| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2023/03665/И |
| Дугаар | 182/ШШ2024/04219 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2024/04219
2024 10 16 182/ШШ2024/04219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Архангай аймаг, Хотонт ХХ дугаар баг, ХХ хаягт оршин суугч, С.О-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ байр ХХ тоот хаягт оршин суугч, Б.Б-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 20,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21,871,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.М,
Хариуцагч Б.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Б.Бд холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
С.О нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Н.М-ын хүргэн дүү, хамаатан садны харилцаатай Б.Б-ийн өөрийнх нь санал болгосны дагуу иргэн Н.Б-д 35,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцоод зээлийн гэрээ байгуулсан байдаг. Тэр өдөртөө 35,000,000 төгрөгийг эхнэр н.М-ын Хаан банк дахь ХХХХХХХХ дугаартай дансаар н.Б рүү шууд шилжүүлсэн байдаг. Энэ гэрээг харахаар нэхэмжлэгч С.О нь өөрөө хөдөө орон нутагт мал маллаж амьдардаг. Нөгөө талаас хариуцагч нь зээлдэгч н.Б-тэй холбож санал болгож байсан. Зээлийн гэрээнд тодорхой хэмжээний санаачилгатай оролцож байсны хувьд зээлийн 5 хувийн хүүгээс 1 хувийг Б.Б авч үлдэх тохиролцоотой байсан. Үүний дагуу үлдэх 4 хувийн хүүг нэхэмжлэгч рүү тухай бүрд нь шилжүүлж байх тохиролцоо байсан юм. Үүнийг зээлдэгч Н.Б-д бас хэлж мэдэгдэж байсан байдаг. Н.Б-д ч гэсэн өөрөө зөвшөөрдөг. н.Б-гээс Б.Б рүү зээл төлөв, хүү төлөв гэж Б.Б-ийн данс руу шилжүүлдэг байсан. н.Б нь тохирсон нэг хувийн хүүгээ авч үлдээд бусдыг нь шилжүүлэх үндсэн үүрэгтэй байсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн эхнэр н.М луу н.Бгийн зээлийн хүү 4 хувь гэж шилжүүлж байсан баримтууд хэрэгт авагдсан. Гэвч н.Б-гийн зээлийн гэрээний хугацаа дуусаж үлдэгдэл төлбөр төлөгдөхгүй байсан учраас нэхэмжлэгч нь өөрөө н.Бтэй уулзахад зээлийг чинь аль хэзээний хугацаандаа төлөөд дуусгачихсан гэж өөрийнхөө баримтуудыг үзүүлсэн. н.Б нь хэзээ төлсөн байдаг вэ гэвэл 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөгийг, тухайн оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг Б.Бийн данс руу шилжүүлээд үүргээ гүйцэтгээд дуусчихсан гэдгийг харуулдаг. Гэтэл үүнийг нь Б.Б тохиролцооны дагуу нэхэмжлэгч С.О-т шилжүүлээгүй байсан. Энэ төлбөрийг нэхэмжилж байгаа ба даалгаврын гэрээний дагуу хариуцагчаас 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч С.О нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, даарах тайлбарыг гаргасан: Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай тодорхой хэмжээний харилцаа байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон түүний эхнэр н.М нар Б.Б-ийн олон удаагийн зээл олгосон, зарим зээлдэгч нарын зээл, зээлийн хүүг хариуцагчийн дансаар дамжуулж хийсэн тодорхой өөр төрлийн харилцаа үүсчихсэн байдаг.
Хоёрдугаарт, зээлдэгч н.Б бол нэхэмжлэгч талаас нийт 35,000,000 төгрөгийг зээлж аваад зээлийн үндсэн төлбөр 35,000,000 төгрөг, хүү болон алдангид 18,907,772 төгрөг, нийт 53,907,772 төгрөгийг Б.Б-ийн данс руу шилжүүлсэн байдаг. Хариуцагч үүнээс үндсэн зээлд 15,000,000 төгрөг, хүүнд 10,126,000 төгрөг, нийт 25,126,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөд үлдсэн 28,781,772 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт Б.Б-ийн дансаар дамжуулаад зээлийн төлөлтийг хийлгэж байсан. зохигчид хоорондоо тохиролцож даалгаврын гэрээ байгуулчихсан байсан учраас тодорхой хэмжээний хүү Б.Б авч байхыг зөвшөөрсөн. Үүний үндсэнд нэхэмжлэгчийн зүгээс өнөөдөр төлөгдөөгүй байгаа 28,781,772 төгрөгөөс зөвхөн 20,000,000 төгрөгийг л нэхэмжилж байгаа.
Гуравдугаарт, нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр н.Мт 20,000,000 төгрөгийн зээлийг мөн эхнэр н.Мынхаа данснаас шилжүүлж олгосон байдаг. Зээлийн хүү мөн хариуцагчийн дансаар дамжиж төлөгддөг байсан. Ингээд энэ зээлийг н.М 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлж дуусгасан. Хариуцагчийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлж дуусгаснаар уг зээлийг бүрэн төлөгдсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзээд н.М-ын зээлийн төлбөрийн баталгаа болгож шилжүүлсэн байсан хашаа байшин, газрыг нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр буцааж шилжүүлсэн. Олон төрлийн харилцааг хооронд нь хольж хутгаснаас өнөөдрийн эргэлзээтэй, асуудлууд үүсээд байгаа юм. Тэгэхээр хариуцагчийн зүгээс гаргаад байгаа сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
С.О орон сууц худалдаж авах гэхээр мөнгө хүрэлцэхгүй байгаа учир энэ мөнгийг өсгөх боломж байна уу гэхээр нь нэхэмжлэгч н.Б-тэй холбож өгсөн. Нэхэмжлэгчийн хэлснээр Мын дансаар дурдсан хэлбэрээр төлбөр тооцоог нь өгсөн. Энэ зээлийн харилцаа байгуулагдсан нь үнэн. н.Бгээс ирсэн төлбөрүүдийг би бүрэн С.О-т буюу н.М-ынх нь дансаар төлбөр төлж дуусгасан. Одоо С.О-т төлөх төлбөр байхгүй.
Өнөөдөр талуудын шүүх хуралдаанд маргаж байгаа нь н.М-ын 20,000,000 төгрөгтэй холбоотой асуудал гэж хараад байна. Яагаад гэвэл н.М-ын 20,000,000 төгрөгийг тооцох ёстой байсан. Тийм учраас н.Б-гийн мөнгө төлөгдөөгүй гэх маргааны үндэслэл гараад байна. Тэгтэл н.Мын 20,000,000 төгрөг дээр нэхэмжлэгч талаас зээлийн гэрээ ч гаргаж өгөөгүй, худалдах, худалдан авах гэрээ хийгээд буцаагаад шилжүүлсэн ийм үйл баримт тогтоогдож байна. Дээрээс нь хариуцагчийн зүгээс өмнө нь н.М гэж хүнтэй зээлийн харилцаа үүсэж байсан талаарх зээлийн гэрээ, барьцааны гэрээг гаргаж өгсөн.
Дараа нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж хэлээд байгаа. Тэгээд хүү шаардах эрхтэй гэж хэлээд байна. Гэтэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан байгаа. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхийг алдана. Тэгэхээр энэ тооцоог яагаад дураараа хүү гээд байгаа юм бэ? Энэ хууль зүйн үндэслэлээ тайлбарла гэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбар хийдэггүй. 1,000,000 төгрөг орж ирээд 800,000 төгрөг шилжүүлсэн учраас ийм асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн үндэсгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлага нь өөрчлөгдөж байна. Гэтэл даалгаврын гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар байхгүй. Даалгаврын гэрээ гэж үзэж байвал яаж 50,000,000 төгрөгийг нэхээд байгаа гэдэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нотлоогүй байна. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэв.
4. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан: С.О-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 21,871,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл нь С.О нь Б.Б-өөс үндэслэлгүйгээр мөнгө авсан байна. Хариуцагч нь энэ дансаараа дамжуулан 34,500,000 төгрөгийг С.О-аас Мын дансаар дамжуулж авсан, 53,637,500 төгрөг н.Бгээс орж ирсэн. 88,000,000 төгрөг өгөх ёстой байтал 13,884,000 төгрөг өгсөн. Энэ үнийн дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзэж байна.
Мөн н.Б С.О-аас 35,000,000 төгрөг зээлээд 15,000,000 төгрөгийг 1 сарын дараа буцаагаад авчихсан байхад бүх хүүг нь өгөх нь үндэслэхгүй байна. Өөрийн 15,000,000 төгрөгт оногдох хүү болох 7,987,500 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд С.О-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21,871,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
5. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд:
5.1 Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-2/, С.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-3/, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2249 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээ /1хх-4-5/, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Итгэмжлэл /1хх-70/, Н.Мын Хаан банк ХК дахь дансны хуулга /1хх-72-162/, 022726 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /1хх-209/, З.Бгийн дансны хуулга /1хх-210-214, 221-224/, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Итгэмжлэл /2хх-125/, дансны хуулганы нэгтгэл /2хх-127-135/, худалдан, худалдан авах гэрээнүүд /2хх-136-139/,
5.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хариу тайлбар /1хх-12/, 2023 оны 09 дүгээр сард олгосон итгэмжлэл /1хх-13/, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олгосон итгэмжлэл /1хх-27/, Хаан банк ХК-ийн Шилжүүлгийн баримт /1хх-30-31/, 13/23 дугаартай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-46/, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0646 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл /1хх-51/, Б.Бийн Хаан банк ХК дахь дансны хуулга /1хх-52, 55-58, 171-207/, хариу тайлбар /2хх-112/, зээл болон барьцааны гэрээ /2хх-167-170/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2хх-187/, Д.Мын тодорхойлолт /2хх-188, 199-200/ тус тус гаргаж өгсөн байна.
5. 3 Шүүхийн журмаар: Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн182/ШЗ2023/13322 дугаар захирамжаар З.Бг гэрчээр асуусан тэмдэглэл /1хх-233-235/,
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШЗ2024/09327 дугаар захирамжаар Хаан банк ХК-аас Б.Б-ийн дансны хуулга /2хх-33-111/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.Б нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21,871,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан ба шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
1. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа Нэхэмжлэгч миний бие С.О-ын санал болгосны дагуу З.Бд 35,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцоод зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлдэгч З.Б нь сар бүрийн хүүг С.О-т шилжүүлж, С.О нь З.Б-гийн төлсөн хүүнээс 1 хувийг өөртөө авч үлдэн, 4 хувийг над руу шилжүүлж байхаар тохиролцсон. З.Б-тэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээлийн төлөлт төлөгдөөгүй тул З.Б-тэй уулзахад С.О-т зээлийг төлж дуусгасан гэдэг. Гэтэл С.О нь үндсэн зээлээс 15,000,0000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэгдэл 20,000,000 төгрөгийг шилжүүлээгүй тул даалгаврын гэрээний дагуу шаардах эрхтэй гэж тайлбарласан.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Нэгдүгээрт, Б.Б нь 2020-2021 оныг хүртэлх хугацаанд өөрийн нэрээр нийтдээ 34,500,000 төгрөгийн зээл авч бусдад дамжуулан зээлдүүлсэн байдаг. Зээлийнхээ хүүгийн тодорхой хувийг нь өөрөө аваад 3-аас 4 хувийг нь нэхэмжлэгчид төлдөг байсан нь хариуцагчийн дансны хуулгаар нотлогдсон. Хариуцагч өөрөөрөө дамжуулан авсан 34,500,000 төгрөгийн зээлээс 32,500,000 төгрөгийг нь төлөөд 2,000,000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа боловч нэхэмжлэгч энэ мөнгөө бол нэхэмжлээгүй байгаа. Хоёрдугаарт, зээлдэгч н.Б бол нэхэмжлэгч талаас нийт 35,000,000 төгрөгийг зээлж аваад зээлийн үндсэн төлбөр 35,000,000 төгрөг, хүү болон алдангид 18,907,772 төгрөг, нийт 53,907,772 төгрөгийг Б.Бийн данс руу шилжүүлсэн байдаг. Хариуцагч үүнээс үндсэн зээлд 15,000,000 төгрөг, хүүнд 10,126,000 төгрөг, нийт 25,126,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөд үлдсэн 28,781,772 төгрөгийг төлөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, З.Б-гийн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлж барагдуулсан ба 2021.09.24-ний өдөр 30,000,000 төгрөг орж ирснээс 15,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар 15-ны өдөр төлсөн ба хавтаст хэргийн 103 дугаар талд байгаа. н.Бгээс зээлийн төлбөрт гээд дахиад 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг орж ирсэн ба үүнийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 900,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 100,000, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 900,000, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр орж ирсэн 2,000,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 1,000,000, 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 1,050,000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд С.О-т төлөх төлбөргүй гэж маргаж байна.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлж авсан 34,500,000 төгрөг болон, Б-гийн зээлийн төлөлт болох 53,637,500 төгрөг нийт 88,000,000 төгрөг өгөх ёстой байтал С.О-т 101,884,000 төгрөг шилжүүлж, 13,884,000 төгрөгийг илүү төлсөн байна. Мөн н.Б С.О-аас 35,000,000 төгрөг зээлээд 15,000,000 төгрөгийг 1 сарын дараа буцаагаад авчихсан байхад бүх хүүг нь өгөх нь үндэслэхгүй байна. Өөрийн 15,000,000 төгрөгт оногдох хүү болох 7,987,500 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд С.О-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21,871,500 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5. Нэхэмжлэгч С.О нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр З.Б-тэй 35,000,000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ.
Дээрх зээлийн гэрээг байгуулахад хариуцагч Б.Б нь зуучилсан байх бөгөөд зээлдэгч З.Б нь зээл болон сар бүрийн хүүг Б.Бд төлж, хариуцагч Б.Б нь сар бүрийн 5 хувийн хүүгийн төлөлтөөс 1 хувийг өөртөө авч үлдэн, үлдсэн 4 хувийн хүүг нэхэмжлэгч С.От шилжүүлж байхаар тохиролцжээ. Энэхүү С.О, Б.Б нарын тохиролцоо нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан Зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч нь даалгаврын гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд талууд даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийхээр тохиролцоогүй байх тул зуучлалын гэрээ байгуулсан гэж үзнэ.
6. Үндсэн нэхэмжлэлийн тухайд
6.1 Хариуцагч Б.Б нь өөрийн зүгээс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр З.Бгийн үндсэн зээлээс 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтад зохигчид маргаагүй ба нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг шаардаж, хариуцагч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 8 удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж маргаан үүсжээ.
Мөн З.Б нь С.О-аас зээлж авсан үндсэн зээл 35,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б рүү 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөгөөр нийт 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлж, төлж барагдуулсан болон З.Б зээлийн хүүд 18,637,500 төгрөг төлсөн үйл баримтад хариуцагч Б.Б маргаагүй.
6.2 Хариуцагч Б.Б-ийн 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 900,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 150,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 900,000 төгрөг,2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 1,050,000 төгрөг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэх гүйлгээний баримтуудаар нотлогдоно гэж тайлбарласан.
Гэвч хариуцагч Б.Б нь дээрх гүйлгээнүүдийг зээл буцаалт гэсэн утгатай шилжүүлсэн байх бөгөөд манай эхнэр шилжүүлэхдээ Бгийн зээлийн буцаалт гэж бүтэн бичээгүй байна гэх боловч хариуцагч нь С.О-тай өөр бусад зээлийн харилцаатай байсан гэдэг тул дээрх гүйлгээнүүдийг З.Бтэй зуучилсан зуучлалын гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Мөн З.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байхад хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч С.О руу тухай бүрд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, цаг хугацааны хувьд зөрүүтэй шилжүүлсэн гэх тайлбар гаргаж байгаа тул хариуцагч Б.Б-ийг 20,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч С.О нь зуучлалын гэрээний дагуу үлдэгдэл 20,000,000 төгрөгийг шилжүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч үүнийг төлж барагдуулах үүрэгтэй байна.
7. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21,871,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд
7.1 Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг З.Б-гийн төлөх ёстой зээлийн хүүгээс илүү төлсөн 7,987,500 төгрөг, өөрийн төлөх ёстой зээл болон З.Бгийн төлөх ёстой 53,637,500 төгрөг, нийт 88,000,000 төгрөг төлөх ёстой байтал 101,884,000 болгон илүү төлсөн 13,884,000 төгрөг, нийт 21,871,500 төгрөгийг шаардаж байна гэж тайлбарладаг.
Хариуцагч Б.Б нь З.Б нь зээлийн хүүд 18,637,500 төгрөг төлсөн бөгөөд энэ нь нийт 35,000,000 төгрөгөөс бодсон хүүгийн тооцоолол юм. Би үндсэн зээлээс 15,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлсөн тул түүнд ногдох зээлийн хүүг би авах ёстой гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлжээ.
Гэвч хариуцагч Б.Б нь З.Б-гийн төлсөн зээлийн хүү болох 18,637,500 төгрөгийг бүхэлд нь С.О руу шилжүүлээгүй бөгөөд нийт 10,201,000 төгрөг шилжүүлсэн болох нь түүний Хаан банк ХК-ийн 5014309267 тоот дансны хуулга /хх-33-111/-аар тогтоогдож байна.
Мөн хариуцагч Б.Б нь шүүх хуралдаанд 15,000,000 төгрөгийг төлсний дараа хүүг 20,000,000 төгрөгөөс тооцсон. Түүнээс би тохиролцсоноор хүүгийн 1,000,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг аваад 800,000 төгрөг рүү шилжүүлээд байгаа гэх тайлбараар давхар нотлогдож байна.
7.2 Хариуцагч Б.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох 13,884,000 төгрөгийг ямар харилцааны улмаас илүү төлсөн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй.
Дээрх үйл баримтуудаар нэхэмжлэгч С.О нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзэн хариуцагч Б.Бийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21,871,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Зохигчдын хооронд хийгдсэн орлого, зарлагын гүйлгээнүүд нэхэмжлэгч С.Оын эхнэр болох Н.М-ын Хаан банк ХК дахь ХХХХХХХХ тоот дансаар хийгддэг байсан үйл баримтад талууд маргаагүй болохыг дурдав.
9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,310 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 492 дугаар зүйлийн 493.6 дахь заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-өөс 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.О-т олгож, хариуцагч Б.Б-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21,871,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,310 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Бөөс 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА