Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 114/2018/0012/з |
Дугаар | 448 |
Огноо | 2018-11-12 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 448
“ДС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
ДУА-ийн ЗД-д холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386 дугаар захирамжийн “Эрдэм хөтлөгч” сургуульд холбогдох хэсэг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр захирамжийн Цайхун хятад дунд сургуульд холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох”
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0433 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг нар, Нэхэмжлэгч “ДС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386 дугаар захирамжийн “Эрдэм хөтлөгч” сургуульд холбогдох хэсэг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр захирамжийн Цайхун хятад дунд сургуульд холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0433 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386 дугаар захирамжийн “Эрдэм хөтлөгч” сургуульд холбогдох хэсэг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр захирамжийн “Цайхун” хятад дунд сургуульд холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч “ДС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0433 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.
4. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ "Тогтоох" хэсэгт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтыг баримталсан бөгөөд уг заалтад "…аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна" гэж заасан байхад хэрэгт авагдсан нотлох баримтаар болон хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар Дархан-Уул аймгийн Засаг даргын 386 тоот захирамж гарсан 2006 онд газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө хийгдээгүй байсан, мөн уг газрыг харьяалах Дархан сумын Засаг даргын саналыг аваагүй нь нотлогдсон. Тиймээс Дархан-Уул аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасныг зөрчиж хувийн сургуульд уг газрыг эзэмшүүлж хууль зөрчсөн байхад шүүх дээрх заалтыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
5. Маргааны бүхий газар нь 1978-79 онд Дархан хотын бүтээн байгуулалтад оролцохоор хөдөө хотоос ирсэн илгээлтийн эзэн ажилчин залуучуудыг амьдруулах зориулалтаар баригдсан нийтийн орон сууцны байшингийн гаднах талбайд хамаарч байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "Нийтийн эдэлбэр газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлнэ” гэсэн заалтад хамаарах нийтийн эдэлбэр газар юм. “Эрдэм хөтлөгч" сургуульд "ногоон байгууламж, хүүхдийн амрах талбайг бий болгох" зориулалтаар газар эзэмших эрх олгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 3.1.9, 6.2.2, 6.4, 12.2, 31.2, 31.3, 33.1.2, 33.4, 40.1.6, 56.8 заалтуудыг зөрчиж олгогдсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх эдгээр баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй шийдвэрийнхээ "Үндэслэх" хэсэгт хариуцагч Газрын тухай хуулийг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т " Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэж зааснаас үзэхэд "Эрдэм хөтлөгч" сургууль нь төсөвт байгууллага биш хувийн хөрөнгө оруулалттай сургууль байх тул дээрх хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан "төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар"-т тус сургуулийн эзэмшил газар нь хамаарахгүй байгаа тул дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл Засаг дарга 2006 онд "Эрдэм хөтлөгч" сургуульд газар эзэмших эрх олгосон 386 тоот захирамжийг гаргахдаа нийтийн эзэмшлийн газрыг хувийн сургуульд эзэмшүүлж Газрын тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
6. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэрийн газарт хамаарах газар гэж маргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
7. Тиймээс "ДС "ХХК-ны эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байгаа одоо уг газрыг эзэмших эрхтэй байгаа "Цайхун" сургууль нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө бусдад худалдаж тухайн байранд үйл ажиллагаа явуулахаа больсон, тухайн байранд үйл ажиллагаа явуулдаг 58 иргэн аж ахуйн нэгжийн ашигладаг нийтийн эдэлбэр газар тул энэ газрыг аль нэг байгууллагад дангаар нь эзэмшүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.
8. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгөхийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
10. “Эрдэм хөтлөгч” сургуульд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт 380 айлын орон сууцны өмнөх талбайд ногоон байгууламж, хүүхдийн амрах талбайг байгуулах зориулалтаар 415.1 м.кв газар ашиглуулах зөвшөөрөл олгосон тус аймгийн Засаг даргын маргаан бүхий 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386, уг газар эзэмших эрхийн гэрчилгээг “Эрдэм хөтлөгч”-иас “Цайхун хятад” дунд сургуульд шилжүүлсэн аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр захирамжууд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “...бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж...болно” гэж заасантай тус тус нийцжээ.
11. Нэхэмжлэгч нь “...3 байгууллага дундаа хамтран өмчилдөг, ...нийтийн эзэмшил газар, ...дуудлага худалдаа, төсөл шалгаруулахгүйгээр “Цайхун хятад” дунд сургуульд эзэмшүүлсэн нь буруу...” гэх үндэслэлээр маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгуулахыг хүсчээ.
12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий газрыг хашаалж, 3 гараж, барьж үйл ажиллагаа явуулж байгаа, “...бусдын эзэмшил бүхий газарт дур мэдэн гараж барьсан...” гэж нэхэмжлэгчийг буруутгаж, Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 537 дугаар шийдвэрээр тухайн газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Мөн гуравдагч этгээд нь 2007 оноос газраа чөлөөлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч болон захиргааны байгууллагад гаргаж байсан, захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид хүргүүлж байсан үйл баримт тогтоогдсон, түүнчлэн ”газар чөлөөлөх” тухай шаардах хуудас зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
13. Нэхэмжлэгч нь “...нийтийн эзэмшил газар...” гэж тайлбарлан бусдын эзэмшил бүхий газарт дур мэдэн гараж барьж үйл ажиллагаа явуулж байгаа нь түүнийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч тухайн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшигч биш болно.
14. Харин гуравдагч этгээд нь маргаж буй газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших эрхтэй байх бөгөөд түүнд газар эзэмших эрх олгосон маргаан бүхий захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзнэ.
15. Иймээс “...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг Дархан сумын Засаг даргын саналыг авалгүй хувийн сургуульд эзэмшүүлсэн, ...”Эрдэм хөтлөгч” сургууль нь төсөвт байгууллага биш хувийн сургууль учраас газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан, ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийтийн эдэлбэр газар гэж хүлээн зөвшөөрсөн байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
16. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн, хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
17. Харин маргаан бүхий захиргааны актыг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэл болгоогүй алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зөв байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0433 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ