Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/00594

 


 

2020 оны 03 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2020/00594 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 ........ тоотод оршин суух, О /РД:___________/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, тоотод оршин суух, Н /РД:............../-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагч Э, хариуцагчийн өмгөөлөгч Э, нарийн бичгийн дарга Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 3,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцохоор зээлүүлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан. Үндсэн зээл 3,500,000 төгрөг, хүү 150,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг нийтдээ 5,400,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019.04.26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү, алданги, үндсэн зээл 5,400,000 төгрөг нэхэмжилж байна гэж ойлгосон, энэ зээлийн гэрээний тухайд хүчин төгөлдөр бус. Зээлийн гэрээний 2.2-т зээлийн хугацаа зээлдэгч зээлийн мөнгийг бэлнээр хүлээж авсан үеэс тоологдоно гэж байгаа. Гэрээний 2.4-д 2019.04.26-ны өдөр 3,500,000 төгрөгийг бэлнээр өгнө гэсэн. 3.2-д гэрээнд зээлдүүлэгч зээлдэгч мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бодитой биелүүлсэн нөхцөлд гэрээ дуусгавар болно гэсэн. Зээлийн гэрээний 3,500,000 төгрөгийг хүлээж аваагүй, 2018.08.23-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар 2,300,000 төгрөгийг зээлэх хэлцэл амаар хийгдсэн. Уг мөнгийг зээлүүлэхдээ хүүтэй гэж тохирсон ч зээлийн гэрээ байгуулаагүй, гэвч 2,300,000 төгрөгний хүү гэж тодорхой төлөлт хийж тодорхой хугацааны дараа хариуцагч зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон үед 2,300,000 төгрөг дээр хүү тооцоод 3,500,000 төгрөг гэсэн дүн гаргаж ирээд зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар бодит гэрээ, зээлийн гэрээ байгуулсан үед эд хөрөнгө болон мөнгө шилжүүлнэ, тогтоосон хугацаанд хүү заасан бол хүүг, үндсэн зээлийг буцааж төлнө гэсэн агуулгатай явдаг. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2,300,000 төгрөг зээлээд 14 хоногийн хугацаатай зээлийн хүүд 230,000 төгрөг төлөөд явж байсан. Дансны хуулгаар 2,300,000 төгрөг хүлээж авсан, зээлийн хүүд 210,000 төгрөг, 230,000 төгрөг, 230,000 төгрөг, 350,000 төгрөг, 200,000 төгрөг төлсөн болох нь харагдана. Хариуцагчийн тайлбараар 60,000 төгрөг картнаас уншуулаад өгсөн, 120,000 төгрөгийн бараа материал өгсөн нийтдээ 1,400,000 төгрөгийн бараа материал, мөнгийг буцааж төлсөн гэдгийг нэхэмжлэгч хариуцагч нар хүлээн зөвшөөрч байгаа. Анх 2,300,000 төгрөгийг хүүтэй зээлүүлсэн боловч хэлцэл хийсэн агуулгагаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас хүү алданги тооцох эрхгүй. Тэгэхээр 2,300,000 төгрөгөөс миний үйлчлүүлэгчийн төлсөн 1,400,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 900,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 3,500,000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд 2.2, 2.4-т зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нөхцөл байдал үүсч байна. Гэрээний 3.2-д заасан өгүүлбэрээр зээлдүүлэгч зээлдэгч мөнгийг бодитой гардуулснаар хүчин төгөлдөр болно гэсэн. Талууд хүлээсэн үүргээ бодитой биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэсэн. Зээлдэгч зээлж авсан мөнгөө, хүүтэй нь хамт буцааж төлбөл зээлийн гэрээ дуусгавар болно. Харин зээлдүүлэгч мөнгийг өгснөөр үүргээ бодитой биелүүлснээр зээлийн гэрээ дуусгавар болно гэдэг нь өөрөө зөрчилтэй агуулгатай байна. Иймд Иргэний хуулийн 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн бэлнээр төлсөн 2, 3 удаагийн үйлдэлд баримт үйлдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах боломжгүй байгаа тул төлсөн баримттай хэмжээнд хасаад үлдэгдлийг нь төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх О ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч 2019.04.26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3,500,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 150,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг нийтдээ 5,400,000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхийг хүссэн байна.

 

Хариуцагч хариу тайлбартаа ...нэхэмжлэлд хавсаргаж өгсөн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, надад 3,500,000 төгрөгийг бэлнээр болон дансаар огт өгөөгүй гэжээ.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд Д.Н 2018.08.23-ны өдөр 14 хоногийн хугацаагаар, 10 хувийн хүү төлөхөөр 2,300,000 төгрөгийг О ээс зээл авсанаа хүлээн зөвшөөрсөн, тухайн үедээ талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, зээлийн хүү авах эрхээ алдсан байх боловч хариуцагч зээлийн хүүд 2018.09.26-нд 210,000 төгрөгийг төлсөн, 20,000 төгрөгний бараа өгсөн, 2018.10.11-нд 230,000 төгрөг, 2018.10.23-нд 230,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Талуудын хооронд 2019.03.25-ны өдөр бичгээр зээлийн гэрээг байгуулж, 3,500,000 төгрөгийг 2019.03.25-ны өдрөөс 2019.04.25-ныг хүртэл хугацаагаар сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж тусгасан боловч дээрх 3,500,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн нь нотлогдоогүй, харин өмнө нь зээлсэн 2,300,000 төгрөгийг төлөх хугацааг сунгасан, зээлийн гэрээг бичгээр байгуулсанаар нэхэмжлэгчид зээлийн хүү шаардах эрх үүссэн байна.

 

Хариуцагч уг гэрээг хүлээн зөвшөөрч 2019.04.26-нд зээлийн 350,000 төгрөг, 2019.09.17-нд 200,000 төгрөгийг тус тус төлсөн, мөн 60,000 төгрөгийг картнаас шилжүүлэн өгсөн, 120,000 төгрөгний барааг хүлээн авсанаа нэхэмжлэгч зөвшөөрсөн байна.

Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд Ч.О ийн Хаан банкны _________ дугаартай данснаас 2018.08.23-ны өдөр 2,300,000 төгрөг зээлэв гэсэн гүйлгээ Д.Нын Хаан банкны ________ дугаартай дансанд хийгдсэн, Д.Наас 2018.09.26-ны өдөр 210,000 төгрөг, 2018.10.11-ны өдөр 230,000 төгрөг, 2018.10.23-ны өдөр 230,000 төгрөг, 2019.04.26-ны өдөр 350,000 төгрөг, 2019.09.17-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус Ч.О ийн ______ дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөнгийг зээлдэгч хүлээн авсан тул буцаан төлөх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан 2019.03.25-ны болон 2019.04.26-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн 2.2-т заасан хугацаанд хариуцагч зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, гэрээний 2.3-т зааснаар зээлийн хүүг, 2.6-д зааснаар алданги төлөх үүрэгтэй болно.

 

Иймд үндсэн зээл 2,300,000 төгрөг, зээлийн хүүд 460,000 төгрөг, алданги 1,380,000 төгрөг төлөхөс Д.Нын төлсөн 1,400,000 төгрөгийг хасч үлдэх 2,740,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ч.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,660,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 58,790 төгрөгийг гаргуулж Ч.О т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Д.Наас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 2,740,000 төгрөг гаргуулж Ч.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,660,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Наас 58,790 төгрөгийг гаргуулж Ч.О т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 101,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ