Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1292

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 103/ШШ2020/00252 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.С-ын хариуцагч Х-ны Багануур салбарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С-, түүний өмгөөлөгч Ж.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Х-ны Багануур салбарт теллерээр тасралтгүй 8 жил ажиллаж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Х-ны Багануур салбарын захирлын 5770/11 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Намайг хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан, бусдад хувиараа хүүтэй мөнгө зээлж банкны үйл ажиллагаа, эрх ашиг сонирхолтой зөрчилдсөн үйлдлээр Х- ёс зүйн дүрмийн 3.3, 5.1.1, 5.1.4, 5.4.4, хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4,4.3.1,4.4.1, 4.4.3, ажлын байрны тодорхойлолтын 2.1, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.9, дэх заалтыг зөрчиж 5.7.1, 5.7.3, 5.7.7, 5.7.12, 5.7.15-д заасан ноцтой үйлдэл гаргасан гэж ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Миний хувьд банкны үйл ажиллагаатай холбоотой хууль дүрмийн заалтыг зөрчсөн, хувийн ашиг сонирхолтой холбоотой үйлдэл, төрөл төрөгсдөдөө ажил үүрэгтэй холбоотой давуу эрх олгосон, хамтран ажиллагсадтайгаа ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн үйлдэл гаргаагүй. Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой үйлдэл гаргасан гэснийг зөвшөөрөхгүй. Тус тушаалд дурдсан хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан, бусдад хувиараа хүүтэй мөнгө зээлсэн гэсэн нь том эгч маань 2019 оны 11 дүгээр сард миний том хүүгийн их дээд сургуульд дэмжлэг үзүүлэх зорилгоор 7 000 000 төгрөгийг Х-ны харилцагчийн хувиар өөрийн дансанд байршуулсан. Гэтэл миний олон жилийн танил хуурай эгч болох Н.М- нь 7 удаагийн үйлдлээр 300 000-4 000 000 төгрөгийг авч эргүүлж өгөхдөө мөнгөн дүнгээс хамаарч 5 000-40 000 төгрөгийг авсан мөнгөн дээрээ өөрийн сэтгэлээр нэмж төлж байсан. Энэ талаар өөрөө гэрчилнэ. Энэ үйл баримтыг салбарын захирал Э.Ганбат нь миний харилцах дансруу нэвтэрч мэдээд ашиг сонирхлын зөрчил гаргасан бусдад хүүтэй мөнгө зээлсэн, банкны эрх ашиг сонирхолд зөрчилдсөн үйлдэл хийсэн гэж сахилгын шийтгэл оногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор тайлбарласан. Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Уг тогтоолд ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл гэж тайлбарласан. Хариуцагч байгууллага хохирол бол тусдаа асуудал гэж тайлбарлаж байна. Н.М- нь иргэн Г.С-аас мөнгө зээлсэн. Түүнээс биш Х-ны ажилтны хувиар Н.М-т зээл олгоогүй. Гэтэл хариуцагч нар ажилтны хувиар зээл олгосон гэж тайлбарлаж байна, үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн өөрийн мөнгөн хадгаламжаа өсгөх, эзэмших эрхтэй. Мөнгөн хадгаламжаа өсгөхийн тулд бусдад мөнгөө зээлэх эрхтэй. Банкны мөнгөнөөс бусдад мөнгө зээлсэн бол маргаж болно. Гэтэл тийм үйлдэл энэ тохиолдолд байхгүй. Бусдын эрх ашгийг зөрчин тушаал, шийдвэрийг гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуульд ноцтой зөрчилд юуг тооцохыг гэрээний талууд харилцан тохиролцоно гэж заасан. Хөдөлмөрийн гэрээндээ банкны үйл ажиллагаанд харш үйлдэл, эс үйлдэхүй гэдгийг юу гэж ойлгохыг нарийвчлан заах хэрэгтэй байсан. Иймд Хөдөлмөрийн гэрээний 5.7 дугаар зүйлийн 5.7.3, 5.7.7, 5.7.12, 5.7.15 дахь хэсэгт заасан үйлдлийг Г.С- гаргаагүй. Г.С- нь Н.М-тэй банкинд ажиллахаас өмнө эгч дүүгийн хувиар мөнгө зээлдэг байсан. Х-ны ажилтан, харилцагчийн хувиар биш эгч дүүсийн хувиар хоорондоо мөнгө зээлсэн тул харилцагчид аливаа байдлаар нөлөөлөх, харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн гэж үзэх боломжгүй. Зөрчлийн дэлгэрэнгүй гэх баримтад 7 үйлдлийг зөрчил гэж тусгасан. Үүнд 7 удаагийн үйлдлээрээ харилцагчид 2 хувийн хүүтэй мөнгө зээлсэн гэсэн боловч банк үүнийгээ нотлоогүй гэж үзэж байна. Банкинд, банкны эд хөрөнгөнд ноцтой хор хохирол учруулсан, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн үйл ажиллагаа тогтоогдоогүй тул Г.С-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал 3 730 000 төгрөг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Х- нь Саруултай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5770/11 тоот тушаалаар цуцалсан бөгөөд тус тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г.С- нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ шударгаар гүйцэтгээгүй, банкны ажилтны хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зөрчил гаргасан тул ажил олгогч банкны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Г.С- нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, банкны эрх ашигт нийцэхгүй үйлдэл гаргасан. Тодруулбал Н.М- гэх харилцагчийн дансаар дамжуулан “Х-” ХХК-ийн харилцагч нарт хувиараа зээл олгосон. Энэ нь хэрэгт авагдсан зөрчлийг илрүүлсэн тухай тайлангаас тодорхой харагдана. Бусдад мөнгө зээлдүүлсэн огноог дурдвал Г.С- нь Н.М-ийн дансаар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 08, 14, 18, 19, 29 өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд бусдад мөнгө зээлсэн болох нь дансны гүйлгээний хуулгаар тогтоогдож байна. Г.С- нь өөрийн Х-ны 3 данснуудаар гүйлгээг хийсэн. Гүйлгээ хийсэн сүүлийн хоёр жишээг нь дурдахад 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Г.С- нь Н.М-ийн данс руу 900 000 төгрөг шилжүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу 7 хоногийн дараа 945 000 төгрөгийг шилжүүлэн авсан. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Н.М-ийн дансанд 2 300 000 төгрөгийг шилжүүлж, 2 323 000 төгрөгийг буцаан авсан. Бусдын дансанд мөнгө шилжүүлж, буцаагаад анх шилжүүлсэн мөнгөнөөсөө ахиулж мөнгө авч байгаа нь түүнийг бусдад хүүтэй мөнгө зээлсэн гэдгийг харуулж байна. Энэ нь дансны гүйлгээний хуулгаас тодорхой харагдаж байна. Банкны үндсэн үйл ажиллагаа болох зээлийн үйл ажиллагааг банкны ажилтан хэрэгжүүлж, бусдад хүүтэй мөнгө зээл байгаа явдлыг банкны эрх ашигт нийцэхгүй гэж үзэж байна. Энэ үйлдэл нь Х-ны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ноцтой зөрчилд хамаарч байна. Г.С-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэх хэсэгт Х- ёс зүйн дүрмийн 3.3, 5.1.1, 5.1.4, 5.4.4, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.9, дэх заалтыг зөрчиж 5.7.1, 5.7.3, 5.7.7, 5.7.12, 5.7.15 дахь хэсэгт заасан ноцтой үйлдлийг гаргасан гэж үзсэн. Нэхэмжлэгчийн өөрийн гаргасан тайлбар болон харилцагчийн тайлбараар энэ үйл баримт нотлогдсон. Нэхэмжлэгч энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч 3 730 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжилж буй үнийн дүнг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй. Г.С- нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр касснаас 45 000 төгрөгийн дутагдал гаргасан зөрчил үйлдсэн. Энэ үйлдэл нь тухайн хугацаандаа ноцтой зөрчил гаргасан тооцогддог. Үүнтэй холбоотой тушаал хэрэгт авагдсан бөгөөд уг тушаал хүчин төгөлдөр болсон. Уг тушаал нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.С-ыг Х-ны Багануур, Гүнгалуут тооцооны төвийн борлуулалт үйлчилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Х-ны Багануур, Гүнгалуут тооцооны төвөөс 2 518 604 төгрөг гаргуулж, Г.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 211 396 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.С-аас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг Х-ны Багануур, Гүн галуут тооцооны төвд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х-ны Багануур салбараас улсын тэмдэгтийн хураамжид 55 247 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх “...Г.С-ын 2019-2020 оны дансны хуулгаар Н.М-т мөнгө шилжүүлж, буцаан авч байсан боловч Н.М-ийн бусдад мөнгө зээлсэн асуудал Г.С-д хамааралгүй. Харилцагч, Л.Нямсүрэн, Д.Мөнхөө нартын тэтгэврийн зээлийг судалж, зээлийг хааж, дахин зээл олгосон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй” гэсэн. Харин нэр бүхий харилцагч нарт Х-наас зээл олгомогц Г.С-ын зээл, Н.М-ээс эргэж төлөгдөж, хүүгийн орлогыг шилжүүлдэг байсан баримтыг шүүх үнэлээгүй. Эдгээр баримтаар Г.С- ажлын байрыг ашиглаж байгааг болон Х-ны ажилтан атал банкны зээл олгох үйл ажиллагааг зэрэгцэн иргэдэд зээл олгож эрхэлж байгаа нь Банкны эрх ашигт харш үйлдэл болно.

Г.С- нь сахилгын шийтгэлтэй байх хугацаанд энэ зөрчлийг гаргасан тул давтан зөрчил болж улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан. Г.С- нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “сануулах” сахилгын шийтгэлийг Б/114 дугаар тушаалаар хүлээсэн ба зөрчлийг тогтоосон актыг шүүхэд гаргасан атал энэ байдалд шүүхээс ямар ч дүгнэлт хийсэнгүй. Г.С- нь сахилгын шийтгэлтэй байх хугацаанд давтан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасан 1 жилийн сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа гаргасан зөрчил тул давтан зөрчил болох ба тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт нь давтан эсхүл ноцтой зөрчлийн аль ч тохиолдолд мөн зэрэг хангагдаж байвал хэрэглэдэг хуулийн заалт болно. Анхан шатны шүүхээс жирэмсэн ажилтныг ажлаас халж Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн үзэхээр байна. Учир уг заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад хамаарахгүй. Уг заалтын хууль зүйн үр дагавар болж хэрэглэдэг тус хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан заалтыг маргаж буй тушаалын үндэслэх хэсэгт дурдсан эс дурдсан нь ач холбогдолгүй болно.

Дээр дурдсан үндэслэл, холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Г.С- нь Х-ны Багануур салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2 850 000 төгрөг, үндэслэлгүйгээр суутган авсан дүрэмт хувцас ашиглаагүй хугацааны төлбөр 560 000 төгрөг, 1 сарын урамшуулал цалин 120 000 төгрөг, цагаан сарын урамшуулал цалин 200 000 төгрөг, нийт 3 730 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Х-” ХХК нь Г.С-тай борлуулалтын үйлчилгээний ажилтнаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, түүний нэг сарын үндсэн цалинг 950 000 төгрөгөөр тогтоожээ.

 

Х-ны салбарын захирлын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5770/11 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Х-ны Хөдөлмөрийн дотоод журмын 9.2, Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэн Г.С-ыг Х-ны борлуулалт үйлчилгээний ажилтны албан тушаалыг эрхэлж байхдаа харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, банкны эрх ашигт нийцэхгүй үйлдэл гаргасан гэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс цуцалжээ. /хх 3/

 

            Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн зөрчил тогтоосон актад заасан “.. харилцагч нарт өөрийн найзын дансаар дамжуулан нийт 7 удаа 12 300 000 төгрөг зээлсэн, 2 зээлдэгчийн 2 875 225.64 төгрөгийн зээлийг хааж, зээл олгосны дараа буцаан авах зэргээр ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн” гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Г.С-ын Н.М-т мөнгө зээлж, буцаан авсан үйлдлийг ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.3, 5.7.7, 5.7.12, 5.7.15-д тухайлан заасан ноцтой зөрчил гэж үзсэн ажил олгогчийн шийдвэр нь гэрээний заалтад нийцээгүй байна. Г.С- нь өөрийн хувийн хадгаламжийн дансан дахь мөнгөнөөс Н.М-т зээлдүүлж, буцаан авсан үйлдэл нь түүний ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой болох нь тогтоогдоогүй, уг үйлдлийн улмаас банкны үйл ажиллагаанд сөрөг нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Г.С- нь бусдын зээлийг хаах үйл ажиллагаанд оролцсон гэх байдал нотлогдоогүй болно. Н.М- нь тус банкны зээлдэгч биш байна. Гэрч Н.М- нь “... би Г.С-аас хэрэгтэй үедээ мөнгө аваад цааш нь таньдаг хүмүүстээ зээлдэг. Г.С- нь Д.Ариунзаяа, Л.Нямсүрэн нарыг танихгүй, ямар ч холбоогүй хүмүүс надаас зээлсэн мөнгөө надад буцааж өгдөг. Би тэр хүмүүсээс мөнгөө буцааж авахаараа Г.С-ын дансанд хийдэг” гэж мэдүүлжээ. /хх131/ Мөн Г.С- нь тус банкны зээлдэгч байсан Д.Ариунзаяа, Л.Нямсүрэн нарыг танихгүй, тэдгээр хүмүүстэй аливаа харилцаанд орж байгаагүй талаараа тайлбарласан. Иймд Г.С-ыг банкны харилцагчид давуу байдал үүсгэсэн гэж үзэхээргүй, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсныг зөвтгөх үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр Г.С-ыг Х-ны Багануур, Гүнгалуут тооцооны төвийн борлуулалт үйлчилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэл буюу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 2 сар, ажлын 14 хоногийн цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос 1 сарын хөдөлмөрийн хөлс 950 000 төгрөгөөс ажлын нэг өдрийн дундаж цалин хөлс 44 186 төгрөг, нийт 2 518 604 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв.

 

Харин үндэслэлгүйгээр суутган авсан дүрэмт хувцас ашиглаагүй хугацааны төлбөр 560 000 төгрөг, 1 сарын урамшуулал цалин 120 000 төгрөг, цагаан сарын урамшуулал 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч уг шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 103/ШШ2020/00252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ