Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/03766

 

 

 

2024 оны 09 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/03766 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, -р хороо, ******* банкны төв байр, Д.Сүхбаатарын талбай 5, Ш/х-22, -т байрлах, ******* банк ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр байр,  тоотод оршин суух, Б овогт С. М /РД:/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 120 170 416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Х хариуцагч С.Мр, түүний өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....С.М 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/КР/ тоот кредит картын гэрээ байгуулан 10 000 долларын эрхтэй кредит карт олгосон. Бэлэн бус гүйлгээний хүү нь сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэйгөөр олгосон. Зээлдэгч кредит картыг ашиглан 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдрөөс хойш төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж зээлийн үндсэн төлбөрт 10 005 доллар, зээлийн хүүний төлбөрт 20 523 доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүний төлбөрт 21 530 доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2 344 доллар, нийт 54 403 доллар байсан. Үүнээс 19 769 долларыг хөнгөлж нийт 34 633 доллар шаардаж байгаа. Иргэний хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүй байх гэсэн үндэслэлийн дагуу хөнгөлсөн. Иймд хариуцагчаас 34 633 ам.доллар буюу 120 170 416 төгрөгийг гаргуулж өгнө үү. 1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. ******* банк ХК-ийн зүгээс эрх нэмэгдүүлсэн тухай гэрээ хүсэлт олдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн үндсэн төлбөр 10 005.63 ам.доллар, зээлийн хүүний төлбөр 20.523.09 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 21.530.32 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2 344.12 ам.доллар, нийт 54.403.16 ам.доллар буюу 120 170 416 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний хийж байсан бизнес, арилжаатай холбоотой байгаа. Би иргэд, аж ахуй нэгжийн гар дээрээс алт худалдаж аваад Монгол банкинд тушаадаг. Тушаасан алтныхаа үнийн дүнг урьд нь Х банкаар дамжуулдаг байлаа. Тэгээд гэрээнд заасан данс эзэмшсэн хугацааны шалгуураар Г банкаар гүйлгээгээ хийдэг болсон. Учир нь тухайн үеийн Г банкны 1 дүгээр салбарын захирал, зээлийн эдийн засагч нь намайг дуудаад та алтны арилжаа хийдэг юм байна, найз нөхөд тань бас Худалдаа хөгжлийн банк болон бусад банкуудаар арилжаа хийдэг юм байна гэсэн. Миний хувьд харилцагчдыг Голом банк дээр төвлөрүүлэх, татан оролцуулах үүрэгтэйгээр тухайн үеийн захирлуудтай аман гэрээг хийсэн. Түүний урамшуулалд зээлийн эрхтэй кредит карт ирсэн. ******* банкнаас надад Монгол банктай ойр, миний гүйлгээг саатуулахгүй, бэлэн мөнгөний зарлага гаргахад урьдчилан захиалга өгөхгүй байлгахаар надад давуу байдал өгсөн. Тэгээд ******* банк дээр алтны арилжаатай холбоотой хүмүүсийг төвлөрүүлж өгөөч гэсэн тул н.Ш, н.Д Ч.Га, н.Агэх зэрэг урт цагаан болон тэрний зүүн хажуугаар байдаг ченжүүдийг Г банктай арилждаг болгосноор тухайн банкинд их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгддэг, хадгалагддаг болсон. Би хавтаст хэргийн 34-84 дүгээр хуудсанд ******* банкинд хийсэн өөрийнхөө дансны хулгуудыг өгсөн байгаа. Түүн дээр алтны үнэ, мөнгөний үнэ, арилжааны үнэ гэсэн байдлаар мөнгөн гүйлгээнүүд байгаа. Нийт 3,000,000,000 гаруй төгрөгийн гүйлгээ хийгдсэн байгаа. Мөн миний гэр бүлийн хүн н.Б Канадын хөрөнгө оруулалттай компанид ерөнхий нягтлангаар ажилладаг. Сүүлд н.М гээд захиралтай байсан санаж байна. Х банкны харилцагч энэ том байгууллагыг Г банкны харилцагч болговол сайн байна гэсэн. Жилдээ хэдэн зуун мянгаас сая доллароор гүйлгээ хийдэг байгууллагыг Г банкинд данс нээлгэж харилцагчаар оруулж өгсөн байгаа. Ийм учраас надад урамшуулал байдлаар энэ зээлийн эрхтэй картыг олгосон. Давуу байдлыг нь гадаад руу нисэх vip үйлчилгээ авах, зарим тохиолдолд надад давуу байдал үүсэх ашигтай байдаг гэж тайлбарласан. Хэрэглээд сурталчлаад өгөөч гэсэн тул 2013 онд 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан.Сая хэргийн материалтай танилцахад 2017 оноос хойш үүргээ биелүүлээгүй гэсэн байна. Энэ картыг би 2017 оноос хойш ашиглаагүй, зээлийн эрхтэй карт байгаа. Нэхэмжлэгч аягүй дураараа тооцоо гаргаж байна. Эхлээд 239,000,000 төгрөг нэхэмжилсэн, дунд нь нэмэгдүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн хүү 10,000 доллар нэмж авсан байна, түүний хүү, торгуул гээд баахан мөнгө тооцож байснаа үүнтэй холбоотой гэрээ байхгүй, түүнийгээ хөнгөлөлт гээд хасаад нэхэмжилчихлээ гэсэн. Энэ хасагдаад байгаа 120,000,000 төгрөг нь тэгж гарсан байсан. Би 10,000 доллар дээр нэмж 10,000 доллар авч хэрэглээгүй. Сая 10,000 доллар, 10,005 доллар, түүний хүү, эрх хэтрүүлсний хүү гээд 20, 20, 23 гээд дураараа нэмээд явчихдаг бололтой байна. Хугацаа, хүүгээ сайн тоолдог юм байна. Би сая хэргийн материал дээрээс уншиж байгаад анхан шатны шүүхийн шийдвэрийг уншлаа. Иш татаж болдог эсэхийг мэдэхгүй байна гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа гэж зүйл яригддаг юм байна. Нэхэмжлэгч намайг 2017 онд гэрээний үүргээ зөрчсөн гэсэн байж тэр үедээ надад юу ч тайлбарлаагүй. Тодорхойгүй байж байгаад 2018 онд картын хугацаа дуусчихсан байхад 2024 онд нэхэмжлэл үүсгэсэн. Банк зээлийн эрсдэлийн удирдлагын газартай, олон хуульчтай байж хөөн хэлэлцэх хугацааг мэдэхгүй байна гэж байхгүй. Хугацаанаасаа хойш хүртэл дахиад хүү, торгууль тооцоод байдаг асуудал байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* банктай алтны арилжаа хийсэн, гадаадын хөрөнгө оруулалттай компанийг харилцагч болгосон тул надад урамшуулал байдлаар өгсөн картыг хэрэглэж байгаад орхисон л асуудал байгаа гэв...

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Анх 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэл байгаа. Дараа нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. н.Э гэж хүн гарын үсэг зурсан нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдөр дэмжиж оролцож байна гэж ойлголоо. Энэ хэргийг анхан шатны шүүх шийдсэн боловч давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон тул дахин анхан шатны шүүх дээр шинээр хэлэлцэж байгаа. ******* банкнаас ирүүлсэн зээлийн тооцоолол, картын тооцооллын хүснэгт дээр ямар ч тодорхой данс байхгүй байгаа. Шүүх тодруулаад ямар данснаас автоматаар татаж авсан бэ гэж асуулаа. Ойлгомжгүй, тодорхойгүй, зээлийн дансны тооцооллын хүснэгт гээд дансны дугаар байхгүй, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэсэн огноотой хүснэгт ирүүлдэг. Хүү, тооцоо бэлтгэсэн гээд нэг хүн тамга дарж, гарын үсэг зурсан байна. Өөр банк шалгасан зүйл байхгүй, ямар орлого, зарлага гараад байгаа нь тодорхойгүй баримтыг ирүүлдэг. Гэрээний хугацаа 24 сар гэж байгаа. Тоолохоор 2018 оны 02 дугаар сарын 04-ний зээлийн гэрээний хугацаа дууссан байгаа. Карт бас хугацаатай, хугацаа нь дуусчихвал картыг ашиглах боломжгүй, хаагдчихдаг. Картыг ямар нэгэн байдлаар уншуулна гэсэн зүйл байхгүй. Ямар данс холбоотой байгаа болох нь тодорхойгүй байна. 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хугацаа нь дууссанаас хойш ******* банк С.М гэж хүнтэй тантай холбоотой ийм төлбөр, ийм үүрэг байна, тооцоог нь дуусгавар болгооч. гэж ямар нэгэн байдлаар холбогдсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Иргэний хуульд шаардлага гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацаа гэж яриад байгаа, үүнийгээ хэрэгжүүлсэн эсэх асуудал гарч ирнэ. Хууль дээр төлтөл нь хүү, алданги тооцно гэсэн үг байгаа боловч утга нь хөөн хэлэлцэх хугацаагаараа хязгаарлагдах ёстой. Гэтэл өнөөдөр шаардлага гаргадаггүй хүүг нь явуулаад байдаг. Цахилгааны тоолуур шиг явуулж байгаад 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. 2018 оноос хойш 2019 он, 2020 он, 2021 он, 2022 он гээд 4 жил болоод 5 дахь жил дээрээ шүүхэд хандсан байгаа. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 140 долларыг хариуцагчийн данснаас банк татсан гэсэн зүйл ярьдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлд бэлэн бус мөнгөний төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккердатив, чек, вексель, төлбөрийн карт болон төлбөр тооцооны бусад баримтаар гүйцэтгэнэ гэсэн байгаа. Мөн 15.3 дахь хэсэгт төлбөр хариуцагч, төлбөр хүлээн авагч нь бэлэн бус мөнгөний төлбөр тооцооны ямар хэлбэрээр харилцахаа өөрсдөө сонгож авна. Төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэнэ гэсэн байна. Төлбөр хариуцагч гэдэг нь төлбөр төлөх гэж байгаа хүн, төлбөр хүлээн авагч гэдэг нь төлбөр авах гээд байгаа хүн байх. Банк огт шаардахгүй явж байгаад хариуцагчийн зөвшөөрөлгүй гүйлгээ хийсэн байдаг. Нөгөө талаасаа нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гаргасан. Тэр үед нэхэмжлэл дээр гарын үсэг зурсан Тусгай Активын хэлтсийн захирал Б.Э гэж хүнд 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байдаг. Энэ итгэмжлэлийн огноо нь 08 дугаар сарын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 734 гэсэн дугаартай олгогдсон. Үүнийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргаад өгсөн. Гэтэл дараа нь нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулах тухай гэсэн баримтыг ******* банкнаас 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан. Энэ үед Б.Э олгосон итгэмжлэл дууссан байсан. 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр олгосон. 1 сарын хугацаа өнгөрсөн байсан. Ийм асуудал байгааг анхаарах ёстой. Бас хавтаст хэрэгт баримтууд өгсөн байдаг. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр олгосон итгэмжлэлтэй төлөөлөгч нар хавтаст хэргийн 36 дахь талд байгаа огноогүй итгэмжлэлтэй элдэв хүсэлт гаргаад яваад байсан. Б.Хонгор гэж хүн хэд хэдэн баримтыг гаргаж өгсөн байдаг. Яг хэдэн сарын хэдний өөр гэдэг нь тодорхойгүй, тооцоо гаргасан гээд бичсэн. Огноо байхгүй итгэмжлэл өөрөө хүчин төгөлдөр бус байгаа. Итгэмжлэл олгосон огноо тодорхой, эсвэл хугацаа байх ёстой. Тийм учраас ******* банк ХК-ийн гаргаж байгаа нэхэмжлэл, түүний үндэслэл шаардлагатай холбоотой гаргасан баримтууд нь хүчин төгөлдөр бус болоод явах ёстой байгаа. 06 дугаар сарын 11-ний өдөр гэсэн итгэмжлэлийг сүүлд нэмж өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага, тооцоолол нь үндэслэлгүй байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, Г ХХК-аас А.Г олгосон итгэмжлэл, ******* банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ЗГ/КР/1 тоот зээлийн гэрээ, Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, Зээлийн картын тооцооллын хүснэгт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2023/0 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, С.М иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-уул дүүргийн 19 дүгээр хорооны тодорхойлолтын хуулбар, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, зээлийн тооцооллын хүснэгт, утасны дугаарт мэдээлэл хүргэсэн тайлан, итгэмжлэл, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргасан. хариуцагчаас хариу тайлбар, хүсэлт /хэргийн 26, 42, 93-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр ******* банк ХК-иас гүйлгээний баримтууд /хэргийн 118-123-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хариуцагч С.М зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаандаа зээлээ төлөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 10 005,63 ам.доллар, зээлийн хүүний төлбөр 20 523,09 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 21 530,32 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2 344,12 ам.доллар, нийт 54.403.16 ам.доллароос 19 769,82 ам.доллар хөнгөлж, 34 633,34 ам.доллар буюу 120 170 416 төгрөгийг /34 633,34х3 469,79=120 170 416/ гаргуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нь ...зээлийн эрхтэй картыг Голом банкны тухайн үеийн захирал нь харилцагч төвлөрүүлсний урамшуулалд зээлийн эрхтэй карт олгосон. Буцаан төлөх үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

4. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч С.М 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр №ЗК/КР/160205001 тоот зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж, 10 000 ам.долларыг бэлэн мөнгөний хүү 42 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 24 хувь, зээлийн эрх хэтрүүлэх хэмжээ нийт зээлийн эрхийн 10 хувь, зээл эргэн төлөх доод хэмжээ 15 хувь байхаар, карт ашиглах хугацааг 2 жил байхаар харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дууссан байна.

 

4.2. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

4.3. Хариуцагч нь 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авч буюу зээлийн эрхтэй картыг ашиглаж байсан талаар маргаагүй, харин буцаан төлөх үүрэг хүлээгээгүй, ******* банкны тухай үеийн захирал урамшуулал болгож зээлийн эрхтэй карт олгосон гэж тайлбарлаж байх ба хариуцагчийн уг тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

4.4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч ******* банк ХК нь зээлийн үндсэн төлбөрт 10 006 ам.доллар, хүү 20 523,09 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4 104,62 ам.доллар, нийт 34 633,34 ам.долларыг буюу 120 170 416,80 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байх боловч хариуцагчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх татгалзал үндэслэлтэй байна.

 

4.5. Тодруулбал, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 76 дугаар зүйлийн 76.1-т хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан.

 

4.6. Нэхэмжлэгчийн шаардах эрх гэрээний хугацаа дууссанаар буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоологдох тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 02 сарын 05-ны өдрөөр дууссан байна.

 

4.7. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2023/0 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн Удиртгал хэсэгт зээлийн гэрээний үүрэгт 226 435 108,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж ажиллагаа хийгээд, гэснээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан маргааны эрх зүйн бичиг баримт болох 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр №ЗК/КР/ тоот зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийг шаардаж анх 2023 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлээгүй үзэхээр байна.

 

4.8. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас дүгнэхэд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

4.9. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа энэ тохиолдолд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Г ХК-ийн С.М холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 120 170 416 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХК-ийн хариуцагч С.М холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 120 170 416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 354 522 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ