Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2020/00252

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 0 дүгээр хороо, 00-00 тоотод оршин суух, Бн овогт Г.Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, 9-1 тоотод байрлах, Х.Б Б.Ст холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С.И, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, гэрч Н.М, нарийн бичгийн дарга Г.Есөн-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Х.Б Б.Ст теллерээр тасралтгүй 8 жил ажиллаж байгаад 2020 оны 2 сарын 07-ны өдрийн Х.Б Б.Сын захирлын 5770/11 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Намайг хувийн ашиг сонирхолын зөрчил гаргасан, бусдад хувиараа хүүтэй мөнгө зээлж банкны үйл ажиллагаа, эрх ашиг сонирхолтой зөрчилдсөн үйлдлээр Хаан банк ёс зүйн дүрмийн 3.3, 5.1.1, 5.1.4, 5.4.4, хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4,4.3.1,4.4.1, 4.4.3, ажлын байрны тодорхойлолтын 2.1, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.9, дэх заалтыг зөрчиж 5.7.1, 5.7.3, 5.7.7, 5.7.12, 5.7.15 дахь хэсэгт заасан ноцтой үйлдэл гаргасан гэж ажлаас чөлөөлсөнийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Миний хувьд банкны үйл ажиллагаатай холбоотой хууль дүрмийн заалтыг зөрчсөн, хувийн ашиг сонирхолтой холбоотой үйлдэл, төрөл төрөгсөддөө ажил үүрэгтэй холбоотой давуу эрх олгосон, хамтран ажиллагсадтайгаа ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн үйлдэл гаргаагүй. Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой үйлдэл гаргасан гэснийг зөвшөөрөхгүй. Тус тушаалд дурьдсан хувийн ашиг сонирхолын зөрчил гаргасан, бусдад хувиараа хүүтэй мөнгө зээлсэн гэсэн нь том эгч маань 2019 оны 11 сард миний том хүүгийн их дээд сургуульд дэмжлэг үзүүлэх зорилгоор 7.000.000 төгрөгийг Х.Б харилцагчийн хувиар өөрийн дансанд байршуулсан. Гэтэл миний олон жилийн танил хуурай эгч болох Н.М нь 7 удаагийн үйлдэлээр 300.000-4.000.000 төгрөгийг авч эргүүлж өгөхдөө мөнгөн дүнгээс хамаарч 5.000-40.000 төгрөгийг авсан мөнгөн дээрээ өөрийн сэтгэлээр нэмж төлж байсан. Энэ талаар өөрөө гэрчилнэ. Энэ үйл баримтыг салбарын захирал Э.Ганбат нь миний харилцах дансруу нэвтэрч мэдээд ашиг сонирхолын зөрчил гаргасан бусдад хүүтэй мөнгө зээлсэн, банкны эрх ашиг сонирхолд зөрчилдсөн үйлдэл хийсэн гэж сахилгын шийтгэл оногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, болон Х.Б Ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт зэрэг маш олон хууль, дүрэм, журмын яг аль заалтаар буруутгаж тушаал гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд намайг Х.Б Б.Сын борлуулалт үйлчилгээний ажилтаны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал 3.730.000 төгрөг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор тайлбарласан. Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Уг тогтоолд ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл гэж тайлбарласан байдаг. Хариуцагч байгууллага хохирол бол тусдаа асуудал гэж тайлбарлаж байна. Мөнгөнцэцэг гэж эмэгтэй Монгол улсын иргэн Г.С гэж хүнээс мөнгө зээлсэн. Түүнээс биш Х.Б ажилтны хувиар Мөнгөнцэцэгт зээл олгоогүй. Гэтэл хариуцагч нар ажилтны хувиар зээл олгосон гэж тайлбарлаж байна, үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан эсэх нь учир дутагдалтай. Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр хувиараа мөнгө зээлсэн хүнийг Х.Б ажилтан мөнгө зээлсэн гэж үзэж, албан тушаалаас нь халж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзэхээр байна. Монгол улсын Үндсэн хуулиар иргэн өөрийн мөнгөн хадгаламжаа өсгөх, эзэмших эрхтэй. Мөнгөн хадгаламжаа өсгөхийн тулд бусдад мөнгөө зээлэх эрхтэй. Банкны мөнгөнөөс бусдад мөнгө зээлсэн бол маргаж болно. Гэтэл тийм үйлдэл энэ тохиолдолд байхгүй. Бусдын эрх ашгийг зөрчин тушаал, шийдвэрийг гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуульд ноцтой зөрчилд юуг тооцохыг гэрээний талууд харилцан тохиролцоно гэж заасан байдаг. Хөдөлмөрийн гэрээндээ банкны үйл ажиллагаанд харш үйлдэл, эс үйлдэхүй гэдгийг юу гэж ойлгохыг нарийвчлан заах хэрэгтэй байсан. Тушаалдаа ерөнхий заалтыг баримталсан байна. Саруул зээл олгохдоо албан тушаалын байдлаа ашиглан банкны мөнгөнөөс зээл олгосон бол албан тушаалын гэмт хэрэг болох байсан. Саруул нь зээл олгох чиг үүрэгтэй албан тушаалтан биш. Харин олгосон зээлийг цааш дамжуулан өгдөг албан тушаалтан. Иймд Хөдөлмөрийн гэрээний 5.7 дугаар зүйлийн 5.7.3, 5.7.7, 5.7.12, 5.7.15 дахь хэсэгт заасан үйлдлийг Саруул гаргаагүй. Саруул нь Мөнгөнцэцэгтэй банкинд ажиллахаас өмнө эгч дүүгийн хувиар мөнгө зээлдэг байсан гэдэг. Х.Б ажилтан, харилцагчийн хувиар биш эгч дүүсийн хувиар хоорондоо мөнгө зээлсэн тул харилцагчид аливаа байдлаар нөлөөлөх, харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн гэж үзэх боломжгүй. Зөрчлийн дэлгэрэнгүй гэх баримтад 7 үйлдлийг зөрчил гэж тусгасан. Үүнд 7 удаагийн үйлдлээрээ харилцагчид 2 хувийн хүүтэй мөнгө зээлсэн гэсэн боловч банк үүнийгээ нотлоогүй гэж үзэж байна. Банкинд, банкны эд хөрөнгөнд ноцтой хор хохирол учруулсан, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн үйл ажиллагаа тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хаан банк нь Саруултай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 2 сарын 07-ны өдрийн 5770/11 тоот тушаалаар цуцалсан бөгөөд тус тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г.С нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ шударгаар гүйцэтгээгүй, банкны ажилтны хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зөрчил гаргасан тул ажил олгогч банкны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа. Хариу таайлбар татгалзлаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дэлгэрэнгүй байдлаар тайлбарлаж, шаардлагатай нотлох баримтыг гаргаж оролцоно, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С.И шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хаан банк” ХХК-ийн Б.Сын Гүн галуутай тооцооны төвийн борлуулалт, үйлчилгээний ажилтан Г.С нь 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” 5770/11 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй байсан. Тушаал хэрхэн гарсан талаарх үйл баримтыг товч танилцуулбал. Г.С нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, банкны эрх ашигт нийцэхгүй үйлдэл гаргасан. Тодруулбал Мөнгөнцэцэг гэх харилцагчийн дансаар дамжуулан “Хаан банк” ХХК-ийн харилцагч нарт хувиараа зээл олгосон. Энэ нь хэрэгт авагдсан зөрчлийг илрүүлсэн тухай тайлангаас тодорхой харагдана. Бусдад мөнгө зээлдүүлсэн огноог дурдвал Г.С нь Н.Мөнгөнцэцгийн дансаар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 08, 14, 18, 19, 29 өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд бусдад мөнгө зээлсэн болох нь дансны гүйлгээний хуулгаар тогтоогдож байна. Г.С нь өөрийн Х.Б 3 данснуудаар гүйлгээг хийсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гүйлгээ хийсэн сүүлийн хоёр жишээг нь дурдахад 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Г.С нь Н.Мөнгөнцэцгийн данс руу 900.000 төгрөг шилжүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу 7 хоногийн дараа 945.000 төгрөгийг шилжүүлэн авсан. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Н.Мийн дансанд 2.300.000 төгрөгийг шилжүүлж, 2.323.000 төгрөгийг буцаан авсан байдаг. Бусдын дансанд мөнгө шилжүүлж, буцаагаад анх шилжүүлсэн мөнгөнөөсөө ахиулж мөнгө авч байгаа нь түүнийг бусдад хүүтэй мөнгө зээлж байгаа гэдгийг харуулж байна. Энэ нь дансны гүйлгээний хуулгаас тодорхой харагдаж байна. Банкны үндсэн үйл ажиллагаа болох зээлийн үйл ажиллагааг банкны ажилтан хэрэгжүүлж, бусдад хүүтэй мөнгө зээл байгаа явдлыг банкны эрх ашигт нийцэхгүй гэж үзэж байна. Энэ үйлдэл нь Х.Б ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ноцтой зөрчилд хамаарч байна. Г.Сыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэх хэсэгт Хаан банк ёс зүйн дүрмийн 3.3, 5.1.1, 5.1.4, 5.4.4, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.9, дэх заалтыг зөрчиж 5.7.1, 5.7.3, 5.7.7, 5.7.12, 5.7.15 дахь хэсэгт заасан ноцтой үйлдлийг гаргасан гэж үзсэн. Нэхэмжлэгчийн өөрийн гаргасан тайлбар болон харилцагчийн тайлбараар энэ үйл баримт нь хөдлөшгүйгээр нотлогдсон. Нэхэмжлэгч өөрөө ч энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч 3.730.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжилж буй үнийн дүнг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байсан. Нэхэмжлэгч хуралдааны явцад хувийн байдлаа танилцуулаад байна. Ажилтан ноцтой зөрчил гаргасан тул түүний ар гэрийн байдлыг үл харгалзан албан тушаалаас нь чөлөөлсөн. Г.С нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр касснаас 45.000 төгрөгийн дутагдал гаргасан зөрчил үйлдсэн. Энэ үйлдэл нь тухайн хугацаандаа ноцтой зөрчил гаргасан тооцогддог. Үүнтэй холбоотой тушаал хэрэгт авагдсан бөгөөд уг тушаал хүчин төгөлдөр болсон гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаж буй акт нь банкны тооцооны төвийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 5770/11 дугаартай тушаал юм. Бидний гаргаж өгсөн баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж тайлбарлаагүй харин өөр өнцгөөс харж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нотлох баримт шинжлэн судалсны дараа харилцагч нарт зээл олгох, харилцагч нарын зээл хаагдсантай маргаагүй. Харин иргэн хүний хувьд хийсэн үйлдэл ажлаас халах үндэслэл болохгүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан давтан, ноцтой зөрчил гаргасан болох нь нотлогдож байгаа. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Саруул нь кассаас 45.000 төгрөг дутаасан. Энэ үйлдэлд нь сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Хэрвээ сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 1 жилийн дотор дахин зөрчил гаргавал үүнийг давтан зөрчилд тооцдог. Саруул нь сахилгын шийтгэл оногдуулсан тушаалтай маргаагүй бөгөөд кассын үйл ажиллагааны журам зөрчиж кассаас 45.000 төгрөг дутаасан болохоо хүлээн зөвшөөрсөн. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тооцооны төвийн харилцааны менежер ажлын байрны тодорхойлолтод заасан эрх хэмжээний дагуу ээлжит шалгалтыг хийсэн. Саруулын гаргасан зөрчил нь дангаараа ноцтой зөрчлийн шинжтэй мөн сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 1 жилийн дотор дахин зөрчил гаргасан тул давтан үйлдсэн зөрчил болж байгаа. Яагаад иргэн зээл олгож болдог, банкны ажилтан зээл олгож болдоггүй талаар тайлбар хийхэд хавтаст хэргийн 30-34 дүгээр талуудад авагдсан шалгалтын тайлан, дүгнэлтэд дурдагдсан Саруулын 7 удаагийн үйлдлээс харахад Саруул Мөнгөнцэцэгт мөнгийг зээлж, Мөнгөнцэцэгийн цаана байгаа нэр бүхий зээлдэгч нар тэтгэвэр, хадгаламж барьцаалсан зээл авч, Мөнгөнцэцэг болон өөрт нь хүү авах байдлыг бүрдүүлээд байна. Саруул нь тэтгэвэр барьцаалсан зээлийг судалдаг эрх мэдэлтэй ажилтан. Энэ эрх түүний ажлын байрны тодорхойлолтын 2.20, 2.21 дэх хэсэгт заасан. Ийм учраас банкны ажилтан харилцагчтай банк санхүүгийн харилцаа үүсгэхийг хориглодог. Учир нь ажилтан цаашлаад банкны мөнгө рүү орох боломжтой тул урьдчилан сэргийлж Хөдөлмөрийн гэрээний 5.7 дугаар зүйлийн 5.7.12, 5.7.15 дахь хэсэгт үүнийг ноцтой зөрчил гэж заасан. Хавтаст хэргийн 70-94 дүгээр талд авагдсан гүйлгээний хуулгаар цаана нь зээлийн харилцаа үүссэн болох нь тогтоогдсон. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлахдаа дэлгэрэнгүй судалсан. Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээг баримтлан түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг үндэслэн албан тушаалаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан. Иймд ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт нь жирэмсэн эмэгтэйд хамаарахгүй гэдгийг дурдмаар байна. Салбарын захирал Э.Ганбатад хүний нөөцтэй холбоотой тушаал гаргах эрх мэдлийг олгосон. Саруулын гаргасан зөрчлийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр илрүүлж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажил албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал гарсан. Энэ нь зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор тушаал гаргах гэсэн хуулийн зохицуулалтад нийцэж байна. Зөрчил үйлдэгдсэнээс хойш 6 сарын турш зөрчлийн шинж чанар хадгалагдана гэж заасан. Саруулын гаргасан 7 удаагийн зөрчлийн 6 нь дээрх 6 сарын хугацаанд хамаарч байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт нийцэж байна. Саруулын бусад үйлдлийг бид үгүйсгэхгүй. Хэдийгээр банкны сайн ажилтан байж болох ч банкны үйл ажиллагаанд нөлөөлөх учраас банкны ажилтны хувьд түүний хувийн харилцаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх хязгаарлагддаг. Үүнийг шүүх ойлгож үзнэ үү. Энэ тушаал нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай саналтай байна гэв.

Гэрч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С бид хоёр хуурай эгч дүүсийн хувиар бие биенээсээ мөнгө зээлдэг. Хэдэн удаа зээл авч байснаа санахгүй байна. Би Саруулаас хэрэгтэй үедээ мөнгө аваад цааш нь таньдаг хүмүүстээ зээлдэг. Би Саруулаас мөнгөө хүүтэй зээлээч ээ гэж хэлж байгаагүй харин мөнгө зээлсэн учраас өдрийн цайны мөнгө ч юм уу, зээлсэн мөнгөний хэдэн хувийг нь тооцоод илүү мөнгө дансанд нь хийдэг байсан. Миний бусдад зээлж байгаа мөнгийг Г.С мэдэхгүй, тэдгээр хүмүүсийг танихгүй, ямар ч холбоогүй хүмүүс. Тэр хүмүүс надаас зээлсэн мөнгөө надад буцааж өгдөг. Намайг ажил дээрээ байхад Х.Б харилцааны менежер Г.Г манай ажил дээр ирж уулзахдаа “Саруулаас мөнгө зээлдэг үү” гэж асуусан. Тэр үед яагаад энэ талаар асууж байна вэ гэхэд ийм зүйл болоод байна, тиймээс тантай уулзаж явна гэж надад тайлбарлаад, та ярьж байгаа бүхнээ бичиж өгнө үү гэсэн. Би яагаад миний дансны мэдээллийг авсан, ямар шалтгаанаар бичиг хийж өгөх юм бэ гэсэн шаардлагыг Г.Гд тавиад, нэг өгүүлбэр бичиг хийж өгсөн. Юу гэж бичсэнээ сайн санахгүй байна. Удалгүй банкны захиралтай нь түүний өрөөнд уулзсан. Тэр үед учир явдлаа тайлбарласан. Захирал нь намайг бичиг хийж өгнө үү гэхээр нь яагаад, заавал бичих шаардлагатай юм уу гэхэд ажилтнаа ажилтай нь авч үлдэхийн тулд таниар бичиг хийлгэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэр хүн заавал миний хэлснээр бич гэж хэлсэн. Тэгээд Саруулаас мөнгө зээлдэг гэсэн агуулгатай хоёр өгүүлбэрийг гараар бичсэн. Би Саруулаас мөнгө зээлэхдээ гэрээ байгуулж, хүү тохиролцож байгаагүй. Адилхан амьдрахын тулд явж байгаа гэдэг үүднээс зээлсэн мөнгөнөөсөө илүү мөнгийг шилжүүлдэг байсан. Г.С бид хоёрын хооронд олон удаагийн гүйлгээ хийгдсэн. Хэзээ хэдэн төгрөг шилжүүлсэн болохыг мэдэхгүй байна. Би одоо ч Г.Саас мөнгө зээлдэг гэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Г.С, хариуцагч Х.Б Б.Ст холбогдуулан Х.Б Б.Сын борлуулалт үйлчилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2.850.000 төгрөг, үндэслэлгүйгээр суутган авсан дүрэмт хувцас ашиглаагүй хугацааны төлбөр 560.000 төгрөг, 1 сарын урамшуулал цалин 120.000 төгрөг, цагаан сарын урамшуулал цалин 200.000 төгрөг, нийт 3.730.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

  Хариуцагч Х.Б Б.С нэхэмжлэгч Г.С  хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ шударгаар гүйцэтгээгүй, банкны ажилтны хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 Х.Б Хөдөлмөрийн дотоод журмын 9.2, болон ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний  5.7 дахь дах заалтуудыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

   Ажил олгогч Хаан банк ажилтан Г.Стай 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр борлуулалтын үйлчилгээний ажилтан ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, түүний нэг сарын үндсэн цалин 950.000 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 7-11 дүгээр тал/

   Улмаар 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/114 тоот захирлын тушаалаар Г.Сд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зөрчлийн акт тогтоожээ. /хх-ийн 21-22 дугаар тал/

   Х.Б 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5770/11 тоот захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Х.Б хөдөлмөрийн дотоод журмын 9.2, хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэн Г.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс цуцалжээ. /хх-ийн 3 дугаар тал/

   Г.С Х.Б борлуулалт үйлчилгээний ажилтаны албан тушаалыг эрхэлж байхдаа харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, банкны эрх ашигт нийцэхгүй үйлдэл гаргасан. Тодруулбал Мөнгөнцэцэг гэх харилцагчийн дансаар дамжуулан “Хаан банк” ХХК-ийн харилцагч нарт хувиараа зээл олгосон тул ажлаас халсан гэж тайлбарлаж байна.

   Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульчилжээ.

   Г.С Н.М гэх харилцагчийн дансаар дамжуулан “Хаан банк” ХХК-ийн харилцагч нарт хувиараа зээл олгосон гэх байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

   Учир нь Г.Сын 2019-2020 оны Х.Б дансны хуулгаар Н.Мт мөнгө шилжүүлж, буцаан авч байсан боловч Н.Мийн бусдад мөнгө зээлсэн асуудал Г.Сд хамааралгүй юм.

   Мөн Л.Нямсүрэн, Д.Мөнхөө нарын тэтгэвэрийн зээлийн асуудлыг судалж, Н.Мт мэдээлэл гаргаж, Г.С тэдний зээлийг хааж, дахин зээл олгосон гэх байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

   Г.Сыг хөдөлмөрийн гэрээний 5.7.1 “Х.Б эрх ашиг, сонирхолд харш сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй гаргасан”,

5.7.3 “Ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан, шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан, хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бусдын бизнесийг дэмжсэн гэх мэт үүргээ хязгаарлагдахгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсхүл гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, эс үйлдэхүй гаргах”,

5.7.7 “Ажлын байранд болон ажлын бус цагаар улс төрийн, мөн банкны эрх ашигт харшлах аливаа бусад үйл ажиллагаа явуулах, ийм зорилгод банкны хөрөнгийг зарцуулах, банкны ажилтнуудыг уг үйл ажиллагаанд татан оролцуулах”,

5.7.12 “Харилцагчид аливаа байдлаар нөлөөлөх, гуйх, дарамт, шахалт үзүүлэх, харилцагчийг хууран мэхлэх, харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэх, орох”,

5.7.15 “Зээлийн хүү, шимтгэл, нөхцөлийг дур мэдэн өөрчлөх, харилцагчийг ашиглан хувьдаа зээл авах, зээл олгох, хувийн өр авлагаа барагдуулах зорилгоор зээл олгох, зээл чөлөөлөх, зээлийн бодлого журам зөрчин зээлийн гэрээ байгуулалгүйгээр, барьцаа хөрөнгөгүйгээр, батлан даагчгүйгээр зээл олгох, зээлийн хувийн хэргийн бүрдэл дутуу, буруу, зориулалт бус ашиглахаар байхад зээл судалж зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлэх, зээл олгох, зээл олгуулахаар шаардах, нөлөөлөх, эрхийн хэмжээг хэтрүүлэн зээл олгох, гэр бүл, төрөл садан, ашиг сонирхлын зөрчилтэй, нэгдмэл сонирхолтой этгээдийн зээлийг судлах, шийдвэр гаргах, шийдвэр гаргалтад оролцох” заалтуудыг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халжээ.

Г.С Н.Мт мөнгө зээлж, буцаан авсан үйлдэл нь ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.3, 5.7.7, 5.7.12, 5.7.15-д тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдохгүй байх тул Г.Сыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халсан нь буруу болжээ.

Мөн ажилтны ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримталсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1. дэх заалтыг зөрчсөн гэж шүүх дүгнэв. Тэрээр ажлаас халагдахдаа жирэмсэн байсан, одоо 7 сартай жирэмсэн болох нь 2020.03.05-ны өдрийн эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 4 дүгээр тал/

 Иймд Г.Сыг Х.Б Багануур, Гүнгалуут тооцооны төвийн борлуулалт үйлчилгээний ажилтаны албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Г.Сыг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлаас халсан бөгөөд түүний ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэл буюу 2020.04.27-ны өдөр хүртэл нийт 2 сар, ажлын 14 хоногийн цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ажил олгогчоос гаргуулж шийдвэрлэв.

   Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу Г.Сын 1 сарын хөдөлмөрийн хөлс 950.000 төгрөг байх бөгөөд ажлын нэг өдрийн дундаж цалин хөлс 44.186 төгрөг байна. /950.000:21,5=44.186/, Ажилгүй байсан 2 сар ажлын 14 хоногийн цалин хөлс 2.518.604 төгрөг /950.000х2=1.900.000 төгрөг, 14х44.186=618.604 төгрөг, 1.900.000+618.604=2.518.604/ гаргуулах нь зүйтэй байна.  

   Нэхэмжлэгч Г.С зөвшөөрөлгүйгээр дүрэмт хувцас ашиглаагүй хугацааны төлбөр 560.000 төгрөг, 1 сарын урамшуулал цалин 120.000 төгрөг, цагаан сарын урамшуулал 200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудыг өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар  зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Сыг Х.Б Багануур, Гүнгалуут тооцооны төвийн борлуулалт үйлчилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Х.Б Багануур, Гүнгалуут тооцооны төвөөс 2.518.604 төгрөг гаргуулж, Г.Сд олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.211.396 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

          3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Саас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг Х.Б Багануур, Гүн галуут тооцооны төвд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б Б.Саас улсын тэмдэгтийн хураамжид  55.247 төгрөг  гаргуулж  улсын орлого болгосугай.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОЛОНГО