Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2017/0759

 

2017 оны 10 сарын 31 өдөр            

Дугаар 221/МА2017/0759 

    Улаанбаатар хот

    Э.Б, Н.Ц нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Г.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0221 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.Б, Н.Ц нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0221 дүгээр шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийн Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Д.О-т газар олгосон захирамж гараагүй болохыг тогтоолгох, Д.О-ээс нэр солигдож Б.М-д газар эзэмших эрх олгосон 192 дугаар захирамжийн Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Б.М-гээс Д.Б нарын 7 иргэнд газар эзэмших эрх олгосон 2007 оны 302 дугаар захирамжийн дээрх нэр бүхий 7 иргэдэд холбогдох хэсгийг, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/163 дугаар захирамжийн А.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах Э.Б, Н.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... Иргэн Н.Ц намайг өмгөөлөгчөөр хангаж өгөөгүй. Иргэн Н.Ц миний хүсэлтийг хангаж хариуг өгөөгүй. 2017.03.07-ны өдөр шүүгч Насандэлгэр танаа гэсэн хүсэлтийг өгөхөд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2017/1993 дугаар захирамжаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/147 дугаар албан бичгийг хавсарган ирүүлсэн боловч, уг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж Н.Ц миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон энэхүү хүсэлтийн хариуг 2017 оны 03 дугаар сарын 22-нд аваад, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ээс зөвлөгөө авч, дахиад энэхүү нотлох баримтаа баталгаажуулаад, “Иймд тус шүүхэд хянагдаж байгаа захиргааны хэргээс Н.Ц-ийн нэхэмжлэлтэй хэргийг тусдаа шийдвэрлэж өгнө үү” гэж бичээд өг гэсний дагуу дахин 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр миний бие А.Н шүүгчид 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/147-д “Н.Ц-ийн эрхийг сэргээж өгнө үү” гэсэн Чингэлтэй дүүргийн Прокурорын албан тоотыг архивын хуулбар үнэн тэмдэг даруулж өгөхөд хурлаар ярилцана гэх хариуг туслахаараа хэлүүлсэн.

Гэвч Н.Ц миний нэхэмжлэлийг тусгаарлах талаар нэг ч  ярилгүй, эсрэг талд буюу газрын албаны талд нэг талыг барин шийдсэн. Ингэхдээ миний нотлох баримтыг огт авч хэлэлцээгүй намайг хохироосон шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн Н.Ц намайг нэгдүгээрт өмгөөлөгчөөр хангаж өгөөгүй, хүсэлтийг авч үзэж хариуг зохих өгөөгүй, хэргийг тусгаарлах ёстой тул Н.Ц миний эрх ашиг зөрчигдөөд зогсохгүй ямар шүүхийн шийдвэр өр төлбөргүй атлаа хөрөнгөө хураалгаж, орох орон, газар, газрын бичиг баримтуудыг шүүх яагаад авч үзэлгүй шийдвэр гаргаж байгаад маш их гомдож байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0221 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, ажлын хэсэг шинжээч томилуулан дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Цийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

            Нэхэмжлэгч Н.Ц давж заалдах гомдолдоо “... Н.Ц-ийн нэхэмжлэлтэй хэргийг тусдаа шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг анхан шатны шүүх хянан хэлэлцээгүй...” гэжээ.

            Нийслэлийн шүүхийн 2007 оны 593 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 239 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн задгайд орших 1 давхар зуслангийн байшин (Н.Ц-ийн амьдарч байгаа, миний өмч гэх)-г дуудлага худалдаанд оруулж, Э-ийн Б /нэхэмжлэгч/, Ц-ийн Э нарын төлөх төлбөрт тооцож олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж шийдвэрлэсэн бөгөөд Улсын Дээд шүүх уг шийтгэх тогтоол, магадлалыг хянаж хэвээр үлдээсэн тогтоол нь хүчин төгөлдөр байна.

            Үүнээс үзвэл нэхэмжлэгч Н.Ц болон түүний хүү гэх Э.Б-ийн нэхэмжлэлийг тусгаарлан шийдвэрлэх шаардлагагүй, тэдгээрийн нэхэмжлэлд дурдсан хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан бусад баримтууд хоорондоо холбоотой, нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байх тул хэргийг тусгаарлан шийдвэрлэх журам зөрчсөн гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Түүнчлэн анх 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Н.Ц, Э.Б нарын гарын үсэг зурж гаргасан нэхэмжлэлд Н.Ц-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн талаар дурдаагүй, харин Э.Б-ийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаар захиармж, 1156 дугаар гэрчилгээний дагуу эзэмшдэг гэх 400 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 122 дугаар захирамжаар Б.М-д эзэмшүүлснийг хүчингүй болгож өгнө үү гэсэнтэй холбоотой Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэргийг Э.Б-ийн нэхэмжлэлд холбогдуулан үүсгэсэн боловч тус шүүхийн 2010 оны 372 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Э.Б болон Н.Ц нарын тус бүрийн газар эзэмших эрхийн талаар дүгнэж, тэдгээрийн нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгосны дараа нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотой Н.Ц болон Э.Б нарын тус бүрийн газар эзэмших эрхтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулж, шүүхийн шийдвэрээр тус бүрийн газар эзэмших эрхийн талаар мөн дүгнэж шийдвэрлэсэн байх тул Н.Б-ийн нэхэмжлэлээр хэрэг үүсгэж, Н.Ц-ийн нэхэмжлэлээр хэрэг үүсгээгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

            Н.Ц гомдолдоо “... миний нотлох баримтыг шүүх авч хэлцэлгүй, ... ямар ч шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй атлаа хөрөнгөө хураалгаж, орох орон, газар, газрын бичиг баримтуудыг шүүх яагаад авч үзэлгүй шийдвэр гаргаж байгаад маш их гомдож байна” гэжээ.

            Дээр дурдсан Н.Цийн гэх зуслангийн 1 давхар байшинг дуудлага худалдаанд оруулж, Э-ийн Б, Ц-ийн Э нарын төлөх төлбөрт тооцож, орлогыг хохирогч нарт адил тэнцүү хуваан олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 239 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн 2007 оны 593 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2008 оны 09 дүгээр тогтоол болон тэдгээрийг биелүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  ажиллагааг хүчингүй болгуулах тухай Н.Ц-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 534 дүгээр шийдвэрүүд нь тус тус хүчин төгөлдөр байна. Эдгээр шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны А/163 дугаар захирамжаар Э.Б-ийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 142 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг Г.Б-ын нэр дээр шилжүүлснийг захиргааны хэргийн шүүх хүчингүй болгох үндэслэлгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.

            Нэхэмжлэгч  Н.Ц-ийн эзэмшиж байсан 500 м.кв газар болон нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнийн эзэмшиж байсан 400 м.кв газрын байршил нь газрын кадастрын мэдээллийн санд байхгүй, харин хоёулангийнх нь нэр дээр 36 м.кв 1 давхар зуслангийн байшингийн доорх газрын мэдээлэл тусгагдсан, нэхэмжлэгч Н.Ц нь тухайн нэг давхар зуслангийн сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүйгээс Э.Б, Ц.Э нарын төлбөрт тооцсон байх бөгөөд энэ талаар Н.Цийн хүү гэх Э.Б, түүний охин Н.Э нар тухайн үед мэдэж байсан атлаа маргаагүй байна.

Н.Ц нь хэдийгээр зуслангийн байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй боловч өөрийн дангаар өмчлөх өмч болохоо нотолбол шийтгэх тогтоолоор төлөх төлбөртөө тооцуулсан Э.Б, Ц.Э нараас хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй.

            Хэрэгт авагдсан Кадастрын зураг болон мэдээллийн сангийн бүртгэл зэргээс үзэхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны 192, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 302 дугаар захирамжаар Б.Бр, Б.Б, Б.Бс, Ч.М, Б.П, Б.Л, Д.Б нарт 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлсний улмаас нэхэмжлэгч Н.Цийн эрх хөндөгдөөгүй, энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ...” гэж заасны дагуу шүүх бүрэлдэхүүн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Н.Ц нь хэдийгээр зуслангийн байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй боловч өөрийн дангаар өмчлөх өмч болохоо нотолбол шийтгэх тогтоолоор төлөх төлбөртөө тооцуулсан Э.Б, Ц.Э нараас хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Цийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                      

                        ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

                        ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ