| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2022/02122/И |
| Дугаар | 102/ШШ2024/04460 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/04460
2024 оны 09 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2024/04460 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: К ХХК-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ц.Э-ийн шаардлагатай,
К ХХК-иас 187,328,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, ... орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Э.М, гуравдагч этгээд Ц.Э, түүний өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Манай компани “К” ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр .... ажлыг хийлгэхээр тохиролцсон. Гүйцэтгэлийн ажлын хөлс болох 400,000,000 төгрөгийн 50 хувийг урьдчилгаа хэлбэрээр, үлдэх 50 хувийг бартерын 2 ширхэг орон сууц оролцуулан төлөхөөр тохирсон. Бидний зүгээс ажлын хөлсийг бүрэн төлсөн ч хариуцагч компани нь цахилгаан шат угсралтын ажлаа дутуу гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллагаанд бүрэн оруулж, хүлээлгэн өгөөгүй. Энэ талаар бид 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ...тоот, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн... тоот, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ...тоот албан бичгээр удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй болно. “К” ХХК-ийн хариуцлагагүй үйлдлээс болж оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж, оршин суугчдын гомдол тасрахгүй байна. Хариуцагч компанийн үүргийн зөрчил нь удаан хугацааны туршид үргэлжилж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа хангалттай олгосон ч үүргийн зөрчил хэвээр байсан тул нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээний... орон сууц гэсэн хэсгээс татгалзаж байсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж, гэрээний дагуу 1201 дүгээр байранд 4 ширхэг лифтний тоног төхөөрөмж угсарсан зардал нь 187,328,000 төгрөгийг гаргуулна. Юунаас болж лифт эвдэрсэн бэ гэдэг талаар дүгнэлт гарсан. Даацын болон галын аюулгүй байдлын дохиолол, аюулгүйн тоноглол эвдэрсэн гэсэн дүгнэлт гарсан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт заасны дагуу шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагт “К ХХК-ийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь нэхэмжлэгч байгууллагатай 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээг байгуулан, уг гэрээнд заасан чанар, стандартын шаардлага хангасан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ...лифт, С0800 кг техникийн үзүүлэлттэй 2 ширхэг, нийт 4 ширхэг лифтийг гэрээнд заасан хугацаандаа “Х ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн. 2020 оны 3 дугаар сард зохих журмын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн улсын байцаагчаар хяналт, шалгалтыг хийж, тус лифтийг улсын бүртгэлд бүртгүүлэн дугаар өгч, ашиглах зөвшөөрлийг авч өгсөн. Өөрөөр хэлбэл “Клэстонбалансир” ХХК нь хэвийн ажиллагаатай 4 ширхэг лифтийг худалдагчид хүлээлгэж өгсөн ба хяналт, шалгалт дүгнэлт гаргах төрийн эрх бүхий байгууллагаар нь дүгнэлт гаргуулж, хүлээлгэн өгсөн хэвийн ажиллагаатай байсан лифт худалдан авагч болон хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа, тогны хэлбэлзлээс болж эвдэрснийг бид хариуцахгүй. Айл нүүж ороход бүгд ажилласан. Нэхэмжлэгч компанийн захирал надтай 4 дүгээр сард уулзахдаа чи өөрөө шатаасан уу гээд маргаан үүссэн. Усны инженер хүн яагаад энэ шинжээчийн дүгнэлтийг гаргав гэдэг асуудал байна. Би өөрөө механик менежер хүн. Шинжээч мэргэжлийн бус хүн байна. Дараагийн асуудал үнэлгээ бол үнэтэй гарсан байна. Зөвхөн 1 ширхгийг янзлах байсан. Зөрүү үүсэж байна. Эцэст нь галын дүгнэлт гаргах байсан.” гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э шүүхэд гаргасан шаардлагадаа: “Би анх "Шуурхай зар" сониноос байр зарна” гэсэн зарын дагуу “К” ХХК-ийн захирал Э.М-тай утсаар холбогдсон. Тэгээд ...заасан газар нь очиход тухайн барилга нь баригдаад дууссан, барилгын дотор засал чимэглэлийн ажлууд явж байсан бөгөөд тухайн баригдаж байгаа барилгадаа “Х ХХК-ийн борлуулалтын алба нь орсон байсан. Тэгээд ямар учиртай байр болохыг асууж тодруулахад “К” ХХК-ийн захирал Э.М нь манай компани “Х ХХК-д 4 ширхэг лифт нийлүүлсэн. Уг нийлүүлсэн лифтний хариу төлбөрт 2 ширхэг орон сууцыг “Х” ХХК-иас авсан. 6-7 дугаар давхарт 2 ижилхэн байр байгаа, 7 дугаар давхрын байрыг хүнд зарсан. Одоо 6 дугаар давхрын 2 өрөө байр зарагдаагүй байна. Та авах юм уу гэж хэлсэн. Ингээд би “К” ХХК-ийн захирлын хамт “Х” ХХК-ийн борлуулалтын алба руу орж уулзсан. Тэндээс 6 дугаар давхрын 2 өрөө байрыг “К ХХК-д лифтний төлбөрт тооцон худалдсан учир та төлбөрөө “К ХХК-д төлнө. Харин эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр захиалагч болж байгаа учир манай компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Байрыг ашиглалтад оруулахаар шууд 100 хувь таны нэр лүү манай компани шилжүүлж өгнө” гэж хэлээд зөвшөөрсөн юм. Ингээд .... байрыг худалдан авахаар болж “К ХХК-ийн захирал Э.М-тай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр "Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулж, гэрээгээр тохиролцсон нийт 96,012,000 төгрөгөөс 19,000,000 төгрөгт машин оролцуулж, үлдэх төлбөрийг бэлэн бусаар 100 хувь төлж барагдуулсан. Эрх шилжүүлэх гэрээг үндэслэн “Х ХХК-тай ярилцаж тохиролцсоны дагуу мөн өдрөө буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 360 дугаартай "Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ"-г тус тус байгуулсан. Улмаар орон сууц ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсан. Манайх байрандаа 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр нүүж орсон. Энэ өдрөөс хойш одоог хүртэл тухайн байр миний эзэмшилд байгаа ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Х ХХК нь гаргаж өгөхгүй байна. Надад инженер нь байрыг хүлээлгэж өгсөн. Миний нэр дээрх “Х ХХК болоод “К ХХК-тай хоёулантай ярилцаж тохиролцож, үүний үндсэн дээр “К ХХК-тай эрх шилжүүлэх гэрээг, “Х ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж уг орон сууцыг худалдаж авсан. Иймд миний бие өөрийгөө Иргэний хуулийн 90 дүгээ зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч гэж үзэж байгаа учир ... орон сууцны өмчлөгчөөр Ц.Э намайг мөн болохыг тогтоож, мөн энэ талаар улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Бие даасан шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч компанийн хувьд хамтран хариуцагчтай анх байгуулсан орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан эсэх үйл баримт дээр маргадаггүй. Тухайн үед Ц.Э ярьж байгаачлан хоёр компани гэрээний дагуу бүх ажлаа өгч авалцаад төлбөрийн бартерын байраа шилжүүлээд тухайн үед ямар ч үүргийн зөрчил байгаагүй учраас Ц.Э-тай тухайн гэрээг бид байгуулж байсан. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөөд анх үүссэн суурь гэрээний эрх зүйн харилцааны зөрчил үүссэнтэй холбоотойгоор өнөөдрийн шүүхийн маргаан үүссэн. Өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн учраас маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох ёстой гэж үзэж байх шиг байна. Гэтэл энэ орон сууцны төлбөр “К ХХК-ийн дансанд орсон байгаа. Хариуцагч төлбөрөө төлбөл гэрчилгээ гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй.” гэв.
5. Нэхэмжлэгчээс цахилгаан шат худалдах болон худалдан авах 19/04 тоот гэрээ /хх 7-8/, К ХХК-ийн албан бичг /хх 9/, Х ХХК-ийн шаардлага хүргүүлэх тухай албан бичгүүд /хх 10-14/, хариуцагчаас цахилгаан шатны техникийн паспортууд /хх-70-81/, би даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э-с орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ /хх 43-46/, цахилгаан шат худалдах болон худалдан авах 19/04 тоот гэрээ /хх 47-48/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх 49/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх 50/, “Х” ХХК, “К ХХК нарын байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ /хх 51-52/, “Х ХХК, Ц.Э нарын байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ /хх 53-54/, Төлбөрийн баримт /хх 55/, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх 85-86/ тус тус шүүхэд нотлох баримтаар гаргажээ.
Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр захирамжаар .... байранд суурилуулсан цахилгаан шатыг улсын комисст хүлээлгэж өгсөн акт, мөн байранд суурилуулсан цахилгаан шатны магадлалын акт зэргийг нотлох баримтаар гаргуулах, цахилгаан шатнуудад эвдрэл гэмтэл үүссэн эсэх, гэмтэл үүссэн бол уг гэмтлийг засварлахад ямар зардал гарахыг тогтоолгохоор “Х. ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт /2хх 61-79/ гаргуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүх нэхэмжлэгч “Х.ХХК болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгч “Х ХХК нь хариуцагч “К ХХК-д холбогдуулан, лифтний засвар, үйлчилгээнд 187,328,000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, үнэлгээг мэргэжлийн бус хүн гаргасан, хэт өндөр зардал гаргасан, галын дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан гэж татгалзжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э нэхэмжлэгчид холбогдуулан, ...тогтоолгох, бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгахаар шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, хариуцагч төлбөрөө төлбөл гэрчилгээ гаргахад татгалзах зүйлгүй гэж маргажээ.
8. Хэрэгт нотлох баримтаар цугларсан Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээ, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, Х ХХК-ийн шаардлага хүргүүлэх тухай мэдэгдлүүд, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Төлбөрийн баримт, Цахилгаан шатны техникийн паспорт, шинжээчийн дүгнэлт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Лифтэнд магадлал хийсэн тухай Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, мөн зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
Х ХХК, К ХХК нар нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 19/04 дугаар Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээ байгуулж, худалдагч К ХХК нь худалан авагч Х ХХК-д нийт 4 ширхэг ...техникийн үзүүлэлттэй цахилгаан шат 2 ширхэг, ..техникийн үзүүлэлттэй цахилгаан шат 2 ширхэгийг нийлүүлэх, худалдан авагч тал цахилгаан шатны үнэ 400,000,000 төгрөгийг урьдчилгаа 200,000,000 төгрөг, үлдэгдэл 50 хувьд бартерын орон сууц 45 м.кв-тай 2 өрөө 2 ширхэг орон сууц өгөхөөр харилцан тохиролцож, гэрээний дагуу цахилгаан шатыг нийлүүлсэн байна.
Талууд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээний хавсралтыг дахин хийж, ... хоёр ширхэг хоёр өрөө байр болж өөрчлөгдсөн, тус байрны 6, 7 дугаар давхрын 38, 44 тоот болохыг дурдаж, 38 тоот орон сууцыг 110,080,000 төгрөг, 44 тоот орон сууцыг 110,080,000 төгрөг, нийт 220,160,000 төгрөг болохыг тусгаж, нийт 400,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлснээс 220,160,000 төгрөгийн орон сууцыг бартераар тооцож, үлдэгдэл 179,840,000 төгрөгийг бэлнээр авахаар тохиролцжээ.
Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр талууд 348 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр 55,04 м.кв талбайтай 38 тоот дахь 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 2,000,000 төгрөгөөр тооцож 110,080,000 төгрөгөөр гэрээний үнийг тодорхойлон, нийт төлбөрийг К ХХК-ийн Богд вила хотхоны Г блокийн Цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээний дагуу бартераар тооцсон тухай болон бусад нөхцөлүүдийг тусгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Мөн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “К ХХК нь хариуцагч Ц.Э-тай Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч “К ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Х ХХК-тай байгуулсан Цахилгаан шат худалдан болон худалдан авах гэрээг, мөн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг тус тус үндэслэн ... үл хөдлөх эд хөрөнгийг эрх шилжүүлэн авагч Ц.Э өмчлөлд гэрээний эрхийг шилжүүлж, эрх шилжүүлэн авагч тал нь эрх шилжүүлэгч талд гэрээний үнэ 96,012,000 төгрөгөөс 19,000,000 төгрөгт 2013 оны...автомашин шилжүүлэн бодож, үлдсэн төлбөрийг дансаар шилжүүлэхээр тохиролцсон байна. Ийнхүү тохиролцсоны дагуу гэрээ байгуулсан мөн өдрөө Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр дээрх тээврийн хэрэгслийг КХХК-ийн захирал Э.М-д шилжүүлжээ.
Түүнчлэн хариуцагч Ц.Э нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Х ХХК-тай Орон сууцны хөрөнгө оруулалтын 360 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр К ХХК-тай байгуулсан нөхцөлөөр буюу 55,04 м.кв талбайтай 38 тоот орон сууцыг 110,080,000 төгрөгөөр харилцан тохиролцож байгуулан, 2020 оны 2 дугаар сараас тухайн орон сууцыг эзэмшиж эхэлсэн, одоогоор уг орон сууц Ц.Э-н эзэмшилд байна.
Х ХХК нь К ХХК-д 2020 оны 5 дугаар сарын 28, 8 дугаар сарын 13, 12 дугаар сарын 04, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрүүдэд тус тус мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд үйлдсэн байх бөгөөд 2022 оны мэдэгдлийг М ТӨХК-иар К ХХК-ийн .. хаягаар хүргүүлжээ.
9. Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ....дугаар цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээний хавсралтаар ... өрөө орон сууцыг 110,080,000 төгрөгөөр тооцон цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээний зарим хэсэгт шилжүүлэхээр харилцан тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Дээрх ....орон сууцыг нэхэмжлэгч Х...ХХК нь гуравдагч этгээдийн бодит эзэмшилд 2020 оны 2 дугаар сард шилжүүлж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Х..ХХК-тай Орон сууцны хөрөнгө оруулалтын ...тоот гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар К.. ХХК-ийн орон сууцтай холбоотой шаардах эрх гуравдагч тэгээд Ц.Э-д шилжжээ.
Талуудын байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 2.5-д “байрны нийт төлбөрийг К ХХК-ийн ... блокын Цахилгаан шат худалдах худалдан авах гэрээний дагуу бартераар тооцсон. К ХХК-ийн албан хүсэлтийн дагуу Ц овогтой Э нэр дээр шилжүүлэв” гэж тусгасан байна.
Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байх тул хариу үүрэг буюу орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлэхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй юм.
Тухайлбал, орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний талууд болох Х ХХК, К ХХК-ийн хэн аль нь зөвшөөрснөөр нэхэмжлэгч нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э-тай байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 2.5-д “төлбөрийг Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээний дагуу бартераар тооцсон, К ХХК-ийн албан хүсэлтийн дагуу Ц.Э-ын нэр дээр шилжүүлэв” гэж заасан байгаа нь “КХХК-тай байгуулсан Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээний биелэлт ямар байхаас гэрээний үүрэг тооцогдох талаар тохироогүй, харин Клэстонбалансир ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцогдсон буюу төлөгдсөн гэж үзэхээр байна.
Хэдийгээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрх шилжүүлэхийг шаардах эрхтэй боловч орон сууцны бодит эзэмшил шилжүүлэн авсан, гэрчилгээгээ гаргуулж авахыг шаардаж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бүрдүүлж өгөхийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэж үзлээ. Гуравдагч этгээдийн орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахыг улсын бүртгэлийн байгууллагад даалгах шаардлага үндэслэлгүй бөгөөд шүүхээс түүнийг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон тул шүүхийн шийдвэрийн үр дагаврыг арилгаж, орон сууцны эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бүрдүүлж гуравдагч этгээдэд өгөхийг нэхэмжлэгчид даалгах үндэслэл бүрджээ.
10. Нэхэмжлэгч нь цахилгаан шат худалдан авах гэрээний дагуу учирсан хохирлоо шаардсан тул Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана” заасны дагуу шийдвэрлэнэ.
Х ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтдээ “цахилгаан шатны хэт их ачааллаас болж удирдлагын самбар шатсаны улмаас нэг цахилгаан шат ажиллах боломжгүй болсон, бусад гурван шат нь түвшнээс зөрж зогсдог болсон байсныг тохируулга хийж доголдолгүй болгосон, үүссэн эвдрэл гэмтлийг завсарлах зардал 178,328,000 төгрөг болно, цахилгаан шатнуудыг суурилуулж, зүгшрүүлж, хэвийн ажиллагаатай болгож хүлээлгэж өгөх ажлыг К ХХК хийж гүйцэтгээгүй байна, цахилгаан шатны тохируулгыг нийлүүлэгч, гүйцэтгэгч тал хариуцна, хэт ачаалал нь хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа боловч хэт ачааллаас хамгаалсан тохируулгыг нийлүүлэгч хийж гүйцэтгэх шаардлагатай байсан” гэжээ.
Үүнээс үзвэл хариуцагч цахилгаан шатны даацын тохируулгыг зөв хийгүйгээс шалтгаалан удирдлагын самбар шатсан байхаас гадна гэрээний 5.1-д улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 1 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн гаралтай эвдрэл, гэмтлийг худалдагч тал өөрийн зардлаар хариуцаж, үнэ төлбөргүй засаж, сэлбэг хэрэгслээр хангана” заасан үүргээ биелүүлээгүй байна.
Ийнхүү хариуцагч тал Цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан, шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй, галын дүгнэлт гаргах байсан, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэж тайлбарлах боловч эдгээр тайлбар баримтаар нотлогдохгүй байна.
Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч гэрээний зүйл болох 4 ширхэг цахилгаан шатнуудыг шалгаж 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр магадлал хийсэн тухай Улсын байцаагчийн дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтээр цахилгаан шатнууд “лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах журам”-ын зарим заалтыг хангахгүй байгаа учир техникийн магадлалын актыг баталгаажуулах боломжгүй тухай дүгнэлт гаргаж, улмаар тухайн улсын байцаагч нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Цахилгаан шатны техникийн паспортуудыг олгож, 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ашиглахыг зөвшөөрсөн байдал нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд доголдол арилгахыг мэдэгдсэн боловч хариуцагч доголдлыг арилгаагүйгээс эвдрэл, завсар, үйлчилгээний зардал нэмэгдсэн байна.
Хариуцагч К ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шинжээчийн дүгнэлтээр 178,328,000 төгрөгийн хохирол гэж шүүхээс үзсэн учир хариуцагч хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгах үүрэгтэй.
Харин нэхэмжлэгч 9,000,000 төгрөгийг зардал гаргаснаа санхүүгийн анхан шатны баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангахгүй орхих үндэслэлтэй болжээ.
11. Иймээс “К ХХК-иас 178,328,000 гаргуулан Х ХХК-д олгож, үлдэх 9,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э-ыг .... өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бүрдүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж үндэслэлтэй байна.
12. Шүүхээс нэхэмжлэл болон бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,511,200 төгрөг, гуравдагч этгээд Ц.Э-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х ХХК-иас 708,350 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Ц.Э-д олгож, хариуцагч К ХХК-иас 1,049,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, гуравдагч этгээд Ц.Э-с 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4-д зааснаар 2,500,000 төгрөгийн нэхэмжлэгч, хариуцагчаас хуваан гаргуулж Х ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан “К ХХК-иас 178,328,000 гаргуулан Х ХХК-д олгож, үлдэх 9,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ц.Э-д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э-г орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бүрдүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж, улсын бүртгэлийн байгууллагад гэрчилгээ гаргуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,511,200 төгрөг, гуравдагч этгээд Ц.Э-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х ХХК-иас 708,350 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Ц.Э-д олгож, хариуцагч К ХХК-иас 1,049,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, гуравдагч этгээд Ц.Э-с 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-иас 1,250,000 төгрөг, хариуцагч К ХХК-иас 1,250,000 төгрөг тус тус гаргуулан Х ХХК-д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ