Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2020/01187

 

                        

 

 

 

            

 

 

  2020         04          07                                          101/ШШ2020/01187

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг  дүгээр хороо, давхар тоотод байрлах, РД:, П ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг  дугаар хороо, Өлгий тоот хаягт байрлах, РД:, О ХХК-д холбогдох 24.955.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2017-07-19-ний өдөр О ХХК-тай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу 46.637.000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн. О ХХК-иас 2017-10-01-ний өдөр “фотон цистерн” усны машиныг 30.000.000  төгрөгөөр худалдан авч гэрээний тусгай нөхцөл 4.4 дэх зүйлд зааснаар төлбөрөөс хасч тооцон, үлдэгдэл төлбөр 16.637.000 төгрөг үлдсэн. П ХХК-ийн зүгээс дээрх үлдэгдэл төлбөрөө барагдуулахыг холбогдох хүмүүст нь удаа дараа мэдэгдэж, очиж уулзаж, албан бичиг явуулж байсан ч одоог хүртэл барагдуулаагүй Иргэний хуулийн 243 дугаар зуйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу бетон зуурмаг нийлүүлэх гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл төлбөр 16.637.000 төгрөг, гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, гэрээний тусгай нөхцөлийн 8.1.1 дэх хэсэгт заасны дагуу 2017-09-30-ны өдрөөс 2019-01-24-ний өдрийг хүртэлх хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь 8.318.500 төгрөгийн алданги, нийт 24.955.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П ХХКомпани 2017-07-19-ний өдрийн Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн гэх бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт 16.637.000 төгрөгийг гаргуулах талаар бичсэн байна. Гэтэл уг нэхэмжлэлдээ хэзээ, хаана, хэдий хэмжээний бетон зуурмагийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлж, хэдэн төгрөгийн төлбөрийн үүрэг үүссэнээс хариуцагч хэзээ, хэдэн төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэж хэдэн төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй талаар тодорхой бичээгүй нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна.

Иргэний хуульд зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгснөөр түүний төлбөрийг шаардах эрх бий болдог. Өөрөөр хэлбэл шилжүүлэн өгөөгүй эд хөрөнгийн үнийг шаардах эрхгүй.

24.955.500 төгрөгийн хувьд О ХХКомпани багагүй хэмжээний бетон зуурмагийг П ХХК-иас авч байсныг үгүйсгэхгүй боловч нэхэмжлэлд дурьдсан 16.637.000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүрэг үлдээгүй. Мөн О ХХК-ийн зүгээс алдангид шаардсан 8.318.500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П ХХКомпани нь хариуцагч О ХХКомпаниас 2017-07-19-ний өдрийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 16.637.000 төгрөг, алданги 8.318.500 төгрөг, нийт 24.955.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч О 2017-07-19-ний өдөр бетон зуурмаг нийлүүлэх PC-SD-2017-219 гэрээг байгуулсан гэдэг дээр маргаагүй, “гэрээний тусгай, ерөнхий нөхцлийг заасан хэсэг нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч тал хэдийд ч засварлаад өөр байдлаар гаргах боломжтой. Хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, хэдий хэмжээний бетон зуурмагыг нийлүүлсэнээ нотлож чадахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

Нэхэмжлэгч П ХХКомпанийн 2017-07-19-ний өдрийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 16.637.000 төгрөг, алданги 8.318.500 төгрөг, нийт 24.955.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч П ХХКомпани хариуцагч О ХХКомпани 2017-07-19-ний өдөр бетон зуурмаг нийлүүлэх PC-SD-2017-219 гэрээг байгуулжээ. Гэрээний тусгай, ерөнхий нөхцлийг заасан хэсгийг тухайн цаг хугацаанд тохиролцож байгуулсан нь нотлогдоогүй. /хх-ийн 3-9 тал/

Нэхэмжлэгч 2017-07-19-ний өдрийн бетон зуурмаг нийлүүлэх PC-SD-2017-219 гэрээний дагуу нийлүүлсэн бетон зуурмагийг хавтаст хэргийн 41-82 дахь талд авагдсан бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдож байгаа гэсэн тайлбарыг гаргасан ч “хавтаст хэргийн 42-61 дахь талд байгаа баримт нь 2019-07-06-ны өдрийн баримтууд байна, харин 41, 62-79, 80-83 дахь талд байгаа баримтаас үзэхэд “захиалагч байгууллага гэх тал дээр Б гэж бичсэн” байгаа боловч уг баримтуудаар хариуцагч О ХХКомпанид бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлж хүлээлгэн өгсөн гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч П ХХКомпани нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг няцаах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 282.728 төгрөгийг улсын орлого болгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас 24.955.500 төгрөг гаргуулах П ХХКомпанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 282.728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА