Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/41

 

*******эд холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор                                                                 Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Ө.Батболд

Шүүгдэгч                                                                     *******   

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/245 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 05ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтай 5 дугаар гудамж 589 тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчид ******* тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 713 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1486 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч ******* хоолойг боож, хүч хэрэглэж бэлэн 8,000 төгрөг, Samsung S-8 маркийн гар утас 1 ширхэгийг дээрэмдэж, нийт 848,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэзулын Мөнхсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд 2 /хоёр/ жилийн  хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 105,000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч  *******д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Би амьдрал ахуйн хувьд нэн ядуу, гэр оронд минь ажил төрөл хийдэг хүн байхгүй. Тухайн үед хадландаа тусалж байгаад ирсэн болохоор хохирол болох 105 000 төгрөгийг төлөөгүй байсан юм. Би давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирлыг бүрэн төлж барагдуулна. Би архи ууж, согтуурсан байдлаас болж гэмт хэрэгт оролцсондоо маш их харамсаж байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эхнэр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрах хүсэлтэй байна. Надад тус шүүхээс ганцхан удаа боломж олгож хорих ялыг 1 жилийн хугацаагаар багасгаж шийдвэрлэж өгнө үү. Хохирогч Эрдэнэтулга ч гэсэн намайг уучилж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Иймд намайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан нэг жилийн хугацаагаар шийтгэж өгнө үү.” гэжээ. 

Өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Гагцхүү шүүгдэгч нь туйлын ядуу, хохирлоо төлөх битгий хэл өдрийн хоолоо залгуулахад маш хүнд амьдралтай байдаг. Мөнхсүхийн ээж нь Сэлэнгэ аймаг руу ногоо хураалтанд явсан. Сая цалин нь буугаад хүүгийнхээ төлбөрийг төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж, шүүгдэгч *******эд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс нэг удаа надад боломж олгож, хорих ялыг багасгаж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн гэм бурууд тохирсон. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч ******* хоолойг боож, хүч хэрэглэж бэлэн 8,000 төгрөг, Samsung S-8 маркийн гар утас 1 ширхэгийг дээрэмдэж, нийт 848,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээж байна. ...” гэсэн мэдүүлэг, /хх 132/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би 2022 оны 05 дугаар сарын 29-ний орой 23 цаг өнгөрч байхад Хэрлэн сумын 7 дугаар багт байх гэртээ харих замд буюу 30 дугаар байрны 1 дүгээр орцны гадна талд байрлуулсан модон сандал дээр дунд зэргийн нуруутай, бүлтгэр нүдтэй, нахиу хамартай залуу, жаахан хүүхэд тэвэрсэн хүүхний хамтаар сууж байсан. Намайг “хөөе нааш хүрээд ир, тамхи байна уу.” гэж асуухаар нь би тамхи татдаггүй, надад тамхи байхгүй.” гэж хэлэхэд миний баруун талын халаасанд байсан мөнгө, түлхүүр, зүүн талын халаасанд байсан Samsung S-8 маркийн гар утсыг авч намайг 30, 31 дүгээр байрны голын харанхуй хэсэг рүү чирч оруулан хоолойг боомилж зодсон. Би тусламж дуудах гэсэн боловч миний хоолойг боомилсон болохоор дуугарч чадахгүй байсан. Тэгээд намайг зодсон залуу хиймэл нуурыг чиглээд гүйгээд явсан. ...” гэсэн мэдүүлэг, /хх 8-9/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... намайг 2022 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө гэртээ байхад 00 цаг өнгөрч байх үед Нямсүрэн залгаад Эрдэнэтулга нь өөрийн эзэмшлийн Samsung S-8 маркийн гар утсаа хүнд булаалгасан байна.” гэж хэлсэн. Тэгээд манай хүү 2022 оны 05 дугаар сарын 29-ний өглөө гэртээ ирсэн бөгөөд тэрээр утсаа дээрэмдүүлэхдээ тухайн хүнд зодуулсан байдалтай харагдсан. ... гэсэн мэдүүлэг, /хх 17/

Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “...Отгонжаргал нь орж ирээд Samsung S-8 маркийн гар утсыг 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. ...тэр эмэгтэй  нөхөр болон хүүхдийн хамт явж байсан. ...105,000 төгрөг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг, /хх 20/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... хамтран амьдрагч Мөнхсүх бид 2 гэртээ харихдаа төв зам дагуу алхаж мянгат хорооллын голоор явж байгаад 30 дугаар байрны эмийн сангийн хажуу талын орцны модон сандал дээр сууж байгаад хоорондоо маргалдсан. ... маргалдаж байхад ертөнцийн зүгээр зүүн хойд зүгээс жижигхэн бор залуу баруун зүгийг чиглээд алхаж байхад Мөнхсүх очиж тамхи байвал өгөөч гэж гуйхад нөгөө залуу нь сайн байна уу ахаа гэж өөдөөс нь хэлэхэд Мөнхсүх би чамайг таньдаг бил үү гэж хэлээд нөгөө жижигхэн бор залуугийн баруун талын халааснаас мөнгийг нь авсан. ... Тэгээд би баруун тийш алхаад явахад Мөнхсүх нөгөө залуутай зодолдоод үлдсэн. Би буцаж очин болиулах гэхэд тэр хоёр 30, 31 дүгээр байрны харанхуй хэсгээр ороод байрны хойд талд гарчихсан зодолдож байсан. Мөнхсүх зодолдож байхдаа нөгөө залуугийн гар утсыг нь аваад байрны хойгуур баруун тийш гүйгээд явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 23-25/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “... Би 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим найз Болдоотой хамт 2 шил Хараа нэртэй архи хиймэл нууран дээр хувааж уусан. ... ганцаараа уугаад эхнэр Отгонжаргалыг хүүхэдтэйгээ дагуулаад 23 цаг өнгөрч байхад гарсан. Ингээд эхнэр хүүхэдтэйгээ Хэрлэн сум 7 дугаар баг, мянгатын голоор яваад 30 дугаар байрны урд талын орцны гадна модон сандал дээр сууж байх үед нэг залуу явж байхаар нь би хөөе, хөгшөөн чамд тамхи байна уу гэж асуусан юм. Тэгсэн тухайн залуу байхгүй гэж хэлэхээр нь би нөгөө залуугаас чиний халаасанд чинь юу байгаа юм бэ гэж асуусан чинь дуугарахгүй байсан. Тэгээд би халаасыг нь харсан чинь утас харагдахаар нь гараа хийгээд гар утсыг нь аваад зугтчихсан. ...” гэсэн мэдүүлэг, /хх 47/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 417 тоот дүгнэлтэд:1. ******* биед духны зүүн дээд хэсэг, баруун зулайн ар дээд хэсэг, хамрын үзүүр, хэвлийн зүүн хажуу хэсэг, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, /хх 34-35/  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 4/ иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэг, /хх 20/ *******ийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд, /хх 58-62/  эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 63-64/  эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 65-66/  Хязгааргүйн ноён оргил ХХК-ийн  баримт, /хх 79/ Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 86-93/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч *******: “ ... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эхнэр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрах хүсэлтэй байна. Надад тус шүүхээс ганцхан удаа боломж олгож хорих ялыг 1 жилийн хугацаагаар багасгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх боломжгүй байх тул түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тус шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө иргэний нэхэмжлэгч *******д  105 000 төгрөг төлснийг магадлалд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/  хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/245 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/  хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны өмнө иргэний нэхэмжлэгч *******д 105 000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА

                                ШҮҮГЧИД                                            С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                             З.ЭНХЦЭЦЭГ