчлөлийн газар болон хувийн сууцийг барьцаалсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дахь хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу талууд харилцан тохиролцож гэрээний нөхцөл, болзлыг харилцан тохиролцож байгуулсан. Түүнчлэн зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлдэгч нь нийт 689,350 төгрөгийн төлөлт хийсэн ба зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа анхааруулсан ч тодорхой үр дүн гарахгүй байсаар 372 хоногийн хугацааг хэтрүүлж, нэхэмжлэгчийг хохироосон тул нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн төлбөрт 6,278,420 төгрөг, зээлийн хүүнд 2,881,794 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 88,212 төгрөгийг тус тус төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний 6.1 дахь хэсэгт зээлдэгч нь зээлийн гэрээний нийт хугацаанд авсан зээлийн хүүг төлөөгүй бол төлөгдөөгүй үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү авна гэж заасан. Үндсэн хүү 2,881,794 төгрөг байгаа бөгөөд үүний нэмэгдүүлсэн хүү нь 576,358 төгрөг болно. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс дээрх төлбөрөөс зээлдэгчийг чөлөөлж нэмэгдүүлсэн хүүнд 88,212 төгрөг бодсон. Иймд хариуцагчаас 9,248,426 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар тусгайлан зааж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч У.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн уйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк. зээлийн уйл ажиллагаа эрхлэх эрх бухий хуулийн этгээд /цаашид зээлдуулэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хуүг буцаан төлөх үургийг тус тус хүлээнэ гэж заасан. Иймээс эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тохиолдолд зээлийн гэрээний үүргийг шаардах эрх бий болохоор байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд хуульд заасан үндэслэл журмын дагуу үйл ажиллагаа явуулсан тохиолдолд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Э К ББСБ ХХК нь зээл олгосон гэдэг ч бодит байдал дээр Б.Зд гар дээр нь эсхүл дансаар мөнгө шилжүүлж зээл олгосон зүйл байхгүй. Б.З нь энэ мөнгийг аваагүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дахь хэсэгт зааснаар талуудын хуульд нийцүүлэн хийсэн хэлцэл нь шаардах эрхийг бий болгодог. Нэхэмжлэгч нь хууль бус гэрээ байгуулсан тул шаардах эрхийг бий болгохгүй. Хууль зүйн утгаараа ч, энгийн ойлголтоор бодоод үзсэн ч эд хөрөнгө, мөнгө шилжүүлэн өгөөгүй бол түүнийг шаардах эрхийг бий болгохгүй. Талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн тохиолдолд гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах, үүргийн гүйцэтгэл биелэгдээгүй бол үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах зорилгоор барьцааны гэрээг байгуулдаг. Талуудын хооронд үүрэг үүсэх ёстой байсан гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд түүний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл Э К ББСБ ХХК болон Б.З нар бичгээр гэрээ байгуулсан ч уг гэрээ бодитоор биелэгдээгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн агуулгыг харвал эхлээд банк, эрх бүхий хуулийн этгээд нь зээл олгоод, дараа нь олгосон зээлтэйгээ холбогдуулан хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй болно. Гэтэл мөнгө бодитойгоор олгогдоогүй нөхцөлд зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн зээлийн гэрээний үүрэг байхгүй учир түүний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгө гэж байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Э К ББСБ ХХК нь хариуцагч Б.Зд холбогдуулан 9,248,426 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

 

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ0200180044 тоот зээлийн гэрээ-гээр зээлдүүлэгч Э К ББСБ ХХК нь зээлдэгч Б.Зд 6,300,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлэх, уг мөнгийг зээлдэгч сарын 3.5 хувийн хүүтэй хугацаанд нь буцааж төлөх үүргийг тус тус хүлээж гэрээг бичгээр байгуулсан байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг Б.З, З.Б, З.Б нарын өмчлөлийн Баянгол дүүрэг тоотод байршилтай, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 511м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянгол дүүрэг тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 54 м2 талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар талууд тохирч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлжээ.

 

Дээрх гэрээнүүд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж заасантай нийцсэн, барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан гэрээнүүд байгуулагдсан байх ба талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Тухайн гэрээнүүдийг байгуулагдсан талаар зохигч маргаагүй бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй тул төлөх үндэслэлгүй, зээлийн гэрээний үүрэг байхгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй гэж маргав. Харин нэхэмжлэгч тал зээлийн гэрээний дагуу олгох мөнгөн хөрөнгийг зээлдэгч Б.Згийн хүсэлтээр шимтгэлд 94,500 төгрөгийг суутгаж, үлдсэн 6,205,500 төгрөгийг эхнэр Л.Б-н тоот дансанд шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Э К ББСБ ХХК-иас Б.Зд 6,300,000 төгрөгийн зээл олгох шийдвэр гарч, шимтгэлд 94,500 төгрөг суутгаж 6,205,500 төгрөгийг Э К ББСБ ХХК-ийн данснаас Л Б 5023285358 тоот дансанд шилжүүлсэн, түүний данснаас нэхэмжлэгчийн дансанд З төлөлт гэсэн утгаар 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 241,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдов. Мөн Б.З, Л.Б нар нь гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий этгээдүүд болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон болно. Иймд нэхэмжлэгчийн зээлдэгчийн хүсэлтээр эхнэрийнх нь дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэсэн тайлбар үндэслэлтэй байх ба энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл зээлдэгчийн хүсэлтээр бусад этгээдийн дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэнийг зээлдэгчид зээлийг олгоогүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлийг олгосонд тооцох ба зээлдүүлэгчийг үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу эхний 3 сар хүүгийн төлбөр, 4 дэх сараас үндсэн болон хүүгийн төлбөр төлөхөөр тохирсон байх бөгөөд уг хуваарьт заасан эхний 3 сарын үүргээ биелүүлж, түүнээс хойшхи үүргийг биелүүлээгүй байна. Иймд зээлийн хүүгийн тооцоолол зөв, нэмэгдүүлсэн хүүг зөрчил эхэлснээс тооцоогүй 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс тооцсон байгааг дурдах нь зүйтэй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 9,248,426 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг хэлнэ. Зохигчийн байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хуульд нийцсэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бын Згаас 9,248,426 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э К ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.З нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг тоотод байршилтай, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-дугаарт бүртгэлтэй, 511м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянгол дүүрэг тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 54 м2 талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,330 төгрөгөөс 233,125 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Згаас улсын тэмдэгтийн хураамжид 233,125 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 70,205 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э К ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА