Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1293

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00594 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.О-ийн хариуцагч Д.Н-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Н-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 3 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцохоор зээлүүлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан. Үндсэн зээл 3 500 000 төгрөг, хүү 150 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөг нийт 5 400 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү, алданги, үндсэн зээл 5 400 000 төгрөг нэхэмжилж байна гэж ойлгосон, энэ зээлийн гэрээний тухайд хүчин төгөлдөр бус, зээлийн гэрээний 2.2-т зээлийн хугацаа зээлдэгч зээлийн мөнгийг бэлнээр хүлээж авсан үеэс тоологдоно. Гэрээний 2.4-т 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 3 500 000 төгрөгийг бэлнээр өгнө гэсэн. 3.2-т гэрээнд зээлдүүлэгч зээлдэгч мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бодитой биелүүлсэн нөхцөлд гэрээ дуусгавар болно гэсэн. Зээлийн гэрээний 3 500 000 төгрөгийг хүлээж аваагүй, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар 2 300 000 төгрөгийг зээлэх хэлцэл амаар хийгдсэн. Уг мөнгийг зээлүүлэхдээ хүүтэй гэж тохирсон ч зээлийн гэрээ байгуулаагүй, гэвч 2 300 000 төгрөгийн хүү гэж тодорхой төлөлт хийж тодорхой хугацааны дараа хариуцагч зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон үед 2 300 000 төгрөг дээр хүү тооцоод 3 500 000 төгрөг гэсэн дүн гаргаж ирээд зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар бодит гэрээ, зээлийн гэрээ байгуулсан үед эд хөрөнгө болон мөнгө шилжүүлнэ, тогтоосон хугацаанд хүү заасан бол хүүг, үндсэн зээлийг буцааж төлнө гэсэн агуулгатай. 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2 300 000 төгрөг зээлээд 14 хоногийн хугацаатай зээлийн хүүд 230 000 төгрөг төлөөд явж байсан. Дансны хуулгаар 2 300 000 төгрөг хүлээж авсан, зээлийн хүүд 210 000 төгрөг, 230 000 төгрөг, 230 000 төгрөг, 350 000 төгрөг, 200 000 төгрөг төлсөн болох нь харагдана. Хариуцагчийн тайлбараар 60 000 төгрөг картнаас уншуулаад өгсөн, 120 000 төгрөгийн бараа материал өгсөн нийтдээ 1 400 000 төгрөгийн бараа материал, мөнгийг буцааж төлсөн гэдгийг нэхэмжлэгч хариуцагч нар хүлээн зөвшөөрч байгаа. Анх 2 300 000 төгрөгийг хүүтэй зээлүүлсэн боловч хэлцэл хийсэн агуулгаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас хүү алданги тооцох эрхгүй. Тэгэхээр 2 300 000 төгрөгөөс миний үйлчлүүлэгчийн төлсөн 1 400 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 900 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 3 500 000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд 2.2, 2.4-т зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нөхцөл байдал үүсч байна. Гэрээний 3.2-т заасан өгүүлбэрээр зээлдүүлэгч зээлдэгч мөнгийг бодитой гардуулснаар хүчин төгөлдөр болно. Зээлдэгч зээлж авсан мөнгөө, хүүтэй нь хамт буцааж төлбөл зээлийн гэрээ дуусгавар болно. Харин зээлдүүлэгч мөнгийг өгснөөр үүргээ бодитой биелүүлснээр зээлийн гэрээ дуусгавар болно гэдэг нь өөрөө зөрчилтэй агуулгатай байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн бэлнээр төлсөн 2, 3 удаагийн үйлдэлд баримт үйлдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах боломжгүй байгаа тул төлсөн баримттай хэмжээнд хасаад үлдэгдлийг нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Д.Н-аас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 2 740 000 төгрөг гаргуулж Ч.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 660 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Н-аас 58 790 төгрөгийг гаргуулж Ч.О-т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 101 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Д.Н- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Бодит байдалд ямар гэрээ байгуулсан гэхээр 2 300 000 төгрөгийг зээлээд төлөлт хийж байх хугацаанд буюу сарын төлөлтөө хийх гээд мөнгөө аваад очихоор cap бүр шинээр гэрээ байгуулдаг ингэхдээ гэрээний үнийн дүн cap бүр өсдөг. Би 2 300 000 төгрөгийг зээлж авахад хүүтэй авахаар тохирсон гэхдээ ямар нэгэн байдлаар гэрээ хийгээгүй. Зарим үед хугацаа хэтэрсэн тул 3 500 000 төгрөгт гэрээ байгуулсан. Тухайн үед надад ямар нэгэн мөнгө өгсөн зүйл байхгүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно...” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл 2 300 000 төгрөгийг авахдаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй буюу хүү тооцох эрхгүй гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага бол 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 3 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлүүлсэн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү алданги нийт 5 400 000 төгрөгийг гаргуулах байсан. Гэтэл шүүх 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3 500 000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлүүлсэн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн байна гэж дүгнэсэн.

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр болон 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнүүд бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэж үзнэ. 2 300 000 төгрөгөөс нийт 1 400 000 төгрөгийг буцаан төлсөн ба энэ талаар маргаангүй. 2 300 000 төгрөгөөс төлсөн дүн буюу 1 400 000 төгрөгийг хасаад үлдэх 900 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.О- нь хариуцагч Д.Н-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3 500 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 150 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөг, нийт 5 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Ч.О-ээс 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 2 300 000 төгрөгийг зээлж авсан, харин 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа уг мөнгөн дээр хүү тооцож нэмэн 3 500 000 төгрөг болгосныг зөвшөөрөх боломжгүй, гэрээнд заасан мөнгийг бэлнээр аваагүй гэж маргажээ.

 

Хариуцагч 2 300 000 төгрөгийн зээлээс 1400 000 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч няцааж маргаагүй.

 

2 300 000 төгрөгийг зээлдүүлэхдээ талууд хүү төлөх талаар гэрээг бичгээр байгуулаагүй тул төлөгдсөн бүх төлбөр хүүд тооцогдоно гэх нэхэмжлэгчийн тайлбар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийн заалтад нийцэхгүй. Учир нь уг мөнгийг хариуцагч төлөхдөө “хүү”-ийн төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөн гэх баримт хэрэгт байхгүй байна.

 

Харин зээлдэгч Д.Н- нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ч.О-ийн дансанд 210 000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утгыг “хүү” гэж тодорхойлон төлсөн баримт хэрэгт авагдсан /хх15/ байх тул зээлийн хүүг зөвшөөрч төлсөн гэж үзэхээр байна. Иймд үлдэх 1 190 000 төгрөгийг үндсэн зээлд төлөгдсөн гэж үзвэл хариуцагч нийт зээлээс 1 310 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.  

 

Иймд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрээг бичгээр байгуулсан үеийн зээлийн үлдэгдэл төлбөр 1310 000 төгрөгт уг гэрээнд заасан нэг сарын 10 хувийн хүү тогтоосон гэж үзвэл гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих нийт үүрэг 1 441 000 /үндсэн зээл 1 310 000+зээлийн хүү 131 000/ болжээ. Үүнээс 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 200 000  төгрөгийг хасвал, нэхэмжлэгч нь 1 241 000 төгрөгийг гэрээнд заасан алдангийн хамт шаардах эрхтэй байна. /хх5/

 

Алдангийг үүргийг гүйцэтгээгүй хугацаагаар тооцвол нийт үүргийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хязгаарлавал 620 500 төгрөг болно.

 

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 1 861 500 /1 241 000+620 500/ төгрөгийг хариуцагч Д.Н-аас гаргуулж нэхэмжлэгч Ч.О-т олгох нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх гэрээг бичгээр байгуулах үед  зээлдэгч нь 1 400 000 төгрөгийг төлсөн хэргийн нөхцөл байдалд хамаарах нотлох баримтыг зөв үнэлэлгүйгээр 2 300 000 төгрөгөөс хүү, алданги тооцож, 2 740 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг дээрх байдлаар залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад төлбөр хариуцуулсан болон улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан дүнд зохих өөрчлөлт оруулан, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00594 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 740 000 төгрөг” гэснийг “1 861 500 төгрөг” гэж, “үлдэх 2 660 000 төгрөгийг” гэснийг “үлдэх 3 538 500 төгрөгийг” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “58 790 төгрөгийг” гэснийг “44 726 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 58 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ