Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Э.Мөнхсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэзулын Мөнхсүхэд холбогдох эрүүгийн 2221000000232 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 43-р хороо Алтай 5 дугаар гудамж 589 тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчид 9-27 тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 713 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1486 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Эрдэнэзулын Мөнхсүх /РД: ЖЯ94081238/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Мөнхсүх нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Эрдэнэтулгын хоолойг боож, хүч хэрэглэж бэлэн 8,000 төгрөг, Samsung S-8 маркийн гар утас 1 ширхэгийг дээрэмдэж, нийт 848,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Мөнхсүх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээж байна...” гэв.

 

Хохирогч Ц.Эрдэнэтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 29-ний  орой 23 цаг өнгөрч байхад Хэрлэн сумын 7 дугаар багт байх гэртээ харих замд буюу 30 дугаар байрны 1 дүгээр орцны гадна талд байрлуулсан модон сандал дээр дунд зэргийн нуруутай, бүлтгэр нүдтэй, махиу хамартай залуу, жаахан хүүхэд тэвэрсэн хүүхний хамтаар сууж байсан. Намайг хөөе нааш хүрээд ир, тамхи байна уу гэж асуухаар нь би тамхи татдаггүй, надад тамхи байхгүй гэж хэлэхэд миний баруун талын халаасанд байсан мөнгө, түлхүүр, зүүн талын халаасанд байсан Samsung S-8 маркийн гар утсыг авч намайг 30, 31  дүгээр байрны голын харанхуй хэсэг рүү чирч оруулан хоолойг боомилж зодсон. Би тусламж дуудах гэсэн боловч миний хоолойг боомилсон болохоор дуугарч чадахгүй байсан. Тэгээд намайг зодсон залуу хиймэл нуурыг чиглээд гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цэцгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг 2022 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө гэртээ байхад 00 цаг өнгөрч байх үед Нямсүрэн залгаад Эрдэнэтулга нь өөрийн эзэмшлийн Samsung S-8 маркийн гар утсаа хүнд булаалгасан байна гэж хэлсэн. Тэгээд манай хүү 2022 оны 05 дугаар сарын 29-ний өглөө гэртээ ирсэн бөгөөд тэрээр утсаа дээрэмдүүлэхдээ тухайн хүнд зодуулсан байдалтай харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17/

 

Иргэний нэхэмжлэгч А.Зоригтсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ...Отгонжаргал нь орж ирээд Samsung S-8 маркийн гар утсыг 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. ...тэр эмэгтэй  нөхөр болон хүүхдийн хамт явж байсан. ...105,000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

 

Гэрч Ш.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хамтран амьдрагч Мөнхсүх бид 2 гэртээ харихдаа төв зам дагуу алхаж мянгат хорооллын голоор явж байгаад 30 дугаар байрны эмийн сангийн хажуу талын орцны модон сандал дээр сууж байгаад хоорондоо маргалдсан. Учир нь Мөнхсүх намайг чи гэртээ харьж бай, би найзтайгаа дахиж ганц шил архи хувааж уугаад тэндээ хоноод өглөө гэртээ очно гэхээр нь би үгүй заавал гэртээ авч харина гэж хэлж үргэлжлүүлэн маргалдаж байхад ертөнцийн зүгээр зүүн хойд зүгээс жижигхэн бор залуу баруун зүгийг чиглээд алхаж байхад Мөнхсүх очиж тамхи байвал өгөөч гэж гуйхад нөгөө залуу нь сайн байна уу ахаа гэж өөдөөс нь хэлэхэд Мөнхсүх би чамайг таньдаг бил үү гэж хэлээд нөгөө жижигхэн бор залуугийн баруун талын халааснаас  мөнгийг нь авсан. Тэгэхээр нь би мөнгийг нь өг гэж хэлэхэд Мөнхсүх зүүн гартаа тухайн залуугийн халааснаас авсан мөнгийг базчихсан өгөхгүй гээд байхаар нь өг гэсээр байгаад нөгөө залууд мөнгийг нь өгсөн. Тэгээд би баруун тийш алхаад явахад Мөнхсүх нөгөө залуутай зодолдоод үлдсэн. Би буцаж очин болиулах гэхэд тэр хоёр 30, 31 дүгээр байрны харанхуй хэсгээр ороод байрны хойд талд гарчихсан зодолдож байсан. Мөнхсүх зодолдож байхдаа нөгөө залуугийн гар утсыг нь аваад байрны хойгуур баруун тийш гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/

 

Шүүгдэгч Э.Мөнхсүхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим найз Болдоотой хамт 2 шил Хараа нэртэй архи хиймэл нууран дээр хувааж уусан. ...гэрт нэг шил 0,5 литрийн Хараа нэртэй архи байхаар нь ганцаараа уугаад эхнэр Отгонжаргалыг хүүхэдтэйгээ дагуулаад 23 цаг өнгөрч байхад гарсан. Ингээд эхнэр хүүхэдтэйгээ Хэрлэн сум 7 дугаар баг мянгатын голоор яваад 30-р байрны урд талын орцны гадна модон сандал дээр сууж байх үед нэг залуу явж байхаар нь би хөөе хөгшөөн чамд тамхи байна уу гэж асуусан юм. Тэгсэн тухайн залуу байхгүй гэж хэлэхээр нь би нөгөө залуугаас чиний халаасанд чинь юу байгаа юм бэ гэж асуусан чинь дуугарахгүй байсан. Тэгээд би халаасыг нь харсан чинь утас харагдахаар нь гараа хийгээд гар утсыг нь аваад зугтчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 417 тоот дүгнэлтэд:

1. Ц.Эрдэнэтулгын биед духны зүүн дээд хэсэг, баруун зулайн ар дээд хэсэг, хамрын үзүүр, хэвлийн зүүн хажуу хэсэг, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 34-35/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

- Иргэний нэхэмжлэгч А.Зоригтсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 20/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/

- Э.Мөнхсүхийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 58-62/

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63-64/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-66/

            - Хязгааргүйн ноён оргил ХХК-аас гарган өгсөн баримт /хх-ийн 79/

            - Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 86-93/

            - Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 94-98/

            - Шүүгдэгч Э.Мөнхсүхийн Дорнод аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 104/

            - Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын Дорнод аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 105/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.Мөнхсүхэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Мөнхсүх нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Эрдэнэтулгын хоолойг боож, хүч хэрэглэн  халаасанд нь байсан бэлэн 8,000 төгрөг, Samsung S-8 маркийн гар утас зэргийг дээрэмдэж  848,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Ц.Эрдэнэтулга, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Цэцэгээ, гэрч Ш.Отгонжаргал нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 417 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор бусдад бие, сэтгэл санааны хүчирхийлэл, заналхийлэл үзүүлэн довтолж шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр хохирогчийн эд хөрөнгийг авсан нь нийгэмд аюултай, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэг гэж үзнэ.

 

 Шүүгдэгч Э.Мөнхсүхийн хувьд урд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан бөгөөд согтуурсан үедээ бусдыг айлган сүрдүүлж амар хялбар аргаар ашиг хонжоо олох гэсэн шууд санаатай шунахай, дээрэнгүй зан байдал нь энэ гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлжээ.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэзулын Мөнхсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Мөнхсүхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Эрдэнэзулын Мөнхсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

 

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.  

 

Шүүгдэгч Э.Мөнхсүх нь хохирогчоос авсан 8,000 төгрөг, Samsung S-8 маркийн гар утсыг биет байдлаар нь хохирогч Ц.Эрдэнэтулгад хүлээлгэн өгсөн байна. Харин иргэний нэхэмжлэгчид 105,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Э.Мөнхсүхээс 105,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Зоригтсүрэнд олгуулах нь зүйтэй гэж үзлээ.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Мөнхсүх нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэзулын Мөнхсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэзулын Мөнхсүхэд 2 /хоёр/ жилийн  хорих ял шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхсүхэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

             4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Мөнхсүхээс 105,000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч  А.Зоригтсүрэнд олгосугай.

 

             5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Мөнхсүхэд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.        

 

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА