Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1261

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01085 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Э-ын хариуцагч “РК” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 4 140 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Э- нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас Алтанширээт сум хүртэлх төмөр зам дээгүүр баригдаж буй 26 метр гүүрийн ажилд 78-93 УНЧ улсын дугаартай Киа пронтиер загварын өргөгч автокран бүхий автомашинаар түрээслэгч талын зааварчилгаагаар ажил гүйцэтгэхээр “РК” ХХК-тай машин механизм түрээслэх гэрээг бичгээр байгуулсан. Энэхүү гэрээний дагуу түрээслэгч “РК” ХХК нь түрээслүүлэгч Т.Э-т түрээсийн төлбөрт 1 хоногийн 220 000 төгрөг төлөх, түрээсийн хугацааг ажилласан өдрөөр тооцохоор тохиролцсон. Т.Э-ын нийт ажилласан 65 хоногийг гэрээний дагуу өдрийн 220 000 төгрөгөөр тооцоход 14 300 000 төгрөг болж байна. Хариуцагч “РК” ХХК-аас түрээсийн төлбөрт нийт 10 160 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 4 140 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа болно. Иймд хариуцагчаас 4 140 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би 1 удаа хот руу явсан. Манай эхнэр 3 удаа над дээр ирсэн, тэр хугацаанд би буудалд хоночхоод өглөө нь ажилдаа ирдэг байсан. Хот руу ажлаа дуусгаад хагас сайн өдрийн орой гараад шөнөдөө ирж, бүтэн өдөр өнжөөд 1 өглөө явсан. Бетон зуурмаг авахад миний машин хэрэггүй биш. Учир нь миний машиныг хэрэглэхгүй байх үндэслэл байхгүй, зурагнууд ч байгаа. Цаг агаарын байдлын улмаас ажиллаагүй гэж байна. Миний машин талбайд гараагүй нэг ч өдөр байхгүй. Цаг агаарын сааталтай өдөр би больё салхи шуурга чинь дэндлээ гээд 1 удаа буулгаж байсан гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “РК” ХХК нь Т.Э-тай 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр машин механизм түрээслэх гэрээг байгуулсан. Нийт 65 хоног ажилласан гэж байгаа боловч Т.Э-ын машин 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж ажилласан гэж байна. Тэгэх боломж байхгүй, гэрээ байгуулснаас хойш 4 хоногийн дараа ажил эхэлсэн. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дэх хэсэгт Түрээсийн хугацааг зөвхөн ажилласан өдрөөр тооцно гэж заасан. Тухайн үед 65 хоног ажиллаагүй гэрээ байгуулснаас хойш 4 хоногийн дараа ажилласан ба цаг агаарын саатал маш ихээр гарсан. Тэгээд Т.Э-ыг 46 хоног ажилласан гэдгийг талууд амаар тохиролцож 10 160 000 төгрөгийг, түлшинд 44 000 төгрөгийг урамшуулал байдлаар олгосон. Цаг агаарын байдлын улмаас болж 8 өдөр, зуурмаг хийсэн өдөр машиныг ашигладаггүй байсан, 65 хоногийн хугацаанд нийт 12 удаа зуурмаг хийсэн байдаг. Мөн Т.Э- 3-4 удаа хот руу явсан. 18 хоног ажиллаагүй болох нь цаг агаарын мэдээ, гэрч н.Сүхбаатарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд эхнэр нь ирээд хот руу явсан гэдгээ Т.Э- хүлээн зөвшөөрсөн. Иймд нийт ажилласан 46 өдрийн ажлын хөлсийг өгсөн тул нэхэмжлэгч 4 140 000 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “Рапип констракшн” ХХК-аас 3 740 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 81 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74 790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Т давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхээс гэрч М.П-ын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг “Үндэслэх” хэсэг болгон шийдвэр гаргасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Гэрчээр дуудагдсан этгээд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан.

Д.С болон М.П нарт хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөх тухай Эрүүгийн хууль сануулсан боловч хэн аль нь үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл агуулгын хувьд зөрүүтэй мэдүүлэг өгсөн, шүүх энэ нөхцөл байдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр гэрч мэдүүлэг өгсөн нь агуулгын хувьд зөрүүтэй байхад шүүхээс гэрчийн мэдүүлэг тус бүрийг дүгнээгүй. М.П-ын мэдүүлэг яагаад үндэслэлтэй эсэхийг тайлбарлаагүй, Д.С-ын мэдүүлэг буюу нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, зөвхөн М.П-ын эх сурвалжид үндэслээгүй мэдүүлэгт дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болгон хэт нэг талд үйлчилж шийдвэр гаргасан байна. Д.С-ын мэдүүлэгт “...ажилчдын гарсан өдрийн цагийн бүртгэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа” гэж дурдсан баримт болон бусад холбогдох бичмэл баримтуудыг цуглуулах боломжийг талуудад олгоогүй, ажилласан өдөр, хоног холбогдох нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул шүүхээс гаргасан шийдвэр илтэд үндэслэл муутай болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч “РК” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 4 140 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Машин механизм түрээслэх гэрээ”-гээр Дорноговь аймгийн Сайншанд сумаас Алтанширээт сум хүртэлх төмөр зам дээгүүр баригдаж буй 26 метр гүүрийн ажилд 78-93 УНЧ улсын дугаартай Киа пронтиер загварын өргөгч автокранаар түрээслэгч талын зааварчилгаагаар ажиллах, түрээслэгч нь техникийн ашиглалт, жолооч, механизмчдын сахилга хариуцлагад хяналт тавьж, удирдлагаар хангаж, төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тохирсон, тухайн автокраны жолоочоор нэхэмжлэгч Т.Э- ажилласан болох нь тогтоогдож байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв.

 

Нэхэмжлэгч Т.Э- нь гэрээнд заасан ажлыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 65 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн гэж тайлбарлажээ. Хариуцагч нь Т.Э-ын ажил гүйцэтгэсэнтэй маргаагүй, ажилласан 46 хоногийн хугацааны хөлсийг бүрэн төлсөн гэж маргасан ч ажил гүйцэтгэсэн өдрийг бүртгэсэн бүртгэл зэрэг баримтыг гаргаагүй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь хүчтэй салхи шуургатай, мөн цас, бороотой өдрүүд нилээд байсан, мөн зуурмаг ирсэн өдөр Т.Э- ажилладаггүй байсан, гэрээ хэрэгжиж байх хугацааны цаг уур, орчны шинжилгээний газраас 2019 оны 3, 4, 5 дугаар саруудын салхи, хур тундасны талаарх мэдээллийг хэрэгт баримтаар өгсөн нь ажилд гараагүйг шууд нотлохгүй.

 

            Харин гэрч М.П, Д.С нараас “... 1 өдөр хүчтэй салхины улмаас ажиллаж чадаагүй”, “мөн 1 өдөр нэхэмжлэгч хотод гэртээ өнжсөн” гэж мэдүүлжээ.

 

            Гэрчид хууль сануулж авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой.

 

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг харьцуулан үзвэл ажилласан хугацааг 63 хоног гэж үзсэн нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2, 4.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.Э-ын нийт ажилласан 63 хоногийн төлбөрт /63 хоног х 220 000 төгрөг = 13 860 000 төгрөг/ 13 860 000 төгрөгийн төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс төлсөн 10 160 000 төгрөгийг хасч тооцож 3 740 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно.

 

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч “РК” ХХК-ийн нэрийг “Рапип констракшн” ХХК гэж алдаатай бичсэн тул залруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01085 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “... хариуцагч “Рапип констракшн” ХХК-иас...” гэснийг “... хариуцагч “РК” ХХК-аас...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ