Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01506

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2020/01052 дугаар шийдвэртэй

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч НЗТГт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд СЯ,

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан НӨАУГ-ББТТ-2019/01 дугаар 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль,цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнэ 18 443 973 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баттуяа, түүний өмгөөлөгч А.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Нарны хороололд 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж 2017 оны 10 сард байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 244 дугаар тогтоолын дагуу сургууль, цэцэрлэгийн барилгыг тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, гадна тохижилтын ажлын хамт Нийслэлийн боловсролын газар хүлээн авч 2018 оны хичээлийн жилээс өнөөдрийг хүртэл нийслэлийн ерөнхий боловсролын 141-р лаборатори сургууль, 262 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компанид Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3/1761 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл ирүүлсний дагуу НЗТГтай 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр НӨАУГ-ББТТ-2019/01 дугаар 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /УБ хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол/ гэрээ-г байгуулсан. Дээрх гэрээний 4-д нийлүүлэгч нь 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах нийлүүлэх ажлыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны дотор нийлүүлж хүлээлгэж өгнө гэж заасны дагуу 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг захиалагчаас томилогдсон комисст 2019 оны 12-р сарын 13-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн болно. Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын үнэ 18 443 973 000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрч байгаа нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд хариуцагчаас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан НӨАУГ-ББТТ-2019/01 дугаар 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /УБ хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол/ гэрээ-ний дагуу нийлүүлсэн барааны үнэ 18 443 973 000 төгрөгийг гаргуулан өгч тусална уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баттуяа шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол улсын 2019 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцын хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын ХИ.1.1.227-д 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол/ 18 991 400  000 төгрөг батлагдсан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны Ажлын хэсэг байгуулах тухай А/990 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Нарны хороололд “Г” ХХК-ийн барьсан иж бүрэн тоног төхөөрөмж бүхий 960 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга байгууламжийн үнийг өнөөгийн зах зээлийн жишгийн дагуу бууруулах чиглэлээр хэлэлцээ хийсний үндсэн дээр худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Хууль журмын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулан НЗТГ “Г” ХХК-тай ажлын гэрээг үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн НӨАУГ-ББТТ-20191 дугаартай 18 443 973 000 төгрөгийн үнийн дүн бүхий 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /Улаанбаатар Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол/ гэрээ байгуулан ажилласан. Уг гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 26-нд дууссан. Хөрөнгө хүлээн авах ажлын хэсэг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр уг барилгын чанар байдлыг газар дээр нь очиж үзэж танилцан хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж хүлээн авсан болно. “Г” ХХК, НЗТГтай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн НӨАУГ-ББТТ-2019/01 тоот гэрээний гуравдугаар зүйлд ...захиалагч нь барааны нийлүүлэлтийг 18 433 973 000 төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж тусгасан байгаа. Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн Засаг даргын зүгээс СЯанд удаа дараа хандан хүсэлт гаргасан боловч одоо хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Иймд уг нэхэмжилж буй мөнгийг СЯ хариуцах үндэслэлтэй. Нийслэлээс энэ мөнгийг төлөх төсөв санхүүжилт байхгүй бөгөөд энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч өөрөө ч мэдэж байсан гэж үзнэ. Иймд энэ асуудлыг СЯ хариуцах учиртай юм. Уг гэрээнд 18 443 973 000 төгрөгийг НЗТГ төлнө гэсэн нөхцөл байхгүй болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд СЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Гүлжан, Ж.Дэлгэржаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад XII.1.1.227. 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол/ гэсэн төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 18 443 973 000 төгрөг батлагдсан. Уг арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Нийслэлийн Засаг даргад хэрэгжүүлэх эрхийг шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/6458 тоот албан бичгээр санхүүжилт хүссэн албан бичгийг тус яаманд ирүүлсэн бөгөөд санхүүжилтийн материалыг дараах үндэслэлээр буцаан хүргүүлсэн. Төсвийн тухай хуулийн 14.4 дэх хэсэгт төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн заалтын дагуу Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын даргад төслийг хэрэгжүүлэх эрхээ шилжүүлсэн шийдвэр гараагүй байхад гэрээ байгуулах, гүйцэтгэл хянах болон барилга, тоног төхөөрөмжийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар хэрэгжүүлсэн байгаа тул санхүүжилтийн эрхийг нээх боломжгүй. Мөн Нийслэлийн Засаг даргаас 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/6712 тоот албан бичгээр санхүүжилтийг Захиалагчийн барьцаа хөрөнгийн дансанд байршуулах хүсэлтийг ирүүлсэн боловч дээрх үндэслэл хангагдаагүй учир дахин буцаасан. Дээрх төсөл, арга хэмжээ нь 2020 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад батлагдаагүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 18 443 973 000/арван найман тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая есөн зуун далан гурван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Г” ХХК-ийн 92 377 815 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 92 377 815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баттуяа, түүний өмгөөлөгч А.Нарантуяа нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцын хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын ХИ.1.1.227-д “960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол 18 991 400 000 төгрөг батлагдсан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/990 дугаар захирамжаар “Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Нарны хороололд “Г” ХХК-ийн барьсан иж бүрэн тоног төхөөрөмж бүхий 960 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга байгууламжийн үнийг өнөөгийн зах зээлийн жишгийн дагуу бууруулах чиглэлээр хэлэлцээ хийсний үндсэн дээр худалдан авах авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан. НЗТГ “Г” ХХК-тай ажлын гэрээг үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн НӨАУГ-ББТТ- 2019/01 дугаартай 18 443 973 000 төгрөгийн үнийн дүн бүхий 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол/ гэрээ байгуулан ажилласан. Уг гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дууссан. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын “Хөрөнгө хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны А/559 дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсэг нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр уг барилгын чанар байдлыг газар дээр нь очиж үзэж танилцан хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж хүлээн авсан болно. “Г” ХХК, НЗТГтай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн НӨАУГ-ББТТ-2019/01 тоот гэрээний 3 дугаар зүйлд “...захиалагч нь барааны нийлүүлэлтийг 18 433 973 000 төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ” гэж тусгасан байгаа.Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 244 дүгээр тогтоолд "... Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Нарны хороолол”-д “Г” ХХК-ийн барьсан иж бүрэн тоног төхөөрөмж бүхий 960 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга байгууламжийн дахин үнэлгээг эрх бүхий хөндлөнгийн хяналтын байгууллагаар хийлгэн зах зээлийн үнийн өнөөгийн жишгийн дагуу бууруулах чиглэлээр хэлэлцэх үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг байгуулан тохиролцсоны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг зөвшөөрч, шаардагдах хөрөнгийг харилцан тохиролцсон хэмжээгээр Монгол Улсын 2019 оны төсөвт тусган батлуулж санхүүжүүлэх, цаашид үйл ажиллагааны зардлыг нь жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарт даалгасугай” гэж тус тус заасан болно. Дээр дурдсан гэрээний 3 дугаар зүйлд заасныг үндэслэн уг барааны нийлүүлэлтийн 18 443 973 000 төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж заасан учир СЯны Төсвийн хөрөнгө оруулалтын газарт НЗТГ нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/6458, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/6661, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/6712 дугаартай албан бичгүүдээр Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан бичиг баримтын бүрдлийг хангасан тул уг 2 объектын санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг удаа дараа хүссэн боловч СЯ шийдвэрлэж өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Тухайн гэрээнд уг төлбөрийг НЗТГ хариуцна гэсэн нөхцөл тусгагдаагүй болно. Иймд энэхүү асуудлыг шүүх шийдвэрлэхдээ СЯыг хамтран хариуцагчаар татаж уг төлбөрийг СЯнаас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйд нийцнэ гэж үзэх тул шийдвэрт өөрчлөлт оруулж 18 443 973 000 төгрөгийг СЯнаас гаргуулж шийдвэрлэж өгөхийг хүсье. СЯны энэхүү буруутай, эс үйлдэхүйгээс болж НЗТГ нь улсын тэмдэгтийн хураамжийн 92 377 815 төгрөгийн хэмжээгээр мөн хохирч байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь НЗТГт холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан НӨАУГ-ББТТ-2019/01 дугаар 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах гэрээ-ний дагуу нийлүүлсэн барааны үнэ 18 443 973 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргаж, “...талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлд “захиалагч нь барааны нийлүүлэлтийн 18 433 973 төгрөгийг улсын төсвөөр санхүүжүүлнэ” гэж тусгасан СЯ хариуцна” гэж тайлбарлажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр СЯыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд НЗТГ нэхэмжлэгч “Г” ХХК-тай  2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр НӨАҮГ-ББТТ-2019/01 дугаартай 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль,280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ,тохижилтын ажлын хамт худалдан авах /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол/ гэрээг байгуулсан байна. /хх.6-7/ Дээрх гэрээгээр захиалагч буюу хариуцагч НЗТГ 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах, нийлүүлэгч нь дээрх ажлыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэн өгөх, НЗТГ буюу захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч 18 443 973 000 төгрөгийн санхүүжилтийг олгох, гэрээний үйлчлэх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хэмээн тохиролцжээ.

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

Хэргийн 7 дугаар талд “Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг хүлээлгэн өгсөн” 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн НӨАУГ-ББТТ-2019/07 дугаартай акт авагдсан байна. /хх.7/ Иймд нэхэмжлэгч “Г” ХХК нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Хуульд зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээдэг бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдагч буюу нийлүүлэгч худалдан авагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагчаас 18 443 973 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.