Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 438

 

Ц.А-ийн нэхэмжлэлтэй,

МУЕА-т холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:           Д.Мөнхтуяа

Шүүгчид:                        Х.Батсүрэн

                                        Б.Мөнхтуяа

                                        П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:               Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:  Ц.Ундрал

Нэхэмжлэлийн шаардлага: “...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/284 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, О.Гантуяагийн хийж гүйцэтгэж буй аудиторын ажилд томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргаж олгох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг тус тус даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/389 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0461 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, С.Энхбаатар нар,

Нэхэмжлэгч Ц.А-, түүний өмгөөлөгч М.Ганзориг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/389 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн /2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдсон/ 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А-ийн гаргасан, “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/284 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, О.Гантуяагийн хийж гүйцэтгэж буй аудиторын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0461 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0389 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.А-, түүний өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Ц.А-, түүний өмгөөлөгч М.Ганзориг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...Ц.А-ийн ажиллаж байсан шинжээчийн албан тушаал хасагдсан бөгөөд түүний чиг үүрэг нь хадгалагдаж үлдсэн Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын албан тушаалд тавигдах шаардлагыг /Төрийн албанд болон мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх/ хангахгүй байх тул шүүхээс нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд томилох, томилохыг даалгах үндэсгүй” гэжээ. Гэтэл бүтэц, орон тоо шинэчлэгдэх үед тухайн аудиторын ажлын байранд тавигдах шаардлагыг ихэнх албан хаагчид хангаагүй байсаар байтал анхан шатны шүүх уг нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу гүйцэтгээгүй, татгалзсан атлаа зөвхөн нэхэмжлэгчийг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангаагүй гэж ажлаас чөлөөлсөн шийдвэрийг зөвтгөж буй нь үндэслэлгүй юм. Харин ч нэхэмжлэгч Ц.А- нь шинжээчийн ажлын байранд томилогдон ажиллаж байх хугацаандаа тогтмол сурч боловсорч, мэргэшсэн нягтлан бодогч болохыг зорин суралцаж байснаараа бусад албан хаагчдаас давуу талтай, шинжээчийн ажлын байранд ажиллаж байхдаа бусад албан хаагчдаасаа 2016 оны үр дүнгийн гэрээгээ хамгийн өндөр буюу 96.6%-тай дүгнүүлж, 2016-2017 оны байгууллагын хөдөлмөрийн аварга ажилтан болж байсан юм. Ингэснээрээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зааснаар нэхэмжлэгч нь ажлын үр дүн, мэдлэг ур чадвараараа бусад албан хаагчдаасаа илүү байсаар байтал ажиллаж байсан албан хаагч нар дунд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг шалгаруулалт явуулж тэдгээрийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангасан ажилтныг сонгох, Захиргааны Ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулах ёстой байсан юм. Түүнчлэн Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн байна.

5. Хариуцагч Ерөнхий аудиторын 2017 оны А/69 дүгээр тушаалыг захиргааны актын шинжийг агуулаагүй, дотогшоо чиглэсэн акт, уг актын талаар нэхэмжлэгч маргаагүй гэж дүгнэж гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн нь Захиргааны Ерөнхий хуульд заасан захиргааны актын талаарх ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн захиргааны үйл ажиллагааг шүүхийн хяналтаас гадуур байлгах үндэслэл муутай дүгнэлтийг хийж байгаа нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйг харуулж байна.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгтээ "...О.Гантуяаг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүй нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм” гэжээ. Үүнийг давж заалдах шатны шүүх ямар учраас, яагаад хүлээн авах боломжгүй гэдгийг тайлбарлаагүйгээрээ магадлал, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “3ахиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 7.2-т “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасныг тус тус ноцтойгоор зөрчиж байна.

7. Гуравдагч этгээдийг татан оролцуулах хүсэлт болон нотлох баримт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн аваагүй бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөхдөө нэхэмжлэгч гомдол гаргаагүй захирамж хүчин төгөлдөр болсон гэж дүгнээд энэ нь гомдлыг хангахгүйгээр шийдвэрлэх үндэслэл болгожээ. Нотлох баримт гаргуулах болон гуравдагч этгээд татан оролцуулах хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн аваагүй, нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй бөгөөд уг асуудлаар давж заалдах гомдол гаргахад саад болохгүй юм. Тодруулбал анхан шатны шүүх нотлох баримтыг цуглуулах, эрх нь зөрчигдөж болзошгүй гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл бус харин анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болоогүйг харуулж байхад давж заалдах шатны шүүх уг үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнийг харуулж байна.

8. Иймд, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.  

10. Нэхэмжлэгч Ц.А-ийг Орхон аймгийн Аудитын газрын шинжээчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/284 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т, 27.2.4-т “...төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасантай нийцсэн, Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д “эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсын Ерөнхий аудитор ...батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны захиргааны акт байна.

11. Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар Үндэсний Аудитын газрын харъяа Аймаг, нийслэлийн Аудитын газар байсныг аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар болгон өөрчилж, 2017 оны А/69 дүгээр “аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тушаалаар аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалт, орон тоо, албан тушаалын жагсаалтыг батлахдаа Орхон аймаг дахь Төрийн аудитын газрыг 12 орон тоотой байхаар заажээ.

12. Дээрх 2017 оны А/69 дүгээр тушаалын дагуу Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/87 дугаар тушаалаар баталсан аймаг дахь Төрийн аудитын газрын ажлын байрны тодорхойлолтод “аудитор нь мэргэжлээрээ болон төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх, мэргэшсэн нягтлан бодогч байх”-ыг заасан байна.

13. Нэхэмжлэгч Ц.А- нь Орхон аймгийн Аудитын газрын шинжээчийн албан тушаалд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс түр томилогдож ажилласан байсан, үүнээс өмнө төрийн албанд ажиллаж байгаагүй, өмнөх аудитор /шинжээч/”-ийн гэх албан тушаал нь “аудитор” болж өөрчлөгдсөн, аудиторын ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий шаардлагын зарим хэсгийг хангаагүй гэж дүгнэсэн захиргааны байгууллагын тайлбарыг буруутгах боломжгүй талаар хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой дэлгэрэнгүй дүгнэжээ.

14. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс гаргасан “О.Гантуяаг гуравдагч этгээдээр татан оролцуулах” тухай хүсэлтийг “...уг тушаалын улмаас О.Гантуяагийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөхгүй...” гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр, энэ захирамжид нэхэмжлэгч тухайн үед гомдол гаргаагүй маргаж буй ажлын байранд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3-т заасан журмын дагуу томилогдсон О.Гантуяагийн эрхэлж буй ажлын байранд шаардлага хангаагүй нэхэмжлэгч Ц.А-ийг томилохыг даалгах боломжгүй байна.   

15. Иймээс “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хууль буруу тайлбарласан, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй болно.

16. Шүүхүүд маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0389 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0461 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.МӨНХТУЯА

 ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ