Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1223

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ПИЭИ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01187 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ПИЭИ” ХХК-ийн хариуцагч “ОХ” ХХК-д холбогдуулан гаргасан 24 955 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “ОХ” ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу 46 637 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн. “ОХ” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр фотон цистерн усны машиныг 30 000 000 төгрөгөөр худалдан авч төлбөрөөс хасч тооцон, үлдэгдэл төлбөр 16 637 000 төгрөг үлдсэн. “ПИЭИ” ХХК-ийн зүгээс дээрх үлдэгдэл төлбөрөө барагдуулахыг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, тусгай нөхцөлийн 8.1.1-т заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох алданги 8 318 500 төгрөг, нийт 24 955 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ПИ” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн гэх бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт 16 637 000 төгрөгийг гаргуулах талаар бичсэн байна. Гэтэл уг нэхэмжлэлдээ хэзээ, хаана, хэдий хэмжээний бетон зуурмагийг нийлүүлж, хэдэн төгрөгийн төлбөрийн үүрэг үүссэнээс хариуцагч хэдэн төгрөг төлж хэдийг төлөөгүй талаар тодорхой бичээгүй нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгснөөр түүний төлбөрийг шаардах эрх үүснэ. “ОХ” ХХК багагүй хэмжээний бетон зуурмагийг “Премиум индастрал энд инженеринг” ХХК-аас авч байсныг үгүйсгэхгүй боловч 16 637 000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүрэг үлдээгүй. Мөн “ОХ” ХХК-ийн зүгээс алдангид шаардсан 8 318 500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ОХ” ХХК-аас 24 955 500 төгрөг гаргуулах “ПИЭИ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 282 728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнгөнхүү давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх гэрээний тусгай, ерөнхий нөхцөлийг заасан хэсгийг тухайн цаг хугацаанд тохиролцож байгуулсан нь нотлогдоогүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрт бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтаас үзэхэд захиалагч байгууллага гэх тал дээр н.Баатарбямба гэж бичсэн байгаа боловч уг баримтуудаар хариуцагч “ОХ” ХХК-д бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлж хүлээлгэн өгсөн гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн. Тус бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтад захиалагч байгууллага талд Ж.Баатарбямба гэж бичигдсэн байдаг бөгөөд Ж.Баатарбямба нь “ОХ” ХХК-ийн ерөнхий захирал бөгөөд гэрээнд гарын үсэг зурсан. “ОХ” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Баатарбямба нь зарим бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтад гарын үсэг зурж хүлээн авсан байдаг бөгөөд бетон зуурмаг хүлээн авч буй барилгын талбайд ерөнхий захирал нь байнга байдаггүй тул түүний өмнөөс талбайн инженер болон тухайн үед барилгын талбайг хариуцан ажиллаж байсан ажилтан бетон зуурмагийг хүлээн авч баримтад гарын үсэг зурдаг. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “ОХ” ХХК, түүний ерөнхий захирал Ж.Баатарбямба болон талбай хариуцсан инженерүүдийн гарын үсэгтэй бетон зуурмаг хүлээн авсан баримтуудыг “ОХ” ХХК бетон зуурмаг хүлээж аваагүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эзэмшлийн барилгын талбайд бетон зуурмагийг нийлүүлж тухайн үед барилгын талбайг хариуцсан ажилтнаар баримтад гарын үсэг зуруулж хүлээлгэн өгч байсныг шүүх талуудын хооронд огт бараа бүтээгдэхүүн авч, өгч байгаагүй мэтээр дүгнэж, нотлох баримтыг бүрэн гүйцэт судалж, үнэлээгүй шийдвэр гаргасан. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиар эвлэрэх санал гаргахад нэхэмжлэгч тал эс зөвшөөрч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах хүсэлт гаргасан боловч шүүгч талуудад эвлэрэх 7 хоногийн хугацаа өгч шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн хариуцагч тал бетон зуурмаг хүлээн аваагүй гэдэгтэй маргаагүй зэргийг шүүх харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиар эвлэрэх санал гаргаж байгаа нь гэрээний дагуу бетон зуурмаг авсан, түүний үнийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

      ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ПИЭИ” ХХК нь хариуцагч “ОХ” ХХК-д холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 16 637 000 төгрөг, алданги 8 318 500 төгрөг, нийт 24 955 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“ПИЭИ” ХХК нь “ОХ” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч буюу “ПИЭИ” ХХК нь худалдан авагчид 2017 онд нийт 600 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, худалдан авагч буюу “ОХ” ХХК нь гэрээний 4.5-д зааснаар ажлын гурав хоногт багтаан нийт 89 940 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээж, тохиролцсон байна. /хх8-12/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч “ПИЭИ” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хооронд гэрээний дагуу хариуцагч “Очирттунамал” ХХК-д бетон зуурмаг хүлээлгэн өгсөн талаарх бичгийн баримтыг гаргаж 313 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн нь нотлогдоно гэжээ.

 

Зуурмагийг захиалагч, нийлүүлэгчийн нэр бичигдсэн, хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг зурж баталгаажуулсан уг баримт нь ажил хэргийн хүрээнд нэг маягаар үйлдэгдсэн үнэлэх боломж бүхий эх баримт байх бөгөөд эдгээр баримтаас засвартай баримтуудыг үнэлэх боломжгүй, эргэлзээтэй байх тул хасч, 283 м.куб бетоныг нийлүүлсэн нь нотлогдсон гэж үзэв. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөрийн үлдэгдэлтэйг зөвшөөрч эвлэрэх санал гаргаж байсан нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас гадна 30 000 000 төгрөгийг цистерн машинаар төлсөн талаар талууд маргаагүй.

 

Дээрхээс дүгнэвэл 42 421 700 төгрөгийн зуурмаг нийлүүлснээс хариуцагч “ОХ” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “фотон цистерн” усны машиныг худалдан авсан 30 000 000 төгрөгийг хасч, 12 421 700 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг “ОХ” ХХК-аас гаргуулж, “ПИЭИ” ХХК-д олгох Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. /хх41-83/

 

Харин талууд гэрээний 8.1.1-т үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар заасан боловч алдангийн хувийг тодорхойлоогүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар тохиролцсон гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01187 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ОХ” ХХК-аас 12 421 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ПИЭИ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 533 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Шийдвэрийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “... үлдээж, хариуцагчаас 213 697 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 727 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ