| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/01038/и |
| Дугаар | 1287 |
| Огноо | 2020-06-15 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 1287
Ж.Б-ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01184 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Б-ий хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3991 тоот шийдвэр болон магадлалаар Э.О-, “Х” ХХК нараас 18 997 018 төгрөг гаргуулж, “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд НШШГГ-т ажиллагаа хийгдэж байсан. Уг албаны тогтоолоор барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 5 гудамж, 149А тоот тоотод байрлах орон сууцыг 43 100 000 төгрөгөөр үнэлсэн. Барьцаа хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөгч нарын саналыг авалгүйгээр үнэлэх, албадан дуудлага худалдаанд оруулах, 90 000 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хэт үнэгүйдүүлж үнэлсэн болохыг тус албаны “Монгол шуудан” ХХК-аар дамжуулан ирүүлсэн тайланг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн. Иймд Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 5 гудамж, 149А тоотод байрлах, 126 м.кв талбайтай Ү-2206006102 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1286 дугаар шийдвэрээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 526 дугаар магадлалаар хариуцагч “Х” ХХК, Э.О- нараас 18 997 018 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд төлбөр төлөгч “Х” ХХК, Э.О- нар нь 18 997 018 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч нарын болон нэр бүхий 5 иргэний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 5 гудамж, 149А тоотод байрлах, 126 м.кв талбайтай Ү-2206006102 улсын бүртгэлийн дугаартай орон сууц болон 221 м.кв газрыг шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 17291087/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17291087/04 дугаар тогтоолоор тус тус хураах ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн. Төлбөр төлөгчид үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 100 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Х” ХХК нь хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул “МО” ХХК-аар үнэлүүлэхэд хашаа байшин, газрыг 43 100 000 төгрөгөөр үнэлсэн тул үнэлгээний тайланг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий өмчлөгч нарт болон төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт хуульд нийцсэн, зах зээлийн бодит үнэд нийцсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б-ий гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17027/, Зайсангийн гудамж, 52 байр, 2/201 тоот, 103.3 м.кв 3 өрөө орон сууц, 18 м.кв авто зогсоолыг үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Б-ий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар давж заалдах гомдолдоо:
... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 5-149А тоо,тод байрлах 126 м.кв орон сууц буюу барьцааны хөрөнгө нь Улаанбаатар хотын шинэ бүсэд байршилтай үйлдвэрлэл үйлчилгээ бүх зүйлд ойрхон, цэвэр агаарт, Хотын шинэ захиргааны байртай ойр тул зах зээлийн ханш өндөр бөгөөд манай байшинтай ойролцоо ижил хувийн орон сууц, газрын хамт үнэ 90 000 000 төгрөгөөс 140 000 000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа бөгөөд хөрөнгийн үнэлгээний гаргасан 43 100 000 төгрөг байх боломжгүй. Тодруулбал хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт, мэдээллээр хангахыг үйлчлүүлэгчээс шаардах буюу нэхэмжлэгчийн эд хөрөнгийг үнэлэхдээ дээрх мэдээллийг шаардаагүй улмаас үнэлгээ учир дутагдалтай гарсан. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй атал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01268 дугаар шийдвэрээр “Х” ХХК, Ж.Б-, Э.О- нараас 18 997 018 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 526 дугаар магадлалаар Ж.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хэрэгт баримтаар авагджээ.
/хх50-61/
Ж.Б- нь “Х” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд бөгөөд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд юм. “Х” ХХК, Э.О- нар нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 9133 дугаар Шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу мөн өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17291087 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /хх49, 62-63/
Барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 5 гудамж, 149А тоотод байрлах, 126 м.кв талбайтай Ү-2206006102 улсын бүртгэлийн дугаартай орон сууц болон 221 м.кв газрыг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 17291087/02 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17291087/03 дугаар тогтоолоор хураан авсан боловч 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 70 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгө хураасан ажиллагааг хүчингүйд тооцжээ.
2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 17291087/04 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцааны орон сууц болон газрыг хураасан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаа явуулах үндэслэл бүрдсэн байх бөгөөд дуудлага худалдааны үнийг төлбөр авагч, төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож чадаагүйн улмаас тэдгээрийн гаргасан хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор шинжээч томилж үнэлгээ тогтоолгохоор шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Шинжээч дээрх тогтоолд заасан Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 5 гудамж, 149А тоотод байрлах, 126 м.кв талбайтай Ү-2206006102 улсын бүртгэлийн дугаартай орон сууц болон 221 м.кв газарт үнэлгээ хийснээ 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 24/Ш тоот үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад ирүүлсэн, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 43 100 000 төгрөгөөр үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Дээрх хөрөнгийн үнэлгээний талаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/6123, 4/6124, 4/6125, 4/6126, 4/6127, 4/6128, 4/6129 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарт мэдэгдэж, шинжээчийн тогтоосон 43 100 000 төгрөгийн 70 хувиар анхны албадан дуудлага явуулах доод үнэ тогтоогддог, хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч нэг сарын хугацаанд өөрөө худалдан борлуулж төлбөр төлөх санал гаргах эрхтэйг тайлбарлажээ. /хх132-138/
Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаагүй.
Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01184 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
А.ОТГОНЦЭЦЭГ