| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/07696/И |
| Дугаар | 101/ШШ2024/04704 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2024/04704
| 2024 10 14 | 101/ШШ2024/04704 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ХХК /рд:*******/-д холбогдох,
21,140,148 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д.*******, өмгөөлөгч В.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээт ажлаа гүйцэтгээгүй /огт хийгээгүй/ төлбөр 16,889,458 төгрөг, түүнээс үүссэн бодит хохирол 4,250,690 төгрөг, нийт 21,140,148 /хорин нэгэн сая нэг зуун дөчин мянга нэг зуун дөчин найман / төгрөгийг гаргуулах.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэх захирал Б.тай 2021 оны 03-р сарын 29-ны өдөр А/02 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч байгууллагын хэрэглэгчдэд зориулсан динамик вэб хуудсыг хийхээр тохирсон болно. Нэхэмжлэгч нь захиалагчийн хүсэлтээр гэрээний дагуух ажлын төлбөр болох 6 000 000 төгрөг, мөн ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалын зардалд 10 889 458 төгрөгийг 2021 оны 4-р сард багтааж 4 удаагийн банкны гүйлгээгээр хариуцагчийн Хаан банкин дахь , болон түүний өгсөн тоот дансанд шилжүүлсэн болно. Гэтэл хариуцагч нь элдэв янзын шалтгаан шалтаг тооцож одоо болтол гэрээт ажлыг огт хийгээгүй тул ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн 16 889 458 төгрөг мөн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний хугацаанд гүйцэтгээгүй тул хуульд заасны дагуу бидэнд учирсан бодит хохирол болох 4 250 690 төгрөг нийт 21 140 148 төгрөгийг хариуцагч Маркетинс ******* ХХК-аас гаргуулж өгнө үү.
Тус нэхэмжлэгч компани нь захиалсан вэб хуудсаа гэрээний дагуу ашиглалтад оруулсан бол ашиг хийж зээл болон бусад зардлуудаа төлөх ихээхэн боломжтой байсан ба уг хохирлыг бодитоор тооцох боломжгүй тул 2020 оны 11-р сард Голомт банкнаас сарын 1,4 хувийн хүүтэй зээл авсны зээлийн хүүгийн төлбөрт нийт 4 250 690 төгрөгийг төлсөн бодит хохирол гарсан байна. Хэрэв хариуцагч компанид уг мөнгийг шилжүүлээгүй зээлээ төлсөн бол бид энэ хүүний төлбөрийг төлөхгүй байх байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 10.1-д заасны дагуу "маргааныг зөвшилцөөнөөр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Захиалагчийн харьяалах шатны шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
1.1. Төлсөн төлбөрт 14,889.458 төгрөг, хохирол 4,250,690 төгрөг, нийт 19,140,148 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь 1 сарын хугацаатайгаар цар тахлын үед цахим худалдааны хуудас хийлгэхээр болсон. 1 сарын хугацаанд хийхээр тохирсон. Бид төлбөрөө төлсөн боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй. Энэ үед бид сайтаа ажиллуулсан бол орлого нэмэгдэх байсан юм. Хариуцагч нь хугацаандаа хийгээгүй, утас нь холбогдохгүй, хаягтаа байхгүй байсан. Улмаар жил болоод бидэнд энэ сайт хэрэггүй болсон. Бид дараа нь хаяг тодорхойгүй болоод бид 2023 оны 9 сард хайж олоод наадам центр дээр очиж уулзсан. Тэгэхэд нэмээд 2 саяыг өгчихвөл хийгээд өгнө гэсэн юм. Гэтэл бас хийж өгөөгүй. Үүнээс хойш хариуцагч бас зугтаад алга болсон юм. Тэгээд болохгүй байна гэхээр утсаар л мэдээлэл өгдөг байсан. 2022 оны 9 сард сайт чинь болсон гэж хэлсэн. Тэгээд нээж үзэх гэхээр болохгүй байсан. Хариуцагчийн ажлын байранд очоод сайт хийсэн гэж хэлсэн. Очоод шалга гэсний дагуу ирээд шалгахад ажиллахгүй байсан юм. Огт нээгдэхгүй байсан. Тэгээд утсаар ярихад утсаа авахаа больсон. Тэгээд шүүхэд хандаж эхэлсэн юм. Иймд сайтаа авахаа болиод төлсөн мөнгө 14,889,458 төгрөгийг гаргуулна. Энэ сайтыг хийчихвэл ашиг орлого нэмэгдэх байсан. Бид 10 хэдэн сая төгрөг өгөөд алдагдалд орсон. Энэ мөнгийг банкнаас хүүтэй авсан. Өмгөөлөгч хохирлын үндэслэлийг тайлбарлана. Төлсөн төлбөр багассан тул 14,889,458 төгрөг болон хохиролд 4,091,240 төгрөг шаардаж байна. Хариуцагч болсон гэсэн боловч нээгдэхгүй ашиглах боломжгүй байдаг. Энэ талаар хэлсэн байдаг. , нар ажилтан байсан юм. Хариуцагч нь 100 хариуцах байсан юм.
1.2. 2021.3.29-нд ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Гэрээгээр вэб хуудсыг 28 хоногт ажиллагаанд оруулж өгнө гэсэн. 28 хоногийн хугацаанд төлбөрөө шилжүүл гээд шилжүүлсэн. Дараа нь гэрээний хугацаа болоод шаардлага хүргүүлэх гэтэл хаягтаа байхгүй утас нь болохгүй байсан. Улмаар 3 жилийн хугацаанд хувийн асуудал гарснаар үйл ажиллагаа зогсоогоод 2022 оноос дахин харилцаж эхэлсэн. Ингэхдээ хаягийг олоод очиж уулзсан юм. Ингэхдээ төлбөрөө л буцааж авах байсан ба үргэлжлүүлж хийлгэх гэж байгаагүй. Инженер очиход ажлыг хийсэн гээд баахан тайлбар хэлсэн байдаг. Нэхэмжлэгч тал гадагшаа эмчилгээнд явсан байсан тул тэр хооронд хийсэн гэж ойлгоод нэмэлт төлбөрийг нь шилжүүлээд гэрээг сунгасан ойлголт болсон. Гэтэл 7-8 сард дахиж харьцахгүй байсан тул 8 сарын 20-нд шүүхэд хандсан. Хан-Уулын шүүхэд хандахад гэрээн дээрх ажил гүйцэтгэгчийн хаягаар гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд 9 сард сайтыг хийчихлээ гэж хэлсэн юм. Нэхэмжлэгч нь өөрийн мэргэжилтнээр шалгуулахад ажиллахгүй байсан юм. Сайт нь нүүр хуудаснаас цаашаа нарийн юм байхгүй гэж ойлгож байгаа юм. Шаардлагын хувьд 2 сая нь нотлогдоогүй гээд багасгаж байгаа юм. Ингээд төлсөн төлбөр болох 14,889,458 төгрөгийг шаардана. Хохирлын хувьд орлого нэмэгдэх байсан хамгийн тодорхой нотлогдох байсан зүйл нь зээлээ төлсөн бол энэ хэмжээний хүүгээс чөлөөлөгдөх байсан. Иймд машины зээлийн хүүд төлсөн 4,250,690 төгрөгийг хохирлоор шаардаж байгаа юм. Энэ хүүг банканд төлчихсөн байгаа бөгөөд 14 саяыг хэрэв банканд төлсөн бол энэ хүүгээс чөлөөлөгдөх байсан юм. 2021.4.2-2022.12.15 хүртэл хүү тооцсон. Сарын 1.4 хувиар бодсон. Төлсөн төлбөр багасахаар хохирлоос 159,450 төгрөг хасагдахаар байна. Мөнгийг 4 сард шилжүүлсэн тул 20 сараар бодсон юм. Нэмэлт хугацаа өгсөн боловч ажил явагдаагүй, тодорхой болсон тул гэрээнээс татгалзсан. Нэхэмжлэл гаргасны дараа ажлаа хийсэн гэдэг. Иймд гэрээнээс татгалзаж байгаа юм. Гэрээ бол хууль ёсны шаардлага хангасан хүчин төгөлдөр юм. Гэрээний зорилго нь цар тахал үүссэн үед ажиллах зорилготой байсан юм. Нэхэмжлэгч талын хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шаардах хугацаа сунгагдсан юм. Жилийн дараа хайж хаягийг тогтоосон юм. Энэ үед төлбөр мөнгөө авъя гэхэд манайх бэлэн болсон гээд аваач гэсэн тул үлдэх мөнгөө шилжүүлсэн юм. Ажлын туршлагатай багаар ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байсан юм. Мэдээллийг вэб хуудсанд байрлуулах үүрэгтэй байсан. Алдаатай зүйлийг засаж өгнө гэсэн боловч засаагүй. Хийгдсэн ажлаа авъя гэхээр ирдэггүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахаар ажил хийсэн гээд байдаг гэв.
2. “******* ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******* ” ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч “******* ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Гэрээт ажлыг гүйцэтгээгүй төлбөр 16,889,458 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тооцохдоо:
> 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр системийн төлбөр болох 3,300$ буюу тухайн үеийн ханшаар 9,411,600 төгрөг
> 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2,200,000 төгрөгийг;
> 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийг.
> 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг.
> 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2,277,858 төгрөг буюу нийт 16,889,458 төгрөг гэж тайлбарлажээ.
“******* ” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/02 дугаартай “ажил гүйцэтгэх гэрээ”-г “******* ” ХХК-тай байгуулсан бөгөөд уг гэрээгээр манай компани тус компанийн хэрэглэгчдэд зориулсан динамик веб хуудсыг хийж гүйцэтгэх, '******* ” ХХК нь гэрээнд заасан ажлын хөлсийг төлөхөөр болсон.
Талууд “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний ажлын хөлсийг нийт 6,000,000 /зургаан сая/ төгрөг байхаар бусад нэмэлт зардлыг “******* ” ХХК хариуцахаар гэрээнд тусгасан ба нэхэмжлэгч нь гэрээний 3.2-т заасан урьдчилгаа төлбөр буюу ажлын хөлсний 70% болох 4,200,000 төгрөгийг тус гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ажлын 2 өдрийн дотор шилжүүлэх байсан хэдий ч 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2,200,000 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөгийг төлсөн.
Харин системийн төлбөр болох 3,300$ /тухайн үеийн ханшаар 9,411,600 төгрөг/ -ийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн..
Гэтэл нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн мэтээр тайлбарлаж, Хаан банк дахь тоот дансанд тушаасан, уг дансыг “******* ” ХХК өгсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Тодруулбал, Хаан банк дахь тоот дансны эзэмшигч нь нэхэмжлэгч “******* ” ХХК-ийн IТ инженер Батдорж овогтой ба нэхэмжлэгч өөрийн ажилтандаа өгсөн шилжүүлгийг илт мушгин тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүргээ зөрчиж байна.
Ийнхүү вэб хуудас бүтээх, хөгжүүлэх ажлын эхлүүлсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын дагуу 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 04 д сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хөл хорио тогтоосон тул үйл ажиллагаа биднээс үл хамаарах шалтгаанаар хойшилсон болно.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр батал “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоолоор уг хугацааг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2021 оны 06 дугаар 02-ны өдөр хүртэл, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 154 дүгээр “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоолоор 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоолоор 08 дугаар сарын 31-ний хүртэл, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 259 дүгээр “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоолоор 2021 оны 12 дугаар сарын 31-ний " хүртэл, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 385 дугаар “Өндөржүүлсэн бэлэн бс: зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоолоор уг хугацааг 2022 оны 03 дугаар 31-ний өдрийг дуустал тус тус сунгасан байдаг.
Өөрөөр хэлбэл Гамшгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2-т “Засаг нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг бэхэлд нь хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу манай компани Гүйцэтгэх захирлаас баталсан “Ажлын тусгай горимд шилжүүлж ажиллуулах тухай” тушаалыг баримтлан манай компани ажиллаж болно.
Талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар улс орны хэмжээнд хуулийн этгээдүүд ажлын тусгай горимоор ажиллаж байх хугацаанд бид дараах байдлаар хамтарч ажилласан. Тухайлбал,
2021 оны 07-р сард “******* ” ХХК-ийн IТ инженер Б. манай компанийн Вива Сити хотхонд байрлах оффист биечлэн ирж, веб сайтын хөгжүүлэлтийг турших, нэмэлт өөрчлөлт, засвар шинэчлэлтийн талаар ярилцаж, гэрээний 6.1-д заасан QPAY буюу төлбөрийн системд холбох асуудлын хүрээнд захиалагч нь банктай гэрээ байгуулж, улмаар холбогдох мэдээллийг бидэнд яаралтай өгөхөөр тохиролцсон хэдий ч уг мэдээллийг талууд ийнхүү уулзалт хийснээс хойш 3 сарын дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цахим хаягаар илгээсэн билээ.
Бидний зүгээс веб сайтын ажлыг хүлээлгэн өгч, нэмэлт өөрчлөлтүүд, засвар шинэчлэлийн ажлыг шалгуулахаар удаа дараа холбогдсон боловч IТ инженер Б. буюу хариуцсан ажилтан өөрчлөгдсөн гэх шалтгаанаар удааширсан.
Ингээд бэлэн болсон вэб хуудсыг хэрэглэгчдэд нээлттэй байдлаар харуулах сүүлийн үе шат буюу “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 6.1-д “вэб хуудасны хостинг үйлчилгээ, домэйн нэрийн үйлчилгээний сервесүүдийг холбон вэб сайтыг бүрэн ажиллагаанд оруулах”-ын тулд сар бүр тодорхой хэмжээний хураамж төлөх ёстой тул бид Оросын холбооны улсад байрлах “ОТ commerce” буюу Хятадын Taobao системийн холболт, интеграцийг хийдэг байгууллагаас нэхэмжлэх, төлбөр төлөх линкнүүдийг авсан боловч Оросын холбооны улс болон Украйн улсын хоорондын дайны нөхцөл байдлаас шалтгаалж, Европын холбооноос авсан эдийн засгийн хязгаарлалтын арга хэмжээний хүрээнд Оросын холбооны улс уруу ямар ч рублийн гүйлгээ хийгдэхгүй, Mastercard, VIsa болон бусад төлбөрийн хэрэгслүүд бүгд ажиллахгүй болсон учир веб сайтыг олон нийтэд харагдах боломжтой байдлаар харуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн билээ.
Хураамжийн төлбөр төлөгдөх боломжгүй талаарх үүссэн нөхцөл байдлын талаар удаа дараа “******* ” ХХК-ийн IТ инженер /, дугаарт/-т мэдэгдэж байсан бөгөөд талуудын хэн алины хүсэл зоригоос гадуурх уг нөхцөл байдлын талаар мэдэж байсан тул тус бид хэн алинаасаа аливаа үүрэг шаардаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Бид гэрээний 6.1-т заасан вэб хуудас бүтээх ажлыг үндсэндээ бүрэн дуусгаж, хөгжүүлэлтийн хэсэгт захиалагч байгууллагын санал хүсэлтийг авахаар 2022 оны эхээр “******* *******” ХХК-ийн IТ инженер ий дугаарт холбогдоход “би хөдөө байна, эргээд холбогдъё, ачаа бараа буулгаж байна, завгүй байна, ирэх 7 хоногт уулзъя” гэх мэтээр шалтаг тоочиж, гэрээгээр хүлээсэн хамтран ажиллах үүргээ биелүүлэхгүй байсан тул бид ажлын хөлснөөс тодорхой хэсгийг авахаар нэхэмжлэх илгээсэн ба тус компани 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2,277,858 төгрөгийг манай компанид шилжүүлсэн.
Ингээд тус компанийн IТ инженер дахин солигдож, гэх хүнтэй холбогдох болсон ба 2022 оны 09 дүгээр сарын эхээр захиалагч талаас source code буюу веб сайтын программын эх кодыг авъя гэсэн тул 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 15:26 минутад нэхэмжлэгч талаас мессежээр илгээсэн цахим хаягт холбогдох бүхий л мэдээллийг илгээж, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн болно.
Өөрөөр хэлбэл бид вэб хуудас бүтээх, хөгжүүлэлтийн ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн ба зөвхөн нийтэд харагдах байдал буюу биднээс үл хамаарах нөхцөл байдал тодруулбал, ОХУ-д болж буй Эдийн засгийн хязгаарлалтын арга хэмжээнээс шалтгаалан сарын хураамжийг төлөх боломжгүйгээс вэб сайтыг бүрэн ажиллагаанд оруулах ажил хойшилсон билээ.
Бид боломжит бүхий л нөхцөл бололцоог судалснаар Монгол Улсад оршин суугаа Оросын холбооны улсын иргэншилтэй иргэнтэй холбогдсон ба дотоодын банкны картыг нь ашиглан веб сайтын сар бүрийн хураамжийг өөрсдийн зардлаар төлж, 2022 оны 10-р сард бүтээсэн вэб хуудсыг нээсэн бөгөөд “******* ” ХХК-д энэ тухайгаа мэдэгдсэн.
Гэвч тус компани өөрсдийн төлбөл зохих сарын хураамж болон гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүргэж байна.
Ийнхүү хамтарч ажиллах хугацаанд “******* ” ХХК-ийг төлөөлсөн IТ инженерүүд удаа дараа солигдсон, бидний бүтээсэн вэб хуудаст оруулах шаардлагатай мэдээ мэдүүллүүдийг хугацаа хожимдуулж өгсөн, Qpay буюу төлбөрийн системд холбогдох мэдээллийг мөн хожимдуулж өгсөн нь Монгол Улсын Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ." гэж заасанд хамаарахаас гадна бидний хувьд хүлээсэн үүргээ хожимдуулж гүйцэтгэсэн нь Монгол Улсад болон ОХУ-д өрнөсөн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан тул хүндэтгэн үзэх нөхцөлд хамаарна гэж үзэж байна.
“Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс захиалагчид учирсан хохирол болох 4.250.690 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч өөрт учирсан хохиролтой холбогдуулан “******* ” ХХК болон Голомт банкны хооронд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ”-г хавсарган өгсөн байх бөгөөд чухам ямар аргаар тооцож, 4,250,690 төгрөгийг нэхэмжилж буй нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн тус компанийн хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан зээл талуудын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-тэй огт холбоогүй атал ийнхүү хамааруулж, өөрт учирсан хохирол хэмээн тайлбарлаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Манай компани тус компанитай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу вэб хуудас бүтээх ажлыг бүрэн гүйцэтгэж, тус вэб хуудас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ашиглагдаж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан 21,140,148 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү
2.1. Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний дагуу ажлаа бүрэн хийж гүйцэтгээд 2022.9.27-ны өдөр нэхэмжлэгчийн инженер ын цахим хаягаар холбогдох мэдээллийг өгсөн. Вэб сайтын программын эх кодыг өгсөн. Ингэснээр кодоор нь нэвтэрч ороод ажиллуулах боломжтой. Энэ үед бичгээр баримт үйлдээгүй, харин цахим хаягаар илгээсэн. Вэб хуудсыг нээх болон хөгжүүлэлтийн ажлыг бүрэн хийж хүлээлгэж өгсөн. Харин нийтэд харагдах байдал буюу биднээс үл хамаарах зүйл болох сар бүрийн төлбөр төлөгдөөгүй тул ажиллуулаагүй юм. Вэб хуудас бол хийгдсэн. Тухай бүр нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан. Аль аль тал нь тухайн үеийн асуудлыг мэдэж байсан. Мөн нэхэмжлэгч талын инженер нь олон солигдсон. Хамгийн сүүлд гэж хүн ирж авсан. Эхлээд , ажилладаг байсан юм. Өмнө нь үзлэг хийсэн. Гэрээнд заасан 6 төрлийн ажил хийгдсэн байна гэж гардаг юм. Үүнийг хэлсэн байдаг юм. 501-тэй данс нь хариуцагчийн гүйцэтгэх захирлын данс юм. Компанийн онцлогоос ОХУ-н серверт зай түрээслэхээр сонгосон байх гэж бодож байна. Өөрсдөө мэргэжлийн хүмүүс болохоор тэгж сонгосон байх гэж бодож байна.
2.2. Гэрээний 3.1 болон хавсралтаар хостингийн төлбөрийг нэхэмжлэгч төлөх байсан юм. Гэрээний 4.7-д гүйцэтгэгчийн эрх байгаа. Захиалагч 3.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол ажлыг эхлэхгүй байх эрхтэй. Шүүхээс хийсэн үзлэг болон шинжээчийн дүгнэлтээр хариуцагч ажлаа гүйцэтгэсэн болох нь тогтоогддог. Хариуцагч нь хаяг болон утсаа өөрчилсөн зүйлгүй болох нь гэрээ болон шүүхэд гаргаж өгсөн баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч талын д ажлыг хүлээлгэж өгсөн бөгөөд үүнээс хойш нэхэмжлэл гаргаж байсан баримтгүй тул энэ нэхэмжлэл гаргасны дараа ажлаа хийсэн гэх тайлбар үндэслэлгүй. Зээл болон ажил гүйцэтгэх гэрээтэй хамааралгүй юм. Талуудын хэн аль нь гэрээний хугацааг сунгасан. Учир нь сүүлийн төлбөр төлснөөр хугацаа сунгагдсан. Түүнээс хойш гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгч байгаагүй. Ам долларын ханшаас болоод сүүлийн төлбөр бутархай тоотой байгаа юм гэв.
3. Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс: Ажил гүйцэтгэх гэрээ /хх7-10/, Хаан банк дахь Д.*******ын дансны хуулга /хх17-18/,
3.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б.ын утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх78-79/, мөн өдрийн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх80-81/, мөн өдрийн цахим хуудсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх82-83/, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр чат мессенжерт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх91-94/, Д.ыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх125-127/, 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр цахим хуудсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх128-129/, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх222-228/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 13,889,458 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,091,240 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 16,889,458 төгрөг, учирсан хохирол 4,250,690 төгрөг, нийт 21,140,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “******* *******” ХХК нь ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн, захиалагчаас шалтгаалж хугацаа хэтэрсэн гэж маргаж байна.
4. Зохигчид 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдөр А/02 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр хариуцагч нь динамик цахим хуудас хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 6,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх7-10/
Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж төлсөн төлбөрт 16,889,458 төгрөг болон гэрээний үүрэг биелэгдээгүйгээс учирсан хохиролд 4,250,690 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Улмаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн төлбөрийг тооцооллын алдаатай холбогдуулан 2,000,000 төгрөгөөр багасгаж ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс, бусад зардалд 14,889,458 төгрөг болон хохиролд 4,091,240 төгрөг шаардах талаар тайлбарласан.
Шаардлагын үндэслэлийг ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй, мөн ажил нь бүрэн гүйцэтгэгдээгүй гэж тайлбарласан. Тодруулбал, гэрээний зүйл нээгдэхгүй буюу бүрэн ажилладаггүй гэж тайлбарлаж байна.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь төлсөн ажлын хөлс буурч байгаатай холбогдуулан хохирлын хэмжээ нь 159,450 төгрөгөөр буурч байгаа талаар тайлбарласныг дурдах нь зүйтэй.
Хариуцагч нь гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлыг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээдэг.
Нэхэмжлэгч нь гэрээний 3.1-д зааснаар 6,000,000 төгрөгийг бусад зардлын хамт нийт 13,889,458 төгрөгийг төлөөлөгч Д.*******ын дансаар төлсөн болох нь Хаан банк дахь түүний дансны хуулгаар тогтоогдсон. /хх17-18/
Тэрээр энэхүү мөнгөн хөрөнгө нь гэрээний дагуу төлсөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн мөнгө гэж тайлбарласныг дурдав.
4.2. Гэрээний 2.1-д зааснаар ажлыг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гүйцэтгэж дуусахаар тохиролцсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тухайн үед ар гэрийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн төлөөлөгч нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хугацаандаа биелэгдээгүй гэж тайлбарлаж байна.
Улмаар дээрх дансны хуулганаас үзэхэд нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдөр үлдэгдэл төлбөр гэсэн утгаар 2,277,858 төгрөг шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гэрээг цуцлах талаар уулзахад ажлыг гүйцэтгэсэн гэсэн тул хүлээж авах талаар хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу үлдэх төлбөрийг төлсөн гэх тайлбар нотлогдсон. /хх18/
Үүнээс үзэхэд талууд тохиролцож гэрээний хугацааг сунгажээ.
Гэрээний 2.1-т зааснаар 25 хоног, 2.3-т зааснаар 28 хоногт ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байна. Иймд сүүлийн төлбөрийг төлснөөс хойш 28 хоногоор тооцвол ажлыг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өгөх байсан.
Улмаар шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хийсэн үзлэгээс үзэхэд тодорхой цаг хугацаанд хариуцагч талаас нэхэмжлэгч талтай гэрээнд заасан ажлын талаар харилцаж байжээ. /хх78-79/
Тодруулбал, 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэгч талаас ажлыг хүлээн авах цахим шуудангийн хаягийг илгээсэн бөгөөд хариуцагч тал нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажлын үр дүн буюу гүйцэтгэсэн программын кодыг дурдсан цахим хаягаар явуулах талаар мессеж бичсэн. Цаашлаад, нэхэмжлэгч талаас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цахим хуудас буюу ажлын үр дүн ажиллахгүй байгаа талаар мэдэгдэж байсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч талаас өөр хаягаар туршиж үзэх талаар тайлбарласан байна.
Дээрх байдлаар талууд ажлын үр дүнгийн талаар харилцаж байсан агуулгаас үзэхэд хариуцагч нь нэмэлт хугацаанд ажлыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.
4.3. Гэрээний 6-д талууд гүйцэтгэх ажлын талаар тохиролцсон. Үүнд банктай төлбөрийн систем холбох, хостинг /гуравдагч этгээдийн сервер дээр цахим сайтыг байрлуулах зай түрээслэх/ үйлчилгээ болон домэйн /цахим сайт уруу хэрэглэгч хандах хаяг буюу нэр/ нэрийн үйлчилгээг холбож цахим хуудсыг бүрэн ажиллагаанд оруулах үүрэг хариуцагчид байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх үйлчилгээг гүйцэтгэх үүрэг хүлээжээ.
Тухайн үйлчилгээг дэлгэрүүлж тайлбарлавал хостинг гэдэг нь интернэт орчинд хэн нэгэн өөрийн цахим хуудсыг /программын код болон холбогдох тест, зураг, дуу, дүрс бичлэг гэх мэт/ болон бусад файлыг бусдын серверт хадгалах зай түрээслэх үйлчилгээ юм. Харин домэйн нэр гэдэг нь энэ хэргийн хувьд захиалагчийн сонгосон цахим хуудасны нэрийг интернэт орчинд ашиглах эрх авах асуудал юм.
Харин нэхэмжлэгч нь дээр дурдсанаар бусад зардал гэсэн утгаар эдгээр үйлчилгээний төлбөрийг төлсөн байна.
Гэвч хариуцагчийн энэхүү үйлчилгээг үзүүлсэн, цахим хуудсыг бүрэн ажиллагаанд оруулсан гэх тайлбар нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, шүүхээс хийсэн үзлэг болон шинжээчийн дүгнэлтээр тухайн цахим хуудас хариуцагчийн эзэмшлийн домэйн болон хостинг дээр ажиллаж байна. /хх80-81, 222-228/ Өөрөөр хэлбэл, интернэт орчинд ажиллагаанд ороогүй.
Мөн хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд хостинг болон домэйн нэрийн төлбөрийг нэхэмжлэгч тал төлөөгүй тул интернэт орчинд байршуулж нийтэд гаргах боломжгүй болсон гэж тайлбарласан. Хариуцагч талын энэхүү тайлбар нь дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь төлбөрийг төлсөн боловч хариуцагч үйлчилгээ үзүүлээгүй байгаа тул үгүйсгэгдэж байна.
Эдгээрийг бүхэлд нь харьцуулан нэгтгэж үзвэл хариуцагчийг гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар баримтаар нотлогдсон төлсөн төлбөр болох 13,889,458 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй. Харин төлсөн төлбөртэй холбогдох шаардлагын үлдэх хэсэг нь баримтаар нотлогдоогүй, зарим хэсгийг нэхэмжлэгч нь буруу тооцсон гэж тайлбарласан тул хэрэгсэхгүй болгоно.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хохирлыг тухайн төлбөрийг хариуцагчид төлөөгүй бусдаас авсан зээлийн төлбөрийг төлсөн бол 4,091,240 төгрөгийн хүүгийн үүргээс чөлөөлөгдөх байсан гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар захиалагч нь ажлын хөлс төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй буюу өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулдаг. Түүнчлэн нэхэмжлэгч нь арилжааны банктай байгуулсан зээлийн гэрээг бичмэл нотлох шаардлага хангаж шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Цаашлаад, нэхэмжлэгч нь зээлийн хүүг энэ хэрэгт маргаж буй гэрээнээс татгалзахаас өмнө төлж байгаа тул зээлийн гэрээний үүргийг уг мөнгөн хөрөнгөөр төлөх байсан гэх тайлбар үндэслэлгүй.
Иймд ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөр зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх байсан гэдэг нь нотлогдоогүй.
Эдгээрээс гадна зээлийн хүү нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд тооцогдохгүй юм. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрийг хэрхэн төлөх нь захиалагчид хамааралтай бөгөөд гүйцэтгэгчид хамааралгүй юм.
Шүүх хохирол шаардаж буй үндэслэлийг удаа дараа тодруулсан бөгөөд нэхэмжлэгч талын тайлбар болох зээлийн хүү нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбогдож үүсээгүй, өөрөөр хэлбэл зээлийг нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу авч ашигласан байх тул хохиролтой холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “******* *******” ХХК-с 13,889,458 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,091,240 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227,397.29 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД