Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2017/0377/З |
Дугаар | 221/МА2017/0722 |
Огноо | 2017-10-11 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2017/0722
2017 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 221/МА2017/0722 | Улаанбаатар хот |
А.Т-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0583 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Тын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0583 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 32.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 560 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийн 112.7 м.кв талбайд холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 560 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийн 112.7 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүйд тооцохоор шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Ч.Б-гийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “ … Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч А.Т нь 2013 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 309 дүгээр захирамжаар 310 м.кв, гуравдагч этгээд Ч.Б нь 2006 онд Нийслэлийн Засаг даргын 570 дугаар захирамжаар 700 м.кв газрыг тус тус эзэмшиж, өмчилдөг, мөн хаана, ямар байршилтай болох нь мэдээллийн сангийн зургаас тов тодорхой харагдаж байхад Ч.Б, А.Т нар нь хэн нь хэдэн м.кв газрыг, ямар байршилд эрхтэй болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн эзэмшил, өмчлөлийн газрын хэмжээ, байршил бүрэн тогтоогдож байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь байршлаа өөрчлөх талаар болон хүссэн буюу эзэмших ёстой гэж үзэж байгаа газраас минь бага хэмжээтэй газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гаргалаа гэж огт маргаагүй, түүний хэмжээ байршлыг өөрчилсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэр огт байхгүй байхад ийнхүү дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
Мөн анхан шатны шүүхээс иргэн Ч.Б, А.Т нар нь хуульд заасан материал дутуу бүрдүүлсэн байхад эзэмшиж, өмчлөх эрхтэй газрын байршил, хэмжээ, заагийг тогтоолгүй нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д заасантай нийцээгүй байна гэжээ.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.” 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заасан газар эзэмшүүлэхэд тавигдах бүх шаардлагыг гуравдагч этгээдийн хувьд бүрэн хангасан, зөрчсөн зүйл байхгүй бөгөөд гагцхүү материал дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгох эсхүл түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасны дагуу гуравдагч этгээд Ч.Б нь хүсэлтээ гаргаж, бусад шаардлагатай баримтуудыг хавсаргасан баримт нь бүгд хэрэгт авагдсан байхын зэрэгцээ төрийн захиргааны байгууллагаас бүрдэл хангасан гэж үзэж, захиргааны актыг гаргасан байна
Эндээс харaхад маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байхад гагцхүү үл хөдлөх хөрөнгө нь гуравдагч этгээдийн газар руу оруулан барьсан гэдэг үндэслэлээр захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлж, 6 сарын дотор шийдэхгүй бол хүчингүй болохоор шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй.
Иймд Нийслэл дэхЗахиргааныхэргийнанхан шатны шүүхийн2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0583 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ч.Б-гийн өмгөөлөгч Т.Ц-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... Нийслэлийн Засаг даргын 570 дугаар захирамжаар 700 м.кв газрыг тус тус эзэмшиж, өмчилдөг, мөн хаана, ямар байршилтай болох нь мэдээллийн сангийн зургаас тов тодорхой харагдаж байна ...” гэх боловч хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаар захирамж гаргахдаа газар эзэмших хүсэлт, түүнд хавсаргасан тойм зураг, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг шаардлага хангасан эсэх, эзэмшихийг хүссэн газрын байршил, хэмжээг нягтлан шалгалгүй Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 32 дугаар зүйлийн 32.4-д заасныг зөрчиж, гуравдагч этгээд Ч.Б-д хүсэлтэд хавсаргасан зурагт дурдсан хэмжээнээс ихэсгэн 935 м.кв газрыг эзэмшүүлсэн /газар эзэмших эрхийн гэрчилгээнд 797 м.кв гэж тэмдэглэсэн/ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Мөн Нийслэлийн Засаг дарга нь 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжаар газар өмчлүүлэхдээ газар өмчлөх хүсэлтэд газрын хэмжээг заагаагүй, газар эзэмшүүлсэн дээрх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын шийдвэр, гэрчилгээнд газрын байршил, хэмжээ зөрүүтэй байхад нягтлан шалгаж, газар дээр нь нөхцөл байдлыг тодруулалгүй 700 м.кв газрыг өмчлүүлснээс газар эзэмшүүлсэн болон өмчлүүлсэн захиргааны актуудыг хууль ёсны гэж дүгнэхэд учир дутагдалтай байх тул дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч “... маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байхад гагцхүү үл хөдлөх хөрөнгө нь гуравдагч этгээдийн газар уруу оруулан барьсан гэдэг үндэслэлээр захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлж, 6 сарын дотор шийдэхгүй бол хүчингүй болохоор шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй... ” гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан гэрч М.Б-ын мэдүүлэг, хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1/1210 дугаар албан бичгээр ирүүлсэн сансрын зурагтай харьцуулсан зураглал, Ч.Б, А.Т нарын газар эзэмших хүсэлтүүдэд 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 9 дүгээр хорооны Засаг даргын хийсэн цохолт, Ч.Б-гийн уг хүсэлтэд хавсаргасан 2006 онд газрын кадастрын мэдээллийн сангаас хэвлэсэн нэгж талбарын /нэргүй/ кадастрын зурагт мөн хорооны Засаг даргын тэмдэглэсэн “11 тоот А.Т 467 м.кв, 11а тоот Ч.Б 468 м.кв” гэх тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн “Ч.Б бид хоёр тус бүр 80000 төгрөгөөр тэнцүү худалдаж авсан, Ч.Б нь ... газраа зээлийн барьцаанд тавьсан зээлээ төлөхөөр барьцаанаас аваад газраа тэнцүү болгож өгнө гэсэн ...” гэх тайлбарыг үгүйсгэхээргүй байна.
Мөн дээрх баримтуудаар хариуцагч нарын газрын байршил, тойм зургийг дутуу шалгаж Ч.Бд 700 м.кв газрыг эзэмшүүлж, өмчлүүлсний улмаас нэхэмжлэгч А.Т-ын барьсан байшингийн доорх газрын зарим хэсэг давхацсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэж үзэх боломжгүй юм.
Иймд хэргийн нөхцөл байдал буюу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрын хэмжээ, байршилтай холбоотой асуудлыг хариуцагч нар тодруулж, дахин шинэ акт гаргах боломжтой гэж үзэж, маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0583 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ч.Бгийн өмгөөлөгч Т.Ц-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээд Ч.Б-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ