Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/1071

 

Б.Ханатын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баян-Өлгийн аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 212/МА2016/00006 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Ханатын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч Баян-Өлгийн аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд хууль бус шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөж, 2015 оны 05 сарын 28-ны өдрийн 321 шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон билээ. Гэтэл 2016 оны 01 сарын 04-ний өдөр сургуулийн захирал Т.Мурат нь намайг мэдэгдэх хуудас өгөлгүйгээр ямар ч шалтгаангүйгээр Б/02 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Ажлаас гарсан тушаалыг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нарийн бичгийн дарга гардуулж өгсөн. Иймд намайг тус сургуулийн нягтлан бодогчоор эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 321 дугаар шийдвэр гарч, сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/32 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилж, санхүүгийн албанд шилжүүлсэн. Гэвч Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 426 тоот тогтоол гарч, төсөвт байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба хариуцан гүйцэтгэж байгаатай холбогдуулан орон нутгийн төсөвт байгууллагуудад нягтлан бодогч давхардуулан ажиллуулахгүй байхыг үүрэг болгосон. Сумын Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг мэдэгдсэн. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б/02 тушаал гаргаж, нягтлан бодогч Б.Ханатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, сумын Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлж өгсөн. Иймд Б.Ханатын гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай Б. Ханатыг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Баян-Өлгийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 212/МА2016/00006 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Б.Ханатыг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай..” гэж, 2 дахь заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Б.Ханат нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сургуулийн нябо Б.Ханатыг Сум дундын 2 дугаар шүүхийн 2015.5.28-ны өдрийн 321 дугаартай шийдвэрийн дагуу сургуулийн захирлын 2015.9.07-ны өдрийн Б/32 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилж, Засгийн газрын тогтоолын дагуу сургуульд нягтлан бодогч томилон ажиллуулах ямар нэгэн эрх хэмжээгүй болсон байгаа учир сумын санхүүгийн албанд шилжүүлсний дагуу ажил олгогч байгууллага болох Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015.10.06-ны өдрийн Б/14 тоот тушаалаар түүнийг ажиллуулж байсан болно. Гэтэл 2015.11.02-ны өдрийн Засгийн газрын 426 дугаар тогтоол гарснаар түүнийг   Тамгын газарт нябогоор цаашид ажиллуулах боломжгүй болсноор ажил олгогч болох Тамгын газрын дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу мэдэгдэх хуудас гардуулж, 2016.01.01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлнө гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь тодорхой байхад үндэслэлгүй болсон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Засгийн газрын 2015 онд гаргасан хоёр ч тогтоолын дагуу сумын Засаг даргын тамгын газарт санхүүгийн алба байгуулагдаж, суманд үйл ажиллагаа явуулж төсөвт байгууллагуудад нягтлан бодох үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хариуцан гүйцэтгэж байгааг хариуцагч ойлгож, мэдэж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчийн орон тоо байхгүй болсон гэдэгт ч огт маргаагүй байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан ажил олгогч мэдэгдээгүй гэдэг нь үгүйсгэгдэж байгаа болохыг анхан шатны шүүх зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаархи мэдэгдлийг сургуулийн захиргаа бус харин сумын ЗДТГазраас олгосон нь өөрөө хууль зөрчөөгүй.  Бүрэн дунд сургууль нь өөрөө засгийн газрын тогтоолын дагуу санхүүгийн хувьд бие даасан нягтлан бодох үйлчилгээ үзүүлэх чиг үүрэггүй, чиг үүрэг, орон тоо нь ЗДТГазарт төвлөрсөн байгаа. Харин анх санхүүгийн алба төвлөрч байгуулах үеэр ажил олгогч мэдэгдэх хуудас гардуулж өгөөгүй ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлээр гарсан шүүхийн шийдвэрийн дагуу нябо Б.Ханатыг эгүүлэн томилсон боловч. ажиллуулах гэхээр орон тоо нь байхгүй болж, эрх зүйн хувьд ажиллуулах боломжгүй болсон тул тамгын газрын мэдэлд шилжүүлсэн, мөн нябогийн орон тоо, цалингийн сан нь сургуулийн 2016 оны төсөвт суугаагүй тул сургууль гэдэг байгууллага нь ажил олгогч субъект биш болсон.  Б.Ханат нь 2016 оны 1, 2 дугаар сарын цалинг гар дээрээ бүрэн авсан ба түүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмжид 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг гаргуулж авсан. Дээрхи байдлуудыг нэг бүрчлэн хянаж анхаарч үзэхийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Ханат нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд  хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, Б.Ханатын шаардлагыг хангасан байна. 

Хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б/02 дугаар тушаал гаргаж Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 426 дугаар тогтоолыг үндэслэн сургуулийн нягтлан бодогч Б.Ханатыг ажлаас нь чөлөөлжээ.

Ажил олгогчийн тушаалын үндэслэл баримтаар тогтоогдоогүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул гомдлыг хангах боломжгүй байна.

Засгийн газрын тогтоолын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргаж тухайн ажлын байрны орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн тухай баримт хэрэгт байхгүй тул Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 426 дугаар тогтоол хариуцагчийн тайлбарыг нотлохгүй байна.

Сагсай сумын Засаг даргын Тамгын газар нь Б.Ханатын хувьд ажил олгогч биш тул  хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажил олгогч нь ажилтанд олгоогүй гэж үзнэ.   

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баян-Өлгийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 212/МА2016/00006 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ