Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2016/1033/З |
Дугаар | 221/МА2017/0721 |
Огноо | 2017-10-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2017/0721
2017 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 221/МА2017/0721 | Улаанбаатар хот |
В.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч В.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0579 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, В.Б-гийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0579 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан В.Б-гийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын даргад холбогдох “... Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзсаныг баталж,
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-д тус тус заасныг баримтлан В.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар тушаалыг бүхэлд нь, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалын нэхэмжлэгч В.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ … Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан атлаа Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргаар эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасныг шүүхийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараах зарчмыг баримтална төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэсэн зарчмын дагуу нэгэнт шүүхээс нэхэмжлэлийн эрх, хууль ёсны ашиг зөрчигдөхөөс хамгаалж байгаа тул дахин маргаан үүсэх нөхцөл байдлыг бий болгох шаардлагагүй гэж үзэж ханган шийдвэрлэсэн болно” гэж тэмдэглэсэн байна.
Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад “... татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар тушаалыг бүхэлд нь, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 07 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалын нэхэмжлэгч В.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд В.Б-г эгүүлэн тогтоосугай” гэж заасан байна.
Гэтэл нэхэмжлэгч В.Б-г Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны “Ажлаас түр чөлөөлж, томилох тухай” Б/714 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хоёр дахь хавсралтаар албан үүргийг тор орлон гүйцэтгүүлэхээр томилсон байх бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагаасаа татгалзсан байхад шүүхээс В.Б-г Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
Мөн нэхэмжлэгч В.Б нь Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны “Ажлаас түр чөлөөлж, томилох тухай” Б/714 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилогдсонтойгоо маргахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байхад нэхэмжлэлийн шаардлагыг нарийвчлан тодорхойлолгүй албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргаар томилсон нь Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн 8.3.5 дахь заалтад “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” гэж заасан агентлагийн даргын бүрэн эрхэд заасан эрхийг хэрэгжүүлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтад “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
Нэхэмжлэгч В.Б нь Татварын ерөнхий газрын даргын 2016 оны “В.Бг албан тушаалаас чөлөөлж, Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлэх тухай” Б/73, 2017 оны “Албан тушаалд томилох тухай” Б/08 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг эс хүлээн зөвшөөрч өөртэй нь зөвшилцөж зөвшөөрөл аваагүй гэж маргаж буй боловч өнөөдрийг хүртэл сэлгэн ажилласан албан тушаалын цалингаа хүлээн зөвшөөрөн авч ажиллаж байна.
Нэхэмжлэгч В.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс мөн оны 2 дугаар сарын 01-ийг хүртэл цалинтай чөлөө олгохыг хүссэний дагуу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2017 оны Б/2 дугаар тушаалаар цалинтай чөлөө, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цалинтай чөлөө олгохыг хүссэний дагуу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2017 оны Б/11 дүгээр тушаалаар цалинтай чөлөө, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цалинтай чөлөө олгохыг хүссэний дагуу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2017 оны Б/24 дугаар тушаалаар цалинтай чөлөөг тус тус олгосон бөгөөд цалинтай олгохыг хүссэн өргөдлөөс үзвэл уг албан тушаалд ажиллахыг зөвшилцөөгүй хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0579 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.5 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, шийдвэрт хэрэглэсэн хуулийн зүйл, заалт болон найруулгын өөрчлөлт оруулав.
Хариуцагчийн давж заалдах гомдолд “нэхэмжлэгч түр орлон гүйцэтгэгчээр томилсон Б/714 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээс татгалзсан байхад аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж болохгүй гэснийг ноцтой зөрчсөн” гэжээ.
Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/714 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан нь Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалын В.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд саад болохооргүй байна.
Төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөх үед Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасан зарчим болон 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн хууль бус тушаалын улмаас нэхэмжлэгч, төрийн жинхэнэ албан хаагч В.Б-гийн зөрчигдсөн эрхийг шүүх сэргээж шийдвэрлэснийг Татварын ерөнхий газрын даргын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасан төрийн албан хаагчийг шилжүүлэх, чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй юм.
Мөн давж заалдах гомдолд “... В.Б өөртэй нь зөвшилцөөгүй гэж маргаж байгаа боловч цалинтай чөлөө удаа дараа авсаар байгаагаас үзвэл зөвшөөрөхгүй байгаа гэж үзэх үндэслэлгүй ...” гэжээ.
Татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газартай нэгтгэхэд ч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг нэмэгдэж өөрчлөгдөөгүй, хэвээр хадгалагдсаны учир В.Бг үргэлжлүүлэн ажиллуулж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Улсын Их Хурлын 12 дугаар тогтоол, 2016 оны Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2016 оны 301 дүгээр тушаалаар Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгаж, Татварын ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газар болгон тус тусад зохион байгуулсантай холбоотой Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалын орон тоо, чиг үүрэг мөн л өөрчлөгдөөгүй байна.
Гэтэл Татварын ерөнхий газрын дарга нь В.Бг Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын албан тушаалаас нь үндэслэлгүйгээр чөлөөлж, тодорхой эрхэлсэн ажилгүй 3 сар гаруй Татварын ерөнхий газрын мэдэлд байлгаж байгаад Б/08 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасан төрийн алба тогтвортой байх, төрийн албан хаагчийн баталгааг төр хангах зарчимд нийцээгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй бол үргэлжлүүлэн ажиллуулах нэмэгдэл баталгааг төрийн жинхэнэ албан хаагчид эдлүүлэхээр заасныг тус тус зөрчсөн байна.
Хэргийн дээрх үйл баримтаас үзвэл уг маргаан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангахтай холбоотой, маргаан бүхий актаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн заалтыг баримтлаагүйгээс гадна уг заалтаар зохицуулагдах харилцаа үүсээгүй байх тул хариуцагчийн энэ талаарх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй.
Харин анхан шатны шүүх энэ байдлыг анхааралгүй, хариуцагчийн энэ талаарх үндэслэлгүй тайлбартай холбоотой маргаантай харилцааг зохицуулаагүй, хэрэглэх ёсгүй Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийг хэрэглэсэн байна.
Мөн нэхэмжлэгч нь Б/08 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлээ багасгаж, Б/08 дугаар тушаалын зөвхөн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тодруулж хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байхад шүүх Б/08 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж улмаар Б/08 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь утга агуулгын алдаатай болжээ.
Түүнчлэн төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдөж нэхэмжлэгчийн харьяалагдан ажиллаж байсан Гааль, татварын ерөнхий газар татан буугдсан учир урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй тул Татварын ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын албан тушаалд В.Бг томилохыг хариуцагчид даалгаснаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой болно.
Иймд дээрх алдааг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0579 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтаас “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэснийг хасч, Хоёр дахь заалтын “22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.2” гэснийг “4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6” гэж, “эгүүлэн тогтоосугай” гэснийг “томилохыг даалгасугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ