Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 447

 

А.Э-ын нэхэмжлэлтэй,

ГАА-ийн Д сумын ИТХ-ын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь                  

Шүүгчид:                                    Г.Банзрагч

                                                   Д.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                          Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:            Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “...Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хянан үзэж хүчингүй болгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 108 дугаартай аймгийн Төрийн албаны зөвлөлийн А.Э-ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох тухай захиргааны актыг Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0336 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагч Г.Баасанмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, гуравдагч этгээд Ч.Эрдэнэбулган нар,

Хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Баасанмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 25 дугаар зүйлийн 25.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэн А.Э-ын нэхэмжлэлтэй, Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Баасанмаад холбогдох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хянан үзэж хүчингүй болгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 108 дугаартай аймгийн төрийн албаны зөвлөлийн А.Э-ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох тухай захиргааны актыг Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0336 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Э-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Э-ыг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцон олгохыг, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад тус тус даалгаж, нэхэмжлэлийн үлдэх 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 108 дугаартай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн А.Э-ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох захиргааны актыг Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Баасанмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0336 тоот магадлалаа гаргахдаа хуулийг буруу хэрэглэж, хэрэглэх шаардлагагүй хуулийн заалт хэрэглэсэн тул дараах гомдлыг гаргаж байна.

4. А.Э-ын байгууллагын төсвийг зориулалтын бусаар зарцуулсан 168500 төгрөгийн зөрчилд нь Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас тавьсан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02/94 тоот төлбөрийн акт, уг актын төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй талаар аймгийн Төрийн аудитын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 116 тоот албан мэдэгдлийг Хурлын дарга надад танилцуулалгүй нуун дарагдуулсан үйлдэлд нь миний бие Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д зааснаар өөрт олгогдсон эрхийн хүрээнд, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02 тоот захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг зөрчөөгүй, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэж байна.

5. А.Э- нь байгууллагын шилэн дансны мэдээллийг цахим сүлжээнд байршуулах Шилэн дансны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа талаар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 108 тоот албан мэдэгдэл нь Шилэн дансны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Шилэн дансны тухай хууль тогтоомж зөрчсөн төсвийн байгууллагын албан тушаалтанд зөрчлийн шинж байдлыг харгалзан түүнийг томилсон эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн үндэслэлийг хангаж байгаа, мөн байгууллагын дижитал камер, яриа хураагчийг алга болгож үрэгдүүлсэн, компьютер, өсгөгч худалдан авснаар хуурамч баримт бүрдүүлэн төсвийн хөрөнгийг завшсанаар байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болгож байгаа бөгөөд энэ нь зүгээр нэг сахилгын арга хэмжээ аваад өнгөрөх зөрчил бус Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д "...албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэрийг ашиглан завших’’-ыг хориглосон заалтыг зөрчсөн нь түүнд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /хоёр ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас халах” гэж заасан нөхцөл бүрдсэнийг эрх бүхий хууль хяналтын байгууллагуудын дээрх төлбөрийн акт, албан мэдэгдлүүд нотолсон, хүндэтгэн авч үзвэл эдийн засгийн гэмт хэрэг болох нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон учраас А.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6. Тиймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын “ТОГТООХ” хэсэгт дурдсан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг нь хэрэглэх шаардлагагүй хуулийн заалтуудыг хэрэглэсэн.

7. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд гаргасан хамт олны шийдвэрийг баталгаажуулан, хариуцагч миний гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

9. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоолоор төсвийн менежерийн хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Э-ыг үүрэгт ажлаас нь халсан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-д “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 16.5.8-д “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх” гэж заасантай нийцсэн байна.

10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дахь хэсэгт зааснаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна”. Мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14 дэх хэсэгт “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн шууд захирагч байх”-аар хуульчилсан байна.

11. Мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 16.5.2-д “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж хуульчлан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргад дээрх бүрэн эрхийг олгосон байна.

12. А.Э- нь иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.Гүнмэргэний удирдамж шийдвэргүйгээр өөртөө захирамж гарган урамшуулал цалин болон албан томилолтын мөнгө бодуулж авсан, ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжсэн “Иргэний танхимын тоног төхөөрөмж” төслийг илт ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулан хэрэгжүүлсэн зэрэг хууль зөрчсөн үйлдлүүдийг таслан зогсоох хуулиар хүлээн үүргээ биелүүлээгүй, мөн гэр бүлийн Цонж хоршооны дансаар дамжуулан удаа дараа гүйлгээ хийсэн, тавилга эд хогшил худалдаж авсан хуурамч баримт бүрдүүлж мөнгө шилжүүлсэн, шилэн дансны мэдээллийг цахимд байршуулах үүргээ биелүүлээгүй зэрэг байгууллагын төсвийн менежерийн хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх маргаан бүхий тогтоолд заасан үндэслэлд хамаарах нотлох баримтууд хэрэгт бүрэн авагджээ.

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэгт цугларсан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн аймгийн аудитын газрын “төлбөр барагдуулах тухай” 02/94 дугаартай акт, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн аймгийн Аудитын газрын “мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/6 дугаартай албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Аймгийн санхүүгийн хяналт, аудитын газрын 108 дугаар албан бичиг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн А.Э- нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулж, хяналт тавих үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн талаар дэлгэрэнгүй, тодорхой, зөв дүгнэгдсэн байна.

14. Үүнээс гадна нэхэмжлэгч А.Э-д өмнө нь Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын актын төлбөрийг барагдуулах талаар удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж 1 сарын цалинг 20%-аар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байжээ.

15. Гэтэл давж заалдах шатны шүүхийн дээрх нотлох баримтуудыг буруу үнэлж, “...ажил үүрэгт нь шууд хамааралгүй...” гэж, төсвийн шууд захирагчийн хувьд нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүргийг үгүйсгэснээс гадна хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасныг үндэслэл болгосон байхад “...сахилгын шийтгэл...” гэж үзэж, энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан “...хугацаа хэтэрсэн...” гэж дүгнэн, хуулийг буруу тайлбарлаж шийдвэрийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байх тул хариуцагчийн хяналтын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

16. Харин энэ маргааны тухайд Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 108 дугаар албан бичиг нь захиргааны байгууллагын урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлыг хянаад гаргасан шийдвэрийг Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар бие даасан захиргааны акт гэж үзэхээргүй тул анхан шатны шүүх дээрх 108 дугаар албан бичигт хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байснаас гадна хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв хэрэглээгүй алдааг гаргасан байна.

17. Дээрх дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахаас татгалзахаар өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0336 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйлийн 25.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан А.Э-ын “Говь-Азлтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 108 дугаартай аймгийн Төрийн албаны зөвлөлийн А.Э-ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох тухай захиргааны актыг Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, тогтоох хэсгийн 2, 3, 4 гэснийг 3, 4, 5 гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ